Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2018/00074

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2018/00074

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/01262

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, **** тоотод оршин суух Х овогт Дийн М, О овогт Тийн Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, ****** тоотод оршин суух Х овогт Тийн Хд холбогдох,

 

Автомашинд учруулсан гэм хорын хохирол 4,638,164 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, иргэдийн төлөөлөгч Ш.С, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М, Т.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын чиглэлд **-** УБ* улсын дугаартай Тоёота Клүгер маркын машинтай явж байтал Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дахь Хужиртын гуанз гэх газрын орчим **-** ХӨ* улсын дугаартай бага оврын автобус эсрэг урсгалд орж мөргөсөн болно. уг ослын улмаас аав Д.Д хөнгөн гэмтэл авсан, машины эвдрэлд нийт 6 198 500 төгрөгийн хохирол учирсан. **-** ХӨ* улсын дугаартай машины жолооч Т.Хтай харилцан тохиролцож, аав Д.Доржсүрэнгийн эмчилгээний зардал, Улаанбаатар-Хөвсгөлийн чиглэлд 2 удаа ирж, очих зардал, бензины үнэ, ах Бийн Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн зардал, нотариат, гэрээ зэргийн хөлс болох 1 500 000 төгрөгийг миний Хаан банк дахь 5026****** тоот дансанд цувуулж төлж барагдуулсан болно. Манай машин Hybrid /электрон хөдөлгүүртэй/ тул үнэлгээний газар цахилгааны онош хийдэггүй гэсэн учраас Улаанбаатар хотод Доктор сервист үзүүлэхэд нэг бүрчлэн цахилгааныг хөөж үзнэ. Үзлэгийн үнэ 1 цагийн хөлс 30 000 төгрөг ба хэдэн ч хоног үзэх магадлалтай гэсэн тул машин засуулах явцад үзэж цахилгаантай холбоотой гарсан зардлыг төлье гэж тохиролцсон юм. Мөн тус жолооч мэргэшсэн жолоочийн даатгал төлөөгүйн улмаас үнэлгээгээр тогтоогдсон нийт үнийн дүнгийн 3 070 336 төгрөгийг Миг даатгал ХХК-аас нөхөн төлбөр болгон өгсөн болно. гэтэл үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгийн үлдэгдэл болох 3 128 164 төгрөг, ослын улмаас эвдэрсэн цахилгааны төлбөр болох 1 510 000 төгрөг буюу нийт 4 638 164 төгрөгийг нэхэмжилтэл мөнгөний боломжгүй байна, эргэж хариу өгье гэж 2017 оны 5 сард уулзсанаас хойш утсаа авахгүй, хариу ч өгөхгүй байгаа болно.

Иймд миний хохирол болох 4,638,164 төгрөгийг иргэн Т.Хгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаан-Үдээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд **-** ХӨҮ улсын дугаартай кованте маркын автобусаар явж байгаад Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь Хужиртын гуанз гэх газрын ойролцоо **-** УБ* улсын дугаартай Тоёота Клугер маркийн машинтай мөргөлдсөн. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ашид билгүүн ХХК-д **-** УБ* дугаартай Тоёота Клугер машины эвдрэлийг үнэлүүлэхэд 5 312 000 төгрөгөөр тогтоогдсон. Уг үнэлгээ гарахад иргэн Б, М, Х миний бие эхнэр З бид бүгд байсан. Б, М нар зөвшөөрсний үндсэн дээр үнэлгээний хуудсанд Б гарын үсэг зурж баталгаажуулсан. 2017 оны 2 дугаар сарын 03-нд Миг даатгал ХХК-аас Ашид билгүүн ХХК-ны үнэлсэн 5 312 000 төгрөгөөс Тоёота Клугер машины засварын 3 070 336 төгрөгийг Бд олгосон. Машины засварын үлдэгдэл болох 2 241 664 төгрөгөөс Мы Хаан банкны 5026****** тоот дансанд 2017.01.30-нд 400 000 төгрөг, 2017.02.20-нд 500 000 төгрөг, 2017.04.14-нд 300 000 төгрөг, 2017.05.09-нд 300 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг шилжүүлж одоо засварын мөнгөнөөс 741664 төгрөг үлдсэн байгаа. Надад Д гуайн биеийг үзүүлсэн талаарх баримт материал үзүүлээгүй байсан. Д гуай эмчилгээний зардалд 193 050 төгрөг гаргасан байсан байна. Үүнээс Миг даатгал ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээний дагуу төлбөр болох 111583 төгрөгийг Д гуайд олгосон байна. Миний бие төлж барагдуулж дуусаагүй машины засварын үлдэгдэл 741664 төгрөг болон Д гуайн эмчилгээний зардлын үлдэгдэл болох 81417 төгрөг нийт 823081 төгрөг төлж барагдуулах болно. нэмэлтээр гарч ирээд байгаа машины цахилгаан гэмтэлийн төлбөр болох 1 510 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ABS компьютер, амартизатор төлбөрүүдийг Ашид билгүүн ХХК-ны гаргасан үнэлгээн дээр үндэслэн 5,312,000 төгрөгөөр барагдуулж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.М, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Машины эвдрэл гэмтлийг тогтоосон үнэлгээ гарахаас өмнө Д.Мы аавынх нь эмчилгээний зардалд 1,500,010 төгрөгийг Б.Х өгсөн. Хариуцагч талаас даатгалын үнэлгээний хохирлыг үнэлүүлсэн Ашид билгүүнХХК-ийн үнэлгээ буюу 5,312,000 төгрөгөөр Д.Мы машины хохирол үнэлүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Ингээд 5,312,000 төгрөгөөс 3,070,336 төгрөгийг хасаад үлдэгдэл 2,241,664 төгрөг дээр шууд бус цахилгааны зардлын 1,500,010 төгрөг, осолд орсон машиныг ачигч машинаар ачсан 500,000 төгрөг, автын үнэлгээ хийлгэхэд гарсан шинжээчийн зардал 143,600 төгрөг, Миг даатгалХХК-д очиж тодорхойлолт авахад гарсан зардал 111,583 төгрөг, архиваас материал авахад гарсан зардал 7300 төгрөг, архиваас материал авахад гарсан зардал 22000 төгрөг, Д.Мы замын зардал 32000 төгрөг, шатахууны зардал 72,000 төгрөг, нийт 4,640,147 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай талаас осолд орсон тээврийн хэрэгслийг ачихад гарсан зардал 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс 741,664 төгрөг дээр 500,000 төгрөгийг нэмээд нийт 1,241,664 төгрөгийг Д.Мд төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М, Т.Б нар нь хариуцагч Б.Хд холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохирол нийт 4 638 164 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээ болох 5 312 000 төгрөгөөс даатгалаас авсан 3 070 336 төгрөгийг хасч үлдэх 2 241 664 төгрөг дээр цахилгааны төлбөр болох 1 510 000 төгрөг, машины ачиж тээвэрлэсэн зардал 500 000 төгрөг, шинжээчийн төлбөр 143 600 төгрөг, Миг даатгалын зардал 111 583 төгрөг, прокурорын архивын төлбөр 22 000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архивт төлбөр 7300 төгрөг, Хөвсгөлөөс Улаанбаатар явах нэг хүний зардал 32 000 төгрөг, шатахууны зардал 72 000 төгрөг нийт 4 640 147 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээнээс даатгалын 3 070 336 төгрөгийг, засварын зардалд төлсөн 1500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 741664 төгрөг дээр машин ачиж тээвэрлэсний 500 000 төгрөгийг нэмж 1 241 664 төгрөгийг хүлээн зөвшөөрч зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч Т.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан болох нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 тоот шинжээчийн дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2017 оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай тогтоолд ...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Хужиртын гуанз гэх газар **-** ХӨҮ дугаарын бага оврын автобус, **-** УБ* улсын дугаартай Тоёота Клугер маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осол гарч иргэн Д.Доржсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэх гомдол мэдээлэлд хойшлуулашгүй ажиллагаа явуулан шалгахад **-** ХӨ* дугаарын бага оврын автобусыг жолоодож явсан жолооч Т.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан иргэн Д.Мы жолоодож явсан **-** УБ* улсын дугаартай Тоёота клугер маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан болох нь иргэн Д.М, Т.Х, Б.Л нарын тайлбар, Замын цагдаагийн зохицуулагч М.Бын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Уг ослын улмаас Тоёота клугер маркийн автомашинд зорчиж явсан иргэн Д.Дгийн бие махбодид зүүн шанаа болон зүүн чихний сувагны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Нийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар дүгнэлтээр, иргэн Д.Мы эд хөрөнгөд 6 198 500 төгрөгийн хохирол, иргэн Т.Хгийн эд хөрөнгөд 2 055 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 20-21/

 

Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №72972 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд Тоёота клугер маркийн **-** УБ* улсын дугаартай автомашинд 6 198 500 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гаргажээ. /хх-ийн 17/

 

Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд ... Тоёота клугер маркийн 6483 УБВ улсын дугаартай автомашинд 5 312 000 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гаргажээ.

 

Талууд нь шүүх хуралдаанд Ашид билгүүн ХХК-ийн ирүүлсэн 5 312 000 төгрөгийн үнэлгээний тайланг зөвшөөрч хохирол тооцож гаргуулах талаар тохиролцсон болно.

 

Миг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай албан бичигт ...хохирогч Д.Мы эзэмшил **-** УБ* улсын дугаартай Тоёота клугер маркийн автомашины засварын Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 5 312 000 төгрөгийн үнэлгээнээс 3 070 336 төгрөг, уг машинд зорчиж явсан Д.Доржсүрэнгийн эмчилгээний зардалд 111 583 төгрөгийг тус тус олгосон байна гэжээ.

 

Хариуцагч Т.Х нь автомашины зардал 1 500 000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь дээрх 1 500 000 төгрөгийг Д.Доржсүрэнгийн эмчилгээнд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Д.Згийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганд засварын үнэ гэсэн утгаар 4 удаа шилжүүлсэн байх тул эмчилгээний зардал шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол ...нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Т.Х нь учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Ашид билгүүн ХХК-ийн хохиролын үнэлгээ болох 5 312 000 төгрөгөөс даатгалаас олгосон 3 070 336 төгрөгийг, хариуцагчаас автомашины засварт шилжүүлсэн 1 500 000 төгрөгийг хасч үлдэх 741 664 төгрөг дээр хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн HARRIER засварын HV компьютер оношлогоо, ABS, Амартизатор оношлогоо, ажлын хөлс 1 310 000 төгрөгийн зарлагын баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн HARRIER засварын 200 000 төгрөгийн зарлагын баримт, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 143600 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 72 000 төгрөгийн АИ-92 шатахуун авсан баримт, Мы Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 32 000 төгрөгөөр Улаанбаатар зорчсон Хот хоорондын зорчих тасалбар, Эрүүгийн төв архиваас материал хуулбарлан авсан 7 300 төгрөг тушаасан баримт, прокурорын архиваас материал авсан төлбөр 22 000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашин тээвэрлэн хүргэсний зардал 500 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж 3 028 564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М, Т.Б нарт олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Миг даатгалд зардал 111 583 төгрөг төлсөн гэж нотлох баримтаар Миг даатгал ХХК-ийн зарлагын тасалбар ирүүлсэн боловч энэ нь Миг даатгал ХХК-аас Д.Доржсүрэнгийн эмчилгээний зардалд 111 583 төгрөгийг олгосон баримт болох нь хэрэгт авагдсан Миг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байх тул 111 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, Т.Б нарын олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Э, хариуцагч Т.Хгаас олгосон итгэмжлэлээр Н.Б нар төлөөлөн оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Хгаас 3 028 564 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М, Т.Б нарт олгож, 111 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63 407 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ

З.ТУНГАЛАГМАА