Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч М.Өлзиймаа,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Л.Цэндсүрэн,

Хохирогч Ц.Сайнзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунболд, /ҮД: 1331/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, /ҮД:722/,

Шүүгдэгч Б.Сайнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяад холбогдох эрүүгийн 201526030696дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 60 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ  “Дээжис” караокег түрээслэн ажиллуулж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: КЮ76013008 / Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяа нь:

-  2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “гичий, авгай” гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, Л.Амарсанаагийн хувцасны захнаас нь хоёр гараараа заамдаж, түлхэн унагаасны улмаас Л.Амарсанаагийн биед хүнд гэмтэл учирсан, Л.Амарсанаа нь уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-нд нас барсан ба Б.Сайнтуяа нь бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сайнтуяа мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Үнэн зөв шийдэж өгөөч гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сайнзаяа мэдүүлэхдээ: “... Энэ хэрэг гараад 2 жил, талийгаач минь өнгөрөөд 2 жил болсон байна. Би эхэндээ гэрчээр оролцож байсан, одоо хохирогчоор оролцож байна. Хэрэг явдал болоход би хажууд нь байсан амьд гэрч. Тэр өдөр би нөхөртэйгээ, эгчийнхээ ажлын газрын хүмүүстэй Б.Сайнтуяагийн караокэд орсон. 2 цаг ороход 1 цаг үнэгүй байсан. Бид нарын өмнө орсон хүмүүс согтуу байсан караокэных нь нэг гарыг хугалсан гээд Б.Сайнтуяа их ууртай байсан. Бид нарын цаг дуусаад гарсны дараа манай талийгаач нөхөр, М.Эрдэнэбилэгтэй тааралдаад бид нарын гарсан өрөөнд орсон байсан. Бид нар харих гэж байсан учраас би нөхрийгөө авах гээд буцаад орсон. Тэгээд бид нар хамт суусан. Тухайн өдөр М.Эрдэнбилэгийн цаг дээр орсон үгүйг би ойлгоогүй. Талийгаач нөхөр маань “Одончулууныг хүлээж байна” гээд бид сууж байхад Одончулуун ирлээ гээд Эрдэнэбилэг гарсны дараа “тооцоогоо хийхгүй гараад явчихлаа” гээд Б.Сайнтуяа сандраад яваад байсан. Тэгээд “та хоёр яах гэж хүний цаг дээр орж ирсэн юм. Битгий гараарай, байж байгаарай” гэсэн. Тэгээд манай талийгаач нөхөр “араас нь гараад ирье гээд гарсан. Тэгээд би бас араас нь гарахад Б.Сайнтуяа бас гарч ирсэн. Тэгээд 17.500 төгрөгийг Одончулуун найзтайгаа хуваагаад Б.Сайнтуяад төлсөн. Тэгэхэд манай нөхөр “өгөхийн оронд юун сүртэй авгай вэ” гэж хэлсэн. Харин “ гичий авгай” гэдэг үг хэлээгүй. Тэгсэн Б.Сайнтуяа шууд асаад л “чи намайг авгай гэдэг хэн бэ, би хүнд авгай гэж хэлүүлэх дургүй, чи намайг авгай болгоод байгаарай, чи миний насан дээр ингэж явж чадах уу” гээд 2 гараараа манай нөхрийн подволькны захнаас заамдаад авсан. Манай нөхөр Б.Сайнтуяагаас биеэр арай жижиг, тэгээд би Б.Сайнтуяагаас “манай нөхөр согтуу байна, тавьчих би нөхрийгөө аваад явчихъя” гээд би зөндөө гуйсан. Тэгэхэд Б.Сайнтуяа  тавихгүй, бүр улам лавшруулж бариад байсан. Тэгэхэд М.Эрдэнэбилэг ирээд “согтуу хүмүүстэй яах гэж маргалдаад байгаа юм бэ” гээд Б.Сайнтуяагийн гарыг цохиж тавиулсан. Б.Сайнтуяа тавихдаа 2 гараараа хойш нь түлхсэн. Тэгээд талийгаач нөхөр маань газар унахад “таг” гэх чимээ гарсан. Би гүйж очоод толгойг нь өргөхөд цус болсон байсан. Тэгээд бид нар эмнэлэгт аваачиж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд хохирогч Х.Лхагвасүрэнд 6.800.000 төгрөгийн хохирол барагдуулсан гэж ярьж байна. Энэ оршуулганы зардал байсан. Б.Сайнтуяа сая “өнөөдөр бодоод байхад би хэрэг хийгээгүй юм байна” гэж хэлээд зогсож байгаа нь надад харамсалтай байна. Би 2 настай, 3 настай, 4 настай, 3 нялх хүүхэдтэй өнчрөөд үлдсэн. Тэгээд миний 3 хүүхдийн ирээдүйг нь баллачихаад “би хэрэг хийгээгүй” гээд зогсож байна, хүн мөн үү. Өөрөө адилхан 3 хүүхэдтэй гэсэн, би Б.Сайнтуяаг өдийг хүртэл дарамталж байсангүй, янз бүрийн юм нэхсэнгүй, тэгэхэд эмэгтэй хүн байж арай харгис байна, арай ч дээ гэж хэлмээр байна. Энэ хүнд би насаараа гомдолтой явна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Хэрвээ шийдэгдэхгүй бол би эцсийг нь хүртэл явна...” гэв. 

Эрүүгийн 201526030696 дугаартай хэргээс:

 1. Хохирогч Х.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний хүү Л.Амарсанаа нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны караокены урд хүнд түлхүүлээд унан, ухаан алдан Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  хагалгаанд орж, эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны нас барсан. Талийгаач Л.Амарсанаа нь 1985 оны 04 дүгээр сарын 28-нд  Улаанбаатарт төрсөн, эхээс тавуулаа миний том хүү байсан юм. Миний хүү Л.Амарсанаа  аав, ээж, дүү нартаа бүгдэд нь тусалж, гэрийн бүх юмыг хийдэг ажилтай хүүхэд байсан. Миний  хүү даруухан, их зөөлөн сэтгэлтэй, хүнтэй эв найрамдалтай, анги хамт олондоо нэр хүндтэй, үг сөрж хэрүүл хийж байгаагүй, 30 нас хүртлээ аав, ээжийнхээ өөдөөс ширүүн үг хэлж үзээгүй, ухамсартай хүмүүжилтэй хүүхэд байсан. Талийгаач Л.Амарсанаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины мэс заслын хагалгаанд 2015 оны 08 дугаар сарын 24-нд орсон. Тархины гавал яс цууралттай, дээд тапд нь ясны үйрэлттэй, баруун талын тархинд цус хуралт, тархинд харвалттай, гол судас тасарсан, тархины наалдангитай гэсэн оноштой хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон ба биеийн байдал хүндэрч магадгүй шүү гэж эмч нь бид нарт хэлж байсан юм. Тэгээд хэвтэж эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Би талийгаач хүү Л.Амарсанааг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь орж харахад хоёр нүд нь ягаан эрээн болж хавдсан, цээжний аймхай хэсэгт хөхөрч няцарсан, толгой, чихний ар хэсэгт хагалгаа хийсэн оёо тавьсан, хүзүүний зүүн талд хойд талаас урагш чиглэсэн улаасан, хүрэнтсэн, үрэгдэж зулгарсан ором байсан. Өөр ил харагдах шарх, сорви байгаагүй. Бид эрүүл саруул хүүгээ алдсан явдалд гомдолтой байна...” гэжээ. / 1-р хавтас 46-52 х, 2-р хавтас 247х /,

2. Гэрч М.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Амарсанаагийн эхнэр Ц.Сайнзаяа, караокены эзэн Б.Сайнтуяа хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхэд Л.Амарсанаа голоор нь ороод Б.Сайнтуяа, Л.Амарсанаа хоёр заамдалдчихсан байхаар нь би голоор нь орж Л.Амарсанаагийн эхнэр Ц.Сайнзаяа бид хоёр салгасан. Тэгсэн Б.Сайнтуяа Л.Амарсанааг заамдсан гараараа хойш нь түлхсэн юм. Л.Амарсанаа хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан бөгөөд босч ирэхгүй байсан. Л.Амарсанаагийн чихнээс цус гарч байсан. Тэгээд бид нар сандраад 13 дугаар хорооны хүн эмнэлгийн хүлээн авахад Одончулуун бид хоёр оруулсан....” гэжээ. /1-р хавтас 53-54х/,

3. Гэрч Ц.Сайнзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Мөнгө өгсөний дараа манай нөхөр Л.Амарсанаа “өгөхийн хооронд юун сүртэй авгай вэ” гэж хэлсэн. Тэгсэн Б.Сайнтуяа “ Чи намайг авгай гэж хэллээ, би хүнд авгай гэж хэлүүлэх дургүй, намайг авгай болгоод байгаарай” гээд талийгаач нөхөр Л.Амарсанаагийн өмсөж явсан захтай футболкны захнаас нь хоёр гараараа заамдаж аваад боосон юм. Л.Амарсанаа мөн Б.Сайнтуяагийн цамцнаас нь барьсан байсан юм. Тэгэхээр нь би “Б.Сайнтуяа эгчээ манай нөхөр согтуу байна. Би одоо нөхрөө аваад явья, та тавьчих ” гэж зөндөө гуйсан. Тэгтэл Эрдэнэбилэг “ согтуу байж хүнтэй маргалдаад яах вэ одоо болио ” гээд салгах гэсэн боловч Б.Сайнтуяа гэх эмэгтэй заамдаад зууралдаад бүр тавихгүй байсан. Тэгээд Б.Сайнтуяа манай нөхөр Л.Амарсанааг заамдсан  гараараа хойш түлхсэн бөгөөд Л.Амарсанаа хойшоогоо микроны дугуйны харалдаа хатуу цементэн гадаргуу дээр толгойгоороо саваад хүчтэй “таг” гээд дуу гаргаад унасан. Би унахаар нь гүйж очиход талийгаач ухаангүй болчихсон, толгойг нь өргөхөд чихний ар талаас цус гарсан ба миний гар цус болсон. Тэгээд эмнэлэгийн үүдийг нүдээд эмчийг нь дуудаад эмнэлэгт оруулж анхны тусламж үзүүлсэн. Манай нөхөр Л.Амарсанаа, Б.Сайнтуяа хоёр харилцан бие биенийгээ хоёр гараараа заамдсан байсан. Би тухайн үед хажууд нь байсан тул түлхэхийг нь харсан…” / 1-р хавтас 74-82 х /,

4. Хохирогч Ц.Сайнзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний хувьд гомдолтой байна.Нэхэмжлэх зүйл гэвэл хавтас хэрэгт авагдсан баримтаас өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.Талийгаач “авгай” гэдэг үгийг хэлсэн.Тэр үед Б.Сайнтуяа маш их ууртай, сэтгэлийн хөөрөлтэй байсан.Б.Сайнтуяагаас хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа царай олж хараагүй.Бид нараас уучлалт гуйгаагүй. Намайг хохь чинь гэж хэлсэн....”,

“... Б.Сайнтуяа эхэлж “чи намайг авгай гэж хэлдэг хэн бэ” гээд Л.Амарсанааг заамдаж авсан.  Л.Амарсанаа түлхэлтээс болж газарт унасан. Б.Сайнтуяа түлхэж газарт унагаасан. Б.Сайнтуяа нь талийгаачийг амьд байхад би түлхсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байснаа нас барсны дараа мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Б.Сайнтуяа өөрөө эхэлж “чи намайг авгай гэж хэлдэг хэн бэ, би хүнд авгай гэж хэлүүлэх дургүй ” гэж уурлаад Л.Амарсанааг заамдаж авсан. Би Б.Сайнтуяагаас “та гараа тавьчихаа, би нөхрөө аваад явья, миний нөхөр согтуу байна” гэсэн. Тэгээд Б.Сайнтуяа гараа тавих үедээ Л.Амарсанааг түлхсэн. Б.Сайнтуяа манай нөхрийн захтай футболкных нь хоёр захнаас хоолой руу нь хүчтэй, шахаж, боож заамдаж барьсан байсан. Л.Амарсанаа Б.Сайнтуяагийн цамцны энгэрээс заамдсан байсан. М.Эрдэнэбилэг ирээд “эмэгтэй хүнийг яах гэж заамдаж байгаа юм ” гээд Л.Амарсанаагийн гарыг салгасан. Л.Амарсанаа гараа тавиад удаагүй байхад Б.Сайнтуяа түүнийг түлхсэн. Б.Сайнтуяа хоёр гараа тавихдаа хоёр гараараа түүнийг хойшоо хүчтэй түлхсэн. Хэрэв сул түлхсэн бол Л.Амарсанаа тэгж хойшоо хүчтэй савж унаж, тархиараа гэмтэхгүй шүү дээ....” гэжээ. / 3-р хавтас 1-5, 130-131, 133 х /,

5. Гэрч Л.Энхболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…“ Дээжис”  караокеноос Л.Амарсанаа  эхнэртэйгээ, караоке ажиллуулдаг Б.Сайнтуяа нар гарч ирсэн. Тэд хоорондоо хэрэлдээд байсан. Б.Сайнтуяа гарч ирээд Эрдэнэбилэгээс караокены 16.000 төгрөг нэхсэн ба Эрдэнэбилэг бид хоёр хувааж өгсөн. Л.Амарсанаа, Б.Сайнтуяа нар хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцсан микроны ар талд орсон. Одончулуун, Нямбат бид гурав микроны урд тамхи татаж  байсан ба  микроны ард хүмүүсийн хэрэлдээд, маргалдаад байгаа сонсогдож байсан. Тэднийг салгах гээд М.Эрдэнэбилэг явсан. Удалгүй “Л.Амарсанаа уначихлаа” гээд орилолдоод байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол Л.Амарсанаа газар унасан, ухаангүй, толгой хэсгээс нь цус гарсан байдаптай байсан. Очоод Л.Амарсанааг босгох, сэрээх  гээд 2-3 удаа биеийг нь сэгсэрсэн боловч сэрээгүй. Тэгээд Л.Амарсанааг Одончулуун,  М.Эрдэнэбилэг  хоёр дамжилж  эмнэлэг рүү өргөж оруулсан. Караокены Б.Сайнтуяа “ чи намайг  гичий авгай гэж хэллээ, намайг гичий авгай гэдэг хэн бэ” гэж хэрэлдэж байсан. Б.Сайнтуяа Л.Амарсанааг энгэрээс нь заамдаад микроны ардуур орсон ...” гэжээ. / 1-р хавтас 93 х /,

6. Гэрч Ц.Сайнжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "...Би Амарсанааг  гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж  байгааг 08 дугаар сарын 23-ны  өглөө мэдсэн. Юу болсон талаар асуутал Наранжаргал надад “ өчигдөр Шувууны Дээжис нэртэй караокед Л.Амарсанаа, Ч.Сайнзаяа, Отгонзаяа бид 4 орж 2,2 пиво уугаад гарч явсан. Тэгсэн Л.Амарсанаагийн хуучин ажиллаж байсан газрын найзууд нь таараад хамт сууж байгаад гарах гэтэл нөгөө хоёр залуу нь 16.000 төгрөгийн тооцоо дутуу байсан юм байна. Тэгээд гарахдаа Л.Амарсанаа тэр Б.Сайнтуяад “ нэг доор байдаг хүмүүс байж юун сүртэй авгай вэ” гэж хэлэхэд нь Сайнтуяа гэдэг хүн “ чи намайг авгай гэж хэллээ, би авгай гэж хэлүүлэх дургүй” гээд караоке дотроо хэрэлдэж байгаад гадаа гарч Л.Амарсанааг цамцны урд хэсгээс нь заамдаж аваад нүүр рүү нь цохиод, хойшоо түлхсэн гэсэн...”/ 1-р хавтас 112-113х /,

7. Гэрч Д.Отгонцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "...Миний найз Б.Сайнтуяа нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг өөр рүү нь залгаж асуутал надад “ би нэг залууг түлхсэн чинь цаашаа унаад гэмтчихсэн, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байгаа, өөрөө уусан юмныхаа тооцоог хийхгүй, чи яасан сүртэй авгай вэ гээд түлхэхээр нь би зөрүүлээд түлхэхэд унаад гэмтчихсэн” гэж хэлсэн. Энэ асуудлаас болж цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн...” /1р хавтас 107-108х /,

8. Гэрч Э.Баярмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... Би 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шөнө Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хонож ажилласан юм. 8 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчим гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гартал зүс таних Б.Сайнтуяа, Ц.Сайнзаяа нар нь 2-3 залуучуудтай байсан ба нэг хүн нь газар унасан байдалтай байсан. Б.Сайнтуяаг Ц.Сайнзаяа нь “манай нөхрийг түлхээд унагаачихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би унасан хүнийг харахад дээшээ харсан байдалтай, зүүн хөлөө хагас нугалсан, баруун хөлөө дотогш нугалсан байдалтай байсан ба ухаангүй байсан. Ухаангүй хэвтэж байхад гэрэл тусгаж харахад толгойны баруун хэсэг цус болсон, зүүн чихнээс нь цус гарсан байсан. Нүд рүү нь гэрэл тусгаж харахад зүүн нүдний дээд зовхи бага зэрэг хавдартай байсан бөгөөд хэсэг хугацааны дараа чернилэн ягаан өнгөтэй болсон ...” гэжээ. /1-р хавтас 95-96 х /,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1532 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: суурь ясны зүүн дунд хонхорын дунд хэсгээс дээш зүүн зулай, чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн урд хонхорын төв хэсгийн цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл  дээрх цусжсан хураа авах мэс заслын дараах байдал, тархины зүүн зулай, чамархайн  ар хэсэг, дагзны дэлбэн,  баруун зулай, дагзны дэлбэн, зүүн чамархайн дэлбэн, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун зүүн  чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна, дотно хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул цусанд этилийн спирт үзэх боломжгүй.

4. Талийгаач нь үхэлд хүргээгүй, уушигны хатгалгаа, элэгний хатуурал бүхий өвчтэй байжээ.

5. ГССҮТ-ийн ЭЭМТ-н 9074 тоот өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач нь  В(III)-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

7. ГССҮТ-ийн ЭЭМТ-н 9074 тоот өвчний түүхэнд дурьдсанаар нас барсан 2015.08.28 1045 цаг, 2015.08.28-ны өдрийн 1315 минутад  талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 2-4 цаг болсон байна гэжээ...” /  1-р хавтас 138-141 х /,

10. Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ : “... Талийгаачийн баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна салстын цус харвалт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргөлдөх, унах хүчин зүйлээр үүсгэгдсэн. Талийгаачийн баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна салстын цус харвалт гэмтлүүд нь суурь ясны хугаралттай холбоотойгоор илрэн гарах боломжтой. Хүзүүний цус хуралт бүхий гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Хэрэг болсон гэх үед талийгаач нь заамдуулсаны улмаас амьсгал бүтэлтэнд орж ухаан алдаж унасан эсэхийг тогтоох боломжгүй...” гэжээ.  /1-р хавтас 142-145 х /,

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 819 тоот дүгнэлтэнд:

  1. Б.Сайнтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Б.Сайнтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Сайнтуяа нь асуултанд үнэн зөв хариулах чадвартай байна.
  4. Б.Сайнтуяа нь хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Сайнтуяа-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” гэжээ. / 1-р хавтас 164 х /,

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1070 тоот дүгнэлтэнд:

1. Б.Сайнтуяа нь 2015.08.22-ны өдөр хохирогч Л.Амарсанаатай маргалдах үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

2. Б.Сайнтуяа нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

3. Б.Сайнтуяа нь хэрэг учрал болох үед буюу 2015.08.22-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байсан байна.  Жирэмслэлт нь сэтгэцийн байдалд нөлөөлсөн гэх шинж байхгүй байна…” гэжээ. / 3-р хавтас 125-127 х /,

13. Гэрч Б.Одончулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Л.Амарсанаа, Б.Сайнтуяа нарын хооронд болсон үйл явдлын үед хажууд нь Эрдэнэбилэг, Л.Амарсанаагийн эхнэр хоёр байсан. Би машины урд талд сууж байсан. Тэд машины хойд талд хэрэлдэж байсан учраас харах боломжгүй байсан. Таг гээд дуугарахаар нь очтол Л.Амарсанаагийн толгой цус болсон байсан…яасан, юу болов гэхэд Эрдэнэбилэг надад хэлэхдээ “Сайнтуяа түлхэсэн чинь уначихлаа” гэж хэлсэн...” гэжээ. / 3-р хавтас 135х /,

14. Шүүгдэгч Б.Сайнтуяаг 2015.08.24-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 204-205, 206-208х /, 2015.10.06-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 210-212, 213, 3-р хавтас 13, 143х /,                                                                                                                                                                                                 15. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 5-13 х /,

16. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 14-17 х /,

17. Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хавтас 241 х / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан тул тэдгээрийг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц.Сайнтуяа нь 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “гичий, авгай” гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, Л.Амарсанаагийн хувцасны захнаас нь хоёр гараараа заамдаж, түлхэн унагаасны улмаас Л.Амарсанаагийн биед гавал тархины хүнд гэмтэл учирсан бөгөөд, уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-нд нас барсан ба Б.Сайнтуяа нь бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон  болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  Үүнд:

- Хохирогч Х.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний хүү Л.Амарсанаа нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр караокены урд хүнд түлхүүлээд унан, ухаан алдан Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод,2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  хагалгаанд орж, эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны нас барсан... Би хүү Амарсанааг харахад нүд нь хөхөрч хавдсан., хүзүү нь цамцны захаар боосон гэмээр маш их улаасан байсан. Өмдөндөө өтгөнөө гаргасан үнэртэж байсан. Өөр ил харагдах шарх, сорви байгаагүй. Бид эрүүл саруул хүүгээ алдсан явдалд гомдолтой байна....” гэсэн / 1-р хавтас 46-52 х, 2-р хавтас 247х /,

- Гэрч Ц.Сайнзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэгээд Б.Сайнтуяа манай нөхөрЛ.Амарсанааг заамдсан  гараараа хойш түлхсэн бөгөөд Л.Амарсанаа хойшоогоо микроны дугуйны харалдаа хатуу цементэн гадаргуу дээр толгойгоороо саваад хүчтэй “таг” гээд дуу гаргаад унасан. Би унахаар нь гүйж очиход талийгаач ухаангүй болчихсон, толгойг нь өргөхөд чихний ар талаас цус гарсан ба миний гар цус болсон. Би тухайн үед хажууд нь байсан тул түлхэхийг нь харсан…” гэсэн / 1-р хавтас 74-82 х /,

- Хохирогч Ц.Сайнзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Б.Сайнтуяа эхэлж  “чи намайг авгай гэж хэлдэг хэн бэ” гээд Л.Амарсанааг заамдаж авсан. Л.Амарсанаа түлхэлтээс болж газарт унасан. Б.Сайнтуяа түлхэж газарт унагаасан. Б.Сайнтуяа нь талийгаачийг амьд байхад би түлхсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байснаа нас барсны дараа мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Би Б.Сайнтуяагаас “та гараа тавьчихаа, би нөхрөө аваад явья, миний нөхөр согтуу байна” гэсэн. Тэгээд Б.Сайнтуяа гараа тавих үедээ Л.Амарсанааг түлхсэн. Б.Сайнтуяа манай нөхрийн захтай футболкных нь хоёр захнаас хоолой руу нь хүчтэй, шахаж, боож заамдаж барьсан байсан....” гэсэн /3-р хавтас 1-5, 130-131, 133 х /,

- Гэрч М.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “.... Тэгсэн Сайнтуяа Амарсанааг заамдсан гараараа хойш нь түлхсэн юм. Амарсанаа хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан бөгөөд босч ирэхгүй байсан. Амарсанаагийн чихнээс цус гарч байсан. Тэгээд бид нар сандраад 13 дугаар хорооны хүн эмнэлэгийн хүлээн авахад Одончулуун бид хоёр оруулсан....” гэсэн. /1-р хавтас 53-54х/,

- Гэрч Л.Энхболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэднийг салгах гээд Эрдэнэбилэг явсан. Удалгүй “.Амарсанаа уначихлаа” гээд орилолдоодбайсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол Л.Амарсанаа газар унасан, ухаангүй, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан... Караокены Б.Сайнтуяа “ чи намайг гичий авгай гэж хэллээ, намайг гичий авгай гэдэг хэн бэ” гэж хэрэлдэж байсан. Л.Амарсанааг Б.Сайнтуяа энгэрээс нь заамдаад микроны ардуур орсон. ...” гэсэн / 1-р хавтас 93 х /,

- Гэрч Ц.Сайнжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "...Би юу болсон талаар асуутал Наранжаргал надад “ өчигдөр Шувууны Дээжис нэртэй караокед Амарсанаа, Сайнзаяа, Отгонзаяа бид 4 орж 2,2 пиво уугаад гарч явсан. Тэгсэн Амарсанаагийн хуучин ажиллаж байсан газрын найзууд нь таараад хамт сууж байгаад гарах гэтэл нөгөө хоёр залуу нь 16.000 төгрөгийн тооцоо дутуу байсан юм байна. Тэгээд гарахдаа Амарсанаа тэр Сайнтуяад “ нэг доор байдаг хүмүүс байж юун сүртэй авгай вэ” гэж хэлэхэд нь Сайнтуяа гэдэг хүн “ чи намайг авгай гэж хэллээ, би авгай гэж хэлүүлэх дургүй” гээд караоке дотроо хэрэлдэж байгаад гадаа гарч Амарсанааг цамцны урд хэсгээс нь заамдаж аваад нүүр рүү нь цохиод, хойшоо түлхсэн” гэсэн  / 1-р хавтас 112-113х /,

- Гэрч Д.Отгонцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "...Миний найз Сайнтуяа нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг өөр рүү нь залгаж асуутал, надад “ би нэг залууг түлхсэн чинь цаашаа унаад гэмтчихсэн, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байгаа, өөрөө уусан юмныхаа тооцоог хийхгүй, чи яасан сүртэй авгай вэ гээд түлхэхээр нь би зөрүүлээд түлхэхэд унаад гэмтчихсэн” гэж хэлсэн. Энэ асуудлаас болж цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэсэн /1р хавтас 107-108х /,

- Гэрч Э.Баярмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... Би 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шөнө Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хонож ажилласан юм. 8 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчим гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гартал зүс таних Б.Сайнтуяа, Ц.Сайнзаяа нар нь 2-3 залуучуудтай байсан ба нэг хүн нь газар унасан байдалтай байсан.  Б.Сайнтуяаг Ц.Сайнзаяа нь “манай нөхрийг түлхээд унгаачихлаа” гээд орилоод байсан...” гэсэн  /1-р хавтас 95-96 х /,

- Гэрч Б.Одончулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би микроны урд талд Нямбат, Энхболд нартай тамхи татаад, юм яриад зогсож байтал машины хойд талд нэг “таг” гээд л хүн унаж байгаа дуу надад чанга сонсогдсон. Тэгээд гүйгээд очиход Амарсанаа газар уначихсан байсан бөгөөд  ухаан алдчихсан, зүүн талын чихнээс нь цус гарсан, цементэн дээр цус болсон байсан... Яг хажууд нь Сайнзаяа, Сайнтуяа, Эрдэнэбилэг нар байсан ба Эрдэнэбилэг болон Сайнзаяа нар ярихдаа “ Сайнтуяа Амарсанааг боож байгаад түлхээд газар толгойгоор нь унагаачихсан” гэж ярьж байхыг нь би сонссон...” гэсэн  1-р / 83-84х/,

- Гэрч Ч.Нямбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Микроны ард талд талийгаач Амарсанаа, түүний эхнэр, Эрдэнэбилэг, караокены эмэгтэй нар хоорондоо маргалдаад байж байсан. Тэгтэл удалгүй “тас” хийгээд л явахаар нь микроны дунд хаалгыг онгойлгоод хартал талийгаач Амарсанаа микроны баруун хойд талын дугуйны харалдаа газар цементэн дээр толгойгоороо уначихсан байсан.Машинаас буугаад очиход зүүн талын чихний ард талд цус болсон байсан. Тэгсэн Одончулуун эмнэлэг, цагдаа дуудсан...” гэжээ. /1-р хавтас 88-89х /,

“...Тас хийсэн чимээ гарсан. Тэгээд буугаад очиход талийгаачийн хөл талд Сайнтуяа, Эрдэнэбилэг, талийгаачийн эхнэр тэр гурав зогсож байсан. Би “яасан бэ “ гэхэд Эрдэнэбилэг надад “Сайтуяа Амарсанааг заамдаад, түлхээд унагаасан” гэж хэлсэн...” гэсэн /3-р хавтас 136 х /,

- Гэрч Ж.Энхжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай найз Б.Сайнтуяа ямар хэрэгт холбогдсон талаар надад ярьсан. Шувуун фабрикийн эмнэлгийн гадаа нэг халамцуу хүнтэй хамт явсан хүнээс караокены тооцоогоо аваад буцаад явахад нөгөө халамцуу залуу нь “муу гичий, авгай” гэж хэлэхээр нь эргэж хараад барьцалдаад авсан. Билгээ гэх залуу салгах гээд ирж байхад нөгөө хүн хойшоогоо саваад унасан. Тэгээд тэр хүн нь гэмтлийн эмнэлэгт бие нь муу байгаа гэж байсан...” гэсэн . / 1-р хавтас 104х / мэдүүлэг баримтууд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 12251 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /1-р хавтас 134 х /,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1532 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /  1-р хавтас 138-141 х /,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтас 5-13 х /,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтас 14-17 х /,

- Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 221-224х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Сайнтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй” гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн тавьсан асуултанд  “ Эрдэнэбилэг миний гарыг цохиж тавиулсан, миний зүгээс түлхэлт ороогүй. Талийгаач өөрөө л унасан байх” гэж хариулжээ. Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Б.Сайнтуяа, амь хохирогч Л.Амарсанаа нарын хажууд Ц.Сайнзаяа, М.Эрдэнэбилэг нар байсан бөгөөд Ц.Сайнзаяа гэрч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “Б.Сайнтуяа нь Л.Амарсанаагийн футволкны энгэр, захнаас заамдаж, боож байгаад түлхэж унагасан” гэж байнга тогтвортой мэдүүлсэн, мөн гэрч М.Эрдэнэбилэг 2015 оны 08 сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Сайнтуяа, Амарсанаа хоёр заамдалдчихсан байхаар нь би голоор нь орж Амарсанаагийн эхнэр Сайнзаяа бид хоёр салгасан. Тэгсэн Б.Сайнтуяа  Л.Амарсанааг заамдсан гараараа хойш нь түлхсэн юм. Л.Амарсанаа хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан бөгөөд босч ирэхгүй байсан“ гэж мэдүүлсэн. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Сайнтуяа нь амь хохирогч Л.Амарсанааг “түлхсэн” талаар сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр Б.Сайнтуяагийн дээрх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “ би талийгаачийг түлхээгүй, тэр өөрөө унасан” гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч М.Эрдэнэ- билэгийн удаа дараа хууль сануулж өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжтой эсэх тал дээр хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэтгэлцсэн ба шүүх хэргийн материалуудыг шинжлэн судалбал, гэрч М.Эрдэнэбилэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх, үүргүүдийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн байцаалт явуулсан байх тул шүүх гэрч М.Эрдэнэбилэгийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн байцаалтын тэмдэглэл, мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин гэрч М.Эрдэнэбилэгийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтанд өгсөн гэрчүүд болон хохирогч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн байна.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүхийн хэлэлцүүлэг, шүүмжлэлийн шатанд “Гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субьектив талын шинжийг тогтоогоогүй, шүүгдэгч нийгэмд аюултай хор уршгийг хүсээгүй нь тодорхой боловч энэ хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сайнтуяа нь гэмт үйлдлийнхээ улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч амь хохирогчийг заамдах, түлхэх зэрэг идэвхтэй, ухамсарт үйлдлийг зориуд бий болгож, улмаар хүний амь нас хохирсон нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний энэ үйлдлийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Сайнзаяа, түүний өмгөөлөгч Б.Ариунболд нар нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүмжлэлийн шатанд ”амь хохирогчийн хүзүү нь улайсан, боолтонд орсны улмаас гэдэргээ саван гавал тархины гэмтэл авч нас барсан“ гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүмжлэлийн шатанд “Өнөөдрийн хэргийг шийдвэрлэхэд гэм буруугийн шууд бус санаагаар буюу үйлдлээрээ үхэлд шууд хүргэсэн тэр үйлдэл нь боолт юм уу, түлхэлт юм уу, цохилт юм уу энэ асуудал тогтоогдохгүй байна“ гэж тус тус мэтгэлцсэн хэдий ч энэ хэргийн хохирогч, амь хохирогч Л.Амарсанаа нь гавал тархины битүү гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авч эмчлэгдэж байгаад нас барсан болох нь Шүүх  Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1532 тоот шинжээчийн дүгнэлт / 1-р хавтас 138-140 хуудас /, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн гавал тархины мэс засалд орсон талаарх өвчтөний түүх / 2-р хавтас 61-78 хуудас/, мөн уг гэмтлийг амь хохирогч нь хатуу мохоо гадаргуу бүхий цементэн талбайд толгойгоороо унах үед авсан талаар тухайн хэргийн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын “хохирогч газар унаад шууд ухаан алдсан, чихнээс нь цус гоожсон байдалтай байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Б.Сайнтуяагийн “ чи намайг авгай гэж хэллээ, би авгай гэж хэлүүлэх дургүй” гээд түрүүлж амь хохирогчийг хоёр гараараа заамдан микро автобусны араар авч орсон, улмаар гэрч Ц.Сайнзаяа, М.Эрдэнэбилэг нарын хажууд түлхсэн идэвхтэй үйлдэл, уг түлхэлтийн  улмаас хатуу мохоо гадаргуу  бүхий цементэн талбайд амь хохирогч толгойгоороо унаж, хүнд гэмтэл аван, улмаар  амь нас нь хохирсон хор уршиг хооронд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Талийгаачийн цогцост хийсэн үзлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр хохирогч Л.Амарсанаагийн хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл үүссэн болох нь нотлогдож байгаа ба энэ гэмтэл нь заамдах, боох үед үүсэх боломжтой, харин хэрэг болсон гэх үед заамдуулсны улмаас амьсгал бүтэлтэнд орж ухаан алдаж унасан гэдгийг тогтоох боломжгүй гэж / 1-р хавтас хэрэг 142-144 дүгээр хуудас / шинжээч эмч Н.Энх-Амгалан мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Сайнтуяа нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Л.Амарсанаатай маргалдах үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидах нөхцөл байдал үүсээгүй, хэрэг гарах тухайн цаг хугацаанд шүүгдэгч жирэмсэн байсан нь түүний сэтгэл санааны байдалд болон хэрэг гаргахад нөлөөлөхгүй талаар Шүүх сэтгэц судлалын 2016 оны  дүгээр сарын 09-ний өдрийн 1070 тоот дүгнэлт / 3-р хавтас 125-127 /, гэрч Л.Энхболд, Б.Одончулуун, М.Эрдэнэбилэг, Ч.Нямбат, хохирогч Ц.Сайнзаяа нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

Иймд Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Сайнтуяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  6.850.000 төгрөгийг Б.Сайнтуяа төлж барагдуулсан ба хохирогч Ц.Сайнзаяа нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Сайнтуяа нь бага насны / 01-06 нас / хоёр хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох талийгаачийн оршуулгын зардал 6.850.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.8 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн NiKE логотой пүүзэн гутал 1 хос, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хосыг зэргийг  2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түр хураан авсан байх ба пүүз, жинсэн өмд, оймс зэргийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх ба шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтэнд цагаан өнгийн фудволк эд мөрийн баримтаар ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалах, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө хэрэгт хавсарган ирээгүй, шүүгдэгч Б.Сайнтуяа нь 64 хоног цагдан хоригдсон болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                              ТОГТООХ нь:

1. Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяаг 10 / арав / жил 1 / нэг / хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сайнтуяад оногдуулсан 10 / арав / жил 1 / нэг / хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар Б.Сайнтуяагийн цагдан хоригдсон 64 / жаран дөрөв / хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Сайнтуяа нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  Б.Сайнтуяад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Сайнтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЛЗОД

                   ШҮҮГЧИД                                         С.БАЗАРХАНД

                                                                             П.ТУЯАТ