Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 270

 

Б.Сайнтуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Цэндсүрэн,

Ялтан Б.Сайнтуяагийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнзаяа, Х.Лхагвасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Ариунболд,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Х.Одбаяр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сайнтуяад холбогдох 201526030696 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяа, 1976 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дээжис” караокег түрээслэн ажиллуулж байсан, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: КЮ76013008/,

Б.Сайнтуяа нь 2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “намайг гичий, авгай гэж хэллээ” гэдгээр шалтаглан маргалдаж, Л.Амарсанаагийн хувцасны захнаас нь хоёр гараараа заамдаж түлхэн унагаасны улмаас Л.Амарсанаагийн биед хүнд гэмтэл учирч, улмаар Л.Амарсанаа нь уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2015 оны 8 дугаар сарын 28-нд нас барж, Б.Сайнтуяа нь бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сайнтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Сайнтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Сайнтуяаг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяаг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнтуяад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө хэрэгт хавсарган ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяагийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяад 4 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалган шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвасүрэн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Сайнтуяад Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн шүүхийн шийдвэр, тогтоол үндэслэл бүхий, ойлгомжтой, тодорхой байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолд заасан бусдыг болгоомжгүй алсан гэх үндэслэлээ тодорхойлохдоо ойлгомжгүй, тодорхойгүй, гаргасан байх бөгөөд чухам ямар нөхцөл, үйлдэл нь бусдыг болгоомжгүй алсан үйлдэл болсныг тодорхойлсонгүй. Мөн шүүх нотлох баримтыг үнэлэхдээ шүүгдэгч Б.Сайнтуяагийн субъектив санаа зорилго буюу санаатайгаар хүний амь насыг хохироосныг няцаасан үндэслэлээ тодорхойлоогүй байхын зэрэгцээ шүүгдэгч Б.Сайнтуяагийн мэдүүлэг “...Энгэрийнх нь заамнаас заамдаж байгаад түлхчихсэн” /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ гэх, 2015 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1532 тоот шинжээчийн “...Хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо” /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/ гэх дүгнэлт, гэрч Ц.Сайнзаяагийн “...Манай нөхөр Л.Амарсанаагийн өмсөж явсан футболкны захаар 2 гараараа заамдаж аваад боосон. Б.Сайнтуяа манай нөхөр Л.Амарсанааг хойшоо түлхсэн бөгөөд манай нөхөр хатуу цементен дээр толгойгоороо саваад унасан. ...Би Б.Сайнтуяа гэх эмэгтэйд манай нөхрийг тавьчих, би нөхрөө аваад явлаа гээд гуйгаад байхад тавихгүй 2 гараараа заамдаж, заамдсан гараараа манай нөхрийг түлхсэн. Би харсан” /хавтаст хэргийн 76, 80 дугаар хуудас/, гэрч Д.Отгонцэцэгийн “...Миний найз Б.Сайнтуяа нь 2015 оны 8 дугаар сарын 23-нд намайг өөр лүү нь залгаж асуухад би нэг залууг түлхчихсэн чинь гэмтээд ...чи яасан сүртэй авгай вэ гээд түлхэхээр нь зөрүүлээд түлхэхэд гэмтчихсэн” гэх гэрчүүдийн мэдүүлгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Мөн гэрч Ц.Лхагвасүрэнгийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байх ба шийтгэх тогтоолд “түлхсэн нь миний буруу” гэснийг “заамдсан нь миний буруу” гэж гуйвуулан бичсэн байх нь хэргийг үнэн зөв зүйлчилсэн гэхэд эргэлзээтэй байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт хүндрүүлэх нөхцөлгүй хүнийг санаатай алах үйлдэл нь хүмүүсийн хоорондын маргаанаас үүдэлтэй байх гэж заасан бөгөөд энэхүү маргаан нь эд зүйл болон ахуйтай холбогдон гарсан маргаан тул 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилснийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөвхөн гэрч М.Эрдэнэбилэгийн мэдүүлэгт тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Х.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, СиДи зэргийг өмнөх шүүх хуралдаанд авч хэлэлцсэнгүй. Би хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Гэтэл гэрч М.Эрдэнэбилэгийн мэдүүлэг олон удаа өөрчлөгдсөн. М.Эрдэнэбилэгийн анх яллагдагчийн талын хүсэлтээр оролцуулсан бөгөөд тэрээр шүүх хуралдааны өмнө ярьж байснаасаа өөр зүйл шүүх хуралдаанд ярьсан. Би шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганцхан Б.Сайнтуяагийн ар гэрийн байдлыг харгалзаж үзээд миний байдлыг авч хэлэлцээгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Сайнтуяаг бусдыг санаатай алсан нь тогтоогдсонгүй, санамсар болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхдээ чухам ямар үйлдэл нь санамсар болгоомжгүй вэ гэдгийг тайлбарлаагүй. Улсын Дээд шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 тоот тогтоолд хоорондын маргаан, зодооны явцад хүнийг алсан бол хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэж зүйлчлэхээр заасан. Б.Сайнтуяа тухайн үед талийгаачтай нилээд удаан маргалдаж, зууралдсан бөгөөд амь хохирогчийн эхнэр Ц.Сайнзаяа “би нөхрийгөө аваад явъя, согтуу байгаа учир авгай гээд хэлчихлээ” гэдэг асуудал тавьсан. Б.Сайнтуяа “намайг гичий, авгай гэж хэлдэг хэн бэ” гэж хэлээд хохирогчийг арагш нь түлхсэн. Шүүгдэгчийн хувьд согтуу хүн хатуу цементэн дээр арагш савж унавал гэмтэнэ гэдгийг мэдэж байсан. Анх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шалгаж байхад Б.Сайнтуяа өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл хохирогч эмчилгээ хийлгэж байгаад нас барснаас хойш мэдүүлгүүдээ өөрчилж эхэлсэн. Гэрч М.Эрдэнэбилэг “хоолой нь боогдоод эвгүй дуугараад байсан” гэж анх мэдүүлсэн боловч хохирогчийг нас барснаас хойш мэдүүлгээ өөрчилсөн. Болгоомжгүйгээр алсан гэдэгт анхан шатны шүүх тайлбар хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү” гэв.

Ялтны өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг нь 2015 онд үйлдэгдсэн бөгөөд 2 жил шалгагдах хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд зааснаар бусдыг болгоомжгүй алсан гэж зүйлчилсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс  нь шинжлэн судалж гаргасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Гэрч М.Эрдэнэбилэгийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтад үндэслэн Б.Сайнтуяагийн үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэхийг хүсээгүй байна гэж үзсэн нь үнэдэслэлтэй. Тухайн гэмт хэргийг үйлдэхэд зориуд санаатай үхэлд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Б.Сайнтуяа хохирогчийн амийг зориуд, санаатайгаар хохироосон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй учир түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн  94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Л.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Сайнтуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүлсэн бөгөөд түүнийг шууд бус санаатайгаар бусдын амийг хохироосон гэж үзсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын амийг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан. Б.Сайнтуяа нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүйгээр үйлдсэн гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Тэрээр хохирогчийг түлхсэн гэдгийг гэрч Ц.Сайнзаяа, М.Эрдэнэбилэг нар хэлдэг. Гэрч М.Эрдэнэбилэг “талийгаач Л.Амарсанааг Б.Сайнтуяа заамдсан гараараа хойш түлхсэн” гэж мэдүүлсэн. Б.Сайнтуяа найздаа “би заамдаж байгаад уур хүрээд түлхсэн чинь хойш унасан. Нөгөө хүн хэд хоноод нас барсан” гэж хэлсэн байдаг. Мөн гэрч Баярмаа “Ц.Сайнзаяа манай нөхрийг түлхээд унагачихлаа гэж хэлээд орилоод байсан” гэж мэдүүлдэг. Б.Сайнтуяаг өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан байна гэж анхан шатны шүүх үзэж, түүнийг болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлджээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийн үйл баримтыг “...Б.Сайнтуяа нь амь хохирогч Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “гичий, авгай” гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, заамдалцсан ба улмаар М.Эрдэнэбилгийн салгах тэр үед амь хохирогч арагшаа саван унаж гавал тархины битүү гэмтэл авсан …” гэж тогтоожээ.

Хэргийн үйл баримтыг тогтоосон дээрх байдлаас үзэхэд М.Эрдэнэбилэгийг салгах үед хохирогч Л.Амарсанаа нь өөрөө савж унасан мэт дүгнэсэн атлаа Б.Сайнтуяаг хайхрамжгүй хандсан гэм буруутай гэж эрс өөр дүгнэлтийг хийжээ.

Гэрч М.Эрдэнэбилэг “… Тэгсэн Амарсанааг Сайнтуяа нь заамдсан гараараа хойш нь түлхсэн юм. Амарсанаа шууд хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан бөгөөд босч ирэхгүй байсан. …” /1 дүгээр хавтас, 54 дүгээр хуудас/,

гэрч Ц.Сайнзаяа “… Сайнтуяа гэх эмэгтэй манай нөхөр Амарсанааг заамдсан гараа хойш түлхсэн бөгөөд Амарсанаа хойшоогоо …  хатуу цементэн дээр толгойгоороо саваад хүчтэй таг гээд дуу гараад унасан юм. …” /1 дүгээр хавтас, 76 дугаар хуудас/,

гэрч Б.Одончулуун “… Эрдэнэбилэг болон Сайнзаяа нар ярихдаа Сайнтуяа Амарсанааг боож байгаад түлхээд толгойгоор нь газар унагахчихсан гэж ярьцгааж байсан. …” /1 дүгээр хавтас, 84 дүгээр хуудас/,

Б.Сайнтуяа сэжигтнээр “… Тэгээд би заамдсан гараараа Амарсанааг санаатайгаар хүчтэй түлхээгүй, санамсар болгоомжгүйгээр аажуухан хойш нь түлхэхэд Амарсанаа согтуу байсан тул хөл дээрээ зогсож чадалгүй хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан. …” /1 дүгээр хавтас, 205 дугаар хуудас/,

Б.Сайнтуяа яллагдагчаар “… Амарсанаа бид 2 бие биеийгээ заамдаж аваад байхад Эрдэнэбилэг дундуур ороод чи эмэгтэй хүнийг яах гэж заамдаж байгаа юм бэ гээд салгасан. Тэгээд би заамдсан гараараа Амарсанааг санаатайгаар хүчтэй түлхээгүй, санамсар болгоомжгүйгээр аажуухан хойш нь түлхэхэд Амарсанаа согтуу байсан тул хөл дээрээ зогсож чадалгүй хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан. …” /1 дүгээр хавтас, 211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хэргийг мөрдөн шалгах явцад мэдүүлгээ өөрчилсөн зарим гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн Б.Сайнтуяаг болгоомжгүйгээр бусдыг алсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт … шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг … тодорхойлох” шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхааран үзэлгүй орхигдуулж, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг заахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3-т заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.