Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 18

 

Д.М-, Т.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2017/01262/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.М-, Т.Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Х-д холбогдох

“Автомашинд учруулсан гэм хорын хохирол 4.638.164 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

Нэхэмжлэгч Д.М-, Т.Б- нараас:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын чиглэлд 64-83 УБВ улсын дугаартай Тоёота Клүгер маркийн машинтай явж байтал Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дахь Хужиртын гуанз гэх газрын орчим 57-79 ХӨҮ улсын дугаартай бага оврын автобус эсрэг урсгалд орж мөргөсөн болно. Уг ослын улмаас аав Д.Доржсүрэн хөнгөн гэмтэл авсан, машины эвдрэлд нийт 6 198 500 төгрөгийн хохирол учирсан. 57-79 ХӨҮ улсын дугаартай машины жолооч Т.Х-тай харилцан тохиролцож, аав Д.Доржсүрэнгийн эмчилгээний зардал, Улаанбаатар-Хөвсгөлийн чиглэлд 2 удаа ирж, очих зардал, бензины үнэ, ах Батмөнхийн Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн зардал, нотариат, гэрээ зэргийн хөлс болох 1 500 000 төгрөгийг миний Хаан банк дахь 5026667898 тоот дансанд цувуулж төлж барагдуулсан болно.

Манай машин Hybrid /электрон хөдөлгүүртэй/ тул үнэлгээний газар цахилгааны онош хийдэггүй гэсэн учраас Улаанбаатар хотод Доктор сервист үзүүлэхэд нэг бүрчлэн цахилгааныг хөөж үзнэ. Үзлэгийн үнэ 1 цагийн хөлс 30 000 төгрөг ба хэдэн ч хоног үзэх магадлалтай гэсэн тул машин засуулах явцад үзэж цахилгаантай холбоотой гарсан зардлыг төлье гэж тохиролцсон юм. Мөн тус жолооч мэргэшсэн жолоочийн даатгал төлөөгүйн улмаас үнэлгээгээр тогтоогдсон нийт үнийн дүнгийн 3 070 336 төгрөгийг “Миг даатгал” ХХК-иас нөхөн төлбөр болгон өгсөн болно. Гэтэл үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгийн үлдэгдэл болох 3 128 164 төгрөг, ослын улмаас эвдэрсэн цахилгааны төлбөр болох 1 510 000 төгрөг буюу нийт 4 638 164 төгрөгийг  мөнгөний боломжгүй байна, эргэж хариу өгье гэж 2017 оны 5 сард уулзсанаас хойш утсаа авахгүй, хариу ч өгөхгүй байгаа болно. Иймд миний хохирол болох 4,638,164 төгрөгийг иргэн Т.Х-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Х-гаас:

Миний бие 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаан-Үдээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 57-59 ХӨҮ улсын дугаартай кованте маркийн автобусаар явж байгаад Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь Хужиртын гуанз гэх газрын ойролцоо 64-83 УБВ улсын дугаартай Тоёота Клугер маркийн машинтай мөргөлдсөн. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Ашид билгүүн” ХХК-д 64-83 УБВ дугаартай Тоёота Клугер машины эвдрэлийг үнэлүүлэхэд 5 312 000 төгрөгөөр тогтоогдсон. 2017 оны 2 дугаар сарын 03-нд “Миг даатгал” ХХК-иас “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн 5 312 000 төгрөгөөс Тоёота Клугер машины засварын 3 070 336 төгрөгийг Б-д олгосон. Машины засварын үлдэгдэл болох 2 241 664 төгрөгөөс М-ы Хаан банкны 5026667891 тоот дансанд 2017.01.30-нд 400 000 төгрөг, 2017.02.20-нд 500 000 төгрөг, 2017.04.14-нд 300 000 төгрөг, 2017.05.09-нд 300 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг шилжүүлж одоо засварын мөнгөнөөс 741664 төгрөг үлдсэн байгаа. Надад Доржсүрэн гуайн биеийг үзүүлсэн талаарх баримт материал үзүүлээгүй байсан. Доржсүрэн гуай эмчилгээний зардалд 193 050 төгрөг гаргасан байсан байна. Үүнээс “Миг даатгал” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээний дагуу төлбөр болох 111583 төгрөгийг Доржсүрэн гуайд олгосон байна. Миний бие төлж барагдуулж дуусаагүй машины засварын үлдэгдэл 741664 төгрөг болон Доржсүрэн гуайн эмчилгээний зардлын үлдэгдэл болох 81417 төгрөг нийт 823081 төгрөг төлж барагдуулах болно. Нэмэлтээр гарч ирээд байгаа машины цахилгаан гэмтэлийн төлбөр болох 1 510 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ABS компьютер, амартизатор төлбөрүүдийг “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээн дээр үндэслэн 5,312,000 төгрөгөөр барагдуулж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Д.М-, Т.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргалаас:

Машины эвдрэл гэмтлийг тогтоосон үнэлгээ гарахаас өмнө Д.М-ы аавынх нь эмчилгээний зардалд 1,500,010 төгрөгийг Б.Х- өгсөн. Хариуцагч талаас даатгалын үнэлгээний хохирлыг үнэлүүлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ буюу 5,312,000 төгрөгөөр Д.М-ы машины хохирол үнэлүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Ингээд 5,312,000 төгрөгөөс 3,070,336 төгрөгийг хасаад үлдэгдэл 2,241,664 төгрөг дээр шууд бус цахилгааны зардлын 1,500,010 төгрөг, осолд орсон машиныг ачигч машинаар ачсан 500,000 төгрөг, автын үнэлгээ хийлгэхэд гарсан шинжээчийн зардал 143,600 төгрөг, “Миг даатгал” ХХК-д очиж тодорхойлолт авахад гарсан зардал 111,583 төгрөг, архиваас материал авахад гарсан зардал 7300 төгрөг, архиваас материал авахад гарсан зардал 22000 төгрөг, Д.М-ы замын зардал 32000 төгрөг, шатахууны зардал 72,000 төгрөг, нийт 4,640,147 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагаас:

Манай талаас осолд орсон тээврийн хэрэгслийг ачихад гарсан зардал 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс 741,664 төгрөг дээр 500,000 төгрөгийг нэмээд нийт 1,241,664 төгрөгийг Д.М-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.                          

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Х-гаас 3 028 564 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-, Т.Б- нарт олгож, 111 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63 407 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг давж заалдсан гомдолдоо:

“Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний 5.312.000 төгрөгийн үлдэгдэл 741.664 төгрөг, автомашин тээвэрлэсэн 500.000 төгрөг нийт 1.241.664 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 1.786.900 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь компьютер амартизаторын оношлогоо, засварын үнэлгээ “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээнд орсон гэж ойлгож байна гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан  давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах  нь   зүйтэй байна.

            Нэхэмжлэгч  Д.М-,  Т.Б- нараас  хариуцагч  Б.Х-д  холбогдуулан  эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол  4.638.164  төгрөг  гаргуулах  шаардлага гаргасан.

            Хариуцагч  Б.Х-   машины   хохирлын  үлдэгдэл  төлбөр 741.664 төгрөг,  Д.Доржсүрэнгийн эмчилгээний  зардлын  үлдэгдэл  81.417 төгрөг  нийт  823.081  төлөхийг зөвшөөрч  бусад  хэсгийг зөвшөөрөхгүй  гэж  маргасан.

            Шүүх хариуцагч Б.Х-гаас  гэм хорын хохиролд 3.028.564 төгрөг  гаргуулж, нэхэмжлэлээс 111.583 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

            2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг  Хужиртын гуанз гэх газар  57-79 ХӨҮ дугаартай  бага оврын автобусны жолооч  Т.Х- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр  зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд  эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас  урдаас ирж явсан Д.М-ы  64-83 УБВ  дугаартай  Тоёото Клугер маркийн  машинтай мөргөлдөж  зам тээврийн осол  гаргасан,  ослын улмаас   Д.Доржсүрэнгийн биед  хөнгөн гэмтэл,  Д.М-ы эд хөрөнгөд   6.198.500  төгрөгийн  хохирол   учирсан  ба  бага бус  хэмжээний хохирол  учир  эрүүгийн хэрэг  үүсгэхээс  татгалзсан нь   хэрэгт цугларсан  нотлох баримтаар   тогтоогдсон  байна.

            Нэхэмжлэгч  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “..машины эвдрэлд үлдэгдэл  3.128.164  төгрөг, машины цахилгааны төлбөрт   1.510.000 төгрөг  нийт   4.638.164  төгрөг   гаргуулахаар  шаардаж,  нотлох баримтаар   “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн   үнэлгээний тайлан  \х.х 45 дугаар тал\,  Harier засварын  газрын  зарлагын баримт  \ х.х  12, 15, 17  дугаар тал\-ыг  ирүүлсэн  мөн “Миг даатгал”  ХХК  3.070.336 төгрөг,  эмчилгээний зардалд  111.583 төгрөг, Б.Х-гаас   1.500.000 төгрөг  төлсөн  талаар  дурдаж  холбогдох нотлох баримтыг хавсаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн явцад  “Ашид билгүүн”  ХХК-ийн  5.312.000 төгрөгөөр тогтоосон хохирлын  үнэлгээг    \х.х 80 дугаар тал\   зөвшөөрсөн  байна.

            Иргэний хуулийн  497 дугаар  зүйлийн 497.1-д зааснаар  Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...,  ...эд хөрөнгөд  хууль бусаар  санаатай буюу  болгоомжгүй  үйлдэл\эс үйлдэхүй\-ээр   гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах  үүрэгтэй, мөн  хуулийн  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Бусдын  эд хөрөнгөд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг  арилгахдаа гэм хор учруулахаас  өмнө  байсан байдалд нь сэргээх буюу  учирсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө  гэжээ.

            Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч нь  эд хөрөнгөдөө учирсан хохирлыг  мөнгөөр  төлүүлэхээр  шаардсан, ингэхдээ  гэмтэж, эвдэрсэн  эд хөрөнгийг  хоёр  өөр  мэргэжлийн  байгууллагаас   үнэлсэн  үнэлгээний  “Ашид билгүүн” ХХК-ийн   үнэлгээг  харгалзана гэсний  дагуу шийдвэрлэх нь зөв бөгөөд  анхан шатны шүүх  уг  үнэлгээ  буюу  5.312.000 төгрөгөөр    хохирлын хэмжээг тодорхойлсон  байна.

Харин нэхэмжлэгч нь  хохирлын үнэлгээний  тооцоог “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн   үнэлгээ  буюу  6.198.500 төгрөгөөс  тооцож \6.198.500-3.070.336= 3.128.164 +1.510.000\ 4.638.164 төгрөг гэж   байсныг өөрчлөөгүй  хуучин  нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр тооцсоныг  шүүх мөн анхаараагүй  байна.

Хохирлын үнэлгээ нь 5.312.000 төгрөг бөгөөд  үүнээс  даатгалын байгууллагаас төлсөн  3.070.336 төгрөг,  111.583 төгрөгийг тус тус хасвал  2.130.081 төгрөгийн  хохирлыг  хариуцагчаас гаргуулах  үндэслэлтэй, Harier засварын  газрын   1.510.000  төгрөгийн зарлагын баримтанд үндэслэн хохирол төлүүлэх  боломжгүй мөн уг эвдрэлийг  “Ашид билгүүн” ХХК-ийн  үнэлгээгээр  тогтоосон байхад  давхардуулж  гаргах  үндэслэлгүй тул   уг  шаардлагыг  хэрэгсэхгүй  болгох  нь  зүйтэй.

Шүүх  нэхэмжлэлийн  шаардлагад  хамааралгүй,   зохигчид   харилцан тохиролцож   Улаанбаатар-Хөвсгөл 2 удаагийн зардал, бензины үнэ, Батмөнхийн Хөвсгөл-Улаанбаатар явсан зардал, гэрээ, нотариатын зардлын  нийт  1.500.000  төгрөгийг  нэхэмжлэлийн шаардлагаас  хассан ба   ингэхдээ  автомашины засварт шилжүүлсэн 1.500.000 төгрөг гэж   буруу тодорхойлсон  нь   хуульд нийцээгүй  болохыг  дурдаж байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах гомдлын үндэслэлдээ  “...1.786.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэж  дурдсан  харин  давж заалдах шатны шүүх  хэргийг   бүхэлд нь  хянаад  дээрх  дүгнэлтийг  хийж,  анхан шатны шүүхийн  шийдвэрт  дараах өөрчлөлтийг оруулах нь  зүйтэй гэж  шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дүгээр  шийдвэрийн  Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510.1-д заасныг баримтлан  хариуцагч  Б.Х-гаас   2.130.081  төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч  Д.М-, Т.Б- нарт олгож,   2.508.083  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар  заалтад,  “...хариуцагчаас  63.407 төгрөг...” гэснийг,  “...хариуцагчаас  89.161 төгрөг ...”  гэж  тус тус  өөрчлөлт  оруулж  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн   59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар   хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  43.540 төгрөг  төлсөнийг  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЦЭЦЭГ 

                                       ШҮҮГЧИД                                                  Л.АМАРСАНАА

                                                                                                          С.ЭНХЖАРГАЛ