Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02279

 

Г.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК болон Н.Э нарт холбогдох,

 

Үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 66 000 000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулах, барьцаа хөрөнгөөр хохирол төлөх үүргийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Чээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 21 дүгээр байр, 35 дугаар байрны дунд 18641310602184, 168010/5053 дугаар бүхий 32 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг газар дээрээ Үндсэн хуулийн гудамж 21А хаягтай улсын бүртгэлийн Ү-2205028490 дугаартай, 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Уг үл хөдлөх хөрөнгө нь хэвийн үйл ажиллагаатай, ашиг орлого олдог, амьжиргааны эх үүсвэр болж байсан хөрөнгө юм. Гэтэл хариуцагч Н.Эгийн нөхөр Д.Э 21 дүгээр байр буюу хажуу байрыг /“АФ” ХХК/ худалдан авсан. Ингэхдээ энэ газраа зарчих, бид танд боломжийн санал тавина гэсэн. Д.Э нь Хангай хотхонд 2 өрөө байр, 20 000 000 төгрөг өгөх, бэлэн 80 000 000 төгрөг өгөх, 1 өрөө байр, 40 000 000 төгрөг өгөх зэрэг саналыг тавьсан. Г.Ч арга буюу зөвшөөрч, Ү-2205028490 дугаартай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, 18641310602184, 168010/5053 дугаар бүхий 32 м.кв газраа худалдаж 40 000 000 төгрөг авах, баригдсан барилгаас 33 м.кв 1 өрөө байр авахаар талууд тохиролцсон. Гэхдээ бэлэн байгаа байрнаас авъя гэсэн боловч шинээр баригдах 1 өрөө 33 м.кв байр авахаар тулгасан. "АФ" ХХК нь бэлэн байр санал болгож байна гэх боловч яг очоод авъя гэхээр бид Хятад эзнээсээ асууна гээд алга болчихдог.

 

Н.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Энхтайваны гудамжны 39А байрны 1 тоот, 36 м/к байрыг тухайн үед 50 000 000 төгрөгөөр үнэлж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

 

Уг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Д.Этэй удаа дараа уулзсан. “АФ” ХХК нэрээ сольж “А” ХХК болгож, байршлаа сольж Ханду зочид буудалд байрлах болсон.

 

Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал н.Болор гэх эмэгтэй байсан. Б.Э нь Г.Чт уг “АФ” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж итгүүлсэн. Г.Ч-ийн байрыг “АФ” ХХК-д шилжүүлсний дараа уг компанийн бүх эд хөрөнгийг “А” ХХК-д шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас удаа дараа үүргийн гүйцэтгэл шаардсан боловч санал ирүүлээгүй. Эвлэрэх талаар өгөх гэж буй байрныхаа гэрэл зургийг хавсаргах үнийг нь тодорхой болгох зэргээр шүүх хурлаас өмнө бидэнтэй холбогдох бүрэн боломж байсан.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага:

“Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөлт хийж барилгажуулах, төслийн 2 талт гэрээ”-ний дагуу төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар олгох 1 өрөө 33 м.кв бүхий байрны үнэ болох 66 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж гаргаж байна.

 

Хэрэв барилга баригдаж, 1, 2 давхар боссон байсан бол бид хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээж суух байсан. Харамсалтай нь бодит байдалд гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүйгээс нэхэмжлэгч маргаан бүх орон сууцны м/к-ыг 2 000 000 төгрөгөөр үнэлж, хохиролд 66 000 000 төгрөг шаардсан гэжээ

 

Хариуцагч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Чийн хөрөнгө ашиглалтын шаардлага хангахгүй барилга байсан. “А” ХХК-ийн захиралтай уулзахад: барилгын ажил эхлэх гэхээр шүүх дээр маргаан үүсчихсэн, энэ маргааныг дууссаны дараа барилгаа баръя гэж хүлээлгэдэг.

 “А” ХХК-д барилга барих газар хэрэгтэй гэсэн. Г.Чт ТҮЦ-ээ зарах шаардлага үүссэн. Энэ хоёрт туслах гэж ийм байдалд орсон. Нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй. “А” ХХК, Г.Ч нарын хооронд гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд миний эрх ашиг сонирхол тусгагдаагүй. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөлд сонгон шалгаруулалтын тендер зарласан албан бичиг. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц өмч ашиглахыг хориглох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хэд хэдэн бичиг хавтаст хэрэгт авагдсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “А” ХХК болон Г.Ч нарын хамтран ажиллах гэрээнд заасныг тус тус харахад ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн хяналтын газраас хориглосон, ямар ч ашиглах боломжгүй байшин байгаа учраас төсөл хэрэгжүүлж, шинээр барилга барих шаардлага бий болсон. Маргаан бүхий байрны хоёр нь Д.Эгийнх. Нэгэнт ашиглалтын шаардлага хангахгүй байрны хажууд баригдсан үл хөдлөх хөрөнгө учраас Д.Э нь гэр бүлийнхээ хүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, “А” ХХК-тай тохирсон. Н.Эд гэм буруу байхгүй. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч тал гол нотлох баримт болгодог. Уг мэдээллийг харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан байна. Шүүхээс шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар дүгнэлт гаргуулсан бол өөр. Зах зээлийн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнэ 800.000-аас давахгүй. Зуучийн компани үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын талаар мэдээлэл гаргах ёсгүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзахгүй, цуцлахгүй. Тэгсэн мөртлөө 66 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага барилгын гадна байрлах үйлчилгээний талбайг 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн газар баригдах барилгаас нэхэмжлэгчид 33 м.кв талбайтай байр өгнө гэж байсан. Газрын гэрчилгээний асуудлаас болоод барилга баригдахгүй удсан. Барилгын ажил маргаантай байгаагаас эхлээгүй байгаа. Бид Д.Эгээр дамжуулж, нэхэмжлэгчид 41 м.кв талбайтай байр өгье гэсэн ч нэхэмжлэгч талтай тохиролцоогүй. Нэхэмжлэгч газраа буцааж авах боломжтой. Нэхэмжлэгч тал ТҮЦ-ээ өөрсдөө нурааж, авч явсан учраас бид 40 000 000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байгаа. 66 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 160 дугаар зүйлийн 160.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 66 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Н.Эгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд “А” ХХК-ийн бусад хөрөнгийг худалдах борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716 100 төгрөгөөс 628 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 87 750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч “А” ХХК-иас 487 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад хариуцагчийн маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн 2 дох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нөхцөл болж барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх дуусгавар болж, уг үүргийг хэрэгжүүлэхээр шаардах эрхгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд болгосонд гомдолтой.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан “нэмэлт хугацаа тогтоосоноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой байсан” гэх тайлбараар гэрээгээ цуцалж, хохирлоо шаардаж байна” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж хэт нэг талыг баримталж нэхэмжлэгч талын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргахад нөлөөлсөн.

 

Шүүх ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тогтоож байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна.

 

Гэрээгээр талууд гэрээний хугацааг сунгах талаар тохиролцсон боловч хэрэгт хугацааг сунгасан, сунгах талаар санал гаргасан баримт байхгүй тул гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэжээ. Харин гэрээгээр төсөл хэрэгжүүлэгчийн санаачлагаар хугацааг 3-6 сараар сунгаж болохоор тохиролцсон. Гэрээнд заасан хугацаа 2018.03.01-ний өдөр дуусах боломжтой байсан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар гэрээний хугацааг гарч болзошгүй нөхцөлийг харгалзан тухай бүрт нь сунгаж болох, мөн 6 сараас дээш хугацаагаар сунгах тохиолдолд талууд харилцан зөвшилцөж шийдэлд хүрэх боломжтой талаар тусгасан.  Нэхэмжлэгч Иргэний хуулийн 208.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа дуусахаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Харин шүүхийн шийдвэрт гэрээний хугацаа дууссан үед нэмэлт хугацаа тогтоосон талаар дурдсан нь ойлгомжгүй. Гэрээнд нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүйгээр сунгаж болохоор зохицуулалтыг тусгасан. Гэрээгээр тохиролцсон барилгын ажил удааширсан нөхцөл байдалд нэхэмжлэгчийн үүрэг оролцоо их байсан. Хохирлын хэмжээг 66 000 000 төгрөгөөр тооцох боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Шүүхээс маргаантай үнэлгээг маргаангүй мэтээр дүгнэж хариуцагч талын татгалзлалыг хэрхэн үгүйсгэж няцааж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Иймээс  шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч “А” ХХК, Н.Э нарт холбогдуулан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 66 000 000 төгрөгийг А ХХК-иас гаргуулах, барьцааны зүйл болох Н.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 39а байрны 01 тоотын 36,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “..., гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдалд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай, барьцааны зүйлээр хангуулах боломжгүй” гэж маргажээ. /1хх-30, 34, 98, 2хх-18/

 

“А” ХХК нь Г.Чтэй 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Чийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 21а байр хаягтай, 32 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах, Г.Ч нь барилгын доорх газрын эзэмших эрхээ хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь тус байрлалд шинээр барилга барих, ашиглалтад орох  барилгаас 33 м.кв хүртэлх талбайтай 1 өрөө байрыг нэмж нэхэмжлэгчид өгөхөөр бичгээр тохиролцож, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Н.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 39а байрны 01 тоотын 36,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг  2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Барьцааны гэрээг бичгээр байгуулж өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-рхх-12/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэлцэл байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /1хх-7-9, 12, 14, 101-104, 106/

 

Дээрх хэлцлүүдийг байгуулах үед хариуцагч “А” ХХК нь “АФ” ХХК гэсэн оноосон нэртэй байсан ба 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр оноосон нэрийн өөрчлөлт хийсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /1хх-243/

Хариуцагч “А” ХХК нь дээрх худалдах худалдан авах  гэрээнд заасны дагуу 40 000 000 төгрөгийг Г.Чт шилжүүлсэн, Г.Ч нь өөрийн 32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн, газар эзэмших эрхээ мөн шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гарсан, хариуцагч уг төсөл хэрэгжих газар дээр гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барилга бариагүй үйл баримт тогтоогджээ. /1хх-ийн 1-2, 30, 34, 95, 2хх-ийн 3-4, 18 /

 

Талууд гэрээний үүрэг биелэгдээгүйд хэн буруутай, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ёсоор 33 хүртэлх м.кв талбайтай нэг өрөө сууц авах ёстой байтал 66 000 000 төгрөгөөр үнэлэн байрны үнэ гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлтэй эсэх, түүнчлэн уг 66 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах эсэхэд маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 1-нд дууссан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар талууд бичгээр байгуулсан гэрээний хугацааг сунгасан талаарх баримтгүй. / 1хх-ийн 7-9/

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа газрын зөвшөөрөл, гэрчилгээ гарахдаа их удсан гэх боловч газрын гэрчилгээ хариуцагчийн нэр дээр 2017 оны 02 дугаар сард гарсан, хариуцагч барилгын дээврийг хуулснаас өөрөөр тодрхой ажил хийгээгүй үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх байдал тогтоогдоогүй. /1хх-ийн 100/

 

Нэхэмжлэгч Г.Ч нь “А” ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, цаашдаа биелэгдэх эсэх нь тодорхойгүй болсон тул уг гэрээнээс үүссэн эд хөрөнгийн алдагдал болох  33 м.кв талбайтай 1 өрөө байрыг мөнгөөр үнэлэн 66 000 000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Хариуцагчийн “.., үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч  33 м.кв хүртэлх 1 өрөө орон сууцыг л биет байдлаар авах ёстой” гэсэн татгалзал үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гэсэн ойлголтод “.., эд хөрөнгийн алдагдал” бас хамаарах юм.

 

Нэгэнт гэрээгээр тохиролцсон үүрэг нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гүйцэтгэх боломжгүй болсон, 33 м.кв хүртэлх нэг өрөө сууц авах, эсхүл тухайн хэмжээний хохирол шаардах эрх нэхэмжлэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүссэн тул хариуцагчийн үүрэг дуусгавар болоогүй. Түүнчлэн талууд гэрээний үүргийг тохиролцож өөр үүргээр солиогүй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй юм. Хэдийгээр барьцаа нь үндсэн үүрэгтэйгээ холбоотой акцессор шинжтэй боловч тухайн хэрэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үндсэн үүрэг дуусгавар болоогүй байна. Энэ талаар .., үндсэн үүрэг байхгүй болсон, татгалзсан тул барьцааны үүрэг дуусгавар болсон ” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах юм. Гэрээнд 2 талт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болоогүй тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар А ХХК-аас 66 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чт олгох, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан орон сууцнаас үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 33 м.кв нэг өрөө сууцны үнэлгээг / нэхэмжлэлийн үнийг/ үл хөдлөх хөрөнгийн “Т” ХХК-ийн тухайн газарт /орчимд/ сууцны 1 м.кв нь 2 087 125 төгрөг гэсэн тодорхойлолтод үндэслэсэн бөгөөд уг баримтыг хариуцагчид үгүйсгэсэн баримт гаргаагүй байна. /1хх-ийн 16/

 

Талууд “33 м.кв хүртэлх” гэсэн үгэнд маргасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар хүртэлх гэдэг үгийг 33 м.кв гэж ойлгоно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тайлбар зэрэгт үндэслэж тодорхойлох юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо зөрчилтэй дүгнэлт хийсэн учраас давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд хохирол шаардсан тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаас гэрээний хугацаа 4-5 сараар хэтэрсэн гэх боловч энэ нь төсөл хэрэгжүүлэгч тал буюу хариуцагч компани үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн үнэлгээг үгүйсгэж шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх эсэх нь хариуцагчийн өөрийнх нь эрх юм. Сууцны үнийг үгүйсгэх баримт гаргаагүй тохиолдолд шүүх байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй.

 

Мөн төслийг хэрэгжүүлээгүй нь Г.Ч прокурорын байгууллагад гомдол гаргасантай шууд шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд А ХХК-ийн бусад эд хөрөнгө, өмчлөх , эзэмших эрхийг худалдан борлуулж, хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Гэтэл эрх нь бодитойгоор зөрчигдөөгүй, ирээдүйд хийгдэх эсэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуулиар тогтоосон эрх хэмжээнд хамаарах зүйлийг шаардсаныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага биш гэж үзэж шүүхийн хамгаалалт хүсэх эрхгүй гэсэн агуулгаар дүгнэснийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгсонд талууд гомдол гаргаагүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 66 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд “А” ХХК-ийн бусад хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “487 950” гэснийг “628 350” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД