Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 122

 

Э.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00385/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Боржигон овогтой Э-гийн Т-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Боржигон овогтой А-гийн Б-,

           Хариуцагч Туулайт овогтой Г-ын М- нарт холбогдох,

          “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги нийт 16.050.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч А.Б-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрнээ, Г.Нандинцэцэг нараас:

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А.Б-ы хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, сарын 7 хувийн хүүтэй, барьцаагүйгээр шилжүүлсэн. А.Б- нь нөхөр Г.М-гийн хамт мөнгийг бэлнээр хүлээн авсан даруйдаа эхний 3 сарын зээлийн хүү гэж тооцож, 2.100.000 төгрөгийг Э.Т-д өгсөн. Гэрээний дагуу зээл авсан өдрөө 3 сарын хүүнд тооцож 2.100.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүнд нийт 7.680.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. А.Б-г зээл, хүүгээ төлөхийг шаардахад шалтгаан тоочиж, утсаа авахгүй, хаяган дээрээ байхгүй байсан тул эрэн сурвалжлуулж нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл түүний хүүгийн үлдэгдэл, алданги нийт 16.050.000 төгрөг,  мөн  гэрээний   үүргийг  хамтран   хариуцагч Г.М-гээс  зээлийн хүүгийн хувьд гэрээний хугацаа 1 жил байгаа бөгөөд хүүнд төлсөн 7.680.000 төгрөгийг 11 сарын хүүнд тооцож, үлдэх 1 сарын хүү 700.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б-аас:

7.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Т-ээс бэлнээр авсан нь үнэн. Энэ хугацаанд 7.680.000 төгрөгийг төлсөн. Бид 8.000.000 төгрөгийг өгч дуусгахаар хоорондоо тохиролцсон боловч уг мөнгийг би хугацаандаа өгч чадаагүй. Одоогоор миний төлбөрийн чадвар хүнд байх тул 8.000.000 төгрөг дээрээ тохиролцохыг хүсч байна. Энэ төлбөрийн асуудалд Г.М- хамаагүй би өөрөө хариуцана гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагаас:

Зээлийн гэрээ Э.Т-, А.Б- нарын хооронд байгуулагдсан тул Г.М- энэ хэргийн хариуцагч биш.  А.Б-ы хувьд гэрээнд 10.000.000 төгрөг гэж бичсэн байгаа боловч бэлнээр 7.900.000 төгрөг, хүүнд 5.580.000 төгрөгийг тус тус төлсөн. А.Б- шүүхэд гаргасан тайлбартаа 7.680.000 төгрөг төлсөн гэж бичсэн нь үндсэн зээлээ 10.000.000 төгрөгийн 2.100.000 төгрөгийг хүүнд тооцож авсанаа тооцоонд оруулсан. Нэхэмжлэгчид 5.580.000 төгрөгийг хүүнд төлсөн, зээлийн гэрээнд хүүг сарын 7 хувь гэж бичсэн нь өндөр байна гэж үзэж байна. Зээлийн хүүг банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүү болох 4-5 хувийн хүүгээр тооцож, алдангийн хувьд алдангийн хэмжээ хэт их байвал багасгаж болно гэж хуульчилсан байдаг. Иймд хариуцагч А.Б- нь мөнгөө төлөх хүсэлтэй байгаа боловч ажил төрөлгүй, боломж бололцоо нь муутай байгаа байдлыг харгалзан алдангийг багасгаж өгнө үү. Г.М- хариуцагч биш гэж үзэж байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр:

     Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Б-аас 13.434.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.616.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 225.120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т-д олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б- давж заалдсан гомдолдоо:

Анх би Э.Т-ээс 7.900.000 төгрөг зээлж аваад, эргүүлж 5.580.000 төгрөгийг төлсөн. Шүүхэд өгөхөөс өмнө харилцан тохиролцож 8.000.000 төгрөг төлөөд дуусгахаар хэлцэл хийсэн. Шүүхээс алданги төл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, тохирсон 8.000.000 төгргөө төлнө. Алданги тооцсон 4.478.000 төгрөгийг 50 хувиар багасгуулах хүсэлтэй байна. Иймд алданги болох 4.478.000 төгрөгөөс 2.239.000 төгрөгийг хасч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Т- хариуцагч А.Б-, Г.М- нарт холбогдуулж, зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, түүний хүү 700.000 төгрөг алданги 5.350.000 төгрөг нийт 16.050.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.М- зээлийн гэрээг би байгуулаагүй, нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул надад хамааралгүй гэж, хариуцагч А.Б- 7.900.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан, хүү алдангийг багасгаж өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд хариуцагч А.Б-аас 13.434.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.616.000 төгрөгийг, хариуцагч Г.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаар зээлдүүлсэн, гэрээний 3 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсгээр баталгаажуулжээ.

            Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бичгийн нотлох баримтуудаас үзвэл зээлийн гэрээ 10.000.000 төгрөгөөр хийгдсэн боловч, зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитоор  7.900.000 төгрөг өгсөн бөгөөд талууд эхний 3 сарын хүүг суутгаж авсан гэж тайлбарладаг болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ”мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн төлбөрт шилжүүлэн өгсөн бодит дүнгээр зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ гэж дүгнэн, нэхэмжлэгчийг бодитоор шилжүүлэн өгсөн 7.900.000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч Г.М-г Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэгчээс гэрээний үүргийг түүнд холбогдуулж шаардах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч А.Б- алданги багасгах талаар давж заалдсан гомдол гаргасан бөгөөд зээлийн гэрээний 3 дахь заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцож, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 8.956.000 төгрөг,  хүүгийн хэмжээ илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх боломжгүй гэж тус тус дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, цаашид дахин сунгаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч А.Б-аас 5.580.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Т-д төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй, болсон үйл баримтад бодитой дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч А.Б-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ                

                                     ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                        Л.АМАРСАНАА