Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,                  

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг, 

Шүүгдэгч Н.Ууганбаяр, С.Батболд, тэдний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /0204/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сүхбаатарын Батболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 201626020913 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 1-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Боржигон овгийн Сүхбаатарын Батболд /РД:ЧМ76021271/,

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит цайз хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, /9 сар-2 нас/ 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн  дугаар 10 хороо 7-170б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаяр /РД:МА92083011/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч С.Батболд нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ууганбаяртай бүлэглэж, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12-160 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Бат-Эрдэнэ, Б.Батболд нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, Б.Бат-Эрдэнийг баруун далан тус газар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Шүүгдэгч Н.Ууганбаяр нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12-160 тоотод 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Батболдтой бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Бат-Эрдэнэ, Б.Батболд нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэртээ байж байтал цуг ажилладаг Батболд ах залгаад гэрт хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би Удвал эгчийн хамт хорооллын хойд талын гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь ороход замдаа авсан пиво уучихая гэсэн ба удалгүй би 00 орох гээд Удвал эгчээс асуухад чи олохгүй байх гээд зааж өгсөн. Тэгээд би хүн харж байгаад хашаа руу шээж байтал хүн хөөе чи яаж байна гэсэн ба дахин өөр хүн болиоч гэсэн. Тэгээд би уучлаарай гээд хэлсэн чинь наанаа байж бай гэсэн. Тэгээд хүрээд ирэхээр нь эр хүн байна уулзая ярилцая гээд гэрт оруулаад паарны өмнө сууцгаасан. Батболд намайг түлхсэн. Миний гинжийг таслахаар нь би цохьсон. Тэгтэл хаалга тогшихоор нь онгойлгоход ах нь орж ирсэн ба Батболд ахтай уулзсан. Тухайн үед Удвал эгч энэ хоёр угаасаа ингэж хүний архи уудаг гэж хэлж байсан. Тэгээд гэрээс гарч явж байхад хохирогч Бат-Эрдэнийн нуруу цус болсон байсан. Тэгээд тэр 2 гэртээ орсон. Бат-Эрдэнэд би тухайн үед гар хүрээгүй. Батболдын шилбэ рүү 2 өшиглөж татаж унагаасан” гэв.

 

Шүүгдэгч С.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим хороололд Удвалын гэрт очсон. Тэгээд Ууганбаяртай дэлгүүрээс нэг том савтай пиво уух гэж байтал Ууганбаяр 00 ороод ирье гэсэн ба Удвал чи 00 олохгүй байх гэж байсан. Тэгээд Ууганбаяр 00 луу яваад орж ирэхдээ Батболдын хамт орж ирсэн ба Ууганбаяр нь хараагаад байсан. Араас нь Бат-Эрдэнэ нь орж ирсэн. Намайг Бат-Эрдэнэ нь халзан толгойтой энэ тэр гэж хараагаад байсан ба түлхэлцэж байгаад цонхон дээр байсан толь унагаасан ба Удвал уурлаад гарцгаа гээд байсан. Тэгээд 4-үүлээ пиво хувааж уугаад тарцгаасан”  гэв.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай гэрийн хажууд байдаг нийтийн байрнаас манай хашаа руу нэг залуу шээж байсан юм би тэр залууд чи яагаад шээгээд байгаа юм бэ? гэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм бэ? ална шүү гэтэл манай дүү гэрээсээ гараад ирсэн тэр залуу манай дүүг дуудаад цаашаа өрөө рүү гээ аваад явсан юм тэнд манай дүү удаад байхаар нь би араас нь ороход тэр залуу манай дүүг зодож байсан тэр өрөөнд 2 залуу 1 эмэгтэй байсан тэр 2 залуу нь зодож байхаар нь би больцгоо гээд дүүгээ аваад гарах гэтэл тэр залуус намайг зодоод нэг жижиг биетэй залуу нь намайг хойноос хутгалсан юм. Миний баруун даланд нэг удаа хутгалсан. Тэгээд зодсон. ..гараараа нүүр рүү цохиод байсан би хөл муутай болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Хамар муруйсан, шанаа хөндүүрлэж хавдсан, даланд нэг удаа хутгалсан одоо миний толгой маш их өвдөж байна. ...би тэр залуусыг урьд өмнө нь харж байгаагүй.

Би тэр залууг шээж байхад нь боль гэж шаардлага тавьсан мөн манай дүүг зодож байсан би тэр өрөөнд ороод дүүгээ авах гэтэл намайг зодож хутгалсан юм. Манай гэрийн хажуу талын нийтийн байрны 2 давхарын 6 номерийн өрөөнд хутгалсан. .. нэг нь арай залуу тэр залуу мөрөн дээрээ том шивээстэй, баруун чихэндээ ээмэг зүүсэн байсан, нөгөө нь нэг залуу нь махлагдуу жижиг биетэй байсан. ..шивээстэй залуу нь шар царайтай, эрүүн доороо сахалтай, бусдаар сайн хэлж мэдэхгүй байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэжээ. /1 хав 16-17, 22/

 

Хохирогч Б.Батболд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө би найзтайгаа уулзчихаад гэр рүүгээ харих замдаа ах Бат-Эрдэнэтэй тааралдаад юм яриад тамхи татаад зогсож байтал хажууд хүн шээх шиг болоод амбаарын хажуугаар хартал байрны хойд талын нийтийн байрны 2 давхараас манай хашаа руу хүн шээчихсэн зогсож байсан. Тэгээд манай ах наад айлын хашаа руу шээхээ болиочээ ямар хайшаа юм бэ? гэтэл тэр шээж байсан хүн чи юу вэ. Чи наашаа ороод ирээч гэхээр нь манай ах орох гэж байтал би ахыгаа чи байж бай чи хөл муутай наадуул чинь дандаа ингэж байдаг юм би уулзая гэж хэлээд дээшээ тэдний гэр рүү ортол үүдээрээ наашаа ороод ир гээд би араас нь орсон юм. Манай хашаа руу шээж байсан Ууганбаяр гэх залуу намайг чи пизда юу вэ? гээд миний нүүр рүү шууд цохиод авсан. Тэгээд би нүүрээ бариад суутал дээрээс хэд хэдэн удаа цохиод үсдэж шал руу дараад цохиж балбаад байсан. Би жоохон өндийгөөд хартал манай ах Бат-Эрдэнэ та нар яаж байнаа болиочээ гээд хэлтэл манай ахыг Ууганбаяр гэх залуу өрөө рүүгээ чирж оруулаад манай ахыг зодож эхлээд би ахыгаа авах гээд та нар боль гээд салгах гэтэл намайг бас зодоод байсан. Би тэгээд ахыгаа арай гэж авч гарсан юм. Тэр үед манай ах ухаангүй болцон байсан юм. Би тэгээд курткийг нь сөхөөд хартал нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд би манай доор байдаг ахыгаа гүйж очиж дуудаад манай ах ирээд Бат-Эрдэнэ ахыг түргэн дуудаад аваад явсан. Намайг манай хашаа руу шээж байсан залуу бас тэнд байсан нүдний шилтэй халзан толгойтой залуу бас зодсон. Намайг яг юугаар цохьсоныг мэдэхгүй байна. Нүд хавдаад хамар руу хөндүүр нь орсон байна. Бас зүүн мөрнөөс зүрхэн тушаа хатгуулж өвдөөд байна толгой битүү хөндүүр, эгэмний доор хөндүүртэй байгаа яс нь гэмтсэн байсан, цээжний зураг авхуулах байсан авхуулж чадаагүй байгаа. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй ганц нэг эм, тариа авч уусан. Гараараа нүүр рүү цохиод байсан би хөл муутай болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Тэр хүмүүс согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан. Намайг зодсон залуучуудыг би өмнө нь харж байгаагүй. Би тэр 2 залууг одоо хараад танина. Тэр 2 залуугийн нэг нь мөрөн дээрээ том шивээстэй, баруун чихэндээ ээмэг зүүсэн байсан. Нөгөө залуу нь махлагдуу жижиг биетэй байсан. Би Бат-Эрдэнэ ахыг хутгалж байхыг хараагүй мэдээгүй байсан би тухайн үед шоконд орсон байсан би гэртээ ороод мэдсэн. Би эмчилгээний зардалаа нэхэмжилж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна” гэжээ. /1 хав 19-20/

 

Гэрт Б.Удвал мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 13-ны өглөө С.Батболд ажлаасаа бууж ирээд бид 2 гадуур ажил хөөцөлдөж явж байгаад 16:00-17:00 цагийн хооронд С.Батболд нь Дэнжийн мянга орж Ууганбаяр гэх хүнтэй уулзана гээд Дэнжийн мянга орж Ууганбаяртай уулзаад бид 3 манайх руу явсан юм. Тэгээд дэлгүүрээс 2.5 литрийн савтай 2 нийслэл пиво аваад гэрт ороод тэр 2 пивоо уугаад инээлдэж хөөрөлдөөд ажил төрлөө ярьж байгаад 00 хаана байдаг юм бэ гэхээр нь би зааж өгсөн юм. Удалгүй манай урд талын нийтийн байранд байдаг байнга архи уудаг 2 залууг дагуулаад ороод ирсэн юм. Би тэгээд яахаараа энэ 2-г дагуулаад орж ирдэг юм бэ гэхэд тэр 2 Ууганбаярыг хашааны буланд шээлээ гээд элдэв үгээр хэлсэн гэж байсан. Тэгээд тэр 2 залуу Ууганбаяр наанаа зогсож бай гээд Ууганбаяр тэр 2 залууг хүлээж байгаа уулзаад дагуулаад ороод ирсэн юм. Энэ хүн намайг лаларын банди гээд хашааруу шээлээ гэсэн гээд Ууганбаяр тэр 2 залууг манай гэрт зодсон юм. Би тэгэхэд нь боль гэхэд Батболд дуугүй сууж байгаад сүүлдээ Ууганбаяртай нийлж байгаад тэр 2 залууг паарний хажууд суулгаж байгаад зодоод байсан. Батболд бас цохиод чи надтай хамт ажилладаг дүүг доромжилдог хэн бэ? гээд өшиглөж зодоод байсан. Тэр 2 залуу согтуу байсан. Төрсөн ах дүү 2 байсан. Нэг гэзэгтэй залуу нь би энэ эгчийг сайн танина би явчийлдаа гээд байсан. Ууганбаяр би нэг дугуйланд явж байсан гээд тэр 2 залууг зодоод байсан. Би боль гээд дийлэхгүй байсан. Тэр 2 залуу сүүлдээ Ууганбаяр Батболд 2-оос айгаад миний хажууд орон дээр ирээд суусан юм. Тэгээд Ууганбаяр гарч яваад дахиад 2 нийслэл пиво авчирч тэр 4 нийлээд уусан, сүүлдээ халцгаагаад дахиж муудалцаад Ууганбаяр тэр 2 залуу дахиж паарны тэнд суугаад Батболдтой нийлж байгаад зодсон. Тэр үед цонхон дээр байсан толь хагарсан юм. Би тэр хооронд гараад өөдөөс харсан айл руу орчихоод эргээд ороод ирэхэд тэр 2 залуу орон дээр 2-уулаа сууж байсан. Би тэгээд гуталаа тайлаад араар нь орж хэвтээд одоо боль та хэд гээд эвлэр гээд хэлсэн юм. Гэзэгтэй залуугийн дүү нь намайг налсан юм би нуруунд нь гараа хүргэхэд нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд би Батболдыг та нар ингэсэн байна шдээ гэхэд тэр 4 хоорондоо эвлэрээд гараад архи уухаар гарсан юм. Тэр үед 00:00 цаг өнгөрч байсан. Би цонхоор харахад тэр 4 нөгөө 2 залуугийн гэрийн үүдэнд юм яриад зогсож байсан. Тэгээд тэр 2 залуу гэрлүүгээ орсон. Тэгээд Батболд, Ууганбаяр 2-ыг дуудах гэтэл урагшаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд би урагшаа алхаад олоогүй эргээд би гэрлүүгээ алхаж байтал нөгөө 2 залуу нийтийн байрнаас гараад гэр рүү орж байсан. ийм л юм болсон. Би гарахдаа гэрэлээ унтараагаад гарсан юм намайг эргээд ороод ирэхэд гэрэл ассан байсан гэрт хүмүүс ирсэн юм шиг байсан.

Би нэг их айхтар зодохгүй байх гэж бодож байсан. Тэр 2 бас адилхан урдаас нь зодолдоод байсан болохоор гаргаад явуулчих байх гэж бодсон юм. Тэр хоёрын хэн нь хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Ууганбаяр 00 орж биеэ засаагүй. Тэгээд тэр 2 залуу манай хашааруу шээлээ гээд уурласан байсан. Тэгээд Ууганбаяр тэр 2 залууг дагуулаад орж ирээд намайг элдэв үгээр хэллээ би ингэж элдэв үгээр хэлүүлдэггүй гээд зодсон. Батболд бид 2 дотно харьцаатай 1998 оноос хойш дотно харьцаатай байгаа. Батболд Ууганбаяр 2 согтуу байсан” гэжээ. /1 хав 23-25/

 

Гэрч С.Очирдулам мэдүүлэхдээ: “Миний хүү С.Батболд нь 1976 оны 02 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд төрсөн юм. Бага насандаа миний гараар хүмүүжиж байгаад 8 настайдаа сургуульд ороод 8 анги төгссөн юм. Сургууль төгссөнөөс хойш 2-3 жил надтай багшийн дээдийн гуанзанд хамт ажилладаг байсан юм. Уг нь хүнтэй харьцах харьцаа болон зан төлөвийн хувьд гайгүй тогтуун төлөв хүн байгаа юм аа. …Жилийн өмнө эхнэр авсан юм тэр хүнтэй хамт амьдарч байгаа. Батболд өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан” гэжээ. /1 хав 26-27/

 

Гэрч Н.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “…Н.Ууганбаяр нь миний хамгийн бага охины нөхөр нь багаа юм. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ой гаран насны нэг охинтой нэг их хүнд ноцтой ааш араншин байхгүй, их ажилласаг техникт сонирхолтой засвар үйлчилгээ хийчихдэг хэдий мэргэжил боловсрол байхгүй ч гэсэн даалгаад ажлыг маш сайн голохгүй хийдэг нь их таалагддаг юм аа. Эхнэр хүүхдээ их хайрладаг их сэтгэл гаргаж байгаа нь маш их сайхан халуун сэтгэл төрүүлдэг ийм байдалд нь их хайрладаг юм. Найз нөхөд гэх хүмүүс ирдэггүй багийн найз гэх нэг компютер янзалдаг хүүхэд байдаг юм. Ах дүү нь их эргэж тойрч байдаг. Сэлэнгээс Дарханаас талийгаач ээжийнх нь ах дүү эргэж тойрдог юм. Аавгүй өссөн юм шиг байгаа юм. Өвөө дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Ууганбаяр бидэнтэй амьдардаг юм. Өөрөө надад холбогдсон хэргийнхээ талаар хэлсэн..” гэжээ. /1 хав 28-29/

 

Гэрч Н.Амарбаяр мэдүүлэхдээ: Миний нөхөр Н.Ууганбаяр нь …ахмад хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг хүнтэй зөв харьцдаг эелдэг зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Ямар нэгэн догшин зан авир байхгүй шулуун шударга зан ааштай хүн байгаа юм. Нэг их нийлээд нөхөрлөөд байдаг хүн байхгүй ээ ихэвчлэн ажил гэр хоёрын хооронд байдаг юм багийн найзууд нь ихэнх нь гадаадад байдаг юм. …Би Н.Ууганбаяртай 2 жил хамт амьдарч байна…” гэжээ. /1 хав 30-31/

 

Гэрч Б.Удвал мэдүүлэхдээ: “...Батболд, Ууганбаяр хоёр тэр хоёр хүнийг бүлэглэж зодсон асуудал бол байхгүй ээ. Би шүүх хуралд орохдоо сандраад янз бүрийн юм ярчихсан юм. Бат-Эрдэнэ хамраа засуулах 500,000 төгрөг нэхэмжилж байна гэж байсан Бат-Эрдэнэ угаасаа тийм хамартай манай дэлгүүрээр байнга орж гардаг юм байнга архи дарс ууж зодоон нүдээн хийж байдаг юм. Дэлгүүрт гэр орныхоо хамаг юмыг барьцаанд тавьж байдаг юм. ...Батболд манайд Ууганбаярыг дагуулж ирээд нэг пиво хувааж ууж байгаад Ууганбаяр бие засах гээд гарсан тэр хооронд Батболд орон дээр гараад хэвтсэн 5-10 минутын дараа Ууганбаяр урд айлын 2 залууг дагуулж орж ирээд Ууганбаяр Батболдыг нь паарны хажууд суулгаж байгаад зодсон. Тэгээд тэр Батболд нь босч ирэнгүүдээ Ууганбаярын хүзүүнд байсан сахиусыг таслаад тэр хоёр муудалцсан. Батболд ахаа танай энэ хавийн хүмүүс намайг элдэв долоогоор хэлээд байна гээд Батболдыг дуудсан. Батболд босоод Бат-Эрдэнэтэй муудалцсан. ...Батболд, Бат-Эрдэнийг зодсон, Ууганбаяр Батболдыг зодсон...Бат-Эрдэнэ цонхон дээр байсан толь унасан. Тэр толинд зүсэгдсэн байх…” гэжээ. /1 хав 185-186/

Шинжээч эмч Б.Ундармаа мэдүүлэхдээ: “Духны хэсэгт 1.5х1.5 см хүрэн бор төв бүхий зулгаралттай, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар бага зэрэг хавдартай, нилэнхүйдээ хүрэн ягаан, хөх ногоон цус хуралттай, баруун далны дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий шархтай, шарх орчимд бага зэрэг хавдартай. Хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үзүүлэхдээ шархан дээрээ мэс заслын оёдол тавиулсан эмнэлгийн бичгэн дээр хатгагдсан шарх гэж бичсэн байсан оёдол тавьсан тохиолдолд шархыг нарийн ялгах боломжгүй боловч анх үзсэн эмчийн үзлэгээс хархад ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байхаар байсан учир дүгнэлтэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэж бичсэн. Намайг үзэхэд 2-3 хоносон байсан. Тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэжээ. /1хав 212-213/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3723 дугаартай дүгнэлтэд: 1. Бат-Эрдэнийн биед баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, баруун нүдний дотор булан, дотор зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /1 хав 33/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3841 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Батболд-н биед зүүн нүдний зовхи, зүүн мөр, зүүн даланд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-н удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /1 хав 38/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 5-7, 8-9/,

-Шүүгдэгч С.Батболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, “Хүчит цайз” ХХК-нд хамгаалагчаар ажиллаж байсан гэх тодорхойлолт, анкет /1 хав 68,73,77-79/,

-Шүүгдэгч Н.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, “Хүчит цайз” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг гэх тодорхойлолт, анкет, оршин суух хаягын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 хав 80,82,83,84,85-91/,

-Компьютер томографийн шинжилгээ, Яаралтай тусламжийн хуудас /1 хав 95,96/,

-Нийт 143,646 төгрөгийн хохирлын баримтууд /1 хав 92-94/,

            -Хохирогч Б.Бат-Эрдэнийн хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан гэх баримт /1 хав 98/,

-2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоол /1 хав 129/,

-Шүүгдэгч Н.Ууганбаярын хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хав 204-205/,

            -Гэрч Б.Удвал, хохирогч Б.Бат-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хав 209-211/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. 

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч С.Батболд нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ууганбаяртай бүлэглэн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12-160 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Бат-Эрдэнийг баруун далан тус газар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Шүүгдэгч Н.Ууганбаяр нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12-160 тоотод 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Батболдтой бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Эрдэнэ /1 хав 16-17, 22/, хохирогч Б.Батболд /1 хав 19-20/, гэрт Б.Удвал /1 хав 23-25, 185-186/, С.Очирдулам /1 хав 26-27/, Н.Пүрэвсүрэн /1 хав 28-29/, Н.Амарбаяр /1 хав 30-31/, шинжээч эмч Б.Ундармаа /1 хав 212-213/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3723 /1 хав 33/, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3841 /1 хав 38/ дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 5-7, 8-9/, шүүгдэгч С.Батболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, “Хүчит цайз” ХХК-нд хамгаалагчаар ажиллаж байсан гэх тодорхойлолт, анкет /1 хав 68, 73, 77-79/, шүүгдэгч Н.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, “Хүчит цайз” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг гэх тодорхойлолт, анкет, оршин суух хаягын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 хав 80, 82, 83, 84, 85-91/, Компьютер томографийн шинжилгээ, Яаралтай тусламжийн хуудас /1 хав 95, 96/, 143,646 төгрөгийн хохирлын баримтууд /1 хав 92-94/, хохирогч Б.Бат-Эрдэнийн хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан гэх баримт /1 хав 98/, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоол /1 хав 129/, шүүгдэгч Н.Ууганбаярын хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хав 204-205/, гэрч Б.Удвал, хохирогч Б.Бат-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хав 209-211/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Батболд, Н.Ууганбаяр нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Батболд нь Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “хохирогчийг ямар хутгаар хатгасан болох нь тогтоогдохгүй бөгөөд уг хутгыг эд мөрийн баримтаар хураагаагүй, хохирогч хэнийг хутгалсаныг нь зааж чадахгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар эх сурвалжаа зааж чадахгүй байгаагаас гадна гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Ууганбаярын: “…хохирогч Бат-Эрдэнэд би тухайн үед гар хүрээгүй…” гэх мэдүүлэг

Хохирогч Б.Бат-Эрдэнийн: “...би араас нь ороход тэр залуу манай дүүг зодож байсан …би больцгоо гээд дүүгээ аваад гарах гэтэл тэр залуус намайг зодоод нэг жижиг биетэй залуу нь намайг хойноос хутгалсан юм. Миний баруун даланд нэг удаа хутгалсан. …би хөл муутай болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм.

.. нэг нь арай залуу тэр залуу мөрөн дээрээ том шивээстэй, баруун чихэндээ ээмэг зүүсэн байсан, нөгөө нь нэг залуу нь махлагдуу жижиг биетэй байсан...” гэх мэдүүлэг /1 хав 16-17, 22/

Хохирогч Б.Батболдын: “...ахыгаа арай гэж авч гарсан юм. Тэр үед манай ах ухаангүй болцон байсан юм. Би тэгээд курткийг нь сөхөөд хартал нуруунаас нь цус гарч байсан…” гэх мэдүүлэг /1 хав 19-20/

Гэрт Б.Удвалын: “…Ууганбаяр тэр 2 залууг паарны тэнд суугаад Батболдтой нийлж байгаад зодсон. …Гэзэгтэй залуугийн дүү нь намайг налсан юм би нуруунд нь гараа хүргэхэд нуруунаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1 хав 23-25/

Гэрч Б.Удвалын: “...Батболд Бат-Эрдэнийг зодсон, Ууганбаяр Батболдыг зодсон...” гэх мэдүүлэг /1 хав 185-186/

Шинжээч эмч Б.Ундармаагийн: “…баруун далны дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий шархтай, шарх орчимд бага зэрэг хавдартай. Хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үзүүлэхдээ шархан дээрээ мэс заслын оёдол тавиулсан эмнэлгийн бичгэн дээр хатгагдсан шарх гэж бичсэн байсан оёдол тавьсан тохиолдолд шархыг нарийн ялгах боломжгүй боловч анх үзсэн эмчийн үзлэгээс хархад ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байхаар байсан учир дүгнэлтэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэж бичсэн. Намайг үзэхэд 2-3 хоносон байсан...” гэх мэдүүлэг /1хав 212-213/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3723 дугаартай: 1. Бат-Эрдэнийн биед баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх, …гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн, …үйлчлэлээр үүсгэгдэнэ…” гэх дүгнэлт /1 хав 33/ зэргээр хохирогч Б.Бат-Эрдэнийн бие махбодид үүссэн гэмтлүүдийг шүүгдэгч С.Батболд учруулсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бат-Эрдэнийн баруун даланд үүсгэгдсэн шархыг учруулсан зэвсгийн зүйлийг олж тогтоогоогүй ч хэний ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь нотлогдож байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч С.Батболд нь 27 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Ууганбаяр нь 27 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

  

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “…үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх боловч шүүгдэгч Н.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрсдийн гэм буруугаа хүлээхгүй байгаа нь тэдгээрийн гэм буруугаа гэмшсэн гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна хохирогч Б.Бат-Эрдэнэд учирсан гэм хор арилаагүй байх тул шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Сүхбаатарын Батболдыг бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаярыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 /гурван/ жил, 3 /гурван/ сарын хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар С.Батболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярыг  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч С.Батболд, Н.Ууганбаяр нарын тус бүрийн цагдан хоригдсон 27 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Батболд 200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, нэхэмжилэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.Бат-Эрдэнийн хамрын эмчилгээний зардал болох 500.000 төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж, уг эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч С.Батболд, Н.Ууганбаяр нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Батболд, Н.Ууганбаяр нарыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

 ШҮҮГЧИД                                                                       Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ