Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02359

 

Н.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Эд холбогдох,

 

Үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21 520 386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээл,хүүгийн төлбөрт төлсөн/мөн хохиролд/ 57 112 051 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Маас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М 2017 оны 4 сард Н.Эаас  Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 хороолол, Сэлбэ хотхоны Г байрны 12 тоот орон сууц, 8 тоот граж, нийт 130 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 260 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч амаар хэлцэл байгуулсан. Уг хэлцлээр  Н.Эын Хаан банкны 5170009455 тоот дансанд нийт 61 000 000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 08 сард үлдэгдэл төлөх хугацаа болоогүй байхад Н.Э нь хэлэлгүйгээр гэрээний үүргийг зөрчиж, орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Н.Э нь урьдчилгаанд өгсөн 61 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй эдийн засгийн хүнд байдалд оруулж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Төрийн банкны зээлийн картнаас авсан ам.долларын хүү нэхэгдсэн.

 

Иймд 2017 оны 09 сарын 12-нд Даас сууцаа барьцаалан 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн.

Н.Э 2017 оны 12 сар хүртэл мөнгө өгөөгүй тул 12 сарын 07-нд цагдаад гомдол гаргаж, 2017 оны 12 сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, үүнээс хойш цувуулан  өгсөөр 2018 оны 04 дүгээр сард 61 000 000 төгрөгийг төлж дууссан. Зээлийн төлбөрийг төлж чадаагүй,байраа барьцаанаас суллаж чадаагүй. Н.Эаас хохиролд 21 520 386 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мтай 2017 оны 4 дүгээр сард орон сууцаа 260 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, аман хэлцэл байгуулсан. Н.М орон сууц худалдан авах төлбөрт 61 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө төлөх сүүлийн хугацааг 8 дугаар сард гэж  тохиролцоогүй, байраа зарж байгаа шалтгаан нь зээлийн хүү, зээлээ яаралтай төлөх байсан. Н.Э хэлэлгүйгээр худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчиж гэдэг нь худал. Түүний утас руу 2017 оны 4 дүгээр сараас маш олон удаа залгаж, мессеж бичиж, биеэр уулзан "Мөнгөө өгнө үү гэсэн боловч тодорхой хариу өгөлгүй 8 дугаар сарыг хүргэсэн тул зээлээ дарах зайлшгүй шаардлагын улмаас өөр хүнд зарсан. Нэхэмжлэлд дурдсан байраа барьцаанд тавьж зээл авсан, Төрийн банкны зээлийн картаас зээлж авсан мөнгө, өмгөөлөгчийн хөлс 5 300 000 гэх мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 61 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй удаасан нь компанийхаа үйл ажиллагаанд зарцуулж, эргүүлж өгөхөд хүнд нөхцөл байдалд байсантай холбоотой. Н.М цаг хугацаа болон энэ хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөж авсан зээлийн хүү, торгуулиар хохироосон. Н.Мын төлөөгүй удаасан 199 000 000 төгрөгийг хүлээж, цаг хугацаа алдаж банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүү, түүний торгуулийг нэхэмжлэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Байраа зарах  шалтгаан нь зээлийн хүү, зээлээ яаралтай төлөх гэдгийг Н.М мэдэж байсан. Гэтэл Н.М нь үлдсэн төгрөгийг өгөлгүй 2017 оны 8 дугаар сарыг хүргэсэн. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлөх эцсийн хугацааг тогтоогүй боловч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй. Энэ эрхийн дагуу 2017 оны 4 сараас 8 дугаар сарын хооронд маш олон удаа шаардсан. Улмаар татгалзсан болно. Н.Мыг хүлээж бүтэн 4 сар хугацаа алдсан тул өмчлөх эрхээ эдэлж, өөр хүнд зарсан. 2017 оны 8 сард байр худалдан авах санал тавьсан иргэн Буянтай худалдах худалдан авах гэрээ байгуулж, байраа зарсан орлогоороо Э ББСБ-д хамгийн өндөр хүүтэй 68 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 117 000 000 төгрөгөөр хаасан. Мөн Х дээр байсан 83 000 000 төгрөгийн зээлийг 2017 оны 9 сарын 01-нд хааж тодорхой хэмжээгээр зээлийн дарамтаас салсан. Энэхүү 83 000 000 төгрөгийн зээлийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос төлсөн баримтуудыг хавсаргав. Иймд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас 2017 оны 4 сараас 2017 оны 8 сарын хооронд гарсан зээлийн хүү, торгуулийн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

Хнаас зээлсэн 83 000 000 төгрөг, зээлийн хүү 6 953 473.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35 556.23 төгрөг,

Шүрэн капитал ББСБ ХХК-иас зээлсэн 30 000 000 төгрөг зээлийн хүү 4 100 042.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867 251.77 төгрөг,

Практикал даатгалаас зээлсэн 50 000 000 төгрөг зээлийн хүү 8 802 548.56 төгрөг, Э ББСБ ХХК-иас зээлсэн 68 000 000 төгрөг зээлийн хүү 7 593 333.33 төгрөг, Кредитех СТМ ББСБ-иас зээлсэн 55 000 000 төгрөг зээлийн хүү 13 035 000 төгрөг торгуулийн хүү 1 963 500 төгрөг,

Ж капитал ББСБ ХХК-иас зээлсэн 25 000 ам доллар нийт 6 153 345.1774 төгрөг,

мөн ББСБ ХХК-иас зээлсэн 40 000 000 төгрөг үндсэн хүү 7 320 000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 288 000 төгрөг нийт 57 112 051төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Эд мөнгө бүтвэл байравна гэсэн,хугацаа тогтоосон зүйл байгаагүй. Энэ хугацаанд Н.Эын байрыг өөртөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулаагүй өмчлөлдөө шилжүүлээгүй харин урьдчилгаа төлбөр 61 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөн тус байрыг банкны барьцаанд тавьсан гэдгийг 4 сард аман хэлцэл хийх үед мэдсэн. Н.Эын байраа өгөлгүй 2017 оны 8 сар хүртэл хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй. Н.Э тус орон сууцыг хэзээ ч зарах эрх нь нээлттэй байсан.  2018 оны 8 сарын 25-ны өдөр Н.Эын утас руу нь зээл ирэх 7 хоногт бүтэхээр болсон удаасанд уучлаарай гэж мессэж бичихэд Н.Э байр зарагдсан гэж надад бичсэн.

Хэрэв намайг хүлээж аман хэлцэлдээ үнэнч байсан бол тус орон сууцаа зарах гэж байгаагаа надад эхлээд мэдэгдэх ёстой байсан. Н.Э нь зээлийн гэрээнийхээ үүргийг өөрөө гүйцэтгэх ёстой. Н.Эыг зээл ав гэж авахуулаагүй. Харин надаас авсан 61 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээ болон өр зээлэндээ төлж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мын хариуцагч Н.Эд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүйээс учирсан хохирол 21 520 386 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Н.Эын 57 112 051.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 540 төгрөг, хариуцагч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 550 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ талууд гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэсэн. Гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч тал санал гаргаагүй. Харин хариуцагч шүүх хуралдаанд өөрийн байраа иргэн н.Буян гэгчид зарсан гэж гэрээнээс өөрөө татгалзсанаа нотолж, нэг талын санаачлагаар гэрээг цуцалсанаа хүлээн зөвшөөрсөөр байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх “Иргэний хуулийн 205 дуаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө буцаан авсан” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг хугацаа хэтрүүлэн өгсөнөөс өөрт учир хохирлыг шаардаж байхад шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хохирол учирсан нь Н.Эын эс үйлдэхүйтэй холбоотой ба хэн буруутай болох нь нотлогдож байхад шүүх үнэлгээний алдаа гаргасан. Иймд 21 520 386 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.Эд холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 61 000 000 төгрөг буцаан шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учруулсан хохиролд 21 520 386 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба хохиролд 57 112 051 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /хх-1-2, 41-45/

 

Талууд Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 хороолол, Сэлбэ хотхоны Г байрны 12 тоот орон сууц, 8 тоот граж, нийт 130 м.кв талбай бүхий  үл хөдлөх эд хөрөнгийг  260 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар тохиролцсонд, уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч Н.М нь 61 000 000 төгрөгийг хариуцагч Н.Эд шилжүүлсэн үйл баримтад, түүнчлэн уг гэрээ хэрэгжээгүй цуцлагдсанд маргаагүй. /хх-1-2, 10, 41-45 /Харин нэхэмжлэгч Н.М байрны үлдэгдэл төлбөр 199 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс хариуцагчид хохирол учирсан эсэх, орон сууцыг бусдад худалдсаны дараа нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 61 000 000 төгрөгийг хариуцагч хугацаанд нь буцаан өгөөгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулахаар заасан бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдсон хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг заасан. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Талууд гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иймд талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй боловч хариуцагчийн орон сууцыг нэхэмжлэгч худалдах авах талаар талууд амаар тохиролцож, нэхэмжлэгчээс хариуцагчид Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан 61 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Талуудын хооронд гэрээг зохих ёсоор байгуулаагүй байх боловч Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах энэхүү үе шатанд талуудад гэрээний болон хуулийн дагуу үүрэг үүснэ. Хариуцагч нь нэхэмжлэгчид худалдахаар тохиролцсон байсан орон сууцыг өөр этгээдэд худалдсан, нэхэмжлэгч нь урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж шаардсан, улмаар уг асуудлаар хариуцагчид холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаж байсан нөхцөл байдал болон талуудын тайлбараас үзэхэд гэрээг байгуулах боломжгүй болсон нөхцөл буюу хариуцагч Н.Э нь орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан үйл баримт 2017 оны 8 дугаар сард болсон, хариуцагч Н.Эд нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 61 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэг хуулийн дагуу үүссэн, дээрх үүргээ хариуцагч нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйл заасны дагуу хугацаандаа гүйцэтгээгүй болох нь нотлогдсон гэж үзнэ. /хх-1-2, 41-45/

 

Талуудын хэн аль нь гэрээ байгуулах тухай тохиролцооноос татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар уг тохиролцооны дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагчид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар орон сууцаа өөр хүнд худалдсан буюу гэрээ байгуулах боломжгүй болсон 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдөр 61 000 000 төгрөгийг буцааж өгөх үүрэг үүссэн байна./ хх-1-2/

 

Хариуцагч нь уг хугацаанд бус харин 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 22 500 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3 500 000 төгрөгөөр цувуулж төлсөн үйл баримт тогтоогджээ./хх-ийн 23, 24, 25/

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх юм. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар 61 000 000 төгрөгийг буцаах үүргээ хугацаанд гүйцэтгээгүйд маргаагүйгээс гадна Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн  гэм буруугаас болоогүй гэх нөхцөл байдлыг нотлоогүй тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд хохирлыг арилгах үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Даас 40 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлбэл анз тооцохоор тохиролцож зээлсэн, бодитоор нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийн хүү уг зээлд төлсөн нь зээлийн гэрээний хувь, дансны хуулга, 5 хувийн хүүтэй зээл авсан гэх баримт, Н.М харилцан хүү тохиролцож зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн талаар зээлдүүлэгчтэй тооцоо нийлж гарын үсэг зурсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-11-13, 32/

 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн хөлс төлсөн гэх байдал нь хариуцагчийн хугацаа хэтрүүлсэнтэй шууд шалтгаант холбоогүй, зайлшгүй зардал гэж үзэж хохиролд тооцон гаргуулах боломжгүй юм.

 

Мөн гэрээний урьдчилсан тохиролцоо цуцлагдахаас өмнө авсан зээлийн хүү болох 2 520 386 төгрөг нь мөн хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн үйлдэлтэй холбоотойгоор үүссэн хохирол гэж дүгнэх боломжгүй тул гаргуулах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь 260 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохирол гэх 57 112 051 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон алдааг залруулан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн бусдаас зээл авч бодитойгоор төлсөн 5 000 000 төгрөг буюу хүүгийн хохирлыг төлүүлэх өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эаас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мт олгож, нэхэмжлэлээс 16 520 386 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.Эын 57 112 051.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч Н.Эаас 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мт олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 552 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД