Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

                                                        

 

 

“Н С И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Н С И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НХТЕГ-т холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 153 726 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Чинзолбоо,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Одхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн 6 дүүргийн 9 байршилд гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерт шалгаруулалт зохион явуулсан. Уг шалгаруулалтад нэхэмжлэгч компани оролцож 3 байршилд буюу Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх хотхон”, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” гэсэн байршлуудад ажлын гүйцэтгэгчээр шалгарч, 2016 оны 3 сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын №2016/15, №2016/17, №2016/19 дугаар гэрээнүүдийг тус тус байгуулсан. Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч нь нэр заасан байршилд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдгээр иргэдийн саналыг тусган, төслийн талбарын судалгааг хийж, барилгажилтын зураг төсөл, төлөвлөлтийг 45 хоногийн дотор боловсруулах үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл ажлыг гүйцэтгэх үеэр өмнөх иргэдийн хурлын тогтоолоор төлөвлөгдсөн зураг төсөл болоод иргэний хооронд санал зөрөлдөх асуудлууд үүсч, үүнийг хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдох тохиолдол үүсч байсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил” төслийн тухайд өмнөх Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурлын тогтоолоор төлөвлөгдсөнөөр сургууль, цэцэрлэгийн барилгын байршил нь 6 айлын хашаа бүхий талбайд төлөвлөгдсөн байсан. Үүнийг иргэдийн төлөөллийн оролцоотой уулзалт хуралдааныг зохион байгуулах, тэдэнд нэгдсэн мэдээлэл өгөх, ухуулан таниулах, санал солилцох зэрэг ажлыг тухайн төслийг ерөнхийлөн хэрэгжүүлэгч “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮ газар буюу төр өөрөө удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд бид дээрх уулзалт, хуралдаанаас гарсан аливаа санал, шийдлийг төлөвлөлтөд тусгах, холбогдох зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэж байсан. Олон айлаар явж гарын үсэг цуглуулж Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж байсан. Хэд хэдэн удаа хуралдсан. Зарим нэг ажлыг нэмж хийлгэхээр хойшлуулж байсан. Бас сонгууль болж хугацаа авсан. 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх хотхон”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” гэсэн байршлуудад хийсэн ажлаа хүлээн авч бай гэсэн боловч авахгүй байсан. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлыг хүлээн авлаа төсвийн тодотгол гарангуут хөлсийг өгнө гэсэн албан бичиг өгч байсан. Манай хувьд ажлыг дутуу хийсэн биш, хийсэн ажлыг ажлын хэсгийн зүгээс санал хэлж, тухайлбал, тооцооллоо салгавал яасийн, саячлая, энийг хийсэн юм чинь хажуудахийг нь хийчих гэх мэтээр нэмж ажил хийлгэж байсан юм. Ингээд 2016 оны 11 сард бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, 2016 оны 11 сарын 28-ны өдөр ажлаа хүлээлцэн акт үйлдсэн боловч захиалагчийн зүгээс “ажил гүйцэтгэх хугацаа дуусч, алданги тооцогдох нөхцөл бүрдсэн” гэх тайлбарыг ирүүлж, гэрээний төлбөрийг төлөхдөө гэрээ тус бүрийн үнийн дүнгээс 30, 30 хувийг буюу №2016/15 тоот төслийн гэрээний үнэ болох 147 420 000 төгрөгөөс 44 226 000 төгрөг, №2016/17 тоот төслийн гэрээний үнэ болох 189 000 000 төгрөгөөс 56 700 000 төгрөг, №2016/19 тоот төслийн гэрээний үнэ болох 176 000 000 төгрөгөөс 52 800 000 төгрөг, нийт 153 726 000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган хассан байна. Иймд иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний хөлснөөс хууль бусаар суутгасан 153 726 000 төгрөгийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НХТЕГ- нь “Н С И-” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/15 дугаартай гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25, Баянгол дүүрийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/19 дугаартай гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/17 дугаартай гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тус тус байгуулсан. “Н С И-” ХХК нь тус байгууллагаас шаардаж буй мэргэжлийн дадлага туршлага, ажиллах хүчин болон техникийн эх үүсвэртэй бөгөөд гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу үйлчилгээ үзүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Захиалагч нь гэрээний дагуу Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын эхлэлийн тайлангийн төлбөр болох үнийн дүнгийн 30 хувийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын эхлэлийн тайлангийн төлбөр болох үнийн дүнгийн 30 хувийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон байдаг. Гүйцэтгэгчээс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай албан бичгээр гэрээний хугацааг ажлын 10 хоногоор сунгаж өгөх тухай хүсэлт ирүүлсэн ба Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дарь-Эх хотхон” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг мөн хүсэлт гаргаснаар гэрээний хугацааг 2016 оны 6 сарын 13-ны өдөр дуусгавар болохоор тус тус шийдвэрлэн эцсийн тайланг хүлээн авахаар болсон. Гүйцэтгэгчээс ирүүлсэн тайлан шаардлага хангаагүй ба 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талбарын иргэдийг оролцуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга ахлан ажлын явцын талаарх хурал хийж, гүйцэтгэгчид 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ийнхүү гүйцэтгэгчээс эцсийн тайланг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 60, 61, 62 дугаартай албан бичгээр ирүүлснийг хүлээн авч 2016 оны 7 сарын 06-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын, газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/19 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн. Газар барилгажилтын зөвлөлийн хурлаас эцсийн тайланд зарим асуудлууд тусгагдаагүй гэж үзэн шаардлагатай өөрчлөлтийг тусган дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Тус хурлаас гарсан шийдвэр болох тусгагдаагүй зарим асуудлуудыг гүйцэтгэгч барилгажилтын зураг төсөлд тусган 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/20 дугаар хуралд оруулсан. Хурлын гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу гүйцэтгэгчээр нэмэлт засваруудыг хийлгэн, ажлын даалгаврын дагуу макетыг боловсруулсны дараа эцсийн тайланг хүлээн авах шийдвэр гаргасан. Үүнээс хойш нэмэлт засваруудыг хийж, гүйцэтгэгч нь эцсийн тайланг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгч, тус газар нь мөн өдөр 2016/251 дугаартай акт үйлдэн хүлээн авсан. Гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаар гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, гэрээний тусгай нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.6.1/д/-ийн 1-д заасны дагуу алданги тооцохоор болсон. “Оргил” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 178 хоногийн алданги тооцож 131 203 800 төгрөгийг, “Шинэ шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 178 хоногийн алданги тооцож 93 984 000 төгрөгийг, “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 172 хоногийн алданги тооцож, 97 524 000 төгрөгийг суутгах тооцоо гарч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4-т заасныг баримтлан тайлан тус бүрийн гүйцэтгээгүй үнийн дүн буюу “Оргил” төслийн 88 452 000 төгрөгийн 50 хувь болох 44 226 000 төгрөгийг, “Шинэ шийдэл” төслийн 88 452 000 төгрөгийн 50 хувь болох 44 226 000 төгрөгийг, “Дарь-Эх хотхон” төслийн 113 400 000 төгрөгийн 50 хувь болох 56 700 000 төгрөгийг тус тус алдангид суутган авч 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын 13 дугаар зүйлд заасан онцгой нөхцөлд “Төлөвлөлтийг иргэдийн боловсруулсан саналыг нарийвчлан судалж тусгасны эцэст иргэдийн төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны зарчим, тухайн төслийн талбарт хийгдсэн ажлуудтай зураг төслийг уялдуулах, ГХОСТ-тэй зөвшилцөх гэж заасан. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... иргэдийн хооронд санал зөрөлдөх асуудлууд үүссэн, үүнийг хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдсон нь алданги тооцох үндэслэл болохгүй ...” гэж дурдсан нь дээрх заалтын дагуу үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд тус байгууллага нь гэрээнд заасан нөхцөл болон бусад хууль тогтоомжийн дагуу санхүүжилтийг олгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 153 726 000 төгрөгийг гаргуулж “Н С И-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 926 580 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 926 580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... захиалагч, гүйцэтгэгчтэй байгуулсан 2016/15, 2016/17, 2016/19 дугаартай гэрээний үндэслэл хэсэгт “... гүйцэтгэгч нь нэр заасан байршилд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдгээр иргэдийн саналыг тусган төслийн талбарын судалгааг хийж, барилгажилтын зураг төсөл, төлөвлөлтийг 45 хоногийн дотор боловсруулах үүргийг хүлээсэн байдаг. Гэвч гэрээнд заасан үндэслэл бүхий үүргээ биелүүлээгүй, дутуу биелүүлсэн үйлдэл, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хариуцагч буюу захиалагч байгууллагаас алданги тооцох нь үндэслэлтэй байна. Гэвч шүүх харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Н С И-” ХХК нь хариуцагч НХТЕГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөөс үндэслэлгүйгээр суутгасан гэх 153 726 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Н С И-” ХХК нь 2016 оны 3 сарын 24-ний өдөр хариуцагч НХТЕГ-тай 2016/15, 2016/17, 2016/19 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Н С И-” ХХК нь Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт “Дарь эх хотхон”, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт “Шинэ шийдэл” гэсэн байршлуудад төслийн талбарын судалгааг хийж, барилгажилтын зураг төсөл, төлөвлөлтийг боловсруулах, хариуцагч НХТЕГ- нь дээрх гурван гэрээний үүрэгт нийт 512 420 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-33-р тал/

 

            Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээний хөлсөөс алданги гэж үндэслэлгүйгээр суутгасан 153 726 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэсэн бол хариуцагч татгалзахдаа “талууд гэрээний үүргийг дүгнэж, дээрх мөнгийг хоёр тал харилцан тохиролцож суутгасан тул зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

 

            Талууд 2016 оны 11 сарын 28-ны өдөр 2016/15, 2016/17, 2016/19 дугаар гэрээг тус бүр дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний тусгай нөхцлийн 6.4. (б). 2 ба 6.4.(б) 3-д заасныг үндэслэн 2016/15 дугаар гэрээний үнийн дүнгээс 44 226 000 төгрөгийг, 2016/17 дугаар гэрээний үнийн дүнгээс 56 700 000 төгрөгийг, 2016/19 дүгээр гэрээний үнийн дүнгээс 52 800 000 төгрөгийг тус тус суутгасан нь зохигчдын тайлбар, гэрээ дүгнэсэн протокол, эцсийн тайлангийн гүйцэтгэлээр нотлогджээ. /хх-ийн 38-49-р тал/

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Н С И-” ХХК нь хариуцагч НХТЕГ-тай 2016 оны 11 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хэлэлцэж, алдангид нийт 153 726 000 төгрөгийг ажлын хөлсөөс суутгаж олгохоор хоёр талын эрх бүхий этгээд харилцан тохиролцож, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

 

            Нэгэнт талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний үр дүнг хэлэлцэн тохиролцож алдангид нийт 153 726 000 төгрөгийг суутгасан байхад анхан шатны шүүх энэхүү алданги суутгасан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нөгөө талаар хариуцагч НХТЕГ- нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч НХТЕГ-т холбогдох 153 726 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н С И-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай тус тус нийцнэ.

             

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч НХТЕГ-т холбогдох 153 726 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н С И-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

                                                                                                         Г.ДАВААДОРЖ