Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/00668

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/00668

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Э-ны Г /рд: .../,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ...дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Эы Х /рд: .../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамж, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, С овогт Б-ийн Б /рд: ..../-т холбогдох,

 Гэм хорын хохиролд 2.498.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс  2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөрт шилжих шөнө Э.Хнь ..7-1.. УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед ..8-1..УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын цагдаа хэмжилт хийгээд Б.Быг буруутай гэж тогтоосон. Тээврийн хэрэгслийг И ХХК-иар үнэлүүлэхэд 6.289.000 төгрөг болсон ба Бодь даатгалаас 5.000.000 төгрөгийг авсан юм. Иймд нэхэмжлэгч Э.Гнь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1.289.000 төгрөгийг, нэхэмжлэгч Э.Хнь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан зардалд 287.940 төгрөгийг, өвчний учир ажил эрхлээгүй хугацааны цалинд 253.000 төгрөгийг, тээврийн хэрэгслийг 91 хоног авто зогсоолд байрлуулсны зардалд 156.000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 1 удаа, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5 удаа хөлсний унаагаар зорчсон зардалд 79.060

 

төгрөгийг, тээврийн хэрэгслийг 3 удаа ачуулахад гарсан зардалд 180.000 төгрөгийг, 2 удаа үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 148.000 төгрөгийг, Д ХХК-иар нэмэлт оношлогоо хийлгэхэд гарсан зардалд 35.000 төгрөгийг, хариуцагч Б.Быг эрэн сурвалжилхад гарсан зардалд 70.200 төгрөгийг буюу нэхэмжлэгч Э.Гнь 1.289.000 төгрөгийг, нэхэмжлэгч Э.Хнь 1.209.200 төгрөгийг, нийт 2.498.000 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэм буруутай этгээд болох Б.Баас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б миний бие нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөрт шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн Э.Х-ын унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөж, гэм хорын хохирол учруулсан нь үнэн ба гэм буруугийн талаар маргахгүй. Нэхэмжлэгч нар нь даатгалын компаниас 5.000.000 төгрөг авсан атлаа надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Учир нь би Итгэлт эстимэйт ХХК-ийн 2 удаагийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бас шууд бус зардлуудыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр шаардлагаас зөвхөн Э.Х-ын эмчилгээний зардалд гарсан гэх 287.940 төгрөгийг төлнө гэв.

    Зохигчдын тайлбар, гэрэл зураг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Гнь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1.289.000 төгрөг, нэхэмжлэгч Э.Хнь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 287.940 төгрөг, ажилгүй байсан хугацааны авах ёстой цалинд 253.000 төгрөг, тээврийн хэрэгслийг ил зогсоолд байрлуулсны төлбөрт 156.000 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчиход гарсан зардалд 79.060 төгрөг, тээврийн хэрэгслийг 3 удаа ачуулахад гарсан зардалд 180.000 төгрөг, 2 удаа үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 148.000 төгрөг, Д ХХК-иар оношлогоо хийлгэхэд гарсан зардалд 35.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70.200 төгрөг, нийт 1.209.200 төгрөг, хамтдаа 2.498.200 төгрөгийг нэхэмжлэгч нар нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 5-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамжинд Хьюндай Верна /Hyundai Verna/ маркийн, ..8-1..УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа өөрийн буруутай үйлдийн улмаас нэхэмжлэгч Э.Г-ийн өмчлөлийн ..7-1.. УНЯ улсын дугаартай, Мицубиши Аутландер /Mitsubishi Outlander/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн өмчлөгчид эд хөрөнгийн хохирол, жолоодож явсан Э.Х-ын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан талаараа маргаагүй боловч Э.Х-ын нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 287.940 төгрөгийг зөвшөөрч, бусад зардлуудыг эс зөвшөөрч маргасан.

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн “Итгэлт эстимэйт” ХХК нь тээврийн хэрэгслийг буюу үнэлгээний зүйлийг бодитойгоор үзэж, эвдрэл гэмтлийг тогтоосны үндсэн дээр, 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр, нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5.764.000

төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гаргасан, мөн уг тээврийн хэрэгслийг задалсны дараа, Д ХХК-ийн оношлогоог үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 525.000 төгрөгөөр нэмэгдүүлж үнэлгээний тайлан гаргажээ. /хх 6-р тал/

Хэдийгээр хариуцагч Б.Б нь “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн үнэлгээний тайлан, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тайланг эс зөвшөөрсөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй боловч шүүхийн зүгээс Итгэлт эстимэйт ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, өмнөх тайлангийн дүнг 525.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал хөрөнгийн үнэлгээ хийсэн “Итгэлт эстимэйт” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг нэмэгдүүлж тооцохдоо өмнө ямар шалтгааны улмаас хохирлыг дутуу тооцсон талаараа тайландаа тусгаагүй, өмнөх үнэлгээг нэмэгдүүлж тооцох болсон үндэслэл тодорхой бус, түүнчлэн тээврийн хэрэгсэл “задлагдсан” талаар тайландаа тусгаж, улмаар “Дельта сервис” ХХК-ийн оношлогооны дүгнэлтийг үндэслэл болгосон байгаа нь үнэлгээний байгууллага хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа, тухайн хөрөнгийн үнэлгээний “зүйл”-ийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасныг зөрчсөн байна.

 Дээрх үндэслэлээр, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 525.000 төгрөгийн үнийн дүн бүхий үнэлгээний тайланг үндэслэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Харин тус байгууллагын эхний үнэлгээг үндэслэн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зөрүү 764.000 төгрөг /нэхэмжлэгч нь даатгалаас 5.000.000 төгрөг авсан гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн хохиролд нийт 1.289.000 төгрөг нэхэмжилсэн/-ийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э.Хнь 5 хоногийн цалинд 253.000 төгрөг нэхэмжилж, шаардлагаа “Э-ын тодорхойлолт, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн магадлагаа баримтаар тус тус тогтоогдоно гэжээ. /хх 26-27, 69-р тал/

Нэхэмжлэгч Э.Хнь зам тээврийн ослын шалтгаант өвчний улмаас ажилдаа явж чадаагүй гэх тайлбараа мэргэжлийн эмчийн дүгнэлт буюу эмнэлгийн магадлагаагаар, эргэлзээгүй нотлож чадвал Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг буруутай этгээдээс гаргуулах боломжтой юм.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар, эмнэлгийн магадлагаанд, магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх тухай зохицуулжээ. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв”-ийн “Эмнэлгийн магадлагаа”-нд Ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, байгууллагын тэмдэг дарагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч Э.Хатанболдыг зам тээврийн ослоос шалтгаалсан өвчний улмаас, эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж 5 хоногийн цалин хөлс 253.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

3. Нэхэмжлэгч Э.Хнь эвдэрсэн тээврийн хэрэгслийг “91 хоног” авто зогсоолд байрлуулсны төлбөрт нийт 156.000 төгрөг нэхэмжилжээ. Гэтэл Итгэлт эстимэйт ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, ..7-1.. УНЯ улсын дугаартай Мицубиши Аутландер /Mitsubishi Outlander/ маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн тухай тайланд уг тээврийн хэрэгсэл “задлагдсан” талаар тусгагдсан байх тул авто зогсоолын манаач “Сугарын Энхбат” гэх гарын үсгийн бичвэр бүхий бичмэл баримтад бичигдсэн: “...2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ..7-1.. УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авто зогсоолд байрлуулсан...” гэх мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй хэмээн үнэлэх боломжгүй.

4. Нэхэмжлэгч Э.Хнь 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 1 удаа, мөн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5 удаа хөлсний унаагаар зорчиход гарсан зардалд 79.060 төгрөг нэхэмжилжээ.

2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр, “Такси дуудлагын нэгдсэн төв”-ийн 53-25 дугаартай хөлсний унаа, бусдад нэг удаа үйлчилж, 28.000 төгрөгийн зардал бүхий замыг туулсан гэх баримт, түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр, УБТТС ХХК-ийн хөлсний унаа бусдад 5 удаа үйлчилж, нийт 54 км 823 метр замыг туулсан гэх баримтуудад бичигдсэн зардлыг Э.Х-оос гарсан, ялангуяа хариуцагч Б.Бын буруутай үйлдлийн улмаас Э.Хатанболдоос гарсан зардал мөн гэж үзэх боломжгүй байхаас гадна, “ ... 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, өвчний улмаас, эмнэлгийн магадлагаагаар ажлаа хийгээгүй...” хэмээн 253.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Эс С-ын тодорхойлолт, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Эмнэлгийн магадлагаа” гэх бичмэл баримтууд нь харилцан бие биенээ үгүйсгэжээ.

Иймд тээврийн хэрэгслээр зорчиход гарсан зардал гэх 79.060 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулах үндэслэлгүй.

5. Тээврийн хэрэгслийг Д ХХК-д дахин оношлуулахад гарсан зардалд 35.000 төгрөг, мөн 3 удаа ачуулахад гарсан зардалд Э.Хнь нийт 180.000 төгрөг нэхэмжилж, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ослын газраас авто зогсоол хүргэхэд 60.000 төгрөг төлсөн, улмаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр авто зогсоолоос Д ХХК, Д ХХК-иас буцааж авто зогсоол хүргэхэд тус бүр 60.000 төгрөг зарцуулсан хэмээн шаардлагаа үндэслэсэн.

Нэхэмжлэгч Э.Х-ын унаж явсан, ..7-1.. УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 60.000 төгрөгөөр ачиж хүргэсэн болох нь “Х” ХХК-ийн орлогын баримтаар тогтоогдож байх ба зардал гарсан болон осол болсон цаг хугацаа нь хоорондоо харилцан хамааралтай, нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал мөн гэж үзэхээр байна. /хх 18-р тал/

Нэхэмжлэгч Э.Хнь 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр, Итгэлт эстимэйт ХХК-иар тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, үнэлгээг тогтоолгож зардал гаргасан нь зайлшгүй зардалд тооцогдох боловч дахин 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д ХХК-иар оношлуулах зайлшгүй шалтгаантай талаараа нотлож чадаагүй тул Д ХХК-ийн оношлогооны зардлыг хариуцагчаас гаргуулах нь буруу юм.

Иймд Д ХХК-иар тээврийн хэрэгслийг дахин оношлуулахад төлсөн 35.000 төгрөгийг болон тээврийн хэрэгслийг Д ХХК руу ачиж хүргэсэн, буцааж зөөвөрлөхөд гаргасан 120.000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй.

6. Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 148.000 төгрөгийг Э.Хнэхэмжилжээ. Дээр дурдсанаар Итгэлт эстимэйт ХХК-иар дахин үнэлгээ хийлгэх болсон шалтгаан тодорхой бус байх тул 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн орлогын баримтыг үндэслэн хариуцагчаас уг зардлыг гаргах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр үнэлгээ хийлгэсэн анхны байгууллагаараа дахин үнэлгээ хийлгэх болсонд хариуцагчийг буруутгах баримт хэрэгт авагдаагүй ба хэрэв гэрээний үндсэн дээр үнэлгээ хийсэн байгууллага дутуу, буруу үнэлсэн гэж үзвэл уг хохирлыг хариуцах эзэн нь Б.Б биш гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн этгээд болох учиртай.

Иймд Итгэлт эстимэйт ХХК-ийн анхны үнэлгээ буюу 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн үнэлгээний ажлын хөлс болох 136.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч Э.Хнь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70.200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Хариуцагч Б.Быг эрэн сурвалжлахгүйгээр нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн 101/ШШ2016/0... дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Нөгөө талаас, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг арилгаагүй байх тул нэхэмжлэгч нар нь эрхээ шүүхээр хамгаалуулах шаардлага би болсон учир энэ үндэслэлээр нэхэмжлэгчээс гарсан 70.200 төгрөгийн зардал нь Б.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ. Иймд хариуцагч Б.Баас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-д олгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасантай нийцэх юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Э.Г-ийн нэхэмжлэлээс 764.000        /үнэлгээний эхний тайлангаарх дүн 5.764.000 төгрөгөөс даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгогдсон 5.000.000 төгрөгийг хассан дүн/ төгрөгийн шаардлагыг, Э.Х-ын нэхэмжлэлээс 554.140 / эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан 287.940 төгрөг, тээврийн хэрэгслийн ачуулахад гарсан зардалд 60.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 136.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70.200/ төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан, Б.Баас 764.000 төгрөгийг гаргуулан Э.Г-д, 554.140 төгрөгийг гаргуулан Э.Х-д тус тус олгож, Э.Г-ийн нэхэмжлэлээс 525.000 төгрөгийн шаардлагыг, Э.Х-ын нэхэмжлэлээс 655.060 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 36.040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г, Э.Хнарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ХИШИГБААТАР

 

                          ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН

 

                                                             Д.УРАНЗУЛ