Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2018/01829

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч. дүүрэг, дүгээр хороо, гудамж, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах, /хувийн хэргийн дугаар, регистрийн дугаар /, М ХХК,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж, дүгээр байранд байрлах, /хувийн хэргийн дугаар, регистрийн дугаар /, М мед ХХК-д холбогдох

 

Цалин хөлс 2,900,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч нарын төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин болох 620,000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн диплом гаргуулж ажилд орж чадаагүй хугацааны цалин болох 1,500,000 төгрөгийг гаргуулна. М мед ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин  443,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин  951,000 төгрөг нийт 1,394,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бг М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/324 дугаар тушаалаар Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчийн албан тушаалд хөдөлмөрийн  гэрээ байгуулан ажиллуулж байсан. М ХХК нь Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом  албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин компанид ажиллаж байх хугацаандаа бараа, бэлэн бүтээгдэхүүний дутагдал гаргах, компанийн касс дахь бэлэн мөнгөнөөс 500,000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэх зэргээр 1,202,759.77 төгрөгийн хохирол учруулсан. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин 620,000 төгрөг төлөхгүй. Ажлаас гарах болсон тул 544,853 төгрөгийг ажилтны цалингаас суутган авсан.  Бараа материал дутагдуулж төлбөр тогтоосон актыг зөвшөөрч цалингаасаа төлөхөөр тохирсон. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом өгөөгүйгээс ажилд орж чадаагүй цалин 1,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Г.Бг ажлаас гарсан тойрох хуудсаа зуруулаад бичиг баримтаа авах гэхээр ирдэггүй. Мөнхийн тун  ХХК-иас гараад М мед ХХК-нд шилжин ажилласан тул хохирол учруулаагүй гэв.

  

Хариуцагч М мед ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Г.Бгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин 443,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 951,000 төгрөг нийт 1,394,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Г.Бд 2018 оны 01 дүгээр сард Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн 1 дүгээр сарын борлуулалтын 2 хувиар тооцож 1,300,034.6 төгрөгөөс тооцон цалинг олгох ёстой байсан боловч 4 хувиар буюу 2,447,250.40 төгрөгийг тооцож, түүнд ногдох татвар, шимтгэлийг суутган авч түүнд олговол зохих цалин хөлсийг бүрэн олгосон байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтанд 2018 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг олгохдоо 1,147,215.8 төгрөгтэй тэнцэх хэмжээний үндсэн цалинг илүү тооцон олгосон буюу нийт 918,080 төгрөг илүү олгосон. Нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг оруулаагүй, ажилтны гарт олгогдсон цалин хөлсний дүнгээс тооцон гаргасан мөнгөн дүн юм. Иймд илүү олгосон цалин 918,080.13 төгрөгийг Г.Бгаас гаргуулж өгнө үү гэв. 

 

 Нэхэмжлэгч Г.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 3 дугаар сард нягтлан бодогч Э.Номинтой утсаар ярьж 1 дүгээр сарын цалинг үнэн зөв бодсон эсэхийг асуухад 12 дугаар сарын борлуулалтыг үндэслэн бодож зөв олгосон гэсэн хариулт өгсөн. Иймд 1 дүгээр сарын цалинг бодохдоо 12 дугаар сарын борлуулалтаас бодож тооцсон тул илүү цалин аваагүй.  М ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин хөлсийг борлуулалтын 2 хувиар бодож олгохоор тохиролцон гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээний дагуу буюу 2 хувиар бодвол 2017 оны 12 дугаар сард 120,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 2,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 65,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 1,300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 45,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 900,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 60,000,000 төгрөгийн борлуулат хийсэн үнийн 2 хувь болох 1,200,000 төгрөг тул  918,080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                ҮНДЭСЛЭХ нь: 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М мед ХХК-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 1,394,000 төгрөг гаргуулах, хариуцагч М ХХК-д холбогдуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин 620,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдааны явцад энэ шаардлагаа 443,000 төгрөгөөр багасгаж байна.

 

Хариуцагч М мед ХХК-нь цалин 1,394,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч Мөнхийн тун  ХХК-нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин үлдэгдэл цалин  620,000 төгрөг, ажилд орж чадаагүй хугацааны цалин 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, илүү олгосон цалин 918,080 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М мед ХХК-нь цалин 1,394,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Мөнхийн тун  ХХК-нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Мөнхийн тун  ХХК-д  холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин 620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 443,000 төгрөгөөр багасгаж, бараа, бэлэн бүтээгдэхүүний дутаасан төлбөрт цалингаас 482,566 төгрөг суутган авсныг зөвшөөрч, үлдэх 177,000 төгрөгийг гаргуулна гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч М ХХК-ийн ажилтан Г.Бд дээрх хугацааны  цалин 900,000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэл 99,000 төгрөг, ХХОАТ 68,433 төгрөг, урьдчилгаа 250,000 төгрөг, авлага 482,566 төгрөг суутгал хийсэн “Цалингийн тооцоолол”-ыг  үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 177,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд орж чадаагүй хугацааны цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн диплом надад өгөөгүйгээс ажилд орж чадаагүй хохирол гэж тайлбарлаж байна.

 

Ажилтан Г.Б нь ажил олгогч  М ХХК-тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгож, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс М мед ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй боловч ажилтан Г.Бг “Тойрох хуудас”-аа зуруулаад бичиг баримтаа ав гэхээр ирдэггүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна.

 

М мед ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гарч ажил хайсан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, ажил олгогчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Мөнхийн тун  ХХК-нь ажилтан Г.Бд илүү олгосон цалин 918,080 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Ажил олгогч 2018 оны 01 дүгээр сард Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн 1 дүгээр сарын борлуулалтыг 2 хувиар тооцож 1,300,034 төгрөгийн цалинг олгохоос 4 хувиар бодож 918,080 төгрөг илүү олгосон гэж, ажилтан Г.Б нь 290,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувиар тооцож олгосон тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

 

Ажил олгогч М ХХК-нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Г.Бд холбогдох 918,080 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Г.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч М мед ХХК-нд холбогдох цалин 1,394,000 төгрөг гаргуулах, хариуцагч М ХХК-нд холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-нд холбогдох 1,677,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг, Г.Бд холбогдох 918,080 төгрөг гаргуулах тухай Мөнхийн тун  ХХК-ийн  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,550 төгрөгийг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,584 төгрөгийг  Улсын  орлогод хэвээр үлдээж, хариуцагч М мед ХХК-иас 37,254 төгрөг, хариуцагч М ХХК-иас 94,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгч Г.Бгаас 19,250 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НАРАНГЭРЭЛ