Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/00119

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/00119

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.О

            Хариуцагч: Т.М

Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг *** тоот 740 м2 газар хашааг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие 1979 онд Эрдэнэт хотод төрсөн. 1999-2000 онд Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. 2000 оноос Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Энэ үеэс Б багийн 21-р гудамж *** тоот хашаа байшин эзэнгүй байсан. Б *** тоот хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000030790 тоот гэрчилгээгээр нотолж байгаа. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сум Б багийн *** тоот хашааг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагдаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О нь Орхон аймгийн Баян- Өндөр сумын Б багийн 21 дүгээр гудамжны *** тоотод байрлах 740 м2 газар хашааг 2005 онд өмчилж авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ үл хөдлөх хөрөнгийн газраас аваагүй бөгөөд хашаа газарт айл амьдруулж байтал уг айл маань болилоо гээд явсны дараа нэг хэсэг эзэнгүй байсан. С гэх эмэгтэй хашаанд маань амьдарч эхэлсэн бөгөөд хөдөө хээр голдуу ажил хийж явсан учраас сахиж байг гээд орхиод явсан гэдэг. Ингээд 2015 онд хашаанд байшинд барьж эхэлснээс хойш С гэгч эмэгтэйг хашаа суллаж өгөхийг шаардаж эхэлсэн ба суллаж өгөхгүй байсан тул шүүхэд хандтал М гэх хүн гарч ирсэн байдаг. М нь худалдах худалдан авах гэрээгээр Б.О ээс авсан  баримтыг гаргаж ирсэн ба баримтыг нотариатч Т.Д үйлдсэн гэх архивын баримтыг гаргасан. Уг баримт нь М Б.О нар худалдах худалдан авах гэрээ хийснийг нотлох баримт гэдэг. Гэвч Б.О нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх хэлцэл хийгээгүй өмчлөх эрхийн гэрчилгээгээ Улсын бүртгэлээс 2005 онд буюу хэлцэл хийсэн гэх үед аваагүй тул уг бүртгэл гэх баримт хууль бус болохыг тогтоож, Б.О тэй худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баянндөр сумын Б багийн 21-р гудамжны *** тоотод байрлах 740 м2 газар хашааг Б.О өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа дэмжиж оролцно гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд Буурайхүүгийн О Т.М д холбогдуулж гаргасан хашаа чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие Б.Д нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч О нь Т.М тэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг ** дүгээр гудамжны *** тоотод байрлах 740 м2 талбай бүхий газар, хашааны хамт 3 000 000 төгрөгөөр худалдаад, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл улсын бүртгэгчийн алдаанаас болж газрын улсын бүртгэлийн дугаар буруу бичигдсэнийг далимдуулан Б.О нь залилан мэхэлж газрыг өөрийн мэтээр маргаж улмаар Т.М д худалдсан хашаа, газраа буцаан авахаар завдаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй, хууль бус залилан мэхэлж байгаа шинжтэй, шунахайн сэдэлтэй үйлдэл болж байна. Т.М нь 2005 онд Эрдэнэт хотруу 7 хоног бүр очдог ажилтай байсан бөгөөд Эрдэнэт хотод очоод байх хашаа байшин хайж байсан. Тэр үед О гэдэг хүнтэй зарын дагуу утсаар ярьж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн ** дүгээр гудамжны *** тоотод байрлах 740 мкв талбайтай хашаа байшинг нь үзээд сэтгэлд нийцсэн тул 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Эрдэнэт хотод уулзсан. О тэр үед Улаанбаатараас вагоноор ирлээ гэрээгээ хийгээд буцна гэж байсан. Яг гэрээ хийхээр нотариат дээр очтол худалдагч Б.О нь татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ хийнэ гээд байсан. Тэр үед 22 настай залуу байсан болохоор учрыг нь сайн мэдэхгүй хот руу ах нартайгаа ярьж бэлэглэлийн гэрээ хийвэл яах вэ гэж асуусан. Болохгүй гэж зөвлөсөн учраас Б.О ийн саналыг зөвшөөрөөгүй. Гэтэл Б.О нь дахиад ...тэгвэл худалдаж байгаа үнээ багасгаж гэрээгээ хийе гэсэн санал гаргасан. Дахин ах руугаа ярьж асуухад, “наад хүн чинь зарах хүсэлгүй байгаа бол больсон нь дээр юм бишүү, тэгэж гэрээ хийж болохгүй” гэж хэлэхээр нь худалдан авахаа болилоо гэтэл Б.О “тэгвэл гэрээгээ үнэн зөвөөр нь хийе” гэж хэлсэн. Ингээд худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээгээ байгуулж, мөнгийг нь төлөөд худалдаж авсан. Гэрээ хийж үл хөдлөх хөрөнгийн газар нэр солиулахаар өгчихөөд Б.О нь тухайн үед наймаа хийсэн юм чинь хамт хоолонд ороё гэж хэлээд хуушуур авч идээд салсан гэдэг. О тэр өдөртөө буцаад хот явна гэж байсан. Гэтэл 2005 онд худалдсан газар, хашаагаа 10 жил эзэмшиж ашиглахгүй байсан атлаа гэнэт 2015 онд хашаанд байдаг сахиул С хашаа суллаж өг гэсэн утгатай нэхэмжлэлийг шүүхэд өгсөн ба удалгүй Т.Мөнх-Эрдэнийн өмч болохыг мэдээд дахин нэхэмжлэл гаргасан. Яагаад худалдсан газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байсан, хэргийн материалаас хартал тус хашааны газрын гэрчилгээ нь Б.О ийн эгч Түмэнжаргалд байсныгаа хэрэгт хуулбарлан нотлох баримтаар хавсаргаж өгсөн байна. Гэтэл өмчлөх эрхийг нотлох улсын бүртгэлийн гэрчилгээ Т.М д байсаар байтал ийнхүү 10 жилийн өмнө худалдсан Б.О д бас гэрчилгээ байгааг ойлгохгүй байсан тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын бүртгэгчийн алдаатай үйл ажиллагаанаас болж Улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулан олгосон нь буруу болохыг тогтоож, Б.О ийн өмчлөх эрх дуусгавар болсоныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Ийнхүү Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн 356 дугаартай тогтоолоор тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн ** дүгээр гудамжны *** тоотод байрлах 740 мкв талбайтай, 130102266 нэгж талбарын дугаартай газрын улсын бүртгэлийг өөрчлөн Т.Мөнх-Эрдэний нэр дээр улсын буртгэлийг бүртгэхийг даалгасан өөрчлөлт оруулж, улмаар Б.О ийн өмчлөх эрх дуусгавар болсон. Мөн Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь олж авсан байдлыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн үеэр Б.О ийн төрсөн эгч Б.Түмэнжаргал /О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан/ 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээг гээгдүүлсэн гэж худал хэлж ирээд Орхон аймгийн Улсьн бүртгэлийн хэлтсийн архиваас аваад манай хашааг сахидаг С албадан нүүлгэх болон Т.М д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж эхэлсэн байдаг. Б. О нь шүүхэд хохирсон иргэн мэтээр дүр үзүүлэн нэхэмжлэл гаргах атлаа өөрөө шүүх хуралдаанд оролцдоггүй, сүүлдээ түүний эгч Б.Т нь хүртэл шүүхийн ажиллагаанд оролцохгүй зугтаж байгаа нь эдгээр зальт иргэдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь худал, үндэслэл муутай болохыг нотлон харуулж байна. Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэрээс үзвэл Б.О ийн өмчлөх эрх хуульд заасны дагуу дуусгавар болсон бөгөөд уг асуудлаар дахин маргах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 1.Б.О нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ Улсын бүртгэлээс 2005 онд буюу хэлцэл хийсэн гэх үед аваагүй тул улсын бүртгэл гэх баримт хууль бус болохыг тогтоож, 2.О тэй худалдах худалдан авсан гэх хэлцэл хийгээгүй учир худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 21-р гудамжны *** тоотод байрлах 740 м2 газар хашааг Б.О өмчлөх эрхтэй өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд энэхүү байдал анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэг байснаа гурван өөр шаардлага болж байгаа нь харагдаж байна. Дээрхи газрын худалдах худалдах авах гэрээг бичгээр байгуулж, Орхон аймгийн нотариатч Т.Д гээр гэрчлүүлэнулсын бүртгэлд бүртгүүлэхэд бүртгэгч алдаа гаргасан болохыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас тус тус тогтоож энэхүү шийдвэр, магадлал, тогтоол нь тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт дүгнэсэн энэхүү Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тоггоол хүчин төгөлдөр болсон байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх бөгөөд худалдах худалдах авах гэрээ хийгээгүй гэх асуудлаар нэхэмжпэгчийн төлөөлөгч Х.О Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд маргасаар ирсэн. Энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байгаа нь энэхүү нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шүүхэд худал тайлбар өгч болохгүй тухай хуулийн заалт байсаар байтал нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх хүн энэ үүргийг хүлээдэггүй мэтээр худал тайлбар гаргаж, түүнийгээ нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа нь буруу гэж байна. Б.О гэх хүнтэй гэрээ байгуулаагүй юм бол, би Орхон аймаг, Эрдэнэт хотыг огт мэддэггүй атлаа Улаанбаатар хотоос ирж 22-хон насандаа түүний газрыг олж мэдээд, нотариатч Т.Д , улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудтай хуйвалдаж Б.О ийн газрыг хүчээр авч, таньж мэдэхгүй хүнээр 10 жил сахиулж, эзэмшиж, ашиглаж ирсэн болох ба хожим нь улсын бүртгэгчийн алдаатай үйлдлээс болж ийнхүү хохирох байдлыг өөртөө бий болгоно гэж эрүүл хүний сэтгэхүйд баггахгүй зүйл бодож олж байгаад гайхаж байна. Б.О гэдэг хүн энэхүү нэхэмжлэлийг гаргаагүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б.О ийн гарын үсэг анхны нэхэмжлэлд байхгүй байгааг анхааран үзэж өгнө үү. Нөгөө талаас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс Б.О ийн эгч Б.Т 2005 оны гэрчилгээгээ 2015 онд гэрчилгээ гээгдүүлсэн гэх шалтгаанаар авч байсныг Улсын бүртгэлийн хэлтсийн архивын ажилтан хэлдэг бөгөөд аваагүй байсан атлаа “гээгдүүлсэн” гэж худал хэлж байснаас үзэхэд эгч, дүү нар хуйвалдаж, улсын бүртгэлийн алдаатай үйл ажиллагааг далимдуулан энэхүү үндэслэл муутай нэхэмжлэл гаргаж байгааг шүүх шударгаар шийднэ хэмээн найдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 2: Б.О тэй худалдах худалдан авсан гэх хэлцэл хийгээгуй учир худалдах худалдан авах хэлцлийг хучин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч, байгуулсан хэлцлээ хүчин төгөлдөх бус болохыг тогтоолгох гэж байгаа мэтээр ойлгогдож байна. Гэрээ хийгээгүй юм бол энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдэхгүй баймаар санагдана. Нэхэмжпэлийн шаардлага 3: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 21-р гудамжны *** тоотод байрлах 740 м2 газар хашааг Б.О өмчлөх эрхтэй өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Энэхүү шаардлагын тухайд мөн л хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.О нь уг газрын өмчлөгч мөн байсан нь үнэн боловч худалдах худалдан авах гэрээний дагуу түүний өмчлөх эрх дуусгавар болсоныг Захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоогоод байхад ийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. 2005 оны 10 дугаар сарын 07-нд хийсэн улсын бүртгэл алдаатай байсан болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосноос гадна Б.О ийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дуусгавар болсон. Одоо харин шинээр өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох гэж байгаа бол уг эд хөрөнгийг өөрийн гэх үндэслэлээ нотлох хэрэгтэй юм. Энэ хэрэгт одоогоор дээрх газрыг Б.О ийнх гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй байгааг анхааран үзэж энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймээс нэхэмжлэлийн өөрчилсөн /нэмэгдсэн/ шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.М д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Б багийн *** тоот хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нотариатчийн бүртгэл хууль бус, худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг *** тоот 740 м2 газар хашааг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ...нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхийн онцгой харьяалалын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг *** тоотод байрлах 740 м2 газар, хашааг 2005 онд өмчилж авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн үед үл хөдлөх хөрөнгийн газраас аваагүй бөгөөд 2015 онд авсан. Манай хашаанд 2015 онд байшин барьж эхэлсэн тул хашааг чөлөөлж суллаж өгөхийг Сарангаас шаардсан, гэтэл Т.М гарч ирсэн. Бидний хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Д гэх нотариатчийн үйлдсэн архивын баримтаар гэрээ байдаггүй, бүртгэлийн дэвтэрт бичигдсэнээр гэрээ хийсэн байх магадлалтай гэж Захиргааны хэргийн шүүх дүгнэсэн боловч өмчлөх эрхийн хүрээнд бид шаардах эрхтэй юм. Иймд нотариатчийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, Б.О тэй худалдах худалдан авах хэлцэл хийгээгүй учир худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Б багийн *** тоотод байрлах 740 м2 газар хашааг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргасан гэж тайлбарлаж байна.

      Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг ** дүгээр гудамжны *** тоотод байрлах 740 м2 талбай бүхий газрыг хашааны хамт 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан улсын бүртгэгчийн алдаанаас болж газрын улсын бүртгэлийн дугаар буруу бичигдсэнийг далимдуулан Б.О нь залилан мэхэлж газрыг өөрийн мэтээр маргаж  байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдан авагч Т.М нь 2005 онд Эрдэнэт хотод ирж очдог ажилтай байсан тул зарын дагуу дээрхи газрыг Б.О ээс худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Хэрэв маргаан бүхий газар нь Б.О ийн өмч мөн бол эзэнгүй байлгаж байгаад 10 гаран жилийн дараа гэнэт өмчөө санаж байгаа нь эргэлзээ бүхий байна.    Нэхэмжлэгч Б.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эгч Б.Т нар нэхэмжлэл гаргаад нэг ч удаа шүүх хуралд ирж оролцохгүй, хаяад явж байгаа нь дээрхи эргэлзээг улам бүр бий болгож байна. Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн Б.О ийн өмчлөх эрх дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

      Нэхэмжлэгч Б.О нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг *** тоотод байрлах  740 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхээ  баталгаажуулахаар 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасан байх ба Улсын бүртгэлийн байгууллагаас 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ** , Г-600 /** / дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь зохигчийн тайлбар, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн бүртгэгдсэн гэрээ, гэрчилгээ, лавлагаа олголтын бүртгэлийн хуулбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна.

      Ийнхүү өмчлөх эрх нь баталгаажсан тул нэхэмжлэгч Б.О нь худалдах худалдан авах гэрээг хариуцагч Т.М тэй 2005 оны 10 дугаар сарын 07 –ны өдөр байгуулсан болох нь нотариатч Т.Д гийн 2005 оны  гэрээ гэрчилсэн бүртгэлийн дэвтрийн **дүгээрт ...Б.О Б *** тоот, Т.М УБ хот ХУД 5-р хороо яармаг *** тоотод оршин суух,  ...Б *** тоот 740 м2 газар хашаа байшинг 3 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ 59-60 дугаар хуудас гэсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Захиргааны хэргийн шүүхийн үзлэгээр 59-60 дугаар хуудас үрэгдсэн, улсын бүртгэлийн архивт мөн гэрээтэй холбоотой баримт байдаггүй боловч улсын бүртгэл гэрээний үндсэн дээр Т. Мөнх-Эрдэнийн өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв. Тухайлбал Орхон аймгийн архивт байгаа нотариатч Т.Д гийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Т.М д 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон Г-** улсын бүртгэлийн дугаартай Б багийн *** тоот 740 м2 газрын өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг болно.

Нотариатын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан бусад баримт бичиг гэдэгт нотариатч Т.Д гийн бүртгэлийн дэвтэр нь хамааралтай байх бөгөөд түүнийг нотариатын баримт гэж ойлгож болно. Мөн хуулийн 26.1-д нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. 26.3-т үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. 26.4-т нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэсэн нь зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг, уг гэрээ **дугаартай байсан болохыг тус тус нотолж байна.

Аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг үндэслэл болгохоор Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д заасан байх тул эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.О нь 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байх үндэслэлтэй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар, 4.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, 24.3-т өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй байхаар зохицуулсан байна.

Б.О ийн өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн шалтгаанаар эгч Б.Т хүлээн авсан болохоо Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн явцад  зөвшөөрдөг ба хэрэгт цугларсан нотлох баримтаас ирүүлсэн баримтаас үзвэл 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ** Г-600 /** / гэрчилгээг Б.О д олгосон, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30790 Г-** гэрчилгээг Б.Түмэнжаргалд олгосон болох нь зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 356 дугаартай тогтоолоор  Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг ** дүгээр гудамжны *** тоотод байрлах 740 м2 талбай бүхий газрын өмчлөх эрхийг Б.О ээс Т.М д шилжүүлснийг бүртгээгүй Орхон аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын өмчлөх эрхийн Г-** дугаартай улсын бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.8-д заасан журмын дагуу зохих өөрчлөлт хийхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмчлөгч Б.О ийн эрх хэлцлийн үндсэн дээр Т.М д шилжиж, Б.О ийн газар өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрхи маргаан бүхий газрын эзэмшил, ашиглалт, өмчлөлд 10 гаран жил санаа тавиагүй байж байшин барихаар гэнэт мэдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2005-2010 оны маргаан бүхий газрын татварыг Т.М 2010 онд төлж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй, Б.О нь татвар төлж байгаагүй гэж хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.М д холбогдох  нотариатчийн бүртгэл хууль бус, худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг *** тоот 740 м2 газар хашааг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

           

 

 ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ