Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1601

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ИГЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01375 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ИГЦ” ХХК-ийн хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2 байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болон БХЗХТБАА-ны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 736 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1491 дугаар магадлалаар “ИГЦ” ХХК-аас 753 145 939 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3 923 680 төгрөгийг тус тус гаргуулан “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17280064 дугаартай үүсгэх тогтоолоор одоог хүртэл явагдаж байгаа ба манай компани нь дээрх өр төлбөрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөг, нийт 170 000 000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар 587 289 619 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. “ИГЦ” ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар уг төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн асуудал байхгүй, харин тус байгууллагын санхүүгийн асуудал хүндэрч, одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаагийн улмаас уг зээлийг төлөх хугацаа удааширсан. Энэ талаарх нөхцөл байдлаа бид удаа дараа илэрхийлж зохих журмаар нь харилцан тохиролцох боломж олгохыг хүсэж албан бичиг хүргүүлж байсан. Гэтэл Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын алба нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн Y-2203016511 дугаарт бүртгэгдсэн, И.Доржсамбуугийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17280064/06 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17280064/03 дугаартай хураах тогтоолоор хураан авч, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоолоор Мөнх-Оргил Трейд" ХХК-ийг томилж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг албан бичгээр бидэнд мэдэгдсэн. БХЗХТБАА- нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 193 500 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилох гэсэн заалтыг ноцтой зөрчиж хөндлөнгийн шинжээч томилсон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учирч байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заасан. Гэтэл Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шинжээчид ямар хуулийн заалтаар эрх, үүргийг тайлбарласан тухай тодорхой баримт байдаггүй. “Мөнх-Оргил Трейд” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг 193 500 000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлантай танилцахад тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд үзлэг шинжилгээ хийсэн эсэх нь тодорхой бус ойлгомжгүй, үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийгээгүй, уг хөрөнгөөр ирээдүйд олох боломжтой орлогыг тодорхойлоогүй уг хороо, дүүрэгт буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд зарагдаж байгаа ижил төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж эах зээлийн үнэлгээг гаргаагүй байж 193 500 000 төгрөгөөр буюу үндэслэл муутай үнэлгээ гаргасанд гомдолтой байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн буюу эрэлт ихтэй бүсд байрладаг, төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, бүрэн цутгамал, төв замын хажууд байрлалтай, цөөхөн оршин суугчтай, тэдний тав тухыг бүрэн хангасан ямар ч зориулалтаар ашиглаж болохуйц хөрөнгө юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, Олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байтал үндэслэл муутай буюу зах зээлийн ханшнаас маш багаар үнэлсэн байна. “Мөнх-Оргил Трейд” ХХК нь үнэлгээ хийхдээ зах зээлийн судалгаанд шалгасан нэгжүүд нь өөр өөр газар байршилтай хийхээр хөрөнгүүд байдаг. Мөн өртгийн хандлагын үнийн дүн нь 212 400 000 төгрөг байхад зах зээлийн хандлага нь 193 500 000 төгрөг гэж үнэлж байгаа нь үнэлгээг алдаатай, буруу хийсэн гэж үзэж байна. Учир нь Зах зээлийн хандлага нь өртгийн хандлагаас ямар ч тохиолдолд өссөн хэлбэрээр гардаг. Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцан тохиролцсон үнэлгээ нь 432 000 000 төгрөг байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хуулийн хугацаанд гомдлоо гаргаж байгаа ба хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 34/Ш тоот үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00021 дугаар шийдвэрээр “ИГЦ” ХХК-иас 757 069 619 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “ИГЦ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан И.Доржсамбуугийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016511 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2 байрны зоорийн давхрын 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаар тогтоолоор “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг томилоход 193 500 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрахыг дуудан ирүүлж 2020 оны 3/2616 тоот албан бичигт гарын үсэг зуруулсан. Мөн өмчлөгч И.Доржсамбууд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингарав гудамж 104 дүгээр байрны 8 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3/2614 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан И.Доржсамбуугийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2 байрны зоорийн давхрын 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар материалыг бүрдүүлсэн байхад шүүхэд гомдол гаргасан ба одоогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Төлбөр төлөгч “ИГЦ” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдсэн нь хууль зөрчөөгүй ба хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан БХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ИГЦ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+70200/ нийт 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа БХЗХТБАА- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан И.Доржсамбуугийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, талуудаас эд хөрөнгийн үнийн санал өгөх мэдэгдэл өгөөгүй байж шинжээч томилсон буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах, харилцан тохиролцоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилох хуулийн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын тухайн эд хөрөнгийг хэрхэн үнэлж байгаа тохиролцооны хэлбэр юм. Гэтэл Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч И.Доржсүрэнгээс үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчиж бидний эрх ашгийг ноцтойгоор хохироож шинжээч томилсон нь “Мөнх-Оргил Трейд” ХХК-ний гаргасан үнэлгээ хуульд зааснаар хүчингүй.

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал алдагдаж төлбөр төлөгч компанийн эрх ашиг хохироод байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь манай компанийн үлдэгдэл өр төлбөртөө маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тооцон өгөх хүсэлт болон “Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн хариу албан бичгийг үнийн санал гэж тайлбарлан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж дүгнэж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тогтоол, эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “ИГЦ” ХХК нь хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

            Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ хэт доогуур гэх үндэслэлгүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

            Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасны дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч дурдсан ажиллагааны талаар маргаагүй, харин хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн талаар гомдол гаргасан байна.

 

            Хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь төлбөр төлөгчийн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17280064/06 дугаар тогтоолоор битүүмжилсэн, төлбөр төлөгч нь “Хүсэлт гаргах тухай” 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр “...Ү-2203016511 дугаар улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх саналтай байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн байна.     

/хх-24, 30/

 

            Дээрх хүсэлттэй төлбөр авагч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч танилцаад хариуг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 516 тоот албан бичгээр төлбөр төлөгчид барьцааны хөрөнгүүдийн зах зээлийн ханш нь тодорхойгүй учир хүсэлтэд дурдсан хөрөнгийг үлдэгдэл төлбөрт тооцон авахад үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй байх эрсдэлтэй талаар дурдаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54, 55 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэний дараа асуудлыг авч үзэх нь зүйтэй талаар мэдэгджээ. /хх-31/

 

Хэрэгт нэхэмжлэлд дурдсан үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17280064/03 дугаар тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авагджээ.                                                                                                                                                /хх-82, 83/

 

            Дээрх хураах ажиллагааг явуулснаас хойш төлбөр төлөгч болон төлбөр авагчаас барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний санал авах ажиллагааг хийсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Харин төлбөр авагч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 519 тоот албан бичгийг хүргүүлсэн нь хөрөнгө хураах тогтоол үйлдсэнээс өмнө байхаас гадна төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох орон сууц, авто зогсоол, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг 3 объектын үнэлгээг тогтоолгох тухай байна. /хх-81/

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээрх байдлаар явуулсан байдлаас үзвэл барьцааны хөрөнгийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагчаас үнийн саналыг хуульд заасан дараалал журмын дагуу авсан, үнэлгээний талаар талууд тохиролцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд уг үндэслэлээр гаргасан хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг хангах үндэслэлтэй. Нэгэнт шинжээчийг хуульд заасан журмаар томилоогүй тул түүний гаргасан үнэлгээг хууль ёсны гэж үзэх боломжгүй тул үнэлгээг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч байгууллага эд хөрөнгийн хураах, үнийн санал авах, шинжээч томилох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан дараалал, журмаар явуулаагүй хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлэлгүйгээр гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар залруулах боломжтой байна.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “ИГЦ” ХХК-ийн гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болон БХЗХТБАА 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/42 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “орлого болгосугай”” гэснийг “орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ