Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01169

 

Т Б ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1149 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т Б ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г Н У”ХХК, Д.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 441 658 556, 97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Т Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т Б ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 65 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, Ган нүүдэлчин ХХК болон Д.М нарт 370.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Зээлдэгч нар нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нар нь БНХАУ-ын Эрээн хотын Цэгээ соёлын уламжлан тархаах бүтээн байгуулалтын хүрээнд хийх ажлын захиалгыг хийж гүйцэтгэхэд зарцуулна гэж авсан ба тус улсын иргэдэд залилуулсан гэх тайлбар өгч байгаа боловч баримтаар баталгаажихгүй байна. Иймд хариуцагч “Г Н У”ХХК, Д.М нартай байгуулсан гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 369.999.989 төгрөг, хүүгийн төлбөрт 69.580.271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.078.295 төгрөг, нийт 441.658.556 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд дурдагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г Н У”ХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 386.384.971 төгрөгийг зөвшөөрч, 55.273.586 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Т Б ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлсэн ба хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Баяраа миний бие өөрийн биеэр Т Б ХХК дээр очиж гардан авсан. Энэ үедээ гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаараа хэлж, зээлийн хүүг зогсоохыг хүссэн, Улмаар “Г Н У”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүү гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй талаараа дурдаж хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэх, хүү зогсоолгох хүсэлтийг бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй ба шүүхэд хандалгүй өдийг хүрсэн. Т Б ХХК нь гэрээг цуцлаж, иргэний шүүхэд хандан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй цаг хугацаа алдсан нь санамсаргүй зүйл биш гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.1.9, 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчвөл гэрээг цуцлахаар заасан байна. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээл эргэн төлөгдөх боломжгүй, найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Гэвч Т Б ХХК нь энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс гарсан үр дагаварыг “Г Н У”ХХК болон Д.М нар хариуцах ёсгүй. Иймд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлагдсан гэж үзэж, Т Бны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэлд дурдсан зээлийн хүү 16.324.602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.369 төгрөг, мөн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 369.999.989 төгрөг, нийт 386. 384.971 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г Н У”ХХК, Д.М нараас 425.249.304 төгрөгийг гаргуулан Т Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16.409.252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 164 дүгээр зүйлийн 164.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 342 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008738 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000908 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи 50 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-2206006000 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаарт бүртгэгдсэн, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, 84 м.кв талбай бүхий, нэгж талбарын 23/8590 18637310658811 дугаартай газрын эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.366.481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Н У”ХХК, Д.М нараас 2.284.196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 1149 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 996,26, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 33 129 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т Б 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 тоот зээлийн болон барьцааны гэрээг “Г Н У”ХХК-ний хувь эзэмшигчид болох МУ-ын иргэн Э.Ган-Эрдэнэ, Д.М нартай байгуулан 370,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 2,2 хувийн /жилийн 26,4 хувь/ хүүтэйгээр олгосон. Компани нь хоёр гишүүнтэй гэр бүлийн компани бөгөөд Э.Ган-Эрдэнэ компаний хувьцааны 50 хувийг, Д.М хувьцааны үлдэх 50 хувийг тус тус эзэмшдэг. Хариуцагчид зээлийг БНХАУ-ын Эрээн хотын Цэгээ соёлын уламжлан тархаах бүтээн байгуулалтын хүрээлэнд хийх захиалгын ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан гэх ба Хятад улсын иргэдэд залилуулсан гэдэг тайлбар өгч байгаа нь баримтаар баталгааждаггүй юм. Зээл авсанаасаа хойш компаний эзэд уулзах, утсаа авах зэргээр огт харьцахаа больсон. Ийм ч учраас банк асуудлыг шийдүүлэхээр 2017 оны 1-р сард СХД-ийн ИХАШШүүхэд хандсан. Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дахь заалтны “...нэхэмжлэлээс 16.409.252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалын хянах хэсгийн “Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ”, Тогтоох хэсгийн тоот шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:

1.Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгогдсоноос бус гэрээг цуцлах үүрэг хүлээлгээгүй. Гэрээ цуцлах үндэслэл шалтгаан ноцтой байх ёстой байдаг. Энэ нь 2 талтай бөгөөд талуудын аль нэгэнд гэрээний давуу нөхцөл олгоогүйгээс гадна зээлдэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн, хамгаалсан байдаг. Мөн эрх олгогдсоноор шууд гэрээг цуцлах боломжгүй зөвхөн санал гаргаад шүүхэд хандаад явдаг. Шүүхээр гэрээ цуцлуулдаг практик ач холбогдол нь хүү, нэмэгдүүлэн хүү зогсохоос гадна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээгддэг. Гэрээнд дурдагдсан цуцлах үндэслэл бол гэрээнээс татгалзах нөхцлийг талууд тохирсон хэлбэр болохоос гэрээг цуцлах болзол биш. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрх олгогдсоны дагуу шүүхэд хандсан.

2. Харилцан тохиролцож гэрээг цуцлах боломжийн талаар шүүх үндэслэх хэсэгтээ “... харин нэхэмжлэгч Т Б ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцлах боломжтой талаар хариуцагч нарт мэдэгдэж улмаар хариуцагч нь гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр гаргасныг Т Б ХХК хүлээн авсан хэмээн тайлбарлаж байх тул энэ үеэс талууд ИХ-ийн 205-р зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцалсан гэж үзнэ гэжээ. Гэтэл мэтгэлцээний явцад шүүх нэхэмжлэгчийн тайлбарт хайхрамжгүй хандсан байдаг. Хариуцсан ажилтан асуудлыг шүүхэд хандаж гэрээ цуцлах боломжтой талаар зээлдэгчид мэдэгдсэн /мэдэгдсэн гэдэг нь амаар хэлсэн, харилцан ярилцах явцад/ болохоос шууд цуцлая гэсэн санааг ерөөсөө ч илэрхийлээгүй бөгөөд тийм эрх ч тухайн ажилтанд байдаггүй. Зээлдэгч талын хүсэлтийг харсан ч банкыг шүүхэд хандаач ээ гэсэн л үг өгүүлбэр явдаг. Зээл авах, төлүүлэх, зөрчил арилгуулах г.м энэхүү санхүүгийн үйлчилгээ үзүүлэх процесс шат дараалалтай хууль, журмын хүрээнд явагддаг бөгөөд зээлдэгчтэй уулзалт хийж хүсэлт саналыг нь хүлээн авах нь процесын нэг л хэлбэр төдий болохоос эцсийн шийдвэрийг гаргасан гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр банкыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй шийдвэр гаргадаг субьект нь гагцхүү банкны гүйцэтгэх захирал байдаг. Харин асуудлыг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтнүүд саналаа боловсруулан танилцуулж чиглэл аван ажилладаг. ТАХ-ийн мэргэжилтэн маргаантай энэ асуудлаар Шүүхэд төлөөлөх бүрэн эрхээ ГЗ-аас олгосон итгэмжлэл авсан өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ерөөсөө талууд Шүүхээр асуудлаа шийдүүлье гэдэг дээр санал нэгдсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Зээлж авсан мөнгөн хөрөнгийн ашиглалт үргэлжилж байгаа энэ тохиолдолд хуулийн /ИХ-ийн 40,1, 205,1/ тохирохгүй заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. /хүсэл зоригоо илэрхийлэх талууд нь нэг талаас зээлдэгч нөгөө талаас Т Бны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирал/ Угтаа бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бүрэн зохицуулагдаж болохоор байдаг. /ИХ-ийн 451,3/

3.Улмаар дээр дурдагдсан харилцан тохиролцож цуцлах боломжийн талаар Шүүх үндэслэхдээ "Т Б ХХК нь гэрээг цуцлах санал гаргасан гээд уг саналыг “Г Н У”ХХК нь хүлээн авсан байх тул нэхэмжлэгч 2016 оны 12-р сарьш 07-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм” гэжээ. Гэтэл процес дээрхийн яг эсрэг байдлаар явагдсан бөгөөд Зээлдэгчийн төлөөлөгчийн Т Бны Тусгай активын хэлтэст гаргасан хүсэлтийн хүрээнд явагдсан. Харин ТАХэлтэс, зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд шат дараалсан арга хэмжээг хуулийн хүрээнд авахаа илэрхийлэхээс гадна гэрээг цуцлах ноцтой байдал, бодитой үйл баримт үүссэнээ баримтжуулах, компаний удирдлагуудтай уулзах шаардлагыг тавьж байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал “Г Н У”ХХК зээл авсан, гурван сар үндсэн хүү төлсөн, төлөлтийг 4 дахь сараас эхлэн зогсоосон, компанийн эзэд нь уулзахаа больсон, санхүүгийн асуудлыг өөр арга хэрэгсэлээр шийдэхийг оролдох болсон, нотлох баримтгүйгээр хүндрэлүүд тоочсон зэрэг нь харагддаг ба АШШүүх нотлох баримт, төлөөлөх эрх хэмжээ, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг дутуу, буруу үнэлсэн гэж үзэж байгаа юм. Мөн Нийслэлийн Шүүх энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэстэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 16.409.252 төгрөгийг хариуцагч талаар гаргуулан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол улсын иргэний хуулийн 453.1. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, хэмээн заасан байдаг. Т Б, “Г Н У”ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 65 тоот зээлийн гэрээний "зээл төлж дуусгах хугацаа" гэдэг нь 2018 оны 03 сарын 07-ны өдөр бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болохыг хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүд төлөхөөр шийдвэрлэсэн 1,190,801 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангажээ.                Нэхэмжлэгч Т Б нь хариуцагч “Г Н У”ХХК, Д.М нараас зээлийн үүрэгт 441 658 556,97 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээ 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон учир үүнээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна..

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа болохыг шүүх зөв тодорхойлж, зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хуульд нийцүүлэн тайлбарлан хэрэглэжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулах тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. 

Гэрээний дагуу хариуцагч нар 370 000 000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг буцааж төлөх хуваарийг харилцан тохиролцож авсан ба буцааж 20 811 456 төгрөгийг төлсөн байна.

Хоёр шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах санал гаргасан, уг саналыг нэхэмжлэгч хүлээн авсан гэж дүгнэж энэ хүртэл хугацаагаар гэрээний үүргийг тодорхойлж, нэхэмжлэлийг зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ гэрээг цуцлах үндэслэл, журмын талаар зохицуулсан Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь хуульд нийцээгүй байна. Зээлдэгч нар бизнесийн эрсдэлд орсноор үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухайгаа хэд хэдэн удаа нэхэмжлэгч талд мэдэгдсэн байх ба 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл гэрээг цуцлах  агуулгатай байв. Гэрээний нэг тал гэрээг цуцлах санал гаргасан бол санал гаргаагүй тал гэрээг цуцлах хугацааг тогтоох эрхтэйг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан байна. Т Б зээлдэгчийн саналыг хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлах хугацааг тогтоосон байгааг шүүх анхаараагүй байна. Иймд нэхэмжлэл гаргах хүртэл үеийн байдлаар үндсэн зээл 369.999.989 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 69.580.271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.078.295 төгрөг, нийт 441.658.556 төгрөгийг хангуулах үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Гэрээний 2.1.5, 2.2.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирсон тул үүргээ биелүүлээгүй хариуцагч нар уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй, “нэмэгдүүлсэн хүү 1 190 801 төгрөгийг төлөхгүй” гэх хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1149 дүгээр магадлал, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 184/ШШ2017/00728 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад “ .....425 249 304 төгрөгийг гаргуулан Т Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16 409 252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...гэснийг 441 658 556 төгрөгийг гаргуулж Т Бинд олгосугай “ гэж, 3 дах заалтад “ ...2 284 196 ...гэснийг 2 366 242  ...гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т Бнаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 996 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас төлсөн 33 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР      

  ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА