Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2017/01132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00145/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Е с б х б /утас ********/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******** аймаг, ********. суманд байрлах Ш ХК-д холбогдох

 3,281,369.91 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е с б х б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

... Е с б х б нь Ш... нүүрс боловсруулах тоног төхөөрөмжийг худалдан авах суурилуулах утаагүй түлш, нүүрсний шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг шинэчлэх худалдан авах, суурилуулах нэмэлт нүүрсний шахмал түлшний үйлдвэр байгуулах , уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх зорилгоор 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш ХК, Н ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр Е с б х б нь зээлдэгч буюу Ш ХК, Н ХХК-д 10,000,000 ам доллараас ихгүй зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд Зээлийн гэрээний 2.02-т Хавсралт 2-т заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн банк нь Үүрэгт хугацаанд Зээлдэгчийн хүсэлтийг харгалзан ажлын өдрийн аль ч өдөр зээлийг нэг буюу түүнээс дээш удаа олгож болно.

Энэхүү зээлийг зээлдэгч нь хавсралт А маягт болон банкны шаардлагад нийцүүлэн хүсэлт гаргана, хүсэлтийг мөнгө авах өдрөөс 10 хоногийн өмнө банкинд гаргаж өгөх шаардлагатай. Энэ нь зээлдэгчийн эцсийн бөгөөд үүрэг хүлээсэн хүсэлт байна. Зээл олголт нь 5,000,000 ам доллараас доошгүй дүн байна гэж заасан бөгөөд Зээлийн гэрээний дагуу Е с б х б нь зээлдэгч Ш ХК- нд 5,000,000 ам долларыг 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ш ХХК-ийн Хаан банкны ************************. тоот дансанд шилжүүлсэн.

Зээлийн гэрээний 2.07-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээг буцаан төлөхдөө 6 тэнцүү хувааж хагас жил тутамд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон.

...Ш хк-нд төлбөрийн үлдэгдлийг төлөх талаар Е с б х б удаа дараа албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл зээлдэгч Ш ХК нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно.

...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээлийн төлбөр 2,499,999.99 ам доллар, зээлийн хүү 585,016.28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 181,631.42 ам доллар, шимтгэл 14,722.22 ам доллар нийт 3,281,369.91 ам долларыг хариуцагч Ш ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан гэдэг хариу тайлбар өгөх боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдаж байна.

Нэхэмжлэлийнхээ агуулга үндэслэх хэсэгт нэхэмжлээд байгаа хуримтлагдсан хүү, нэмэгдсэн хүү, торгуулийг яаж тооцсон буюу нэгж хугацааны хүү, нэмэгдсэн хүү торгуулийг яаж тооцсон буюу нэгж хугацааны хүү, нэмэгдсэн хүү болон торгуулийн хэмжээ нь хэд юм, хэзээнээс хэдий хүртэлх хугацаа хамаарч байгаа юм гэдгээ бичээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын дээрх дүнгүүд хэрхэн гарсан нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага нь хуримтлагдсан хүү, нэмэгдсэн хүү, торгууль зэргээс бүрдэж байгаа тул эдгээр шаардлага тус бүр ойлгомжтой тодорхой байна гэмээнэ, хариуцагч тэдгээр шаардлагад хариу тайлбар өгөх урьдач нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө үнэн зөв тодорхойлж түүнийгээ нотлох үүрэгтэй бөгөөд нөгөө талаас хариуцагч тэрхүү нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбогдуулан үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байхад хариуцагч нэхэмжлэлд хариуцагч тайлбар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх үүргээ бодитоор хэрэгжүүлэх мэтгэлцэх зарчмыг ханган оролцох нөхцөл хязгаарлагдаж байна.

Мөн нэхэмжлэгч хуримтлагдсан хүү, нэмэгдсэн хүү, торгууль зэргээ бүгдийг нь тооцоод зөвхөн Ш ХК-аас нэхээд байгаа эсхүл талыг нь нэхээд байгаа нь боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Е с б х б-тай Ш ХК ганцаараа зээлдэгчийн үүрэг хүлээж, зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй ба бие даан тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох Н ХК зээлийн гэрээ байгуулж зээлдэгчийн эрх үүргийг хүлээсэн тул нөгөө зээлдэгч болох Н ХК-аас дээрх шаардлагын үнийн дүнгийн талыг нь эсхүл тодорхой хэсгийг нэхэмжилж байгаа, эсхүл нэхэмжлэхээр шүүхэд хандсан зэргээс Шарын гол ХК-ий зүгээс гаргах тайлбарын агуулга шууд хамаарна. Ш ХК нь шүүхийн өмнө Н ХК-ийг төлөөлөхгүй бөгөөд түүний өмнөөс тайлбар гаргах зэрэг байр суурь илэрхийлэх эрхгүй болно.

Түүнчлэн энэхүү иргэний нэхэмжлэлийн үнийн дүн нь их, хариуцагчийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхид асар их нөлөөлөх үнийн дүнтэй маргаан нөгөө талаас хариуцагчийн хариу тайлбар гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотолгооны хэрэгсэл болдог тул нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар бүрэн дүүрэн хангалттай мэдээлэлтэй байсны үндсэн дээр үндэслэл бүхий хариу тайлбар гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрх хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаална гэв.

Хариуцагч Ш ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Тус шүүхэд Е с б х б нь Ш ХК-д холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан.

Е с б х б нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.07 дахь заалтын дагуу зээлийг буцаан төлөх хугацаа болсон гэж тэрхүү заалтад заасан эргэн төлөлтийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний 2.07 дахь заалт буюу Зээлдэгч нь зээлийг 6 тэнцүү хуваасан хэмжээгээр дор заасан өдрүүдэд эргэн төлнө.

Эргэн төлөх огноо

 

 

 

Ам.Доллар

 

 

 

2016.06.15

1,666,667

2016.12.15

1,666,667

2017.06.15

1,666,667

2017.12.15

1,666,667

2018.06.15

1,666,667

2018.12.15

1,666,665

 

Гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно.Үүнд:

Зээлдэгч Ш ХК нь Е с б х б 10 сая ам доллар зээлээгүй ба 5 сая доллар зээлсэн. Гэтэл зээлийн гэрээний эргэн төлөлт нь 10 сая ам доллар 1 удаагийн эргэн төлөлт нь л гэхэд 1,666,667 ам доллар байгаа нь талуудын хооронд үүссэн зээлийн харилцаанаас өөр зээлийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл талуудын хоорондын зээлийн харилцаанд үйлчлэхгүй буюу 10 сая ам доллар зээлсэн зээлийн харилцаанд хамааралтай бөгөөд энэхүү заалтаар зээлийн эргэн төлөлтийн хугацааг тодорхойлсон нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшлах Олон улсад болон Монгол улсад хүлээн зөвшөөрсөн бизнесийн зээлийн харилцааны зан суртахууны хэм хэмжээг зөрчснийг илтгэнэ.

Тодруулбал зээлийн дүн нь ямар хэмжээний эрсдэл хүлээж байгааг илэрхийлж эргэн төлөлтийн хугацаа болон хүүг ямар хэмжээгээр тогтоох вэ гэдэг үндэслэл шалгуур болдог тул 5 сая ам долларын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хүүгийн хэмжээг 10 сая ам долларын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хүүгийн хэмжээнээс өөрөөр тохиролцох нь хэн бүхэнд ойлгомжтой.

Зээл авах зорилго нь зээлдэгч бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сайжруулахад зарцуулах байсан бөгөөд тэр ч утгаараа зээлдүүлэгч зээлдэгчийн бизнес төлөвлөгөө бусад шаардлагатай бичиг баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэдийг зээлсэн тохиолдолд зээлийн зарцуулалтын үр шимийг гаргаж зээлийг ийм хугацаанд эргэн төлөх боломжтой гэж зээл олгосон.

Гэтэл тэрхүү 10 сая ам долларын зээл олголт дээр хийсэн бизнес төлөвлөгөө зээлийн үр шимийн тооцоолол дээр тулгуурлан гаргасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхийг шаардсан нь гэрээний шударга ёсны болон гэрээний агуулгыг харилцан ашигтайгаар бодитоор тогтоох зарчмыг зөрчснийг харуулж байна.

Тухайлбал зээлдэгч 10 сая ам долларыг зээлж чадаагүй бүр талтай нь тэнцэх хэмжээний санхүүжилт авсан тул төсөл хөтөлбөрөө бүрэн санхүүжүүлж чадахгүй төсөл хөтөлбөрийн үр дүн гарахгүй цаашлаад зээлийн үр шим гарах хугацаа дахин мөн хэрээр хойшилж зээлийн эргэн төлөлтөд шууд нөлөөлнө.

Тэгэхээр 5 сая ам доллар зээлсэн тохиолдолд эргэн төлөх хугацаа нь ямар байх вэ гэдэг байхгүй бөгөөд 10 сая ам доллар зээлсэн тохиолдолд буцаан төлөх хугацаагаар тодорхойлсон заалт нь зээлдэгчийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх хэт нэг талыг барьсан хууль бус заалт юм.

Гэрээний 2.07 дахь заалтад 10 сая долларыг 1,666,667 ам доллараар 6 удаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хагас жил тутам төлөх агуулгыг цагаан дээр хараар маш тодорхой бичсэн байхад нэхэмжлэгч тэрхүү заалтыг өөрт ашигтай буюу хугацааг тогтоосон хэсгийг үндэслэж харин 1 удаа төлөх 1,666,667 ам доллар гэдгийг 833,333 ам доллар гэж уншиж нэхэмжлэл гаргаж байгаагаас гэрээний харилцааны тэгш байдлыг хангах хэм хэмжээний зарчим зөрчигдсөн заалт болохыг нотолно.

Нөгөө талаас зээлийн гэрээ байгуулахаас өмнө хэлэлцээр зээлийн гэрээний агуулгад дүн шинжилгээ хийж үзэхэд зээлдүүлэгч зээлдэгчид 10 сая ам доллар зээлэх болохоор эрсдэл өндөр тул хүү нь ийм байна эргэн төлөх хуваарь нь ийм байна гэж тооцоолж харилцан тохиролцчихоод 5 сая ам долларын зээлийн нөхцөл агуулгыг хүлээн зөвшөөрүүлчихсэн зүйл илт ажиглагдана.Өөрөөр хэлбэл зээлдэгч өөртхэрэгцээтэй санхүүжилтийн зээл авахын тулд зээлдүүлэгчийн зээл олгох эсэх давамгайлсан бодит нөхцөл байдлын улмаас хэрвээ бид 5 сая ам долларын зээл авсан тохиолдолд 10 сая ам доллартай адил нөхцлөөр зээлийг эргэн төлөх үү гэдгийг бодолгүй өөрт илт хохиролтой заалт байсаар байтал хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк Ш Н.Т ХК хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргаж буй хариу тайлбартаа:

...Хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хоёр тал зээлийн гэрээг нарийн тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Гэрээний 2.1-т 10.000.000 ам доллараас илүүгүй байна гэж заасан. Мөн зээлийн гэрээний 2.2-т 5.000.000 ам доллараас багагүй хэмжээний зээл олгоно гэж заасан.

Е с б х б хувьд 5.000.000 ам доллар олгосныхоо дараа дахин 5.000.000 ам доллар олгох боломжтой байсан. Гэтэл хариуцагч тал нэмж 5.000.000 ам доллар олгох шаардлагыг ханаагүй. Зээлийн гэрээний 2.07 дахь заалтад дүн шинжилгээ хийхэд ерөнхий болон нарийвчилсан байдлаар гэрээний графикийг тогтоосон байгаа. Манай байгууллагын хувьд зээлийн гэрээнд бичигдсэн дүнгээр буюу 1666 ам доллараар төлбөрөө шаардсан зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх ашиг зөрчигдөөгүй. Хариуцагч тал гэрээнд заасан шаардлагаа хангаж чадаагүй тул талуудын тохиролцсон график хүчингүй болсон. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е с б х б нь хариуцагч Ш ХК-д холбогдуулан зээлийн төлбөр 3,281,369.91 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр дээрх шаардлагыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан болно.

Хариуцагч Ш ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Е с б х б болон Монгол Улсын хуулийн этгээд болох Ш ХК, Н ХК нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /1-р хх-16-30, 2-р хх/

Дээрх зээлийн гэрээний 2.01-т энэхүү гэрээний нөхцөл болзлын дагуу Банк нь зээлдэгчид нийтдээ 10,000,000 ам доллараас /арван мянган ам доллар/ илүүгүй хэмжээний зээлийг зээлдүүлэхийг зөвшөөрсөн болно, 2.02-т энэхүү гэрээний хавсралт 2-т заасан нөхцөл болзлыг хангасан бол Банк нь зээлдэгчийн хүсэлтээр зээлийг үүрэг хүлээх хугацаанд нь нэг ба түүнээс дээш хэсэг болгон хувааж Ажлын өдрүүдэд олгоно. Зээлдэгч нь энэхүү гэрээний үзүүлэн А-д заасан загвараар, банкны зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэн зээл олголтын өргөдлийг тухайн зээл олголтын өдрөөс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө эх хувиар Банкинд гаргаж зээл олголтыг хүсч болно. Тухайн өргөдөл нь зээлдэгчийн хувьд эргэлт буцалтгүй бөгөөд заавал биелүүлэх шинжтэй байна. Зээл олголт нь 5,000,000 ам доллараас багагүй хэмжээгээр хийгдэнэ гэж заасны дагуу Ш ХК нь 5,000,000 ам долларын зээл авах хүсэлт гаргасны үндсэн дээр Е с б х б-аас 5,000,000 ам долларыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ш ХКнд шилжүүлж, зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн хүсэлт /1-р хх-10-11/, Е с б х б-ны зээл олгох мэдэгдэл /1-р хх-12-13/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.04-т Зээлдэгч нь Үүрэг хүлээх хугацааны туршид олгогдоогүй болон цуцлагдсан зээлийн хэмжээнд жил бүр 1.00%-ийн Үүрэг хүлээсний хураамжийг Банкинд Суурь хүү төлөх өдөр бүр /тухайн өдөр хүү төлөгдөөгүй байсан ч/ төлнө. Энэхүү хураамж нь гэрээг байгуулснаас хойш 30 дахь өдрөөс эхлэн өдөр өдрөөр хуримтлагдах болно. Үүрэг хүлээсний хураамжийг өнгөрсөн өдрүүдийн бодит тоонд буюу жилийн 360 өдөрт үндэслэн тооцоно, гэрээний хавсралтын 1.01 дэх хэсэг Нэр томъёоны тодорхойлолтод Үүрэг хүлээх хугацаа гэж Банкнаас өөрөөр зөвшөөрөөгүй бол Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос эхлэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг олгоно, Суурь хүү төлөх хугацаа гэж тухайн жилийн 3 сарын 15, 6 сарын 15, 9 сарын 15 болон 12 дугаар сарын 15-ны өдрүүдийг хэлэх бөгөөд гэхдээ хэрэв Суурь хүү төлөх өдөр нь ажлын бус өдөр таарвал Суурь хүү төлөх өдөр нь дараагийн ажлын өдөр шилжинэ гэж заасныг үндэслэн үүрэг хүлээсний хураамж буюу зээл олгосон шимтгэлийг 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож 14,722.22 ам долларыг,

Зээлийн гэрээний 2.07-т Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийг дараах өдрүүдэд хагас жил тутам буюу нийт 6 удаа ижил хэмжээгээр төлнө гэж заасныг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 15, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус 833,333.33 ам долларыг төлөх үүрэгтэй учир 3 удаагийн зээл төлөх үүрэг нийт 2,499,999.99 ам долларыг,

Зээлийн гэрээний 2.05/а/-т Зээлдэгч нь Хүүгийн хугацаанд Зээлийн тухай бүрийн олголтын үндсэн дүнгийн үлдэгдэлд жилд 7%-тай тэнцэх хүүг тухайн Хүүгийн хугацаан дахь Банк хоорондын ханшаар төлнө гэсэн заалтыг үндэслэн зээлийн үндсэн хүү 585,016.28 ам долларыг,

Зээлийн гэрээний 2.05/d/-т хэрэв зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээлийн төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн дүнд жил бүр (i) 2.0%, (ii) 7.0% болон (iii) зөрчлийн төлбөр хийгдсэн болон Банкинд мэдэгдсэн өдрөөр дуусгавар болгож банкнаас тодорхойлсон хугацаанд Банкны эх үүсвэрээ сонгож тооцсон хувь хэмжээний нийлбэр дүнгээр тооцож хүү бодно. Зөрчлийн хүү нь Суурь хүү төлөх өдрөөр нэгтгэх ба шаардсан даруйд төлөгдөх ёстой гэсэн заалтыг үндэслэн зөрчлийн хүү буюу нэмэгдүүлсэн хүү 181,631.42 ам долларыг тус тус хариуцагч Ш ХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Ш ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш ХК-ын хувьд Е с б х б 5.000.000 ам доллар авсан гэдэг дээр маргаан байхгүй. 5.000.000 ам долларыг хэдий хугацаанд ямар графикаар төлөх талаар тогтоосон зүйл гэрээнд байхгүй. Гэрээний 2.7 дахь хэсэгт 2018.12.15-ны өдөр хүртэл хагас жил тутамд 1 удаа буюу жилд 2 удаа 10.000.000 ам долларыг төлөх график тусгагдсан. Зээлийн гэрээн дээр 10.000.000 ам долларыг буцаан төлөх график байгаа боловч 5.000.000 ам долларыг буцааж төлөх график байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Зээлийн гэрээний харилцааг талууд Английн хуулиар зохицуулна гэж тохиролцсон. Зээлийн гэрээний харилцааг Английн хуулиар тайлбарлана гэсэн хэрнээ Монгол Улсын хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээндээ арбитраар шийдвэрлүүлэхээр заасан. Иймд уг нэхэмжлэл нь хэргийн харъяалал зөрчсөн ... гэсэн тайлбарыг гаргаж маргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 5.03 дахь хэсэгт Хэрэглэгдэх хууль болон маргаан шийдвэрлэх харъяалалыг зохицуулсан бөгөөд 5.03(а)-д Энэхүү гэрээг Англи хуулийн дагуу тайлбарлаж, түүнийг удирдлага болгоно. Энэхүү гэрээтэй холбоотойгоор үүсэх аливаа гэрээний бус үүргийг Англи хуулийн дагуу тайлбарлаж, удирдлага болгоно, 5.03(b)-д ...энэхүү гэрээнээс үүссэн гэрээний бус үүрэгтэй холбоотой аливаа маргааныг UNCITRAL-ын хүчин төгөлдөр арбитрын дүрмийн дагуу арбитраар шийдвэрлүүлнэ. ..., 5.03(c)-д ...Банк нь энэхүү гэрээ, бусад Санхүүжилтийн гэрээг эсвэл энэхүү гэрээ болон бусад Санхүүгийн гэрээтэй холбогдон үүссэн Банкны аливаа эрхийг хэрэгжүүлэхээр Банк нь өөрийн сонголтоор Монгол улс болон бусад улсын харъяалах шүүхэд хандах эрхтэй байна. ... гэж тус тус заасан байна.

Дээрх зээлийн гэрээний зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Европын Сэргээн босголт хөгжлийн банк нь 5.03(c)-д зааснаар сонгож Монгол Улсын шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хэргийн харъяалалын зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй, 14 дүгээр зүйлийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Е с б х б нь хариуцагч Ш ХК-нд холбогдуулан тус шүүхэд гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах боломжгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ, 10.5-т Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно гэж заасны дагуу талуудын хоорондын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Монгол Улсын Иргэний хуулийн Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэх дэд бүлгийн 451, 452, 453 дугаар зүйлд заасан зохицуулалт болон холбогдох бусад хуулийн заалтад үндэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж, дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Ш ХК нь зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 58 дугаар зүйлийн 58.1-т Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 58.6-т Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, 58.2, 58.3-т ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлүүдийг тус тус заасан байна.

 Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.07 дахь заалтад Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг дараах өдрүүдэд хагас жил тутам буюу нийт 6 удаа ижил хэмжээгээр төлнө.

Эргэн төлөх огноо

 

 

 

Ам.Доллар

 

 

 

2016.06.15

1,666,667

2016.12.15

1,666,667

2017.06.15

1,666,667

2017.12.15

1,666,667

2018.06.15

1,666,667

2018.12.15

1,666,665

гэж заасан байна.

 

Хариуцагч Ш ХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...зээлдэгч өөрт хэрэгцээтэй санхүүжилтийн зээл авахын тулд зээлдүүлэгчийн зээл олгох эсэх давамгайлсан бодит нөхцөл байдлын улмаас хэрвээ бид 5 сая ам долларын зээл авсан тохиолдолд 10 сая ам доллартай адил нөхцлөөр зээлийг эргэн төлөх үү гэдгийг бодолгүй өөрт илт хохиролтой заалт байсаар байтал хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу гэрээний 2.07 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тайлбарласан бөгөөд энэхүү үндэслэл, тайлбар нь гэрээний 2.07 дахь заалтыг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй болно.

Тодруулбал: Дээрх зээлийн гэрээний 2.07 дахь заалт нь зөвхөн 10,000,000 ам долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээний 2.07 дахь заалтад зээлийн эргэн төлөх хугацааг хагас жил тутам буюу 2016 оны 06 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 15, 2017 оны 06 дугаар сарын 15, 2017 оны 12 дугаар сарын 15, 2018 оны 06 дугаар сарын 15, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд төлөхөөр, зээл эргэн төлөх хэмжээг нийт 6 удаа ижил хэмжээгээр төлөхийг тус тус заасан ба төлөх хэмжээг тухайлан 1,666,667 ам доллар гэж заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний 2.07 дахь заалтаар зээл төлөх өдрийг тогтоосон бөгөөд олгосон зээлийн хэмжээнээс хамаарч нийт 6 удаа ижил хэмжээгээр төлөх учир төлбөрийн дүнг гэрээнд тухайлан тогтоогоогүй байна.

Уг гэрээний 2,07 д заасны дагуу хариуцагч Ш ХК нь зээлж авсан 5,000,000 ам долларын эргэн төлөлтийг хагас жил тутам буюу 2016 оны 06 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 15, 2017 оны 06 дугаар сарын 15, 2017 оны 12 дугаар сарын 15, 2018 оны 06 дугаар сарын 15, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийт 6 ижил хэмжээгээр буюу 833,333.33 ам долларын хэмжээгээр төлөх үндэслэлтэй байна.

 

Иймд Зохигч талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Е с б х б  нь хариуцагч Ш ХК-нд 5,000,000 ам долларыг зээлдүүлж, зээлийн эргэн төлөх хугацаа, хэмжээ, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл төлбөр зэргийг гэрээний 2.04, 2.05, 2.06, 2.06 дахь хэсэгт тус тус зааж тохиролцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь 451 дүгээр зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.04-т Зээлдэгч нь Үүрэг хүлээх хугацааны туршид олгогдоогүй болон цуцлагдсан зээлийн хэмжээнд жил бүр 1.00%-ийн Үүрэг хүлээсний хураамжийг Банкинд Суурь хүү төлөх өдөр бүр /тухайн өдөр хүү төлөгдөөгүй байсан ч/ төлнө. Энэхүү хураамж нь Гэрээг байгуулснаас хойш 30 дахь өдрөөс эхлэн өдөр өдрөөр хуримтлагдах болно. Үүрэг хүлээсний хураамжийг өнгөрсөн өдрүүдийн бодит тоонд буюу жилийн 360 өдөрт үндэслэн тооцоно, гэрээний хавсралтын 1.01 дэх хэсэг Нэр томъёоны тодорхойлолтод Үүрэг хүлээх хугацаа гэж Банкнаас өөрөөр зөвшөөрөөгүй бол Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос эхлэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг олгоно, Суурь хүү төлөх хугацаа гэж тухайн жилийн 3 сарын 15, 6 сарын 15, 9 сарын 15 болон 12 дугаар сарын 15-ны өдрүүдийг хэлэх бөгөөд гэхдээ хэрэв Суурь хүү төлөх өдөр нь ажлын бус өдөр таарвал Суурь хүү төлөх өдөр нь дараагийн ажлын өдөр шилжинэ, 2.07-д Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийг дараах өдрүүдэд хагас жил тутам буюу нийт 6 удаа ижил хэмжээгээр төлнө, 2.05/а/-т Зээлдэгч нь Хүүгийн хугацаанд Зээлийн тухай бүрийн олголтын үндсэн дүнгийн үлдэгдэлд жилд 7%-тай тэнцэх хүүг тухайн Хүүгийн хугацаан дахь Банк хоорондын ханшаар төлнө, 2.05/d/-т хэрэв зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээлийн төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн дүнд жил бүр (i) 2.0%, (ii) 7.0% болон (iii) зөрчлийн төлбөр хийгдсэн болон Банкинд мэдэгдсэн өдрөөр дуусгавар болгож банкнаас тодорхойлсон хугацаанд Банкны эх үүсвэрээ сонгож тооцсон хувь хэмжээний нийлбэр дүнгээр тооцож хүү бодно. Зөрчлийн хүү нь Суурь хүү төлөх өдрөөр нэгтгэх ба шаардсан даруйд төлөгдөх ёстой, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно., 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн  453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ш ХК нь үүрэг хүлээсний хураамж, үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Е с б х б нь 2015 оны 12 дугаар сарын 30, 2016 оны 03 дугаар сарын 21, 2016 оны 12 дугаар сарын 19, 2017 оны 03 дугаар сарын 17, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус Ш ХК-нд албан бичиг хүргүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан байна.

 Нэхэмжлэгч Е с б х б нь хариуцагч Ш ХК-иас үндэслэн үүрэг хүлээсний хураамж буюу зээл олгосон шимтгэл 14,722.22 ам доллар, үндсэн зээлийн төлбөр нийт 2,499,999.99 ам доллар, зээлийн хүү 585,016.28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 181,631.42 ам доллар нийт 3,281,369.91 ам долларыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал ...3,281,369.91 ам долларыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоолол нь эргэлзээтэй... гэсэн тайлбарыг гаргасан болно.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасан.

Хариуцагч Ш ХК нь дээрх тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.09(b)- д Банкны зүгээс хүүгийн хэмжээ, төлбөр, шимтгэл, хураамж болон бусад дүнг тодорхойлсон нь илэрхий алдаатай талаар Зээлдэгч нь банкинд нотлон харуулснаас бусад тохиолдолд Банкны тодорхойлсон дүн нь эцсийн бөгөөд зээлдэгчийн хувьд заавал биелүүлэх шинжтэй байна гэж заасан байх тул нэхэмжлэгч Е с б х б гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч Ш ХК-иас зээлийн төлбөрт нийт 3,281,369.91 ам долларыг гаргуулж, нэхэмжлэгч Е с б х б олгож, хариуцагч Ш ХК-ний гаргасан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Е с б х б******* нарт олгосон итгэмжлэлийг орчуулсан орчуулагчийг албан ёсны нь эрхтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байх тул итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй...гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч Е с б х б олгосон итгэмжлэлийг /хх-120/ гадаад хэлээс орчуулсан орчуулгын баримтад албан ёсны эрхтэй орчуулагч орчуулсан болохоо нотлож, Засгийн газрын 41 дүгээр тогтоолын хавсралт Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-т заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газраас олгосон баталгааны тэмдэгийг дарж баталгаажуулсан байх тул дээрх нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийг гадаад хэлнээс албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч Монгол хэл дээр орчуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан Ш ХК-иас зээлийн төлбөрт нийт 3,281,369.91 ам долларыг гаргуулж, нэхэмжлэгч Е с б х б-д олгож, хариуцагч Ш ХК-ний гаргасан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,721,660 /27,747,090+19,000+1,460,150+1,495,420/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 30,721,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е с б х б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1189 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр болохыг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА