Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00954

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00954

 

 

Чой Жэюүг /CHOE JAEUK/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Чой Жэюүг /CHOE JAEUK/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Галсандоржид холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 243 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд

Хариуцагч Л.Галсандорж

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чой Жэюүг нь Л.Галсандоржтой 2015 оны 11 сарын 24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба төлбөрийн урьдчилгаа авалгүйгээр 12 ширхэг хөдөлгүүр, 9 ширхэг автомашиныг нийлүүлсэн. 2015 оны 12 сарын 24-ний өдөр дахин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Л.Галсандорж санал тавьсны дагуу нийт үнийг 6 700 000 воноор буулгаж, 85 335 000 воныг 2 хуваан, 2016 оны 5 сарын 30-нд 42 667 500 вон, 2016 оны 11 сарын 30-ны өдөр 42 667 500 воныг төлөхөөр тохирсон. Л.Галсандорж төлбөрийг хугацаанд нь өгөөгүй ба 2016 оны 8, 10, 11 сард тус бүр 5 000 000 вон төлж, нийт 15 000 000 вон төлсөн. Чой Жэюүг энэ барааг Л.Галсандоржид нийлүүлэхдээ Ким Ёнхэгээс 30 000 000 вон зээлж авсан байсан юм. Л.Галсандорж нь Ким Ёнхэд 5 000 000 вон төлсөн байх тул энэ төлбөрийг хасч, 65 335 000 вон буюу 135 243 450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 10 сард Бүгд Найрамдах Солонгос Улс руу очоод хүнд даацын автомашины сэлбэг хэрэгсэл авахаар очиход Чой Жэюүг нь Ким Жон Вуантай танилцуулж, зуучилж өгсөн. Уг сэлбэгийг оруулж ирэхэд Чой Жэюүг нь ямар ч мөнгө гаргаагүй, өөрийн 9 ширхэг автомашины мөнгийг өөрөө бэлнээр авсан учир би Чой Жэюүгт өр төлбөр байхгүй. Харин Ким Жон Вуанд 63 335 000 воны үлдэгдэл бараа байгаа ба зарагдаж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон. Мөн Монгол Улсад Чой Жэюүг, Ким Жон Вуаны аав Ким Ёнхэ бид гурав харилцан тохиролцож мөнгийг Ким Жон Вуаны дансанд төлөхөөр болсон. Барааг Чой Жэюүг илгээгээгүй Ким Жон Вуаны компани илгээж, би биш миний үүсгэн байгуулсан ГУББ ХХК хүлээн авсан учир Чой Жэюүг нь жинхэнэ бараа хүлээн авагчтай гэрээ хийгээгүй, надтай дүр үзүүлж гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л.Галсандоржоос 135.243.450 төгрөгийг гаргуулан Чой Жэюүг /CHOE JAEUK/-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Галсандоржоос 834 167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чой Жэюүг /CHOE JAEUK/-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Чой Жэюүгийн нэхэмжилж байгаа автомашин болон сэлбэгийг Ким Жон Ван захиралтай Зэм Мүёг компаниас экспортын үйл ажиллагааг төлөөлөн эрхэлдэг Костар Мүёг компаниар дамжуулан Монгол Улсад 2015 оны 12 сарын 15-ны өдөр ГУББ ХХК-д ирсэн. ГУББ ХХК нь зохих татварыг төлж гаалийн мэдүүлгийг бөглөн хүлээн авсан. Гэтэл нэхэмжлэгч Чой Жэюүг нь Зэм Мүёг компаниас ямар ч итгэмжлэх байхгүйгаар Галсандорж надад худал хэлэн 2015 оны 12 сарын 24-ний өдөр худалдан, худалдан авах гэрээг хийсэн. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Зэм Мүёг компаниас ГУББ ХХК-д сэлбэг шилжиж өгч авалцсан байхад ГУББ ХХК-иас нэхэмжлэхийн оронд иргэн Галсандорж надаас нэхэмжилж байгаа нь иргэн, хуулийн этгээд хоёрын эрх, үүргийг ялгалгүйгээр шийдвэрлэсэн нь мөн хууль зөрчсөн асуудал болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Чой Жэюүг /Choe Jaeuk/ нь хариуцагч Л.Галсандоржид холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70 335 000 вон буюу 145 593 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 135 243 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр байгуулагдсан Автомашины сэлбэг, худалдсан үнийн дүнгийн баталгаа бичиг /хх-ийн 6-7, 55-56/ 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичгээр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар 12 ширхэг хөдөлгүүр, 9 ширхэг автомашины үнэ болон уг үнийг төлөх хугацааны талаар хэлэлцэн тохирсон байдал, хариуцагч Л.Галсандорж нь ГУББ ХХК-ийн нэрээр гэрээний зүйл болох 12 ширхэг хөдөлгүүр, 9 ширхэг автомашиныг хүлээн авсан талаар маргаагүй зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ БНСУ-ын иргэн Чой Жэюүг /Choe Jaeuk/ хариуцагч Л.Галсандорж нарын хооронд байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Л.Галсандорж нь үнийг хэлэлцэн тохирсон эдгээр гэрээнд гарын үсэг зурсан талаар болон гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба өөр этгээдэд төлбөр төлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байгааг болон гэрч Ким Ёнхэ /Kim Younghea/-гийн мэдүүлэгт үндэслэн 5 000 000 воныг хариуцагч төлсөнд тооцож, үлдэгдэл төлбөр 65 335 000 вон буюу 135 243 450 төгрөгийг хариуцагч Л.Галсандоржоос гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч Л.Галсандоржоос худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж байгаа БНСУ-ын иргэн Чой Жэюүг /Choe Jaeuk/ болон Ким Жон Ван /Kim Jung Wan/, Ким Ёнхэ /Kim Younghea/ нар өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, Ким Жон Ван /Kim Jung Wan/-тай гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар, татгалзал хэргийн 6-7, 13, 55-56 дугаар талуудад авагдсан баримтууд болон гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан үйл баримт зэргээр няцаагдсан байх тул хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан итгэмжлэх, баталгаа зэрэг нэртэй бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар зөв үнэлж үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

Иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүргийг худалдагч нь БНСУ-ын Костар мүёг болон Зэн мүёг зэрэг компаниар дамжуулан гүйцэтгүүлсэн, гэрээний зүйлийг хариуцагч Л.Галсандорж нь ГУББ ХХК-ийн нэр дээр хүлээн авсан явдал нь гэрээний үүргээс хариуцагчийг чөлөөлөх, хуулийн этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Галсандорж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ