Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02230

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01829 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК болон “М мед” ХХК нарт холбогдох,

 

Цалин хөлс 2 900 000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин болох 620 000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн диплом гаргуулж ажилд орж чадаагүй хугацааны цалин болох 1 500 000 төгрөгийг гаргуулна. М мед ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин 443 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 951 000 төгрөг нийт 1 394 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК, М мед ХХК болон хариуцагч нарын төлөөлөгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бг М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/324 дугаар тушаалаар Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. М ХХК нь Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин компанид ажиллаж байх хугацаандаа бараа, бэлэн бүтээгдэхүүний дутагдал гаргах, компанийн касс дахь бэлэн мөнгөнөөс 500 000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэх зэргээр 1 202 759.77 төгрөгийн хохирол учруулсан. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин 620 000 төгрөг төлөхгүй. Ажлаас гарах болсон тул 544 853 төгрөгийг ажилтны цалингаас суутган авсан. Бараа материал дутагдуулж төлбөр тогтоосон актыг зөвшөөрч цалингаасаа төлөхөөр тохирсон. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом өгөөгүйгээс ажилд орж чадаагүй цалин 1 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Г.Бг ажлаас гарсан тойрох хуудсаа зуруулаад бичиг баримтаа авах гэхээр ирдэггүй. М ХХК-иас гараад М мед ХХК-нд шилжин ажилласан тул хохирол учруулаагүй. Ажилтан Г.Бгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин 443 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 951 000 төгрөг нийт 1 394 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Г.Бд 2018 оны 01 дүгээр сард Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн 1 дүгээр сарын борлуулалтын 2 хувиар тооцож 1 300 034.6 төгрөгөөс тооцон цалинг олгох ёстой байсан боловч 4 хувиар буюу 2 447 250.40 төгрөгийг тооцож, түүнд ногдох татвар, шимтгэлийг суутган авч түүнд олговол зохих цалин хөлсийг бүрэн олгосон байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтанд 2018 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг олгохдоо 1 147 215.8 төгрөгтэй тэнцэх хэмжээний үндсэн цалинг илүү тооцон олгосон буюу нийт 918 080 төгрөг илүү олгосон. Нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг оруулаагүй, ажилтны гарт олгогдсон цалин хөлсний дүнгээс тооцон гаргасан мөнгөн дүн юм. Иймд илүү олгосон цалин 918 080.13 төгрөгийг Г.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 3 дугаар сард нягтлан бодогч Э.Номинтой утсаар ярьж 1 дүгээр сарын цалинг үнэн зөв бодсон эсэхийг асуухад 12 дугаар сарын борлуулалтыг үндэслэн бодож зөв олгосон гэсэн хариулт өгсөн. Иймд 1 дүгээр сарын цалинг бодохдоо 12 дугаар сарын борлуулалтаас бодож тооцсон тул илүү цалин аваагүй. М ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин хөлсийг борлуулалтын 2 хувиар бодож олгохоор тохиролцон гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээний дагуу буюу 2 хувиар бодвол 2017 оны 12 дугаар сард 120 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 2 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 65 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 1 300 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 45 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 900 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 60 000 000 төгрөгийн борлуулат хийсэн үнийн 2 хувь болох 1 200 000 төгрөг тул 918 080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Г.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч М мед ХХК-нд холбогдох цалин 1 394 000 төгрөг гаргуулах, хариуцагч М ХХК-нд холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-нд холбогдох 1 677 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг, Г.Бд холбогдох 918 080 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 550 төгрөгийг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 584 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М мед ХХК-иас 37 254 төгрөг, хариуцагч М ХХК-иас 94 296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгч Г.Бгаас 19 250 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Б.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гомдол гаргагч нь анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл нь зохигчдын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээгээр олох ёстой байсан цалин хөлснөөс илүү хувь хэмжээгээр цалин хөлс олгосон буюу ажилтанд эрх зүйн үндэслэлгүйгээр эд хөрөнгийн, ашгийн давуу байдал бий болсон нөхцөл юм. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хувь хэмжээний цалин хөлсийг олгохоор ажилтанд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн хэдий ч Хөдөлмөрийн гэрээний дагуу олговор зохих цалин хөлснөөс илүү хэмжээний цалин хөлсийг олгосон. Илүү олгосон цалин хөлс нь мөнгөн хөрөнгө хэдий ч гэрээгээр олговол зохих хэмжээнээс илүү олгосон цалин хөлс нь гэрээнээс үүсэлтэй шаардах эрхэд бус ажилтанд үндэслэлгүйгээр хөрөнгжиж, өөр эд хөрөнийн, ашгийн давуу байдал үүсгэсэн нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Ажил олгогчоос ажилтанд илүү хэмжээгээр олгосон цалин хөлстэй холбоотой маргааны хувьд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх маргааны төрөлд хамаарахгүй, тиймээс өнхөн шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “М” ХХК, “М мед” ХХК нарт холбогдуулж цалин хөлс 2 900 000 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом зэрэг бичиг баримтыг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “М мед” ХХК-нь цалин 1 394 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “М” ХХК-нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом гаргуулах шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-1,25-26,106-110/

 

Харин хариуцагч “М” ХХК цалин хөлс гаргуулах шаардлагын үлдэх хэсгийг “..,компанид хохирол учруулсан, ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргаснаас гадна ажилтанд 2018 оны 01 дүгээр сард илүү олгосон цалин гэх 918 080 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /хх-ийн 1, 25-26/

 

Хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сард Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвийн борлуулалтын орлого 65 001 730 төгрөгийн 2 хувиар тооцож 1 300 000 төгрөгийн цалин олгох ёстой байтал ажилтанд 918 080 төгрөгийн цалин илүү олгосон гэж тайлбарлаж байна. Талууд сарын борлуулалтын орлогын 2 хувиар ажилтан Г.Бг цалинжуулахаар тохиролцсонд, түүнчлэн 2018 оны 1 дүгээр сарын “Бөмбөгөр” эм ханган нийлүүлэх төвийн орлого 65 001 730 төгрөг болсон үйл баримтад маргаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын борлуулалтын орлого 120 000 000 төгрөг байсан тул тухайн сарын цалингийн зөрүүг 2018 оны 1 дүгээр сард нэмж авсан гэж татгалзжээ.

 

Хариуцагч нь  хэргийн 101 дүгээр талд тайлбарлахдаа “..,2017 оны 12 дугаар сард 120 000 000 төгрөгийн борлуулалт хийгдсэн гэх тоо баримтыг хаанаас гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. Борлуулалт тухайн сард бага байсан” гэсэн агуулгатай тайлбар гаргажээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэйгээс гадна  санхүүгийн бичиг баримт, тайлан зэрэг нь хариуцагчид өөрт нь ажил олгогчийн хувьд хадгалагдаж байдаг баримт бөгөөд 2017 оны 12 дугаар сард 120 000 000 төгрөгөөс бага хэмжээний борлуулалт хийгдсэн гэх үндэслэлээ нотлож чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь “М” ХХК-нд холбогдох 1 677 000 төгрөгийн цалин хөлс  гаргуулах  нэхэмжлэлийг  нь хэрэгсэхгүй болгосонд давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. /хх 109-116/

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгийн заалтууд нь шүүхэд харьяалан шийдвэрлэх гомдлын тухай маргаан буюу ажилтны эрх зөрчигдсөн тохиолдолд ажил олгогчид холбогдуулан гомдлоо шүүхэд гаргах агуулгатай юм.

 

Гэтэл ажилтны гомдол гаргах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг ажил олгогчоос ажилтанд үндэслэлгүй илүү шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан нэхэмжлэлд хамааруулан хугацааг тодорхойлсон нь буруу юм. Ажил олгогчийн илүү, үндэслэлгүй шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгөө ажилтнаас буцаан шаардаж буй нэхэмжлэл нь гомдлоор шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, ердийн нэхэмжлэл гэж үзнэ.

 

Талуудын тайлбараас үзвэл  хариуцагчийн нэхэмжлэгчээс шаардаж буй мөнгөн хөрөнгийг ямар нэгэн үндэслэлгүйгээр биш харин цалин хөлсний журмаар байгууллагын нягтлан бодогч тооцож бодож олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс гэдэг ойлголтод гэрээгээр тохирсон үндсэн цалин хөлснөөс гадна нэмэгдэл,урамшуулал  багтдаг.  Хариуцагч нь цалин хөлс гэх үндэслэлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь цалин хөлсний хүрээнд хамаарахгүй, илүү гарсан байсан, 918 080 төгрөг нь  ажилтанд илт үндэслэлгүйгээр шилжүүлэгдсэн гэх байдал, урамшуулал олгох нөхцөл бүрдээгүй байсан гэх нөхцөлийг нотлох үүрэгтэй. Энэ үүрэг нь нотлох үүргийн дахин хувиарлалтаар хариуцагчид шилжсэн. Гэвч хариуцагч нь дээрх  байдлыг эргэлзээгүй нотолсон баримтыг гаргаагүй. Ажилтны ажлын хөлс авах хөдөлмөрлөх эрхийг  үндэслэж дүгнэхэд дээрх 918 080 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01829 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “Хөдөдлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 584 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД