Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00838

 

Н.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02305 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2359 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Э-д холбогдох,

Үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21 520 386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээл, хүүгийн төлбөрт төлсөн /мөн хохиролд/ 57 112 051 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ, хариуцагч Н.Э-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.М- 2017 оны 4 сард Н.Э-аас Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 хороолол, Сэлбэ хотхоны Г байрны 12 тоот орон сууц, 8 тоот гарааш, нийт 130 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 260 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч амаар хэлцэл байгуулсан. Уг хэлцлээр Н.Э-ын Хаан банкны 5170009455 тоот дансанд нийт 61 000 000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 08 сард үлдэгдэл төлөх хугацаа болоогүй байхад Н.Э- нь хэлэлгүйгээр гэрээний үүргийг зөрчиж, орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Н.Э- нь урьдчилгаанд өгсөн 61 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй эдийн засгийн хүнд байдалд оруулж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Төрийн банкны зээлийн картнаас авсан ам.долларын хүү нэхэгдсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 12-нд Дамдинбазараас сууцаа барьцаалан 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Н.Э- 2017 оны 12 сар хүртэл мөнгө өгөөгүй тул 12 дугаар сарын 07-нд цагдаад гомдол гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, үүнээс хойш цувуулан өгсөөр 2018 оны 04 дүгээр сард 61 000 000 төгрөгийг төлж дууссан. Зээлийн төлбөрийг төлж чадаагүй, байраа барьцаанаас суллаж чадаагүй. Н.Э-аас хохиролд 21 520 386 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Н.М-тай 2017 оны 4 дүгээр сард орон сууцаа 260 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, аман хэлцэл байгуулсан. Н.М- орон сууц худалдан авах төлбөрт 61 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө төлөх сүүлийн хугацааг 8 дугаар сард гэж тохиролцоогүй, байраа зарж байгаа шалтгаан нь зээлийн хүү, зээлээ яаралтай төлөх байсан. Н.Э- хэлэлгүйгээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчиж гэдэг нь худал. Түүний утас руу 2017 оны 4 дүгээр сараас маш олон удаа залгаж, мессеж бичиж, биеэр уулзан "Мөнгөө өгнө үү гэсэн боловч тодорхой хариу өгөлгүй 8 дугаар сарыг хүргэсэн тул зээлээ дарах зайлшгүй шаардлагын улмаас өөр хүнд зарсан.

... Н.М-ын төлөөгүй удаасан 199 000 000 төгрөгийг хүлээж, цаг хугацаа алдаж банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүү, түүний торгуулийг нэхэмжлэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Н.М- нь үлдсэн төгрөгийг өгөлгүй 2017 оны 8 дугаар сарыг хүргэсэн. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлөх эцсийн хугацааг тогтоогүй боловч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй. Энэ эрхийн дагуу 2017 оны 4 сараас 8 дугаар сарын хооронд маш олон удаа шаардсан. Улмаар татгалзсан болно. Н.М-ыг хүлээж бүтэн 4 сар хугацаа алдсан тул өмчлөх эрхээ эдэлж, өөр хүнд зарсан. 2017 оны 8 сард байр худалдан авах санал тавьсан иргэн Буянтай худалдах худалдан авах гэрээ байгуулж, байраа зарсан орлогоороо Эвт капитал ББСБ-д хамгийн өндөр хүүтэй 68 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 117 000 000 төгрөгөөр хаасан. Мөн Худалдаа хөгжлийн банк дээр байсан 83 000 000 төгрөгийн зээлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-нд хааж тодорхой хэмжээгээр зээлийн дарамтаас салсан. Энэхүү 83 000 000 төгрөгийн зээлийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос төлсөн баримтуудыг хавсаргав. Иймд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын хооронд гарсан зээлийн хүү, торгуулийн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн 83 000 000 төгрөг, зээлийн хүү 6 953 473.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35 556.23 төгрөг,

“Шүрэн капитал ББСБ” ХХК-иас зээлсэн 30 000 000 төгрөг зээлийн хүү 4 100 042.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867 251.77 төгрөг,

Практикал даатгалаас зээлсэн 50 000 000 төгрөг зээлийн хүү 8 802 548.56 төгрөг, “Эвт капитал ББСБ” ХХК-иас зээлсэн 68 000 000 төгрөг зээлийн хүү 7 593 333.33 төгрөг, “Кредитех СТМ” ББСБ-иас зээлсэн 55 000 000 төгрөг зээлийн хүү 13 035 000 төгрөг торгуулийн хүү 1 963 500 төгрөг,

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК-иас зээлсэн 25 000 ам доллар нийт 6 153 345.1774 төгрөг,

мөн ББСБ ХХК-иас зээлсэн 40 000 000 төгрөг үндсэн хүү 7 320 000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 288 000 төгрөг нийт 57 112 051 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Э-д мөнгө бүтвэл байр авна гэсэн, хугацаа тогтоосон зүйл байгаагүй. Энэ хугацаанд Н.Э-ын байрыг өөртөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулаагүй өмчлөлдөө шилжүүлээгүй харин урьдчилгаа төлбөр 61 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөн тус байрыг банкны барьцаанд тавьсан гэдгийг 4 сард аман хэлцэл хийх үед мэдсэн. Н.Э-ын байраа өгөлгүй 2017 оны 8 сар хүртэл хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй. Н.Э- тус орон сууцыг хэзээ ч зарах эрх нь нээлттэй байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Н.Э-ын утас руу нь зээл ирэх 7 хоногт бүтэхээр болсон удаасанд уучлаарай гэж мессеж бичихэд Н.Э- байр зарагдсан гэж надад бичсэн. Хэрэв намайг хүлээж аман хэлцэлдээ үнэнч байсан бол тус орон сууцаа зарах гэж байгаагаа надад эхлээд мэдэгдэх ёстой байсан. Н.Э- нь зээлийн гэрээнийхээ үүргийг өөрөө гүйцэтгэх ёстой. Н.Э-ыг зээл ав гэж авахуулаагүй. Харин надаас авсан 61 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээ болон өр зээлэндээ төлж байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02305 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М-ын хариуцагч Н.Э-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 21 520 386 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Н.Э-ын 57 112 051.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 540 төгрөг, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 550 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2359 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М-т олгож, нэхэмжлэлээс 16 520 386 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.Э-ын 57 112 051.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Н.Э-аас 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-т олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 552 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М-т олгосугай” гэжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 нь хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй шууд шалтгаант холбоо бүхий зөрчлийг гаргуулахад чиглэгддэг. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирол нь хариуцагчийн хугацаа хэтрүүлсэнтэй шууд шалтгаант холбоогүй байна. Нэхэмжлэгчийн 140 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн зориулалт нь компанийн ажилчдын цалин хөлс гэх мэт компанийн үйл ажиллагааны зардал байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл уг 40 000 000 төгрөгийг компанийн үйл ажиллагааг хэвийн болгохын тулд зээлсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Н.М- хариуцагч Н.Э-аас худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21 520 386 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Н.Э- шаардлагыг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй учир гэрээ хэрэгжээгүй, улмаар өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 57 112 051 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

Зохигч нь 2017 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Сэлбэ хотхоны Г байрны 12 тоот орон сууц, 8 тоот гарааш зэрэг хариуцагч Н.Э-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар ам тохиролцоо хийсэн боловч гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хийгээгүй байна.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Н.М- хариуцагч Н.Э-д 61 000 000 төгрөг төлсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй, хариуцагч Н.Э- нь 61 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан боловч үлдэх төлбөр төлөгдөхгүй байсан учир орон сууцыг өөр хүнд худалдаж, нэхэмжлэгчийн мөнгийг дараа жил нь төлж дуусчээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.-т зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн үеэс хийгдсэнд тооцогддог, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуульд заасан хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг учир зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгөө худалдах-худалдан авах гэрээ бүрэн хэмжээгээр байгуулагдсан, энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр гэж тус тус үзэх боломжгүй.

Нөгөө талаар, аливаа гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байж гэрээ байгуулагдсанд тооцогддог тул гэрээний үнийг ямар хугацаанд төлөх талаар талууд тохиролцсон болох нь баримтаар тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж, хариуцагчийг төлбөр төлөх хугацаа болоогүй байхад орон сууцыг өөр хүнд худалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Гэрээнээс татгалзсан явдалд хоёр талын аль нэгийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой хохирлыг хэн алин нь бие биений өмнө хүлээх үүрэггүй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч Н.М- нь бусдаас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүүтэй зээл авсан нь хариуцагчид 61 000 000 төгрөг төлөхтэй, эсхүл төлсөнтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх 5 000 000 төгрөгийн хүү төлсөн байдлыг хариуцагчийн арилгавал зохих хохиролд хамааруулсан нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 222 дугаар зүйлийн 222.7-д заасан зохицуулалт хариуцагч Н.Э-ын хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл болохгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.М-ын бусдаас зээлсэн мөнгөний хүү хариуцагч Н.Э-ын олсон ашиг биш байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Хариуцагч Н.Э- нэхэмжлэгч Н.М-аас авсан 61 000 000 төгрөгийг буцаан өгөх хугацааны талаар талуудын тохиролцоо байхгүй тул хариуцагчийг хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй  гүйцэтгэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Н.М- хариуцагчаас мөнгөө буцаан шаардсан гэх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэгчийн бусдаас зээл авсан үйл баримттай цаг хугацааны хувьд зөрүүтэй бөгөөд шалтгаант холбоогүй байх тул уг зээлийн хүүнд төлсөн гэх 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хохирлын нөхөн төлбөр гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2359 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН