Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/00025

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/00025

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: У.Б

            Хариуцагч: Ж.Д

            Хариуцагч: Д.П

3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Б , хариуцагч Ж.Д , гэрч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие нь иргэн Д.П , Ж.Д нарын хүсэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөгөө бэлнээр зээлдүүлсэн билээ. Ингээд 2 сарын дараа надад өөрт мөнгө хэрэг болоод мөнгөө нэхтэл түр аргалж бай, сонгууль өнгөрөөд өгье гэсэн. Тиймээс би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 6-1 дүгээр байранд байдаг барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн манан хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга барьцаалж байгаад 2 500 000 төгрөг зээлдэн авсан. Үүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрөөд байгаа боловч намайг маш олон удаа чирэгдүүлж өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж явсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд энэ 2 иргэн барьцааны хүү болох 525 000 төгрөгийг л ломбарданд тушааснаас өөр өр барагдуулах арга хэмжээ аваагүй маш хойрго хандаж намайг чирэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 2 500 000 төгрөг ломбардны хүү 700 000 төгрөг болоод байна. Цаашид энэ мөнгөн дээр нэмэгдээд ломбардны хүү /1хоног тутамд/ 0.4 хувиар бодогдож алданги тооцогдож байгаа юм байна. Эдгээр иргэд нь “АМ ” ХХК-д жолооч, кондуктор хийж нийтийн тээврийн үйлчилгээнд 6-1 дүгээр байрнаас Хабитатын эцэс чиглэлд үйлчилгээ эрхэлдэг *** ОРО дугаартай Istana маркийн авто машинтай юм. Ажил хөдөлмөр эрхэлдэг нас тогтсон хүмүүс мөртлөө ингэж иргэн хүнийг чирэгдүүлж, худал үнэн ярьж яваад нь иргэн би гомдолтой байна. Иймд миний хүсэлт болон гомдлыг хүлээн авч иргэн Д.П , Ж.Д нараас зээлийн төлбөр болох 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж. Д , Д.П нараас 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч уг шаардлагаа өөрчилж үндсэн төлбөр болох 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие У.Б аас мөнгө авахад нь очоогүй, мэдээ ч үгүй би мөнгө аваагүй. Намайг шугаманд явж байхад мөнгө нэхэж ирэхэд нь мэдсэн. Шугаманд явж байхад хэдэн удаа согтуу ирж дарамталсан. Тэгээд Д г биеэ эмчлүүлэх гэж хот явсан хойгуур би картнаасаа 200 000 төгрөг өгсөн. Бусдыг нь авгай бага багаар өгсөн. Сүүлд нь гэрт очиж өөрөө 500 000 төгрөг авсан. 1 500 000 төгрөг төлсөн. Өөр тооцоо байхгүй ломбард гэж худлаа яриад байгаа юм гэв.

Хариуцагч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Д 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр У.Б аас мөнгөний хэрэгцээ гараад 1 500 000 төгрөг зээлж авсан тэр үед У.Б надад 1 700 000 төгрөг өгөөд 200 000 төгрөгийг нь хүү гээд буцааж аваад л 1 500 000 төгрөг өгсөн. Уг 1 500 000 төгрөгийг нь тэр дор нь төлж чадаагүй боловч цувуулаад 1 500 000 төгрөгийг төлсөн. Тэрнээс У.Б аас би 2 500 000 төгрөг аваагүй. Б өөрөө ломбарднаас мөнгө авсан аваагүйг нь би мэдэхгүй. Яагаад 1 500 000 төгрөг өгчихөөд 2 500 000 төгрөг гээд байгааг ойлгохгүй байна. Надад өгөөгүй мөнгө нэмж бичсэн байна. Тэр үед хүү гээд өгсөн өдрөө 200 000 төгрөгийг буцаагаад авсан. Би Б д 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү 200 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 150 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 80 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 40 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 60 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 125 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10 000 төгрөг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 55 000 төгрөг гээд авсан 1 500 000 төгрөгийг төлж өгсөн. Тэрнээс би ерөөсөө 2 500 000 төгрөг аваагүй. Авсан 1 500 000 төгрөгөө 200 000 төгрөгний хүүтэй төлсөн. Надад өөр тооцоо байхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч У.Б хариуцагч Д.П , Ж.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үндсэн мөнгө болох 1 500 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.П , Ж.Д нар нь 1 500 000 төгрөгийг өдрийн 25 000 төгрөгийн хүүтэйгээр надаас зээлж авсан юм. Би уг мөнгийг Э гаас авч өгсөн бөгөөд тэрээр мөнгөө нэхэхэд ломбарднаас өөрийн эд зүйлээ барьцаалж хүүтэй нь 2 500 000 төгрөг болгон 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э д өгсөн.  Хариуцагч нар авсан мөнгөө өгөхгүй байсан тул Э намайг цагдаад өгнө гэсэн, өөрөө ч Д тэй уулзаж утсаар байнга мөнгөө нэхэж байсан. Хариуцагч нар надад мөнгө өгөөгүй, хариу тайлбар шүүхэд мэдүүлж байгаа мэдүүлэг нь зөрүүтэй байгаа тул анх өгсөн 1 500 000 төгрөгөө гаргуулан авна. 500 000 төгрөгийг ломбардад тушаасан болохоос надад өгөөгүй гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Анх У.Б нь 1 700 000 төгрөг авчирч хүү гээд 200 000 төгрөгөө аваад 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгийг Д миний бие увуулж цувуулж, П картнаасаа 200 000 төгрөгийг өгч төлөөд дууссан учир дахин мөнгө өгөх үндэслэлгүй. Бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. П бол энэ мөнгийг авсныг мэдээ ч үгүй нэхээд ирэх үед нь харин 200 000 төгрөг төлсөн.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Ж.Д д 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 700 000 төгрөгийг зээлдүүлэхдээ 200 000 төгрөгийг хүү гэж урьдчилан авч бэлнээр   1 500 000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Талууд 1 500 000 төгрөг бэлэн өгсөн хийгээд авсан талаар маргаагүй. Харин Д.П нь уг мөнгийг аваагүй, Ж.Д төлөөд дууссан учир төлөх төлбөргүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээх учир нэхэмжлэгч  У.Б нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Д У.Б авсан 1 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цувуулж төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Д.П нь тухайн өдөр нэхэмжлэгчээс мөнгө авахад байгаагүй болохыг зохигчид хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Д.П гээс мөнгө гаргуулах нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Ж.Д гээс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б д олгож, хариуцагч Д.П д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 66 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д гээс 38 950 төгрөг гаргуулан У.Б д олгохоор шийдвэрлэв.

 

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д гээс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б д олгож, хариуцагч Д.П д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.Д гээс 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ