Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00568

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00568

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00385

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух Б. овогт Э.Т./РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн .....  тоотод оршин суух Б. овогт А.Б. /РД: .../,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн .....  тоотод оршин суух Т. овогт Г. М. /РД: ..... / нарт холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги нийт 16,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Г.Н-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т-шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Г.Н- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-хүсэлтийн дагуу 2014 оны 11 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, сарын 7 хувийн хүүтэй, барьцаагүйгээр шилжүүлсэн. Гэрээний нэмэлт нөхцөл хэсэгт зээлийг А.Б-Х. банкны данс руу шилжүүлсэн гэж бичсэн боловч тухайн үед Э.Т-уг мөнгийг бэлнээр авч явж байсан бөгөөд гэрээний талууд харилцан тохирч, бэлнээр хүлээлгэн өгч, хүлээн авсан. А.Б- нь нөхөр Г.М-хамт мөнгийг бэлнээр хүлээн авсан даруйдаа эхний 3 сарын зээлийн хүү гэж тооцож, 2,100,000 төгрөгийг Э.Т-д өгсөн. А.Б- нь гэрээний дагуу 2014 оны 11 сарын 28-ны өдөр буюу зээл авсан өдрөө 3 сарын хүүд тооцож буцаан өгсөн 2,100,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүд нийт 7,680,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үндсэн зээлээс нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байна. А.Б- нь зээл, хүүгээ төлөхийг шаардахад шалтгаан тоочиж, улмаар утсаа авахгүй, хаягтаа байхгүй байсан тул эрэн сурвалжлуулж, Дархан-Уул аймагт оршин сууж байгаа нь тогтоогдсон тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд А.Б-, түүний нөхөр Г.М- нараас үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 700,000 төгрөг, алданги 5,350,000 төгрөг, нийт 16,050,000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг А.Б-тай хийсэн боловч мөнгийг нөхөр Г.М- хамт ирж авсан. Мөн түүний ажилтай байдал болон гэрлэлтийн баталгаа зэргийг нь үзэж зээлийг олгож байсан. Иймд Г.М- энэхүү гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй тул хариуцагч мөн. Зээлийн хүүгийн хувьд гэрээний хугацаа 1 жил байгаа бөгөөд хүүд төлсөн нийт 7,680,000 төгрөгийг 11 сарын хүүд тооцож, үлдэх 1 сарын хүү 700,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.

 

Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Т-ээс 7,900,000 төгрөг бэлнээр авсан. Энэ хугацаанд хүүд 7,680,000 төгрөгийг өгсөн. Бид хоорондоо тохирч 8,000,000 төгрөгийг Түмэндэмбэрэлд өгөөд дуусгахаар тохиролцсон боловч уг мөнгийг би хугацаандаа өгч чадаагүй. Одоо 8,000,000 төгрөг дээрээ тохиролцохыг хүсэж байна. Одоогоор миний төлбөрийн чадвар хүнд байгаа болно. Энэ өр төлбөрийн асуудалд Г.М- хамаагүй, би өөрөө хариуцна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ Э.Т, А.Б- нарын хооронд байгуулагдсан тул Г.М- энэ хэргийн хариуцагч биш юм. Г.М- мөнгө хүлээн авсан талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. А.Б- ч үүнийг би хариуцна гэж тайлбарладаг. Иймээс Г.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. А.Б-хувьд гэрээнд 10,000,000 төгрөг гэж бичсэн байгаа боловч бэлнээр 7,900,000 төгрөгийг хүлээн авсан тул авсан мөнгөө төлөх асуудал яригдана. А.Б- нь хүүд нийт 5,580,000 төгрөгийг өгсөн. А.Б- шүүхэд гаргасан тайлбартаа 7,680,000 төгрөг төлсөн гэж бичсэн нь үндсэн зээлээ 10,000,000 төгрөгийн 2,100,000 төгрөгийг тэр дор нь хүүд тооцож авснаа тооцоонд оруулаад байсан юм байна. Үүнийг аваагүй мөнгө гэж үзэж төлсөн тооцооноос хасаж тооцох нь зөв. Иймд 5,580,000 төгрөгийг хүүд төлсөн байна. Зээлийн гэрээнд хүүг сарын 7 хувь гэж бичсэн нь өндөр байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу зээлийн хүүг Банк, банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүү болох 4-5 хувийн хүүгээр тооцож өгнө үү. Мөн алдангийн хувьд алдангийн хэмжээ хэт их байвал багасгаж болно гэж хуульчилсан. А.Б-хувьд хүүгээ төлөөд явж байсан. Мөнгөө төлөх хүсэлтэй байгаа боловч ажил төрөлгүй, боломж муутай байгаа байдлыг харгалзан алдангийг багасгах, улмаар хасаж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т-нь хариуцагч А.Б-, Г.М- нарт холбогдуулан, зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 700,000 төгрөг, алданги 5,350,000 төгрөг, нийт 16,050,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.М- энэ зээлийн гэрээг байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй тул надад хамааралгүй гэж, хариуцагч А.Б- нь 7,900,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүү, алдангийг багасгаж өгөх талаар тус тус тайлбарладаг болно.

 

Э.Т, А.Б- нар нь 2014 оны 11 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр 10,000,000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар зээлэхээр тохирч, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч Г.М-г гэрээнд гарын үсэг зураагүй хэдий ч зээлийн мөнгийг А.Б-тай хамт хүлээн авсан, хариуцагч нар албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэж тайлбарлаж байгаа боловч Г.М- хэрэгт авагдсан 2014 оны 11 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан байх тул гэрээнд гарын үсэг зураагүй Г.М-гээс энэхүү гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаас хариуцагч Г.М- зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан гэх нэхэмжлэгч талын тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А.Б- нь зээлийн төлбөрийг төлөх талаар бичгээр баталгаа гаргаж байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.М- болон нэхэмжлэгч Э.Т-нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж байгаа тул хариуцагч Г.М- нь энэхүү гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй юм.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээс үзэхэд Э.Т, А.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Э.Т-зээлийн гэрээнд заасан 10,000,000 төгрөгөөс 7,900,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагч А.Б-д шилжүүлэн өгсөн, хариуцагч А.Б- нь хүүд нийт 5,580,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Тд буцаан төлсөн зэрэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан ... А.Б- нь нөхөр Г.М-хамт мөнгийг бэлнээр хүлээн авсан даруйдаа эхний 3 сарын хүү гэж тооцож 2,100,000 төгрөгийг өгсөн ... гэх, хариуцагч А.Б-... 7,900,000 төгрөг бэлнээр авсан ... гэсэн тайлбарууд, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар талууд тохиролцсоны үндсэн дээр 10,000,000 төгрөгийн 3 сарын хүү 2,100,000 төгрөгийг зээл олгосон өдрөө урьдчилан авсан гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн хүү нь зээлийг гэрээнд заасан хугацаанд мөнгийг ашигласны хариу төлбөр юм.

Нөгөө талаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн төлбөрт шилжүүлэн өгсөн бодит дүнгээр зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

 

Иймд Э.Т-нь бодитоор шилжүүлэн өгсөн 7,900,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Б- нь 5,580,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Т-д төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаангүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч А.Б- нь нийт 7,680,000 төгрөгийг буцаан төлсөн, энэ үнийн дүнд мөнгийг шилжүүлэн өгөх үедээ хүүд буцаан авсан 2,100,000 төгрөгийг оруулан тооцож байгаа гэж тайлбарладаг бөгөөд энэхүү 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Т-хариуцагч А.Б-д шилжүүлээгүй тул үүнийг буцаан төлсөн мөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд зээлийн гэрээний үүргээс нийт 5,580,000 төгрөгийг хариуцагч А.Б- нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

 

Хариуцагч А.Б-зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл 7,900,000 төгрөг, түүний 1 жилийн хүү 6,636,000 төгрөг, нийт 14,536,000 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн буцаан төлсөн 5,580,000 төгрөгийг хасаж тооцвол 8,956,000 төгрөг буцаан төлөх үүргээ хариуцагч А.Б- биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

 

Талууд хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр 1 сарын хүүг 7 хувиар тооцож, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тус тус тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- нь зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгаж, сарын 4-5 хувийн хүүгээр тооцуулах, мөн алдангийн хэмжээг багасгах, хасуулах талаар тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т: Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан бөгөөд талууд гэрээгээр зээлийн хүүг сарын 7 хувийн хүүтэй байхаар тогтоосон нь энэхүү хуульд заасан А.Б-эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн хэмжээгээр буюу 4-5 хувийн хүүгээр бодож багасгуулах тухай хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байгаа бөгөөд талуудын тохирсон хүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан хүүгийн хэмжээнээс үзэхэд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул хууль зөрчсөн, эрх ашиг хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчих үндэслэлгүй байна.

 

Мөн талууд гэрээгээр алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон байгаа нь хуульд заасантай нийцэж байна.

 

Иймд хариуцагч А.Б-аас гүйцэтгээгүй үүрэг буюу 8,956,000 төгрөг, түүний алданги 4,478,000 төгрөг, нийт 13,434,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,616,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Г.М-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Б-аас 13,434,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,616,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ОЮУНЦЭЦЭГ