Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2020/00296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01163/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* ХХК-ийн байранд оршин байгаа, ******* банк ХХК /*******/, түүнийг төлөөлж ******* банк ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт оршин суугаа, Бариач овогт //,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт оршин суугаа, Боржигон овогт // нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 83,910,028.7 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Т.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т., Н. нар нь манай банктай 2018 оны 04 сарын 09-ний өдөр тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулан 73,500,000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 19.8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* байрны ******* 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч Т., Н. нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй болно.

Иймд зээлдэгч Т., Н. нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 73,312,514.97 төгрөг, зээлийн хүү 10,588,603.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 910.48 төгрөг, нотариатын зардал 8,000.00 төгрөг, нийт 83,910,028.7 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* байрны ******* 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар ******* банкны Дархан салбартай 2018 оны 04 сарын 09-ний өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 73,500,000 төгрөгийн зээлийг орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар жилийн 19.8%-ийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлд 187,485.03 төгрөг, үндсэн хүүнд 11,538,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,455.61 төгрөг, нийт 11,730,589.6 төгрөг төлсөн байна.

Тухайн үед орон сууц авах зориулалтаар зээл хөөцөлдөхөд бэрх, зээл олгох банк олдохгүй байсан учир ******* банкны зээл бүтэж улмаар зээлийн хүүг ч тухайн үедээ залуу хүмүүс байна болгох биз хэмээн хөнгөмсгөөр найдаж гэрээ байгуулж байсан. Гэвч бодит амьдрал дээр морь, нохой шиг ажиллаад ч тэнгэрт тулсан зээлийн хүүнээсээ гарахааргүй өрнөөс өрд, хүүнээс хүүгийн хооронд амьдрах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна гэж үзэж байна.

Учир нь бид 2018 онд олсон орлогоо цөм банкны зээлэнд өгсөн хэдий ч үндсэн зээлнээс маань 187,485 төгрөг л хасагдсан байна. Ингээд харахад зээлийн хүүнээс гарч чадахгүй хүнд нөхцөлтэй байна. 2019 оноос ажил төрөлгүй болж, идэх хоол хүнс хомсдон, хэдэн төгрөг хаанаа ч хүрэлцэхээргүй болж улмаар банкны зээлээ хугацаандаа төлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн.

Т. нь саяхнаас ажилд орж орлоготой золгох гэж байгаа ба нэхэмжилж байгаа үндсэн зээл болох 83,910,028 төгрөгөөс 61,769,410 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 22,140,617 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь банкны хүү хэт өндөр, зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж байгаа тул хүүнд төлсөн 11,538,649 төгрөгийг үндсэн зээлэнд тооцуулах хүсэлтэй байна.

Хэрэв барьцаа хөрөнгөөр ******* банк нь үүргийн гүйцэтгэл хангах юм бол хариуцагч болох эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ орох оронгүй болж ихэд хүнд байдалд орохоор байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж үүргийн гүйцэтгэлээр хангуулахгүй байх тал дээр анхаарч өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Т., Н. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 73,312,514.97 төгрөг, зээлийн хүү 10,588,603.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 910.48 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 83,910,028.7 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 61,769,410 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 22,140,617 төгрөгийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байх бөгөөд банкны зээлийн хүү хэт өндөр, зээлдэгч нарт илт хохиролтой тогтоогдсон учир хүүнд төлсөн 11,538,649 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох хүсэлтэй хэмээн маргаж байна.

 

Мөн хариуцагч Т., Н. нар нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

******* банк ХХК болон Т., Н. нар 2018 оны 04 сарын 09-ний өдөр тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлдэгч Т., Н. нарт 73,500,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Т., Н. нар зээлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт зээлдүүлэгч ******* банк ХХК-д буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-7-8х/

 

Түүнчлэн, талууд тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 1.2-т Зээл, зээлийн хүү төлөх хуваарь /Хавсралт №01/ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заасны дагуу 2018 оны 04 сарын 09-ний өдөр Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийг хавсралтаар баталсан байх ба зээлдэгч Т., Н. нар уг хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь Банкинд буцаан төлөх үүргийг хүлээжээ. /хх-9-11х/

 

Хариуцагч Т. нь Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийг Банк танилцуулаагүй, түүнд гарын үсэг зураагүй гэж маргаж байх боловч энэ нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 648 дугаар дүгнэлтээр няцаагдаж байна. /хх-54-71х/

 

Тодруулбал, дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн дугаартай Орон сууцны зээлийн гэрээ гэсэн баримтын 1, 2 дугаар хуудсуудын эхний болон арын нүүрний доод хэсэгт Зээлдэгч: гэсний дор, 2 дугаар хуудасны арын нүүрний баруун доод хэсэгт байх Зээлдэгчийг төлөөлж: Түвдэндорж овогтой гэсний дор зурагдсан буй 5 ширхэг гарын үсгүүд, 2018 оны 04 сарын 09-ний өдрийн дугаартай Зээл, зээлийн хүү төлөх хуваарь гэсэн баримтын 1, 2 дугаар хуудсуудын эхний болон арын нүүрний доод хэсэгт Зээлдэгч: гэсний дор, 3 дугаар хуудасны эхний нүүрний дунд хэсэгт Зээлдэгчийг төлөөлж: Түвдэндорж овогтой гэсний дор, доод хэсэгт Зээлдэгч: гэсний дор зурагдсан 6 ширхэг гарын үсгүүд, нийт 11 ширхэг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирох-ыг тогтоосон байдаг. /хх-54-71х/

 

Мөн ******* банк ХХК болон Т., Н. нар 2018 оны 04 сарын 09-ний өдөр тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т., Н. нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-12-13х/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх ба эдгээр гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

 

Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга-аас үзэхэд зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 2018 оны 04 сарын 09-ний өдөр 73,500,000 төгрөгийг зээлдэгч Т.гийн эзэмшлийн тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч нар энэ талаар маргадаггүй. /хх-18х/

 

Мөн Зээлийн дансны хуулга-аас үзэхэд зээлдэгч Т., Н. нар нь Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, 2019 оны 09 сарын 17-ны өдрөөс хойшхи хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хх-9-11х, 18-19х/

 

Иймд нэхэмжлэгч ******* банк ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3, 5.2.8-д заасны дагуу Орон сууцны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу олгосон зээл, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Т., Н. нараас шаардах, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр харилцан тохиролцож Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан, эдгээр гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн хүүнд төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлд тооцох, зээлийн хүүг бууруулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар үндсэн зээлийн үлдэгдэл 73,312,514.97 төгрөг /хх-18-19/, балансын гадуурх дансны хуулгаар хүүгийн үлдэгдэл 10,588,603.25 төгрөг /хх-20-21х/, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 910.48 төгрөг /хх-22-23х/ болох нь тус тус тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т., Н. нараас нийт 83,902,028.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нотариатын зардал 8,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, энэхүү зардал нь бичгийн нотлох баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхтэй холбоотой нэхэмжлэгч талаас гарсан зайлшгүй зардал байх тул уг зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй. /хх-24х/

 

Хариуцагч Н. нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Т., Н. нараас 83,910,028.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т., Н. нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Т., Н. нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 647,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д буцаан олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР