Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2017/00637

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2017/00637

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01224/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ........ тоотод оршин суух У. овогт Б.М. /РД: ...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ........ тоотод оршин суух Т. овогт Т. Ц. /РД: ......../-д холбогдох,

 

"Зээлийн төлбөр болох 8,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-, хариуцагч Т.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч И.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Т.Ц- нь манай эхнэрийн үеэл эгч нь юм. Хариуцагч Т.Ц- манай эхнэр бид хоёроос маш чухал хэрэг мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлүүлээч гэсэн. Гэтэл бид хоёрт бэлэн мөнгө байхгүй гэхэд малчны зээл авчих, би хүүтэй нь төлөөд буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би Х- банкнаас 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар малчны зээл авсан. Би мөнгө зээлж авсан даруйдаа хариуцагч Т.Ц-ийн Х- банкны данс руу шилжүүлж мөнгөө зээлсэн. Одоо болтол нэг ч төгрөг төлөхгүй байна. Иймд зээлүүлсэн 8,000,000 төгрөг, банкнаас авсан хүү 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц- нь Б.М-аас 8,000,000 төгрөгийн малчны зээл авхуулж, зээлж авсан бөгөөд одоо болтол төлөөгүй байна. Б.М-нь зээл аваад Т.Ц-рүү шилжүүлсэн баримт нь хэрэгт байгаа. Иймд дээрх 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Ц- нь банкны хүүг нь төлнө гэж хэлсэн учир банкны хүү 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Ц- нь өмнө нь зээлийн асуудал байсан, өөр хүмүүст мөнгө зээлсэн асуудал ярьж байна. Тийм бол тэр хүмүүсээсээ мөнгөө нэхэх хэрэгтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М-гэх хүнийг огт танихгүй, мөнгөний туслалцаа гуйж байгаагүй. Мөнхбатын эхнэр болох П.А-нь 2014 оны 5 сард надтай утсаар ярьж 2 хүний зээл төлөөд өгөөч өдөртөө бэлэн мөнгийг чинь өгье гээд А-, А-нарын Төрийн банкны дансанд мөнгө хийлгэсэн. Тэгээд би мөнгөө нэхээд Алтанчимэгийнд очсон. Тэгэхэд би нөхөртөө хэлээд малчны зээл авахуулчлаа, таны дансанд мөнгө хийчихлээ гэсэн. Тэгээд 2014 оны 05 сарын 13-ны өдөр Б.М-ын дүүгийн нөхөр А-д 3,327,300 төгрөг, эхнэр А- 3,850,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэд хэлэхдээ орой нь буцаан төлнө гэж авсан. Б.М-ын эхнэр А-манай хамаатан юм. Түүнтэй өмнө нь холбоогүй байж байгаад 2014 оны 02 сараас эхлэн холбоотой болсон юм. Тэгээд түүний гуйлтаар өөр хүмүүст мөнгө бас зээлүүлж байсан. Б.Мөнхбатын эхнэр А-нөхөртөө юу гэж хэлж байж миний мөнгийг авч өгсөн гэдгийг би мэдэхгүй. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний данс руу 7,900,000 төгрөг хийчихлээ гээд Х- банкнаас А, Э.нар гарч ирсэн. Одоо А-бид нарын хооронд тооцоо байхгүй. Иймээс би өөрийн зээлсэн мөнгөө буцаан авсан бөгөөд Б.М-гэх хүнийг огт танихгүй, түүнээс мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Малын үнэ гэж баримтад бичсэн байсан, би түүнээс мал авсан ч асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч И.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль болон хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтын хэмжээнд ярих ёстой. Мөнгө шилжүүлсэн болгон нь зээлийн гэрээ биш гэж үзэж байна. Иймээс Б.М-болон Г.Ц нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох ёстой. Хэрвээ зээлийн гэрээг байгуулахдаа талууд харилцан өөр өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлж байж гэрээгээ байгуулдаг. Хоёр хүн нэгнээ хараагүй хэр нээ зээл олгох боломжгүй. Хэрэв Б.Мөнхбатын эхнэр хэн нэгэнд зээл авч өгсөн бол Б.М- М.  эхнэрээсээ нэхэх нь зүйтэй. Нэхэмжлэгч Б.М-хүний өрийг дарсан гэдэг нь Э.Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа. Цагдаагийн байгууллагад өгсөн баримт болон шүүхэд гаргаж өгсөн тогтоолоор тус тус тогтоогдож байна. Яагаад гэвэл Цагдаагийн байгууллагад өгсөн баримт нь нотлох баримтын хүрээнд авч үзэх боломжтой баримт юм. Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа тодорхой тусгасан байгаа. Улсын дээд шүүхээс гэрчийн мэдүүлгээс болж хэрэг унасан. Уг гэрч нь эсрэг сонирхолтой байх, зөвшөөрөл авахыг бид нарын буруутай үйл ажиллагаатай холбоотой бус хууль сануулаагүйтэй холбоотой. Хүнээс мөнгө зээлсэн бол төлбөр гэж шилжүүлэх боломжгүй. Зээлийн гэрээг амаар эсвэл бичгээр байгуулах ёстой. Мөн хэн нэгэнд хүүгүй зээл олгох хүн байхгүй. Б.Мөнхбатын эхнэрийн данс руу мөнгө ороод 15 хоноогүй байхад буцаагаад Г.Ц-д мөнгө зээлэх боломжгүй. Төрсөн дүү нь би ахаараа зээл авхуулсан гэж хэлсэн байхад түүнийг юугаар үгүйсгэх вэ?. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэрчийг худал мэдүүлэг өгсөн асуудлыг тогтоолгохоор зохих байгууллагад хандсан. Гэтэл шүүхээс эцсийн шийдвэр гараагүй учраас одоохондоо шалгах боломжгүй байна гэж хэлсэн. Уг гэрчийн мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь зөрүүтэй мэдүүлгүүдээс нь харагдаж байгаа. Бид энэ хүмүүсийг хууль бус гарсан шүүхийн шийдвэрээр худал баримт ашиглаж бид нарыг залилсан гэж үзэж байгаа. Прокурорын тогтоолыг энэ хэрэгт хамаарахгүй гээд байгаа боловч уг прокурорын тогтоолд Э. энэ хоёрт зээлсэн бол төлөх 16.000.000 төгрөгөө төлсөн гэж ойлгуулаад үлдэгдлээ хийгээд байна. Э. өөрөө 2 дүүгийнхээ мөнгийг аваад төлсөн учраас одоо 7.000.000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Хэрэв Э.  7.000.000 төгрөгийг Б.М., А-нарын дансаар төлөөгүй бол 16.000.000 төгрөгийн өртэй байх ёстой. Мөн гэрч нь өөрийн нөхөр Б.М., Т.Ц-д мөнгө зээлсэн гэж хэлэх ёстой. Гэтэл мэдүүлэгтээ өөрөө мөнгө зээлсэн мэт ойлгомжгүй зүйл ярьсан байсан. Иймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-нь хариуцагч Т.Ц-ээс зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Хариуцагч Т.Ц- нь миний дансанд Б.М-с шилжин ирсэн 7,900,000 төгрөг түүний эхнэр П.А-болон түүний дүү П.А- нарын өмнө нь зээлсэн зээлийн төлбөр бөгөөд Б.Мөнхбатаас мөнгө зээлж авсан асуудал байхгүй, түүнийг огт танихгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.      

Хэрэгт авагдсан Х- банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 06 сарын 05-ны өдөр Б.М-ын ....... тоот дансанд 8,000,000 төгрөгийн зээл олголтын орлого орсон бөгөөд мөн өдрөө ..... тоот данс руу малын үнэ Б.М-аас шилжүүлэв гэсэн утга бүхий 7,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.

Энэхүү 7,900,000 төгрөгийг шилжүүлсэн данс болох ..... тоот данс нь хариуцагч Т.Ц-ийн данс болох нь Х- банкны 2016 оны 01 сарын 05-ны өдрийн 01/04 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

            Хариуцагч Т.Ц- нь энэхүү 7,900,000 төгрөгийн шилжүүлэг нь Б.М....ын эхнэр П.Алтанчимэг, түүний дүү П.А- нарын өмнө нь зээлсэн зээлийн төлбөр гэж тайлбарладаг бөгөөд үүнийгээ нотлохоор Б.Мөнхбатын дүү Б.Э.гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар хүргүүлсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Э. гэрчээр асуусан тэмдэглэлийг тус шүүхэд ирүүлсэн боловч Б.Э. нь нэхэмжлэгч Б.М.ын төрсөн дүү гэх бөгөөд түүнд шүүх Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг тайлбарлаж гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... өөрийн болон гэр бүлийн гишүүд...ийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасныг зөрчсөн байна.

            Иймд шүүх дахин зохигчийн хүсэлтээр Б.Э.ээс хуульд заасан журмыг баримтлан гэрчийн мэдүүлэг авхуулахаар тус шүүхэд даалгавар хүргүүлэхэд Б.Э. нь дээрх хуульд заасан эрхийнхээ дагуу төрсөн ахынхаа нэхэмжлэлтэй хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байх тул түүний өмнө өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

 

            Мөн хариуцагч Т.Ц-ээс 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.М. эхнэр П.А- 3,780,000 төгрөг, П.А-д 3,327,270 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны зээлийн дансны хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа боловч эдгээр хүмүүсийн хоорондох зээлийн үүргийг нэхэмжлэгч Б.М-шилжүүлэн авсан, төлөхөөр тохирсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 145 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор Т.Ц-ийн П.А-г, Б.М-, П.А-, Б.Э. нарт холбогдуулан гаргасан гомдлыг хянаад Б.Э- нь иргэн Т.Ц-тэй харилцан тохиролцож, 2014 оны 03 сарын 12-ны өдрөөс 05 сарын 23-ны өдрийн хооронд нийт 16,877,300 төгрөгийг зээлж авсан ба зээлийн үлдэгдэл 7,657,300 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна, эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

 

            Мөн хариуцагч талаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч Б.Ц-ийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн Б.Э-, Б.М-нараас асууж авсан тайлбар, 2016 оны 03 сарын 07-ны өдрийн П.А-ээс асууж авсан тайлбаруудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү тайлбарууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гомдол шалгах ажиллагааны явцад авсан тайлбар бөгөөд эдгээр тайлбаруудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэл гэж үзэх боломжгүй байна.

 

            Иймд Б.М-аас Т.Ц-д шилжүүлсэн 7,900,000 төгрөгийг П.А-, П.А- нарын зээлийн төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна.

           

            Хэрэгт авагдсан гэрч П.А-ийн ... Цэнгэл эгч зээл аваад өгөөч гэхээр нь би нөхөртөө манай эгч найдвартай өгнө гэсэн гэж хэлээд 2014 оны 06 сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөгийн малчны зээл авч, Т.Ц-д зээлүүлсэн... гэсэн мэдүүлэг болон 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.М-нийт 7,900,000 төгрөгийг хариуцагч Т.Ц-д дансаар шилжүүлэн өгсөн байдал зэргээс үзэхэд Б.Мөнхбат, Т.Ц- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Мөн мөнгө шилжүүлсэн дансны хуулганы агуулга нь малын үнэ гэсэн байгаа хэдий ч хариуцагч Т.Ц- нь шүүх хуралдаан дээр ...бидний хооронд ямар нэгэн мал худалдаж авсан асуудал огт байхгүй... гэж тайлбарладаг болно.       

 

            Хариуцагч Т.Ц- нь нэхэмжлэгч Б.М-ыг танихгүй, түүнээс мөнгө зээлэх талаар ярьж тохирсон зүйл байхгүй гэж тайлбарладаг боловч Б.М-ын эхнэр П.А-эй төрөл, садны холбоотой, гэрч П.А-ийн Би нөхөртөө манай эгч найдвартай өгнө гэсэн хэлээд 8,000,000 төгрөгийн малчны зээл авч Цэнгэлд зээлүүлсэн... гэсэн мэдүүлгээс үзэхэд Т.Ц- зээл авах тухай хүсэл зоригийн илэрхийллээ гэрч П.А- дамжуулан илэрхийлснийг нэхэмжлэгч Б.М-хүлээн авч, 2014 оны 06 сарын 05-ны өдөр Х- банкнаас зээл авч, Т.Ц-ийн данс руу шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч Б.М- Т.Ц-ээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах шаардлага үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б.М-нь хүүгийн төлбөрт 1,600,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч Б.М-хүү авах эрхгүй байна.

            Иймд Б.М- нэхэмжлэлийн шаардлагаас дансаар шилжүүлсэн 7,900,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ц-ээс 7,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М- олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 141,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ОЮУНЦЭЦЭГ