Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/01375

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/01375

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ар монгол тревел ХХК-ийн байрны 103 тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /рд:5320569/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжинд байрлах, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба /рд:5459567/-д холбогдох,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2 байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 736 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шуүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1491 дүгээр магвдлалаар ******* ХХК-аас 753 145 939 /долоон зуун тавин гурван сая нэг зуун дөчин таван мянга есөн зуун гучин есөн/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3 923 680 /гурван сая есөн зуун хорин гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг тус тус гаргуулан Капитал банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17280064 дугаартай үүсгэх тогтоолоор одоог хүртэл явагдаж байгаа ба манай компани нь дээрх өр төлбөрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг, нийт 170.000.000 /нэг зуун далан сая/ төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар 587.289.619 /таван зуун наян долоон сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун арван есөн/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

*******" ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар уг төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн асуудал байхгүй, харин тус байгууллагын санхүүгийн асуудал хүндэрч, одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаагийн улмаас уг зээлийг төлөх хугацаа удааширсан. Энэ талаарх нөхцөл байдлаа бид удаа дараа илэрхийлж зохих журмаар нь харилцан тохиролцох боломж олгохыг хүсэж албан бичиг хүргүүлж байсан.

Гэтэл Банк хадгапамж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын алба нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн Y-2203016511 дугаарт бүртгэгдсэн, И.Доржсамбуугийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17280064/06 дугаартай битуүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17280064/03 дугаартай хураах тогтоолоор хураан авч, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоолоор Мөнх-Оргил Трейд" ХХК-ийг томилж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Банк хадгаламж ззэлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 193.500.000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тохиолдолд хөндлөнгийн шинжзэч томилох гэсэн заалтыг ноцтой зөрчиж хөндлөнгийн шинжээч томилсон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учирч байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавап түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заасан байгаа.

Гэтэл Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шинжээчид ямар хуулийн заалтаар эрх, үүргийг тайлбарласан тухай тодорхой баримт байдаггүй. Мөнх-Оргил Трейд ХХК нь үл хөдлөх хөрөнгийг 193.500.000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлантай танилцахад тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд үзлэг шинжилгээ хийсэн эсэх нь тодорхой бус ойлгомжгүй, үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийгээгүй, уг хөрөнгөөр ирээдүйд олох боломжтой орлогыг тодорхойлоогүй уг хороо, дүүрэгт буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд зарагдаж байгаа ижил төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж эах зээлийн үнэлгээг гаргаагүй байж 193.500.000 төгрөгөөр буюу үндэслэл муутай үнэлгээ гаргасанд гомдолтой байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэийн буюу эрэлт ихтэй бүсд байрладаг, төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ төв замын хажууд байрлалтай, цөөхөн оршин суугчтай, тэдний тав тухыг бүрэн хангасан ямарч зориулалтаар ашиглаж болохуйц хөрөнгө юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, Олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно." гэж заасан байтал үндэслэл муутай буюу зах зээлийн ханшаас маш багаар үнэлсэн байна.

Мөнх-Оргил Трейд ХХК нь үнэлгээ хийхдээ зах ззэлийн судалгаанд шалгасан нэгжүүд нь өөр өөр газар байршилтай хийхээр хөрөнгүүд байдаг. Мөн өртгийн хандлагын үнийн дүн нь 212.4 сая төгрөг байхад зах зээлийн хандлага нь 193.5 сая төгрөг гэж үнэлж байгаа нь үнэлгээг алдаатай, буруу хийсэн гэж үзэж байна. Учир нь Зах зээлийн хандлага нь өртгийн хандлагаас ямар ч тохиолдолд өссөн хэлбэрээр гардаг. Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцан тохиролцсон үнэлгээ нь 432.000.000 төгрөг байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар хуулийн хугацаанд гомдлоо гаргаж байгаа ба хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 34/Ш тоот үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00021 дүгээр шийдвэрээр ******* ХХК-иас 757.069.619 төгрөгийг гаргуулж Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан И.Доржсамбуугийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016511 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2 байрны зоорийн давхарын 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаар тогтоолоор Мөнх-оргил трейд ХХК-ийг томилоход 193.500.000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундахыг дуудан ирүүлж 2020 оны 3/2616 тоот албан бичигт гарын үсэг зуруулсан. Мөн өмчлөгч И.Доржсамбууд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингарав гудамж 104 дүгээр байрны 8 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/2614 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан И.Доржсамбуугийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2 байрны зоорийн давхарын 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар материалыг бүрдүүлсэн байхад шүүхэд гомдол гаргасан ба одоогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа.

Төлбөр төлөгч ******* ХХКомпани нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдсэн нь хууль зөрчөөгүй ба хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2 байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй ба хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00021 дүгээр шийдвэрээр ******* ХХКомпаниас 757.069.619 төгрөгийг гаргуулж Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1491 дүгээр магадлалаар хэвээр үлдээжээ. /хх-ийн 16-22 дахь талд/

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхарын 216 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016511 дугаарт бүртгэлтэй, барилгыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17280064/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17280064/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг тус тус хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Энэхүү ажиллагаа үйл баримтын талаар талууд маргаагүй./хх-ийн 22-29 дэх талд/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч талын захирал Т.Батжаргал нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид Хүсэлт гаргах тухай ...манай компанийн санхүүгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд муудаж, уг зээлийг төлөлгүй өдий хүрсэн ба одоо ч тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх тул бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхарт байрлах Ү-2203016511 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үлдэгдэл төлбөрт тооцон шилжүүлэх саналтай байгаа тул хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн /хх-ийн 30 дахь талд/ ба уг хүсэлтийг нь төлбөр авагчид танилцуулах ажиллагааг хийхэд Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авч нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 516 дугаар албан бичгээр ...дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн бодит ханш нь тодорхойгүй учир хүсэлтэд дурдсан хөрөнгийг үлдэгдэл өр төлбөрт тооцон авахад үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй байх эрсдэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54, 55 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дараа асуудлыг авч үзэх нь зүйтэй. Иймд барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд саад учруулахгүй, идэвхи санаачлага гаргаж, биечлэн болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох шаардлагатайг анхаарна уу /хх-ийн 31 дэх талд/ гэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох эрх бүхий хуулийн этгээдээр Мөнх-Оргил трэйд ХХК-ийг шинжээчээр томилж, тус компаний захирал Б.Эрдэнэбаатарт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тайлбарлан танилцуулж баримт үйлдсэн байна. /хх-ийн 87 дахь талд/

Нэхэмжлэгч тал шинжээчид эрх үүрэг тайлбарласан гэх дээрх баримтын хуулбарласан хувийг нотариатаар гэрчлүүлэн хэргийн 14 дэх талд өгсөн ба уг баримтанд шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг гэж бичигдсэн боловч гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байгааг нь хуулийн шаардлага хангаагүй, тодорхойгүй, эрх, үүрэг тайлбарласан гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр маргасан боловч шүүх энэхүү үндэслэлийг нь хүлээн авах боломжгүй хариуцагчаас гаргасан бичгийн баримтаар няцаагдсан гэж дүгнэв.

Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч Б.Эрдэнэбаатар нь туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэнгийн хамт ажиллаж, үнэлгээний тайланг гаргасан байна. /хх-ийн 33-47 болон 88-103 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж хуульчилсан.

Маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан Б.Эрдэнэбаатарт энэхүү хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн байх бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангасан гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал шинжээчид ямар хуулийн заалтаар эрх, үүрэг тайлбарласан тухай тодорхой баримт байхгүй гэж маргаж буй үндэслэл нь хэрэгт авагдсан шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтаар няцаагдаж байна. Харин туслах үнэлгээчнээр ажилласан Б.Мягмарсүрэн нь тусгай зөвшөөрөл бүхий, дангаар шинжилгээ хийх эрх бүхий этгээд биш байх тул түүнд эрх, үүрэг тайлбарлах тусгай зохицуулалт байхгүй.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас явуулсан дээрх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн эд хөрөнгө үнэлэх тухай нэхэмжлэгчийн саналыг аваагүй гэсэн боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг болон хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнээд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнэлт хийн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+70200/ нийт 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ