Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2017/02459

 

 

 

 

 

      2017 оны 12 сарын 12 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02459

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: “Н” ХХК

 

Хариуцагч: НХТЕТГ

 

ажлын гэрээний хөлснөөс хууль бусаар суутгасан 153.726.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Днар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн 6 дүүргийн 9 байршилд гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерт шалгаруулалт зохион явуулсан. Уг шалгаруулалтад нэхэмжлэгч компани оролцож 3 байршилд буюу Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр дэх “Д хотхон”, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “О”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Ш шийдэл” гэсэн байршлуудад ажлын гүйцэтгэгчээр шалгарч, 2016 оны 03 сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын №2016/15, №2016/17, №2016/19 дугаар гэрээнүүдийг тус тус байгуулсан. Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч нь нэр заасан байршилд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдгээр иргэдийн саналыг тусган, төслийн талбарын судалгааг хийж, барилгажилтын зураг төсөл, төлөвлөлтийг 45 хоногийн дотор боловсруулах үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл ажлыг гүйцэтгэх үеэр өмнөх Иргэдийн хурлын тогтоолоор төлөвлөгдсөн зураг төсөл болоод иргэний хооронд санал зөрөлдөх асуудлууд үүсч, үүнийг хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдох тохиолдол үүсч байсан.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “О” төслийн тухайд өмнөх Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын тогтоолоор төлөвлөгдсөнөөр сургууль, цэцэрлэгийн барилгын байршил нь 6 айлын хашаа бүхий талбайд төлөвлөгдсөн байсан. Үүнийг иргэдийн төлөөллийн оролцоотой уулзалт хуралдааныг зохион байгуулах, тэдэнд нэгдсэн мэдээлэл өгөх, ухуулан таниулах, санал солилцох зэрэг ажлыг тухайн төслийг ерөнхийлөн хэрэгжүүлэгч “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГазар буюу төр өөрөө удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд бид дээрх уулзалт, хуралдаанаас гарсан аливаа санал, шийдлийг төлөвлөлтөд тусгах, холбогдох зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэж байсан. Олон айлаар явж гарын үсэг цуглуулж Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж байсан. Хэд хэдэн удаа хуралдсан. Зарим нэг ажлыг нэмж хийлгэхээр хойшлуулж байсан. Бас сонгууль болж хугацаа авсан. 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр дэх “Д хотхон”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Ш шийдэл” гэсэн байршлуудад хийсэн ажлаа хүлээн авч бай гэсэн боловч авахгүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлыг хүлээн авлаа төсвийн тодотгол гарангуут хөлсийг өгнө гэсэн албан бичиг өгч байсан. Манай хувьд ажлыг дутуу хийсэн биш, хийсэн ажлыг ажлын хэсгийн зүгээс санал хэлж, тухайлбал, тооцооллоо салгавал яасийн, саячлая, энийг хийсэн юм чинь хажуудахийг нь хийчих гэх мэтээр нэмж ажил хийлгэж байсан юм.

Ингээд 2016 оны 11 сард бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, 2016 оны 11 сарын 28-ны өдөр ажлаа хүлээлцэн акт үйлдсэн боловч захиалагчийн зүгээс “ажил гүйцэтгэх хугацаа дуусч, алданги тооцогдох нөхцөл бүрдсэн” гэх тайлбарыг ирүүлж, гэрээний төлбөрийг төлөхдөө гэрээ тус бүрийн үнийн дүнгээс 30, 30 хувийг буюу №2016/15 тоот төслийн гэрээний үнэ болох 147.420.000 төгрөгөөс 44.226.000 төгрөг, №2016/17 тоот төслийн гэрээний үнэ болох 189.000.000 төгрөгөөс 56.700.000 төгрөг, №2016/19 тоот төслийн гэрээний үнэ болох 176.000.000 төгрөгөөс 52.800.000 төгрөг, нийт 153.726.000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган хассан байна. Иймд иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний хөлснөөс хууль бусаар суутгасан 153.726.000 төгрөгийг НХТЕТГаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: НХТЕТГ нь “Н” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “О” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/15 дугаартай гэрээгээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25, Баянгол дүүрийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Ш шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/19 дугаартай гэрээгээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Д хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/17 дугаартай гэрээгээр 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тус тус байгуулсан.

“Н” ХХК нь тус байгууллагаас шаардаж буй мэргэжлийн дадлага туршлага, ажиллах хүчин болон техникийн эх үүсвэртэй бөгөөд гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу үйлчилгээ үзүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Захиалагч нь гэрээний дагуу Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ш шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын эхлэлийн тайлангийн төлбөр болох үнийн дүнгийн 30 хувийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Д хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажпын эхлэлийн тайлангийн төлбөр болох үнийн дүнгийн 30 хувийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон байдаг.

Гүйцэтгэгчээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай албан бичгээр гэрээний хугацааг ажлын 10 хоногоор сунгаж өгөх тухай хүсэлт ирүүлсэн ба Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ш шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Д хотхон” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг мөн хүсэлт гаргаснаар гэрээний хугацааг 2016 оны 06 сарын 13-ны өдөр дуусгавар болохоор тус тус шийдвэрлэн эцсийн тайланг хүлээн авахаар болсон.

Гүйцэтгэгчээс ирүүлсэн тайлан шаардлага хангаагүй ба 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр талбарын иргэдийг оролцуулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга ахлан ажлын явцын талаарх хурал хийж, гүйцэтгэгчид 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ийнхүү гүйцэтгэгчээс эцсийн тайланг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 60, 61, 62 дугаартай албан бичгээр ирүүлснийг хүлээн авч 2016 оны 07 сарын 06-ны өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/19 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн. Газар барилгажилтын зөвлөлийн хурлаас эцсийн тайланд зарим асуудлууд тусгагдаагүй гэж үзэн шаардлагатай өөрчлөлтийг тусган дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан.Тус хурлаас гарсан шийдвэр болох тусгагдаагүй зарим асуудлуудыг гүйцэтгэгч барилгажилтын зураг төсөлд тусган 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/20 дугаар хуралд оруулсан.

Хурлын гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу гүйцэтгэгчээр нэмэлт засваруудыг хийлгэн, ажлын даалгаврын дагуу макетыг боловсруулсны дараа эцсийн тайланг хүлээн авах шийдвэр гаргасан. Үүнээс хойш нэмэлт засваруудыг хийж, гүйцэтгэгч нь эцсийн тайланг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгч, тус газар нь мөн өдөр 2016/251 дугаартай акт үйлдэн хүлээн авсан. Гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаар гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, гэрээний тусгай нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.6.1/д/-ийн 1-д заасны дагуу алданги тооцохоор болсон.

“О” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 178 хоногийн алданги тооцож 131.203.800 төгрөгийг, “Ш шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 178 хоногийн алданги тооцож 93.984.000 төгрөгийг, “Д хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 172 хоногийн алданги тооцож, 97.524.000 төгрөгийг суутгах тооцоо гарч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4-т заасныг баримтлан тайлан тус бүрийн гүйцэтгээгүй үнийн дүн буюу “О” төслийн 88.452.000 төгрөгийн 50 хувь болох 44.226.000 төгрөгийг, “Ш шийдэл” төслийн 88.452.000 төгрөгийн 50 хувь болох 44.226.000 төгрөгийг, “Д хотхон” төслийн 113.400.000 төгрөгийн 50 хувь болох 56.700.000 төгрөгийг тус тус алдангид суутган авч 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын 13 дугаар зүйлд заасан онцгой нөхцөлд “Төлөвлөлтийг иргэдийн боловсруулсан саналыг нарийвчлан судалж тусгасны эцэст иргэдийн төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны зарчим, тухайн төслийн талбарт хийгдсэн ажлуудтай зураг төслийг уялдуулах, ГХОСТ-тэй зөвшилцөх гэж заасан.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...иргэдийн хооронд санал зөрөлдөх асуудлууд үүссэн, үүнийг хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдсон нь алданги тооцох үндэслэл болохгүй...” гэж дурдсан нь дээрх заалтын дагуу үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд тус байгууллага нь гэрээнд заасан нөхцөл болон бусад хууль тогтоомжийн дагуу санхүүжилтийг олгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ №2016/17, №2016/15, №2016/19, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажлын эцсийн тайлангийн гүйцэтгэл, тайлан хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн протокол, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ДТ-16/20 Газар, барилгажилтын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажил хүлээлгэн өгөх тухай албан бичиг, талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, гэрээ цуцлах мэдэгдэл, дипозит дансны хуулга зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “О” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын 2016/15 дугаартай гэрээ, Баянгол дүүрийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Ш шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын 2016/19 дугаартай гэрээ, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Д хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын 2016/17 дугаартай гэрээний хөлснөөс хууль бусаар суутгасан гэж 153.726.000 төгрөгийг хариуцагч НХТЕТГаас буцаан нэхэмжилж байна.

            Хариуцагч НХТЕТГ нь гэрээний ажлын гүйцэтгэлийг эцсийн байдлаар хүлээн авснаар гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, гэрээний тусгай нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.6.1/д/-ийн 1-д заасны дагуу алданги тооцохоор болж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4-т заасныг баримтлан тайлан тус бүрийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн хэмжээнд алдангид суутган авч 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан ба энэ нь гэрээнд заасан нөхцөл болон бусад хууль тогтоомжийн дагуу санхүүжилтийг олгон шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Дээрх ажлыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцон гэрээг талууд байгуулсан байдаг.

Гүйцэтгэгчээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай албан бичгээр гэрээний хугацааг ажлын 10 хоногоор сунгаж өгөх тухай хүсэлтийг гаргаж хүсэлтийг хүлээн авч захиалагч гэрээний хугацааг хойшлуулсан байна. Улмаар гүйцэтгэгчээс ирүүлсэн тайлан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр захиалагч гүйцэтгэгчид 7 хоногийн хугацаатай үүрэг өгч гүйцэтгэгчээс эцсийн тайланг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 60, 61, 62 дугаартай албан бичгээр ирүүлснийг хүлээн авчээ. 2016 оны 07 сарын 06-ны өдөр Газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/19 дүгээр хурлаар эцсийн тайланд зарим асуудлууд тусгагдаагүй гэж үзэн шаардлагатай өөрчлөлтийг тусган дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Тус хурлаас гарсан шийдвэр болох тусгагдаагүй зарим асуудлуудыг гүйцэтгэгч барилгажилтын зураг төсөлд тусган 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/20 дугаар хуралд оруулсан байна. Хурлын гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу гүйцэтгэгчээр нэмэлт засваруудыг хийлгэн, ажлын даалгаврын дагуу макетыг боловсруулсны дараа эцсийн тайланг хүлээн авах шийдвэр гарч, нэмэлт засваруудыг хийж, гүйцэтгэгч нь эцсийн тайланг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгч, хариуцагч мөн өдөр 2016/251 дугаартай акт үйлдэн хүлээн авсан байна. Гүйцэтгэгч захиалагчаас өгсөн үүргийн дагуу нэмэлт засвар хийн, эцсийн тайлангаа гаргаж өгсөн байх ба гүйцэтгэгч талыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, харин талууд харилцан ойлголцож ажлын тайлан өгөх хугацааг сунган явж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиалагч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлын тайланг хүлээн авсан, санхүүжилтийг төсвийн тодотгол гарангуут өгөхөөр гүйцэтгэгчид албан бичиг хүргүүлж байжээ.

Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.6.1/д/-ийн 1-т “зөвлөх эцсийн тайлангаа гэрээний хавсралт №2-т заасны дагуу ирүүлээгүй хугацаа хэтэрсэн 7 хүртэлх хоног тутамд захиалагч талд тухайн тайлангийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө”, 2-т “зөвлөх эцсийн тайлан өгөх хугацааг 8 хоног хэтэрсэн, эсхүл захиалагчийн бичгээр зөвшөөрсөн сунгасан хугацаанд багтан мэдэгдэлд дурьдсан зөрчлийг арилгах үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд гэрээг цуцална”, 3-т “зөвлөхийн ирүүлсэн тайланг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дагуу хурлаас гарсан санал, шүүмжийг ажлын 7 хоногт багтаан зураг төсөлд тусгаагүй тохиолдолд гэрээг цуцална” гэж заасан байна.

 

Гэрээний заалтаас харахад гүйцэтгэгч ажлын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй 7 хоногт алданги тооцох, түүнээс хойш болсон тохиолдолд гэрээг цуцлах зохицуулалт тусгагджээ. Нэхэмжлэгчийн хувьд эхний 7 хоногт гэрээний хугацааг сунгуулсан байсан тул алданги тооцох үндэслэлгүйн гадна захиалагчийн зүгээс гэрээг цуцлаагүй, ажлын тайланг хүлээн авсан нь талууд харилцан ойлголцож ажлын тайлан өгөх хугацааг сунган явж байсныг гэрчилж байна. Түүнчлэн гэрээнд гэрээг цуцлахгүй бол хэтэрсэн хугацаанд алданги тооцох эсэхийг заагаагүй байх ба хариуцагч нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс үндэслэлгүйгээр алданги суутган авсан байна.

 

Иймд ажлын гэрээний хөлснөөс хууль бусаар суутгасан 153.726.000 төгрөгийг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид дутуу олгосон ажлын хөлсийг НХТЕТГаас гаргуулж “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-ийг баримтлан НХТЕТГаас 153.726.000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 926.580 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 926.580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД