Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2017/00728

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2017/00728

         Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, “Т ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, “Г” ХХК /рд:…/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х овогт Д-ийн М /рд:.../ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 441.658.556,97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр .. дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, Г ХХК болон Д.Мнарт 370.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Зээлдэгч нар нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нар нь БНХАУ-ын Эрээн хотын Цэгээ соёлын уламжлан тархаах бүтээн байгуулалтын хүрээнд хийх ажлын захиалгыг хийж гүйцэтгэхэд зарцуулна гэж авсан ба тус улсын иргэдэд залилуулсан гэх тайлбар өгч байгаа боловч баримтаар баталгаажихгүй байна. Иймд хариуцагч Г-У ХХК, Д.Мнартай байгуулсан гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 369.999.989 төгрөг, хүүгийн төлбөрт 69.580.271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.078.295 төгрөг, нийт 441.658.556 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд дурдагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г-У ХХК, Д.Мнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

 

Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 386.384.971 төгрөгийг зөвшөөрч, 55.273.586 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Т ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлсэн ба хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Бминий бие өөрийн биеэр Т ХХК дээр очиж гардан авсан. Энэ үедээ гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаараа хэлж, зээлийн хүүг зогсоохыг хүссэн, Улмаар Г-У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүү гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй талаараа дурдаж хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэх, хүү зогсоолгох хүсэлтийг бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй ба шүүхэд хандалгүй өдийг хүрсэн. Т ХХК нь гэрээг цуцлаж, иргэний шүүхэд хандан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй цаг хугацаа алдсан нь санамсаргүй зүйл биш гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.1.9, 6.2.1-д зээлийн эргэн төлөлөтийн хуваарийг зөрчвөл гэрээг цуцлахаар заасан байна. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээл эргэн төлөгдөх боломжгүй, найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Гэвч Т ХХК нь энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс гарсан үр дагаварыг Г-У ХХК болон Д.Мнар хариуцах ёсгүй. Иймд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлагдсан гэж үзэж, Т2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэлд дурдсан зээлийн хүү 16.324.602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.369 төгрөг, мөн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 369.999.989 төгрөг, нийт 386. 384.971 төгрөгийг төлөх боломжтой гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 65 дугаар зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 369.999.989 төгрөг, хүүгийн төлбөрт 69.580.271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.078.295 төгрөг, нийт 441.658.556 төгрөгийг хариуцагч нараас шаардаж, барьцаа хөрөнгүүдээр шаардлагаа хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

          Хариуцагч Г-У ХХК болон Д.Мнар нь зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан гэж үзэж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх үндсэн зээл 369.999.989 төгрөг, хүүгийн төлбөрт 16.324.602 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 60.369 төгрөг, нийт 386.384.971 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

          Талууд 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 65 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 370.000.000 төгрөгийг сарын 2.2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцосон, мөн өдөртөө Г-У ХХК болон Д.Мнартай барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201..., Ү-2201..., Ү-2206..., Ү-220.. дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 23/8.. 186373... дугаартай газрыг эзэмших эрхийг тус тус барьцаалж, барьцааны эрхийг Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Газарын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар эрх бүхий байгууллагуудад бүртгүүлжээ. /хх 7-12, 38 дугаар тал/

       Зохигчид гэрээ цуцлагдсан эсэх, хэзээ цуцлагдсан гэж үзэх талаар санал зөрж, улмаар энэ үндэслэлээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаагаар тооцох талаар маргасан ба зээлийн дүн, төлөлт, хуваарь болон бусад асуудлаар маргаагүй.

       Хариуцагч нар нь ажил хэргийн түншдээ залилуулсан гэх шалтгааныг гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзсэн, түүнчлэн энэ тохиолдолд зээлдүүлэгч Т ХХК гэрээг цуцлах үүрэгтэй гэх боловч зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны энэ эрсдэл нь гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэлд тооцогдохгүй ба талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор энэ тохиолдолд зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгосноос бус гэрээг цуцлах үүрэг хүлээлгээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Т ХХК нь үүргийн зөрчил гаргаагүй нөхцөлд, эсхүл харилцан тохиролцоогүй бол зээлдэгч Г-У ХХК, Д.Мнар нь гэрээг цуцлах эрхгүй юм.

Харин гэрээний аль нэг тал нь нөгөө талын үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээг дангаар цуцлах, эсхүл хэлцлийн үндсэн дээр буюу “харилцан тохиролцсоны үндсэн дээр”, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээг цуцлах эрхтэй ба энэ тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэл, эсхүл хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

       Хариуцагч тал, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг Т ХХК хүлээн авсан гэх үндэслэлээр /харилцан тохиролцсоны үндсэн дээр/, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээ цуцлагдсан гэх боловч уг хугацаанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд гэрээг цуцлах хүсэлтээ зээлдэгч бичгээр дахин мэдэгдэж байсан байх тул 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг цуцлах тухай зээлдэгчийн саналыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар, зээлдүүлэгч Т ХХК хүлээж авсан гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй байна. Иймд талуудыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг энэ үед цуцласан гэж үзэх боломжгүй юм. /хх 20-21 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч Т ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, гэрээг цуцлах боломжтой талаар хариуцагч нарт мэдэгдэж, улмаар хариуцагч нь гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр гаргасныг Т ХХК хүлээн авсан хэмээн тайлбарлаж байх тул энэ үеэс талууд Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцласан гэж үзнэ. / хх- 87 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 3, 5 дугаар нүүр /

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3-т зааснаар, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээнээс татгалзах эрхээ хамтран хэрэгжүүлэхээр хуульчилсан, зээлдэгч Д.Мартын гэрээнээс татгалзах тухай хүсэлт хэрэгт байхгүй боловч Т ХХК нь 2016 оны “7 дугаар сарын 21” /он сар тавигдаагүй байх боловч мэдэгдэл дэх агуулгаас үзвэл 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэж үзэхээр байна./-ний өдрийн “Мэдэгдэл” баримтыг дан ганц “Г-У ХХК-д” хүргүүлсэн байх тул Г-У ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М-ыг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанаас хойшхи харилцаанд төлөөлж байсан гэж үзэх боломжтойгоос гадна хариуцагч Д.Мнь уг харилцаанд Г-У ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан талаар маргаагүй.

Дээр дурдсан үндэслэsлээр, Т ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцлах санал гаргасан, саналыг Г-У ХХК, Д.Мнар хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 369.999.989 төгрөг, зээлийн хүү 54.058.514 төгрөг /1 хоногийн хүү 267.616 төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 1.190.801 төгрөг, нийт 425.249.304 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г-У ХХК, Д.Мнараас 425.249.304 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16.409.252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 164 дүгээр зүйлийн 164.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн  орон сууц, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн орон сууц, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Удирдлагын академи ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-22060... дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Өнөр хороолол, ... тоот хаягт байрлах, 84 м.кв талбай бүхий, нэгж талбарын 23/8.. 186373... дугаартай газрын эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.366.481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-У ХХК, Д.Мнараас 2.284.196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР