Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1131

 

Э.Гандирмаа, Э.Хатанболд нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00668 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Гандирмаа, Э.Хатанболд нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Базарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 498 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг,  

Хариуцагч Б.Базар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Э.Хатанболд нь 57-16 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед 48-17 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Базар нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын цагдаа хэмжилт хийгээд Б.Базарыг буруутай гэж тогтоосон. Тээврийн хэрэгслийг “Итгэлт эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд 6 289 000 төгрөг болсон ба Бодь даатгалаас 5 000 000 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэгч Э.Гандирмаа нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1 289 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Хатанболд нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан зардалд 287 940 төгрөг, өвчний учир ажил эрхлээгүй хугацааны цалинд 253 000 төгрөг, тээврийн хэрэгслийг 91 хоног авто зогсоолд байрлуулсны зардалд 156 000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1 удаа, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 5 удаа хөлсний унаагаар зорчсон зардалд 79 060 төгрөг, тээврийн хэрэгслийг 3 удаа ачуулахад гарсан зардал 180 000 төгрөг, 2 удаа үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 148 000 төгрөг, “Дельта сервис” ХХК-иар нэмэлт оношлогоо хийлгэхэд гарсан зардал 35 000 төгрөг, хариуцагч Б.Базарыг эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөг буюу нэхэмжлэгч Э.Гандирмаа нь 1 289 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Хатанболд нь 1 209 200 төгрөг, нийт 2 498 000 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэм буруутай этгээд болох Б.Базараас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Базарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн Э.Хатанболдын унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөж, гэм хорын хохирол учруулсан нь үнэн ба гэм буруугийн талаар маргахгүй. Нэхэмжлэгч нар нь даатгалын компаниас 5 000 000 төгрөг авсан атлаа надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Учир нь би “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2 удаагийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бас шууд бус зардлуудыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр шаардлагаас зөвхөн Э.Хатанболдын эмчилгээний зардалд гарсан гэх 287 940 төгрөгийг төлнө гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан, Б.Базараас 764 000 төгрөгийг гаргуулан Э.Гандирмаад, 554 140 төгрөгийг гаргуулан Э.Хатанболдод тус тус олгож, Э.Гандирмаагийн нэхэмжлэлээс 525 000 төгрөгийн, Э.Хатанболдын нэхэмжлэлээс 655 060 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Базараас 36 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гандирмаа, Э.Хатанболд нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэгээс давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс эрх зүйн дүгнэлтийг буруу хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-д “Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэнэ” гэж заажээ. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн автомашин нь бүтэн болон задаргаа хийж үнэлэгдэх боломжтой сэлбэг нь зах зээлийн үнээр үнэлж болох шинжийг агуулсан эд зүйл юм. Мөн “Итгэлт Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 05-р сарын 17-ны өдрийн 72381 тоот үнэлгээний тайлангийн 5 дугаар зүйлд "Сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, оношлогооны дүгнэлт, 2-р зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтласан" тухай мөн 4-р зүйлд 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдриин эвдрэл хохирлын 72354 тоот тайланд дээрх гэмтлүүд нь тусгагдаагүй гэмтлүүд гэж тодорхойлон 72354 тоот үнэлгээний тайлан дээр нэмж тооцох тухай тодорхой заасан байхад шүүхээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 дэх заалтыг баримтлан авто машины эзэмшигч Э.Гандирмаад үнэлгээ хийлгэсэн 525 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510.1, 499.1-д заасан хуулийн заалттай нийцэхгүй байна.      

Түүнчлэн шүүхээс "Дельта сервис" ХХК-д оношлогоо хийлгэхэд гарсан 35 000 төгрөгийн зардал, автомашин 2 удаа ачилт хийлгэсэн 120 000 төгрөг, үнэлгээ хийлгэх ажлын хөлсөнд төлсөн 12 000 төгрөг, нийт 167 000 төгрөгийн бодит зардлыг хасч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүх оношлогооны зардал 35 000 төгрөгийг хасч шийдвэрлэхэд нэхэмжлэгч 2 дах удаагаа оношлогоо хийлгэх шаардлага байхгүй гэсэн хийсвэр дүгнэлтийг анхан шатны шүүх хийж байгаад туйлын их харамсалтай байна. Гол асуудал нь оношлогоо хийсэн тоондоо биш ослын улмаас машинд учруулсан гэм хор, хохирол нь бодит тогтоосон байхыг шүүх анхаарах бус уу. Шүүх нэг талд үйлчилж шийдвэр гаргасанд гомдолтай байна. Өөрөөр хэлбэл 2 дах удаагийн оношлогоогоор эхний удаагийн оношлогоогоор илрээгүй, 72354 тоот тайланд тусгагдаагүй нэмэгдэл эвдрэл, гэмтэл илэрсэн тухай шинжээчийн дүгнэлт гарсаныг шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

Харин автомашинаа оношлоогооны газарт хүргүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс 2 удаа ачилт хийлгэж, 120 000 төгрөгийн зардал гарсан. Түүнчлэн үнэлгээ хийлгэх ажлын хөлс 12 000 төгрөг гарч нийт 167 000 төгрөгийн зардал гарсан нь хоорондоо шалтгаант холбоотой. Учирсан эд хөрөнгөтөй холбоотой зайлшгүй зардал гэдгийг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг барьж хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон.

Шүүх Э.Хатанболдын 5 хоногийн цалин хөлс 253 000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Э.Хатанболд нь тухайн ослын улмаас биед хүндэвтэр зэргийн гэмтэл авсан бөгөөд гэмтлий зэргийг тогтоолгохоор эмнэлгийн байгууллагаар зайлшгүй явах шаардлага гарсан гэдгийг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй.

Э.Хатанболд нь ослын улмаас машинд учирсан хохирлоо үнэлүүлэх, өөрийн бие махбодид учирсан гэмтлийг эмнэлгийн байгууллагаар тогтоолгох, даатгалд материал бүрдүүлж өгөх, хохирлоо барагдуулах зэрэг өөрийн биеэр явж, зайлшгүй хийж гүйцэтгэх ажлын улмаас 5 хоногийн ажил таслалт бий болсон байгааг анхан шатны шүүх мэдээгүй юм шиг дүгнэлт хийсэн. Түүнчлэн Э.Хатанболдын олох ёстой байсан орлого болох 253 000 төгрөгийг тодорхойлсон “Эс Си Ти Эм” ХХК-ийн тодорхойлолт хэрэгт байсаар байхад нотлох баримтыг үнэлж чадахааргүй байна гэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/00668 тоот шийдвэрийн зарим хэсэгт дараах байдлаар өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Гандирмаа нь хариуцагч Б.Базарт холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1 289 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Хатанболд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 287 940 төгрөг, ажилгүй байсан хугацааны авах ёстой цалин 253 000 төгрөг, тээврийн хэрэгслийг ил зогсоолд байрлуулсны төлбөр 156 000 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчиход гарсан зардал 79 060 төгрөг, тээврийн хэрэгслийг 3 удаа ачуулахад гарсан зардал  180 000 төгрөг, 2 удаа үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 148 000 төгрөг, “Дельта сервис” ХХК-иар оношлогоо хийлгэхэд гарсан зардал 35 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 1 209 200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Базар нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамжинд Хьюндай Верна /Hyundai Verna/ маркийн, 48-17 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа өөрийн буруутай үйлдийн улмаас Э.Гандирмаагийн өмчлөлийи 57-16 УНЯ улсын дугаартай, Мицубиши Аутландер /Mitsubishi Outlander/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгийн хохирол, жолооч Э.Хатанболдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй.

 

 "Итгэлт эстимэйт" ХХК нь зам тээврийн ослын улмаас эвдэрсэн тээврийн хэрэгслийг буюу үнэлгээний зүйлийг бодитойгоор үзэж, эвдрэл гэмтлийг тогтоосны үндсэн дээр 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5 764 000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гаргасан./хх-7/ Мөн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 525 000 төгрөгөөр нэмэгдүүлж үнэлгээний тайлан гаргажээ. /хх 6/

 

"Итгэлт эстимэйт" ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг нэмэгдүүлж тооцохдоо өмнө ямар шалтгааны улмаас хохирлыг дутуу тооцсон талаараа тайландаа тусгаагүй, өмнөх үнэлгээг нэмэгдүүлж тооцох болсон үндэслэл тодорхой бус, түүнчлэн тээврийн хэрэгсэл "задлагдсан" талаар тайландаа тусгаж, улмаар "Дельта сервис" ХХК-ийн оношлогооны дүгнэлтийг үндэслэл болгосон байгаа нь үнэлгээний байгууллага хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа, тухайн хөрөнгийн үнэлгээний "зүйл"-ийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэн эхний үнэлгээг үндэслэн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зөрүү үлдэгдэл 764 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.

 

Түүнчлэн Э.Хатанболдын Эмнэлгийн магадлагаа нь тухайн байгууллагын тэмдэг дарагдаагүй, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, "Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан шаардлагыг хангаагүй байх тул зам тээврийн ослоос шалтгаалсан өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, цалин хөлс 253 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

 

Тэрээр энэ хугацаанд хохирлын баримт бичиг хөөцөлдөж ажлаа хийж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь өвчтэй байсан гэх хэргийн нотлох баримттай зөрчилдөж, эргэлзээтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Дельта сервис” ХХК-иар оношлуулах, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК-иар дахин үнэлгээ хийлгэх зайлшгүй шалтгаантай талаараа нотолж чадаагүй тул “Дельта сервис” ХХК-ийн оношлогооны зардал, тээврийн хэрэгслийг “Дельта сервис” ХХК руу ачиж хүргэсэн, буцааж зөөвөрлөхөд гаргасан зардал, үнэлгээний ажлын хөлс /35.000+120.000+12 000/, “Итгэлт эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 148 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах, давж заалдах гомдолд дурдснаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Хатанболдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

 

Анхан шатны шүүх Э.Гандирмаагийн нэхэмжлэлээс 764 000 төгрөгийн шаардлагыг, Э.Хатанболдын нэхэмжлэлээс 554 140 /287.940+60.000+136.000+70.200/ төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.НАРАНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                               Б.НАРМАНДАХ