Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0673

 

2022 09 14 128/ШШ2022/0673

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ц*********** /РД:**********/,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох, 3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.А******, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын өмгөөлөгч Ц.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар харилцан зөвшилцсөнөөр төрийн жинхэнэ албан хаагч Н.Ц******** намайг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулах 3 талт 1** дугаартай гэрээг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/13** дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар сэлгэн томилогдож уг албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 10 сар 12 хоног ажилласан. Тус албан тушаалд ажиллах хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр батлагдсан Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газарт хамаарах 14 ажлыг 3 дугаар улирлын байдлаар 90 хувьтай хийж гүйцэтгэж, өөрт оногдсон үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалттай хэрэгжүүлж байсан.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б/10** дугаар тушаал гаргаж Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3-т заасныг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/1** дүгээр тушаал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1** тоот "Төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллага хооронд сэлгэн ажиллуулах гэрээ"-г тус тус зөрчиж, миний төрийн албыг тогтвортой эрхлэх, албан тушаал буурахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. Анх сэлгэн ажиллуулах саналыг яамны удирдлагаас хэлэхэд миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж байсан боловч сэлгэн ажиллуулах шийдвэр гарсан тул аргагүйн эрхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар очиж ажилласан.

Төрийн захиргаа, санхүүгийн албаар мэргэшсэн намайг төрийн тусгай чиг үүргийн албан тушаалд томилсон нь миний төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийг үргэлжлүүлэн дэвших боломжийг хаахын зэрэгцээ, хүчний байгууллагын цэргийн цолтой, цэрэгжсэн алба хаагчдын дунд сэтгэл зүйн дарамттай ажиллуулж, намайг сэтгэл санааны хямралд оруулсан нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь байгуулсан сэлгэн ажиллуулах гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, сэлгэн ажиллах хугацаа дуусаагүй байхад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинэ орон тоо бий болгож, миний албан тушаалыг дордуулж, шилжүүлэн томиллоо.

Эдгээр шийдвэрээ эргэн харж, гэрээнд заасан ажлын байранд буцаан томилж ажиллуулахыг хүсэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад өргөдөл, гомдлоо гаргасан боловч гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан, ажил, албан тушаалд минь буцаан тавихаас татгалзсан хариуг Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний 3/2** тоот албан бичгээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны 01/3** тоот албан бичгээр тус тус хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу хуулийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Гэрээнд заасан үүргээ зөрчиж, уг үүргээ биелүүлэхийг Төрийн албаны зөвлөл, дээд шатны байгууллагаас үүрэг өгсөн байхад биелүүлэхээс татгалзаж, мөн гэрээ зөрчигдсөн байхад намайг албан тушаалд эргүүлэн тавихгүй байгаа хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно", 44.3-т "энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй" байх, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/** дүгээр хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ыг тус тус зөрчсөн бөгөөд эдгээр хариуцагч нарын шийдвэрийн улмаас миний төрийн албанд тогтвортой ажиллах, хууль бусаар албан тушаал буурах, цалин, хөлсөө бууруулахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.

Иймд захиргааны хэргийн шүүхийг миний эрхийг дордуулсан захиргааны акт, захиргааны эс үйлдэхүйг хянан үзэж, төрийн жинхэнэ албан хаагч намайг төрийн албанд аливаа ялгаварлал, дарамтгүйгээр, тогтвортой ажиллах боломжоор хангаж Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж өгч, миний нэр хүнд, эрхийг хамгаалж өгөхийг хүсэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт эргэн очиж ажиллах нь миний хувьд эрхээ дахин дордуулах асуудал болно гэж үзэж байна гэжээ.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 талт гэрээгээр тохиролцсон гэрээний үүргээ хариуцагч талууд зөрчсөн тул Хууль зүй, дотоод хэргийн яамны хуучин эрхэлж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах шаардлага гаргасан. Хариуцагчаас тайлбарлахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагч болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга тухайн албан хаагчийг сэлгүүлэн ажиллуулах эрхийг өөрөө эдэлнэ. Ямар нэг албан хаагчаас зөвшөөрөл авахыг шаардахгүй гэсэн хариу тайлбарыг өгсөн. Үндсэн албан тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга, харин гэрээний дагуу шилжиж очсон албан тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын газрын даргын албан тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрхийг шууд ерөнхий газрын дарга эдлэх боломжгүй. Учир нь тохиролцооны үндсэн дээр ямар албан тушаалд хэдий хугацаанд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх вэ гэдэг тохиролцорээгээ зөрчсөн. Өөрийнх нь саналыг авалгүйгээр, өөрийн гэрээнд зааса

ог гэрээнд тодорхой заасан тул тус тушаал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

2022 оны 1** дугаар 3 талт гэ

н чиг үүргээс нь өөр ажилд томилсон байгаа нь хууль бус гэж үзэж байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг Төрийн албаны зөвлөл болон Хууль зүй дотоод хэргийн яаманд хандаж анх байсан албан тушаалдаа орсноор Н.Ц*******-н эрх ашиг сэргэнэ гэж үзэж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах хүсэл зоригтой байгаа. Нэгэнт 3 талт гэрээний үүргийг талууд зөрчсөн учир анх байсан хөдөлмөрийн харилцаандаа эргүүлэн томилуулах зорилготой байгаа. Шүүхээс Б/10** дүгээр шилжүүлэн томилох тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд эрх зүйн үр дагавар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилох нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр уг албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргах шаардлагагүй, нөгөө талаас эргүүлэн томилуулах шаардлагыг 2 албан тушаалд гаргах нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн агуулгатай болно. Тус албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр, шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэснээр өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоогдох буюу үргэлжлүүлэн ажиллах үр дагавар үүсэх ёстой. Тийм учраас нэхэмжлэгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаал дээр эргүүлэн томилохыг даалгах нэхэмжлэл гаргасан.

Б/10** дугаар тушаал нь албан тушаалаас чөлөөлөн, өөр албан тушаалд шилжүүлэн томилсон тушаал юм. Тэгэхээр энэ тушаал хүчингүй болбол албан тушаалд шилжүүлэн томилохгүй, албан тушаалаас чөлөөлсөн тушаал байхгүй болох, үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавартай. Түүнээс заавал тухайн албан тушаалд эрүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй, эгүүлэн тогтоох нь нэхэмжлэлийн төрөлд байдаггүй зохицуулалт юм. Хууль зүй, дотоод хэргийн яамтай яаж холбогдож байгаа вэ гэхээр 1** дугаар гурван талт гэрээгээр 2 хариуцагч үүрэг хүлээсэн байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ гэрээний үүргийг зөрчсөн. Тэгэхээр Н.Ц*******-н хууль ёсны эрх ашиг яаж сэргэх вэ гэхээр өмнөх албан тушаалд нь томилуулах гэсэн байдлаар сэргээгдэнэ гэж үзэж байна.

Б/10** дүгээр тушаал гарсныг мэдээд Н.Ц******* тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлээд Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөл болон танай яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрууд руу тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж гомдол, хүсэлт өргөдлөө гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн албан бичиг нь хариуцагчийг буруу шийдвэр гаргачихсан гэдгийг тогтоож, хариуцагч өөрөө буруу шийдвэрээ хүчингүй болгож, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилла гэсэн агуулгатай, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг нь хангасан, хариуцагчид үүрэг болгосон агуулгатай албан бичиг ирсэн. Тийм учраас Төрийн албаны зөвлөлийн энэ албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга биелүүлж шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мөн гомдол гаргасан байсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоод цалингийн хэмжээ буураагүй ч Н.Ц*******-н мэргэшсэн санхүүгийн чиглэлийн чиг үүргээс нь өөр шийдвэр гүйцэтгэх тусгай албаны чиг үүрэг хүлээхээр байгаа учраас эрх, ашиг сонирхолд нөлөөлнө гэж үзэж байгаа. гэв.

3. Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ц*******н "...3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах" тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Ц*******-г сэлгэн ажиллуулахаар "Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах" тухай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1** дугаартай гэрээг гурван тал харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээ нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Гэрээнд заасан хугацаа дуусаагүй, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад Н.Ц*******-г Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилох үндэслэлгүй байх бөгөөд гэрээний нэг тал болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/2** дугаартай "Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах" 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1** дугаар гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичгийг хүргүүлж байсан болно. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу 2019 оны төрийн жинхэнэ албан хаагчийн сэлгэн ажиллуулах журам батлагдсан. Үүнийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч Н.Ц*******-г сэлгэн ажиллуулахаар 3 талт гэрээг байгуулсан. Төрийн албан хаагчийн сэлгэн ажиллуулах гэрээний дагуу сэлгэн ажиллуулж байхад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжгүй. Хэдийгээр төрийн тусгай албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан ч тухайн албан хаагчтай зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэх талаар заасан байгаа. Гэрээний үүргээ зөрчсөн тал хариуцлагаа хүлээх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гэрээний үүргээ биелүүлэх талаар албан бичиг хүргүүлж байсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулж даалгах нэхэмжлэлийг шаардлага гаргаж байгаа нь боломжгүй зүйл гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг 3 талт гэрээг зөрчсөн буруутай үйлдлээс болж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, газрын даргын албан тушаал байгаа. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга гэрээний үүргээ зөрчсөнөөс болж энэ асуудал үүссэн. Манайхаас шууд эргүүлэн томилох боломжгүй.

3 талт гэрээний 1.2 дах заалтаар энэхүү гэрээ нь үйлчлэхээр заасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна. Энэ тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яам урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилно гэж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү гэрээг зөрчөөгүй. Тиймээс хууль бус эс үйлдэхүй яаманд байхгүй, даалгах шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ төрөлд хамаарахгүй гэж үзэж байна. гэв.

5. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1/ Нэхэмжлэгч Н.Ц*******-г Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/1** дүгээр "Н.Ц*******-г сэлгэн ажиллуулах тухай" тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд 2 жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам шийдвэрлэсэн. Дээрх Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/13** дугаар тушаалаар Н.Ц*******-г Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилж, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-16.3 зэрэглэлд хамруулж, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 20, гүйцэтгэх ажлын нэмэгдлийг 8 хувиар тус тус тогтоон томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалаар Н.Ц*******-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар шилжүүлэн томилсон ба цалин нэмэгдлийг урьд авч байсан хэвээр олгохоор тушаал гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд 2 жилийн хугацаанд шилжин ажиллуулахаар томилогдсон нэхэмжлэгч Н.Ц*******-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хууль, журамд заасан эрхийнхээ хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/1** дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох журмын 3.4 дэх хэсэг "Алба хаагчийг шилжүүлэн ажиллуулах асуудлыг орон тоо, хүний нөөцийн мэдээллийг үндэслэн Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага дарга шийдвэрлэнэ"-ийг баримтлан өөр албан тушаалд шилжүүлсэн бөгөөд тус тушаалыг эрх зүйн үндэслэлтэй тушаал гэж үзэж байна.

Уг тушаал нь нэхэмжлэгч Н.Ц*******-г өөрт оногдсон үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, зорилго, чиг үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэх үндэслэлээр шилжүүлэн томилоогүй бөгөөд орон тоог харгалзан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудал юм.

2/ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/2** дугаар албан бичгээр "Гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар утгатай албан бичиг ирсэн бөгөөд хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар албан бичгээр "Н.Ц*******-г ШШГЕГ-ын даргын 2021.10.19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалаар эрхэлж байсан албан тушаалтай адил, ангилал зэрэглэлийн ажлын байранд буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар томилсон тул эгүүлэн Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилох боломжгүй" талаар хариуг хүргүүлсэн бөгөөд тус татгалзсан шийдвэр нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

3/ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1** дугаар "Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах гэрээ"-г Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, нэхэмжлэгч Н.Ц******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Н.Ц*******-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжсэн гэж үзэх бөгөөд тус гэрээнд байгууллага дотор шилжин ажиллуулж болохгүй гэх зүйл, заалт байхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өнөөдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хугацаанд нэхэмжлэгч Н.Ц*******-н эрх зүйн байдлыг дордуулахгүй бусад зүйлээр эрх ашгийг нь зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээний хугацаанд ажлын байраар тасралтгүй ханган ажиллаж байна гэж үзэж байна.

4/ Нэхэмжлэгч Н.Ц*******-г Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцаан шилжүүлэх асуудал нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаараар байгуулсан "төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах гэрээ"-ний хугацаа дууссан үед сэлгэн ажиллуулсан байгууллагын мэдэлд шилжүүлэх асуудал хэлэлцэгдэнэ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын албан тушаалд эгүүлэн томилох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны шийдэх асуудал гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нэхэмжлэгч Н.Ц*******-н эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1** дугаар Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд сэлгэн ажиллуулах тухай гэрээнд өөр албан тушаалд сэлгэн, шилжүүлэн ажиллуулж болохгүй талаар хориглосон зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь тухай байгууллагын бүтэц орон тоог харгалзаж, өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд хуульд заасан үндэслэлд тус тушаал нь нийцэж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Н.Ц*******-г ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар олон жил ажилласан, туршлагатай гэж үзсэн учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалд томилсон.

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дугаар тушаалыг Н.Ц******* нь гардаж аваад Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01/24** дугаар албан бичгээр хариу өгснөөс хойш хуульд заасан 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Мөн нэхэмжлэгч нь Хууль зүй дотоод хэргийн яаманд хандсан байгаа нь эрх бүхий дээд шатны байгууллагад хандах шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дээд шатны байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам биш юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар заасан байхад тус хугацаа өнгөрсний дараа гаргасан байна. Урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн боловч Захиргааны хэргийн шүүхэд хандалгүй, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариу өгсөн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан бичиг ирж, 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар тушаалаар санал хүргүүлж, тухайн ажилтныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалд томилсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар дахин томилох шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлөөс хариу авсан ч хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй учраас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дугаар тушаалыг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно заасны дагуу тус албан бичиг нь захиргааны акт биш. Учир нь захирамжилсан шийдвэр биш ба зөвшөөрсөн болон хориглосон үр дагаваргүй байгууллага хоорондын баримт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар томилохдоо Н.Ц*******-д танилцуулсан хэдий ч бичгээр баталгаажуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хуульд заасан эрх хэмжээний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар Н.Ц*******-г олон жилийн дадлага туршлагатайг харгалзан ажлын туршлага солилцохоор томилсон. Н.Ц*******-г өөрийн ажил, үүргээ муу гүйцэтгэсэн гэж үзээгүй, өөрт нь бол танилцуулсан ч бичгээр бол хүсэлт аваагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллага. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаал хэвээрээ байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон дараах үйл баримтууд байна.

а. Нэхэмжлэгч Н.Ц*******нь 1999 оноос Сангийн яам, Хууль зүйн яаманд нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сараас Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж, мөн оны 12 дугаар сараас хэлтсийн даргаар ажилласан, тус хэлтэс нь 2020 оны 2 дугаар сараас газар болсноор газрын даргаар ажилласан байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/1** дүгээр тушаалаар түүнийг тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/13** дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагч Н.Ц******* нарын хооронд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах 1** дугаартай 3 талт гэрээг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулжээ.

б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалаар Н.Ц*******-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар шилжүүлэн томилсон байна.

2. Нэхэмжлэгч Н.Ц******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох-оор, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах шийдвэр, 3 талт гэрээг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцохгүйгээр шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэрээ зөрчигдсөн байхад өмнөх ажил албан тушаалд томилох үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус хэмээн маргасан бол хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэрээний үүргээ биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хууль бус шийдвэр хэмээн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга байгууллагын нэгж дотор ажилтныг шилжүүлэн томилох эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд, нэхэмжлэгчийн цалин хөлс, албан тушаалын зэрэг дэвийг бууруулаагүй хэмээн тус тус тайлбарлажээ.

3. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас заримыг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох хэсгийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Н.Ц*******-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Хариуцагч нараас гаргасан сэлгэн ажиллуулсан, шилжүүлэн томилсон тушаалууд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн болон сахилга хариуцлагатай хамааралгүйг эхлээд дурдах нь зүйтэй.

а. Маргаанд хамаарах энэ харилцаа нь төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах, мөн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилохтой холбоотой Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад хамаарч байна.

Тухайлбал, анх Н.Ц*******-г яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/1** дүгээр тушаал болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/1*** дугаар тушаал, мөн илгээгч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажил олгогч буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагч Н.Ц******* нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах 1** дугаартай 3 талт гэрээ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. гэх зохицуулалтаар гарсан шийдвэрүүд байна.

Тиймээс мөн зүйл, хэсгийн ажлын тодорхой чиглэлээр гэх агуулга болон мөн зүйлийн 44.3 дахь хэсгийн сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй., 44.4 дэх хэсгийн сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна гэх зохицуулалтууд дагаж хамт үйлчилнэ.

Гэтэл дээрх зохицуулалтаар ийнхүү байгууллага хооронд төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж буй албан тушаал, ажлын байр өөрчлөгдөөгүй, сэлгэн ажиллуулах гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний ажил олгогч тал нь байгууллагын нэгж дотор ажлын тодорхой чиглэл-ийг өөрчилж шилжүүлэн ажиллуулж буй нь дээрх заалтуудыг зөрчсөн төдийгүй эдгээр заалтуудаар болон хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг зөрчжээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллагын нэгж хооронд шилжүүлэн томилох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн, төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар гэсэн шаардлагуудыг хангасан байх учиртай бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцоогүй буюу түүнийг зөвшөөрөөгүй байхад ийнхүү сэлгэн ажиллаж буй албан тушаалаас нь чөлөөлөн өөр нэгжид шилжүүлэн томилсон нь хууль бус болжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагч Н.Ц******* нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Ц-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар сэлгэн ажиллуулах тухай 1** дугаартай 3 талт гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад, гэрээнд тодорхой ажлын чиглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын гүйцэтгэх чиг үүрэг болохыг тодорхойлсон байхад харьяа нэгжид шилжүүлэн томилсон нь гэрээний эдгээр заалтыг болон Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн ажлын тодорхой чиглэлээр, 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэснийг зөрчжээ.

Маргаан бүхий тушаалаар шилжүүлэн томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалын болон сэлгэн ажиллаж байсан ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтоос үзвэл санхүү, төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой зорилтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг нь таарч байх ч харьяа нэгжийн тэргүүн дэд даргын албан тушаалын хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргийн ажил үүрэг хариуцаж хэрэгжүүлэхээр байгаа нь дээрх заалтын ажлын тодорхой чиглэлээр сэлгэн ажиллуулах гэснийг зөрчиж байна.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болголоо.

б. Н.Ц*******-н гаргасан гомдлоор Төрийн албаны зөвлөлийн дарга 2021 оны 12 дугаар сарын 15-ны 01/24** тоот албан бичгээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 3/2** тоот албан бичгээр тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 13-нд 01/3** тоот албан бичгээр албан тушаалын ангилал зэрэглэл буураагүй гэх үндэслэлээр татгалзсан байдаг.

Албан тушаалын ангилал зэрэглэл бууруулахгүй байх нь сэлгэн ажиллуулахдаа мөрдөх хуулиар тогтоосон шаардлагуудын зөвхөн нэг нь бөгөөд энэ шаардлагыг хангасан гэх тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бусад төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрснөөр, төрийн байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсоноор, ажлын тодорхой чиглэлээр, 2 жил хүртэлх хугацаагаар гэсэн шаардлагуудыг үгүйсгэж, гэрээг зөрчих, мөн 44.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох гэсэн шилжүүлэн ажиллуулахад тавигдах шаардлагыг зөрчих үндэслэл болохгүй.

Хариуцагчийн тайлбарт үндэслэл болгосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/1** дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох журмын 3.4 дэх хэсэг "Алба хаагчийг шилжүүлэн ажиллуулах асуудлыг орон тоо, хүний нөөцийн мэдээллийг үндэслэн Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага дарга шийдвэрлэнэ" гэх заалт нь албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх эрх олгосон зохицуулалт болохоос уг шийдвэрийнх нь үндэслэлийг журамласан зохицуулалт биш, ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахтай холбоотой хууль зүйн үндэслэлийг огт тусгаагүй байх тул уг захиргааны акт хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.

Тиймээс илгээгч болон төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулсан гэрээгээр ажил олгогчийн хүлээх үүргээ биелүүлэхээс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар албан бичгээр татгалзсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын шийдвэр хуульд нийцэхгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг актыг захиргааны акт биш хэмээн тайлбарлаж маргасан нь үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** дугаар албан бичгээр гаргасан татгалзсан шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн, захиргааны байгууллагаас, нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны акт байна.

в. Н.Ц*******-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд даргаар шилжүүлэн томилсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалыг хүчингүй болгосноор, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоосноор гэрээний дагуу сэлгэн ажиллуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эрх зүйн үр дагавар үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагын өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох агуулгатай энэ хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох байдлаар хангаж шийдвэрлэлээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээнд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гэрээнд заасан Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар гэсэн нэгж, газрын дарга гэсэн албан тушаалын орон тоо зохион байгуулалтын бүтцийн хувьд байгаа тул энэ албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй бөгөөд боломжтой байна.

Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ Б/10** дүгээр шилжүүлэн томилох тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд эрх зүйн үр дагавар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр уг албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргах шаардлагагүй, нөгөө талаас эргүүлэн томилуулах шаардлагыг 2 албан тушаалд гаргах нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн агуулгатай болно. Тус албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр, шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэснээр өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоогдох буюу үргэлжлүүлэн ажиллах үр дагавар үүсэх ёстой. хэмээх Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаал дээр эргүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ тайлбарласныг буруутгах, үгүйсгэх боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар чөлөөлж, шилжүүлэн томилсон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосноор түүнийг чөлөөлөгдөхөөс өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагаас 3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

а. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагч Н.Ц******* нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах 1** дугаартай 3 талт гэрээг илгээгч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зөрчөөгүй, гэрээнд болон хуулиар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд сэлгэн ажиллуулахаас өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилох үүрэг хүлээхгүй тул ажил олгогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын гэрээний үүргээ зөрчсөн, хууль бус шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн энэ тохиолдолд өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилоогүй гэх Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус гэж үзэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Тиймээс 3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзлээ. Учир нь Н.Ц******* нь энэ тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн дарга 2021 оны 12 дугаар сарын 15-ны 01/24** тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад Б/10** дүгээр тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах 1** дугаартай гэрээг зөрчиж, албан тушаалд шилжүүлсэн байх тул төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээнд заасан албан тушаалд эгүүлэн томилох асуудлыг шийдвэрлэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг, боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс яамны мэдэлд буцаан шилжүүлэх-ийг үүрэг болгосон, мөн түүнээс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдлоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 3/2** тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2022 оны 02 дугаар сарын 13-нд 01/3** тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн томилох боломжгүй гэх хариуг өгсөн, нэхэмжлэгч ийнхүү татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц*******-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10** дүгээр тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/3** тоот албан бичгээр 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Н.Ц****-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах шаардлагын хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА