Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

Н.Ууганбаяр, С.Батболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

ялтан Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Ууганбаяр, С.Батболд, тэдгээрийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Ууганбаяр, С.Батболд нарт холбогдох 2016 2602 0913 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Боржигон овогт Сүхбаатарын Батболд, 1976 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1-8 тоотод оршин суух,

2004 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, /РД:ЧМ76021271/,

2.Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаяр, 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит цайз” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 9 сараас, 2 насны хоёр хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 7-170б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:МА92083011/;

С.Батболд нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ууганбаяртай бүлэглэж, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12-160 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Бат-Эрдэнэ, Б.Батболд нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, Б.Бат-Эрдэнийг баруун далан тус газар хутгалж бие махбодид “баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Н.Ууганбаяр нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12-160 тоотод 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Батболдтой бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Бат-Эрдэнэ, Б.Батболд нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт, Н.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Сүхбаатарын Батболдыг бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаярыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Боржигон овогт Сүхбаатарын Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Сахалгууд овогт Нэргүйн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 /гурван/ жил, 3 /гурван/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар С.Батболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярт  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч С.Батболд, Н.Ууганбаяр нарын тус бүр цагдан хоригдсон 27 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцохоор, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Батболдод 200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч Б.Бат-Эрдэнийн хамрын эмчилгээний зардал болох 500.000 төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж, уг эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, С.Батболд, Н.Ууганбаяр нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ. 

Ялтан С.Батболд давж заалдах гомдолдоо: “...2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн Зүүн нарангийн 12-160 тоотод найз Удвалынд Ууганбаяр бид 2 дэлгүүрээс нэг том пиво авч очсон. Ууганбаяр Удвалаас 00 асуухад болохгүй байх гэсэн.Тэгээд Ууганбаяр гараад ирэхдээ Батболд гэх залуутай хамт орж ирсэн. Ууганбаяр надад энэ хүмүүс уурлаж хараагаад байна гэсэн. Тэгтэл араас нь Бат-Эрдэнэ гэх залуу орж ирж хэрүүл гаргасан. Тэгээд би босоод юу болоод байгаа юм бэ гэхэд Бат-Эрдэнэ гэх залуу нь пиздаа хөгшин минь гэж харааж над руу дайрсан тэгэхлээр нь би түлхэхэд цонхон дээр байсан том толь унаж дээр нь Бат-Эрдэнэ унасан. Би дээрээс нь хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн, тэгээд гэрийн эзэн Удвал гарцгаа хамаг юм эвдэллээ гэсэн. Гарч бид 4 пиво ууж эвлэрч салсан, Бат-Эрдэнийг хохироосондоо маш их гэмшиж байна...” гэжээ.

Ялтан Н.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд амьдралын төлөө үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөдөг жирийн нэгэн өрхийн тэргүүн билээ. Миний бие гэнэн томоогүй зан, өөрийн бодлогoгүй, болчимгүй үйлдлээсээ болж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэлдээ туйлын ихээр харамсаж байна. Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байгаагийн илэрхийлэл болгож хохирогчийн эмчилгээний зардал болох мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулсан ба хохирогч цаашдаа надад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ амаар болон бичгээр өгсөн. Миний том хүүхэд хоёр настай, бага хүүхэд есөн сартай нярай, эхнэр минь бага насны хоёр хүүхдээ хараад өнөөдрийн байдлаар ажилгүй, гэртээ байдаг. Эхнэр, хоёр хүүхдээ тэжээхийн тулд ажиллаж хөдөлмөрлөдөг цорын ганц хүн нь би билээ. Иймд дээрх нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, миний урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хийсэн хэрэгтээ туйлын ихээр харамсаж байгаа, мөн хоёрын хоёр нялх хүүхдийн минь харж үлдсэн ажилгүй, хөхүүл биетэй эхнэрийг минь бодолцож надад оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялаас хөнгөрүүлж хорихоос өөрөөр өөрчлөн шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Ялтан Н.Ууганбаяр, С.Батболд нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд “Ууганбаяр нь С.Батболдтой бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэгээр нотлогдсон” гэж дүгнэсэн хэрнээ тогтоох хэсэгт “өөрсдийн гэм буруугаа хүлээхгүй байгаа нь тэдгээрийн гэм буруугаа гэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн явдал нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээсэн явдлыг үгүйсгэж гаргасан шийдвэр хэмээн үзэж байна. Шүүгдэгч Ууганбаярын хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх бүх нөхцлийг хангасан гэж үзэж байна.

Иймээс Н.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү. Мөн С.Батболдын хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Ялтан Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан нарын болон өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч Х.Сэргэлэнбат “ээжийн хөл хугарсан тул очиж чадахгүй боллоо. Намайг төлөөлж шүүх хуралдаанд оролцоорой” гэж надад хэлсэн тул би С.Батболдын эрх зүйн байдлын хувьд тайлбар хэлж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлаж мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ял эдлэх дэглэмийг тогтоосон. Хохирогчийн “хохирол барагдуулсан, гомдол саналгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ баримт болон шүүгдэгчийн хоёр хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааа зэргийг анхаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Бат-Эрдэнэ, Батболд, гэрч Удвал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тухайн гэмт хэргийг Н.Ууганбаяр, С.Батболд нар үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308  дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зөвхөн ялтан С.Батболд, Н.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан С.Батболд нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялтан Н.Ууганбаяртай бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хохирогч Б.Бат-Эрдэнэ, Б.Батболд нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, ялтан С.Батболд нь Б.Бат-Эрдэнийн баруун далан тус газар хутгалснаас түүний бие махбодид “баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл, Б.Батболдын биед “зүүн нүдний зовхи, зүүн мөр, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Н.Ууганбаяр нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Батболдтой бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Батболд, Б.Бат-Эрдэнэ нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож Б,Батболдын бие махбодид “зүүн нүдний зовхи, зүүн мөр, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, Б,Бат-Эрдэнийн бие махбодид “...зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал”  бүхий хөнгөн гэмтэл тус тус  учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Н.Ууганбаяр, мөрдөн байцаалтад ялтан С.Батболд, хохирогч Б.Батболд, Б.Бат-Эрдэнэ, гэрч Б.Удвал нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3723, 3841 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан С.Батболд, Н.Ууганбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Н.Ууганбаярын: “…Гэмт хэрэгт холбогдсондоо, хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байгаагийн илэрхийлэл болгож хохирогчийн эмчилгээний зардал болох мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогч цаашдаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ амаар болон бичгээр өгсөн. ... дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хоёр нялх хүүхдийн минь харж үлдсэн ажилгүй, хөхүүл биетэй эхнэрийг минь бодолцож надад оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялаас хөнгөрүүлж хорихоос өөрөөр ялаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү...”,

Ялтан С.Батболдын: “...Ууганбаяр энэ хүмүүс уурлаж хараагаад байна гэсэн. Тэгтэл араас нь Бат-Эрдэнэ гэх залуу ирээд хэрүүл хийсэн. Тэгээд би босоод юу болоод байгаа юм бэ гэхэд Бат-Эрдэнэ гэх залуу над руу хараал хэлж дайрсан. Тэгэхлээр нь би түлхэхэд цонхон дээр байсан том толь унаж дээр нь Бат-Эрдэнэ унасан. Би дээрээс нь хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн, тэгээд гэрийн эзэн Удвал гарцгаа хамаг юм эвдэлээ гэсэн. Б.Бат-Эрдэнийг хохироосондоо маш их гэмшиж байна...”,

Ялтан нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын: “...Шүүгдэгч Ууганбаярын хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх бүх нөхцлийг хангасан гэж үзэж байна. Иймээс Н.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү. Мөн С.Батболдын хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Н.Ууганбаяр /1хх-56-58, 65-67/, мөрдөн байцаалтад ялтан С.Батболд /1хх-53-54, 61-62/, хохирогч Б.Батболд /1хх-19-20, 21/, Б.Бат-Эрдэнэ /1хх-16-17/, гэрч Б.Удвал /1хх-23-25/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3723, 3841 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-33, 38/, шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэл /1хх-212/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-9/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ялтан С.Батболд нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хохирогч Б.Бат-Эрдэнийн баруун далан тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, ялтан Н.Ууганбаяр нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Батболдыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан байна.

Ялтан С.Батболд нь хорих ял оногдуулж болох гэмт хэргийг, Н.Ууганбаяр нь хүндэвтэр гэмт хэргийг тус тус анх удаа үйлдсэн, хэргийг давж заалдах шатны журмаар хянагдах хугацаанд хохирогчдын эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Б.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар “...миний бие болон дүү Б.Батболд нар гомдол саналгүй, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн онцгой нөхцөл байдал болон ялтан нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар зэргийг харгалзан ялтан С.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ялтан Н.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан С.Батболд, Н.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын давж заалдах гомдлуудыг хангаж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.