Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/00451

 

 2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/00451

           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ... оны .. дүгээр сарын ..3-ны өдөр төрсөн, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Ч /...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, О овогт Л-ын Г /рд: .../-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 135.243.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч К, хэлмэрч О.Мэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Чг нь өөрийн орчуулагч С-ийн танилцуулсан Л.Г-той 2015 оны 10 дугаар сард Монголд танилцаж, түүнтэй харилцан тохиролцсоны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба ямар нэг төлбөрийн урьдчилгаа авалгүйгээр 12 ширхэг хөдөлгүүр, 9 ширхэг автомашиныг нийлүүлсэн. Улмаар 1 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголд дахин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Л.Г нь үнийг буулгах санал тавьсны дагуу нийт үнийг 6.700.000 воноор буулгаж, 85.335.000 воныг 2 хуваан, 2016 оны 5 дугаар сарын 30-нд 42.667.500 вон, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 42.667.500 воныг төлөхөөр тохирсон. Л.Г нь төлбөрийг хугацаанд нь өгөөгүй ба 2016 оны 8, 10, 11 сард тус бүр 5.000.000 вон төлж, нийт 15.000.000 вон төлсөн. Чг нь энэ барааг худалдан авч Л.Гид нийлүүлэхдээ К-ээс 30.000.000 вон зээлж авсан байсан юм. Дараа нь Л.Г нь К-д 5.000.000 вон төлсөн байх тул энэ төлбөрийг хасч, 65.335.000 вон буюу 135.243.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улс руу очоод хүнд даацын автомашины сэлбэг хэрэгсэл авахаар очиход Чг нь К-тай танилцуулж, зуучилж өгсөн. Уг сэлбэгийг оруулж ирэхэд Чг нь ямар ч мөнгө гаргаагүй, өөрийн 9 ширхэг автомашины мөнгийг өөрөө бэлнээр авсан учир би Чгт өр төлбөр байхгүй. Харин К-д 63.335.000 воны үлдэгдэл бараа байгаа ба зарагдаж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон. Мөн Монгол улсад Чг, К Ж-ны аав К бид гурав харилцан тохиролцож мөнгийг Ким Жон Вуаны дансанд төлөхөөр болсон. Барааг Чг илгээгээгүй К-ы компани илгээж би биш миний үүсгэн байгуулсан ГУББ ХХК хүлээн авсан учир Чг нь жинхэнэ бараа хүлээн авагчтай гэрээ хийгээгүй, надтай дүр үзүүлж гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч-г нь шүүхэд хандаж худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 145.593.450 төгрөг нэхэмжилсэн ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, 135.243.450 төгрөг шаарджээ.

Хариуцагч Л.Г нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 20.000.000 вон, 1.932.000 төгрөгийг К-д төлсөн, Чгтэй гэрээ байгуулаагүй, худалдах-худалдан авах гэрээг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-той байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Л.Г нь 12 ширхэг тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, 9 ширхэг Хьюндай /Hyundai/ маркийн автомашиныг нийт 85.335.000 воноор худалдан авахаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, түүнчлэн төлбөрийн 50 хувийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 50 хувийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгч Чгтэй харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан болох нь “Автомшины сэлбэг худалдсан үнийн дүнгийн баталгаа бичиг”, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”, гэрч К-ийн: “ ... Л.Г бид хоёрын хооронд гэрээ байгуулсан зүйл байхгүй...”, “...Манай хүүхэд К болон Л.Г хоёр бие биенийхээ царайг анх удаа харсан. Хэл яриа ойлголцохгүй болохоор тийм зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх 6-7,13 дугаар тал/

Хариуцагч Л.Г нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг К-ы дансанд төлөхөөр К-ы эцэг К болон Ч-г нартай харилцан тохиролцож “Итгэмжлэх”, “Баталгаа”-г үйлдсэн гэх боловч ийм тохиролцоо хийгдээгүй хэмээн нэхэмжлэгч Чг эсэргүүцсэн.

Дээр дурдсан “Итгэмжлэх”,“Баталгаа” баримтуудыг Л.Г болон К нар хэзээ, хаана үйлдсэн нь тодорхой бус, “Итгэмжлэх” баримтыг

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол хэл рүү орчуулсан байх тул уг баримтуудыг цаг хугацааны хувьд Чг болон Л.Г нарын гарын үсэг бүхий, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Автомшины сэлбэг худалдсан үнийн дүнгийн баталгаа бичиг”, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ээс өмнө үйлдэгдсэн, өмнөх тохиролцоог нотлосон баримт хэмээн үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл уг баримтууд нь К болон Л.Г нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүйгээр нотлож чадахгүй байна.

Нөгөө талаас, уг баримтууд нь хариуцагчийн тайлбарласнаар төлбөрийг хэнд төлөх талаарх тохиролцоо, эсхүл үүрэг гүйцэтгэгчийг солих тухай тохиролцоо байж болох юм. Гэвч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар аливаа гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлэхэд шаардах эрх эзэмшигч буюу Чгийн зөвшөөрөл шаардлагатай, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар төлбөрийг өөр бусад этгээдэд төлөх бол мөн төлбөр авагч /Чг/-ийн зөвшөөрөл шаардлагатайгаас гадна төлбөрийг өөр бусад этгээдэд өгөхийг зөвшөөрсөн, энэ талаар тохиролцсон байсан ч энэ нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах худалдагчийн эрхийг хязгаарлахгүй юм.

Хариуцагч нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас барааг илгээхдээ Чг өөрийн нэрээр илгээгээгүй, К-ны эзэмшлийн К, З гэх байгууллагууд ачааг илгээсэн, энэ нь К-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаныг нотлоно гэх боловч К, З компаниуд нь зөвхөн гадаад улсад бараа бүтээгдэхүүн гаргах экспортын үйл ажиллагааг эрхлэн хариуцсан болохыг нотлож байна. /хх 43-46 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч Л.Г бус түүний үүсгэн байгуулсан ГУББ ХХК нь гэрээний зүйл болох 12 ширхэг хөдөлгүүр, 9 ширхэг автомашиныг хүлээн авсан, бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй этгээд болох Л.Г нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар Чгтэй тохиролцсон нь дүр үзүүлж хийсэн хэлцэл хэмээн хариуцагч тал тайлбарлах боловч бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Л.Гийн үүсгэн байгуулсан ГУББ ХХК хүлээн авсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Л.Г нь эд зүйл хүлээн авснаа баталгаажуулж, төлбөр төлөхөөр тохиролцжээ. /хх 13 дугаар тал/

Дээр дурдсанаар Чг болон Л.Г нарын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх ба 20.000.000 воноос гадна төлсөн 1.932.000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа хариуцагч нотлоогүй тул түүнээс нийт 65.335.000 вон буюу 135.243.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л.Гоос 135.243.450 төгрөгийг гаргуулан Ч-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гоос 834.167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ХИШИГБААТАР