Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00048

 

 

                                      У.Батсайханы нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00025 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч У.Батсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Дуламсүрэн, Д.Пүрэвсүрэн нарт холбогдох

“3.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Батсайхан, хариуцагч Ж.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч У.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь иргэн Д.Пүрэвсүрэн, Ж.Дуламсүрэн нарын хүсэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөгөө бэлнээр зээлдүүлсэн. Ингээд 2 сарын дараа надад өөрт мөнгө хэрэг болоод мөнгөө нэхтэл түр аргалж бай, сонгууль өнгөрөөд өгье гэсэн. Тиймээс би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 6-1 дүгээр байранд байдаг барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн манан хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга барьцаалж байгаад 2 500 000 төгрөг зээлдэн авсан. Үүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрөөд өдий хүрсэн. Энэ хугацаанд энэ 2 иргэн барьцааны хүү болох 525 000 төгрөгийг л ломбарданд тушааснаас өөр өр барагдуулах арга хэмжээ аваагүй маш хойрго хандаж намайг чирэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 2 500 000 төгрөг ломбардны хүү 700 000 төгрөг болоод байна. Цаашид энэ мөнгөн дээр нэмэгдээд ломбардны хүү /1хоног тутамд/ 0.4 хувиар бодогдож алданги тооцогдож байгаа юм байна. Иймд миний хүсэлт болон гомдлыг хүлээн авч иргэн Д.Пүрэвсүрэн, Ж.Дуламсүрэн нараас зээлийн төлбөр болох 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж. Дуламсүрэн, Д.Пүрэвсүрэн нараас 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч уг шаардлагаа өөрчилж үндсэн төлбөр болох 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие У.Батсайханаас мөнгө авахад нь очоогүй, мэдээ ч үгүй би мөнгө аваагүй. Намайг шугаманд явж байхад мөнгө нэхэж ирэхэд нь мэдсэн. Шугаманд явж байхад хэдэн удаа согтуу ирж дарамталсан. Тэгээд Дуламсүрэнг биеэ эмчлүүлэх гэж хот явсан хойгуур би картнаасаа 200 000 төгрөг өгсөн. Бусдыг нь авгай бага багаар өгсөн. Сүүлд нь гэрт очиж өөрөө 500 000 төгрөг авсан. 1 500 000 төгрөг төлсөн. Өөр тооцоо байхгүй ломбард гэж худлаа яриад байгаа юм гэжээ.

Хариуцагч Ж.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Дуламсүрэн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр У.Батсайханаас мөнгөний хэрэгцээ гараад 1 500 000 төгрөг зээлж авсан тэр үед У.Батсайхан надад 1 700 000 төгрөг өгөөд 200 000 төгрөгийг нь хүү гээд буцааж аваад л 1 500 000 төгрөг өгсөн. Уг 1 500 000 төгрөгийг нь тэр дор нь төлж чадаагүй боловч цувуулаад 1 500 000 төгрөгийг төлсөн. Тэрнээс У.Батсайханаас би 2 500 000 төгрөг аваагүй. Батсайхан өөрөө ломбарднаас мөнгө авсан аваагүйг нь би мэдэхгүй. Яагаад 1 500 000 төгрөг өгчихөөд 2 500 000 төгрөг гээд байгааг ойлгохгүй байна. Надад өгөөгүй мөнгө нэмж бичсэн байна. Тэр үед хүү гээд өгсөн өдрөө 200 000 төгрөгийг буцаагаад авсан. Би Батсайханд 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү 200 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 150 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 80 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 40 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 60 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 125 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10 000 төгрөг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 55 000 төгрөг гээд авсан 1 500 000 төгрөгийг төлж өгсөн. Тэрнээс би ерөөсөө 2 500 000 төгрөг аваагүй. Авсан 1 500 000 төгрөгөө 200 000 төгрөгний хүүтэй төлсөн. Надад өөр тооцоо байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00025 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Дуламсүрэнгээс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Батсайханд олгож, хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.Дуламсүрэнгээс 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Батсайханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Дуламсүрэн давж заалдсан гомдолдоо: Батсайхан бид 2 ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, ямар нэгэн хүү тооцно гэж тохироогүй мөртлөө өнөөдөр надаас 25 хувь хүүтэй гээд мөнгө нэхээд байгааг би гайхаж байна. Ямар ч байсан авсан мөнгөө анхан шатны шүүхэд мэдүүлснээр цувуулаад төлж дуусгасан. Батсайхан мөнгөө цувуулж аваад байсан, би юм саналгүй ямар нэгэн баримт гэлтгүй мөнгөө өгөөд л байсан. Гэтэл өнөөдөр тэр мөнгөө дахин авна гээд 1.500.000 төгрөг төлүүлэх болсныг эс зөвшөөрч байна. Батсайханы нэхэмжлэлд 550.000 төгрөгийг авсан гэж бичсэн байхад анхан шатны шүүх хасаж өгсөнгүй. Иймд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч У.Батсайхан нь хариуцагч Д.Пүрэвсүрэн, Ж.Дуламсүрэн нараас зээлийн гэрээний дагуу 3.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.500.000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч У.Батсайхан нь 2016.04.11-ний өдөр хариуцагч Ж.Дуламсүрэнд 1.500.000 төгрөг зээлдүүлсэн байх ба зохигчдын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй амаар тохиролцон өгч авалцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч У.Батсайхан нь Ж.Дуламсүрэн, Д.Пүрэвсүрэн нар мөнгө зээлж авсан гэх үндэслэлээр хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч Д.Пүрэвсүрэн нь 1.500.000 төгрөг зээлж авахад оролцсон болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч түүнийг зээлж авсныг нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн Д.Пүрэвсүрэнгээс мөнгө гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч Ж.Дуламсүрэн нь Э.Батсайханаас авсан 1.500.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бага багаар цувуулж өгөөд дуусгасан гэж мэтгэлцэж байгаа боловч татгалзсан тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй хуулинд заасан үүргээ биелүүлээгүй байна. Энэ үндэслэлээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ж.Дуламсүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын  дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Ж.Дуламсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ