Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 118

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01224/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Урианхай овогтой Б-гийн М-ын нэхэмжлэлтэй

          Хариуцагч Тэлэнгид овогтой Т-гийн Ц-д холбргдох

          “Зээл, зээлийн хүү  9.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Т.Ц-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-аас:

Т.Ц- нь манай эхнэрийн үеэл эгч нь юм. Хариуцагч Т.Ц- манай эхнэр бид хоёроос маш чухал мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлүүлээч гэсэн. Гэтэл бид хоёрт бэлэн мөнгө байхгүй гэхэд малчны зээл авчих, би хүүтэй нь төлөөд буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би Хаан банкнаас 8.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар малчны зээл авсан. Би мөнгө зээлж авсан даруйдаа хариуцагч Т.Ц-ийн Хаан банкны данс руу шилжүүлж мөнгөө зээлсэн. Одоо болтол нэг ч төгрөг төлөхгүй байна. Иймд зээлүүлсэн 8.000.000 төгрөг, банкнаас авсан хүү 1.600.000 төгрөг, нийт 9.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяраас:

Т.Ц- нь Б.М-аас 8.000.000 төгрөгийн малчны зээл авахуулж  одоо болтол  төлөөгүй байна.  Б.М- нь зээл  аваад Т.Ц-рүү шилжүүлсэн баримт  нь хэрэгт байгаа. Иймд дээрх 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Ц- нь банкны хүүг нь төлнө гэж хэлсэн учир банкны хүү 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Ц- нь өмнө нь зээлийн асуудал байсан, өөр хүмүүст мөнгө зээлсэн асуудал ярьж байна. Тийм бол тэр хүмүүсээсээ мөнгөө нэхэх хэрэгтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ц-ээс:

Миний бие Б.М- гэх хүнийг огт танихгүй, мөнгөний туслалцаа гуйж байгаагүй. М-ын эхнэр болох П.Алтанчимэг нь 2014 оны 5 сард надтай утсаар ярьж 2 хүний зээл төлөөд өгөөч өдөртөө бэлэн мөнгийг чинь өгье гээд П.Атархүү, П.Алтанчимэг нарын Төрийн банкны дансанд мөнгө хийлгэсэн. Тэгээд би мөнгөө нэхээд П.Алтанчимэгийнд очсон. Тэгэхэд би нөхөртөө хэлээд малчны зээл авахуулчлаа, таны дансанд мөнгө хийчихлээ гэсэн. Тэгээд 2014 оны 05 сарын 13-ны өдөр Б.М-ын дүүгийн нөхөр П.Атархүүд 3.327.300 төгрөг, эхнэр П.Алтанчимэгт 3.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэд хэлэхдээ орой нь буцаан төлнө гэж авсан. Б.М-ын эхнэр П.Алтанчимэг манай хамаатан юм. Түүнтэй өмнө нь холбоогүй байж байгаад 2014 оны 02 сараас эхлэн холбоотой болсон юм. Тэгээд түүний гуйлтаар өөр хүмүүст мөнгө бас зээлүүлж байсан. Б.М-ын эхнэр П.Алтанчимэг нөхөртөө юу гэж хэлж байж миний мөнгийг авч өгсөн гэдгийг би мэдэхгүй. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний дансруу 7.900.000 төгрөг хийчлээ гээд Хаан банкнаас Д.Алтанчимэг, Б.Ээсүрэн нар гарч ирсэн. Одоо П.Алтанчимэг бид нарын хооронд тооцоо байхгүй. Иймээс би өөрийн зээлсэн мөнгөө буцаан авсан бөгөөд Б.М- гэх хүнийг огт танихгүй, түүнээс мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Малын үнэ гэж баримтанд бичсэн байсан, би түүнээс мал авсан ч асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямбаас:

Б.М- болон Г.Ц- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох ёстой. Хоёр хүн нэгнээ хараагүй хэрнээ зээл олгох боломжгүй. Хэрэв Б.М-ын эхнэр хэн нэгэнд зээл авч өгсөн бол Б.М- мөнгөө эхнэрээсээ нэхэх нь зүйтэй. Нэхэмжлэгч Б.М- хүний өрийг дарсан гэдэг нь Ээсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа. Яагаад гэвэл Цагдаагийн байгууллагад өгсөн баримт нь нотлох баримтын хүрээнд авч үзэх боломжтой баримт юм. Зээлийн гэрээг амаар эсвэл бичгээр байгуулах ёстой. Мөн хэн нэгэнд хүүгүй зээл олгох хүн байхгүй. Б.М-ын эхнэрийн данс руу мөнгө ороод 15 хоноогүй байхад буцаагаад Г.Ц-д мөнгө зээлэх боломжгүй. Төрсөн дүү нь би ахаараа зээл авахуулсан гэж хэлсэн байхад түүнийг юугаар үгүйсгэх вэ?. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэрчийг худал мэдүүлэг өгсөн асуудлыг тогтоолгохоор зохих байгууллагад хандсан. Гэтэл шүүхээс эцсийн шийдвэр гараагүй учраас одоохондоо шалгах боломжгүй байна гэж хэлсэн. Уг гэрчийн мэдүүлэг  үнэн зөв эсэх нь зөрүүтэй мэдүүлгүүдээс нь харагдаж байгаа. Бид энэ хүмүүсийг хууль бус гарсан шүүхийн шийдвэрээр худал баримт ашиглаж бид нарыг залилсан гэж үзэж байгаа. Прокурорын тогтоолыг энэ хэрэгт хамаарахгүй гээд байгаа боловч уг прокурорын тогтоолд Б.Ээсүрэн энэ хоёрт зээлсэн бол төлөх 16.000.000 төгрөгөө төлсөн гэж ойлгуулаад үлдэгдлээ хийгээд байна. Б.Ээсүрэн өөрөө 2 дүүгийнхээ мөнгийг аваад төлсөн учраас одоо 7.000.000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Хэрэв Ээсүрэн 7.000.000 төгрөгийг Б.М-, Алтанчимэг нарын дансаар төлөөгүй бол 16.000.000 төгрөгийн өртэй байх ёстой. Мөн гэрч нь өөрийн нөхөр Б.М-ыг, Т.Ц-д мөнгө зээлсэн гэж хэлэх ёстой. Гэтэл мэдүүлэгтээ өөрөө мөнгө зээлсэн мэт ойлгомжгүй зүйл ярьсан байсан. Иймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ц-ээс 7.900.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1.700.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 141.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ц- давж заалдсан гомдолдоо:

Б.М-ын эхнэр П.Алтанчимэг, Б.М-ын төрсөн дүү Б.Ээсүрэн нар малчны зээлээ дараад дахин зээл авсан өдөр нь мөнгийг буцаан өгье гэж би мөнгийг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буюу 20 хоногийн дараа Б.М-аас мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага байхгүй. П.Алтанчимэг надаас өөрөө зээлсэн болон Б.Ээсүрэнгийн нөхөр П.Атархүүгийн данс руу осрон мөнгийг төлөхөөр нөхөр Б.М-ад хэлж, Б.Ээсүрэн нь миний дансыг өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу тодорхойлон шийдвэр гаргасан тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй.

            Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь  зээлийн гэрээ мөн эсэхийг  анхаараагүй байна. 

            Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой  гэж  үзэв.

            Нэхэмжлэгч Б.М-  хариуцагч Т.Ц-д холбогдуулан зээл, хүү 9.600.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасныг,   хариуцагч   эс зөвшөөрч  маргажээ.

            Хэргээс үзэхэд  Б.М-ын эзэмшдэг ХААН банкны 5684054881 тоот данснаас  2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  Т.Ц-ийн  эзэмшдэг  5675353178 тоот данс руу  7.900.000 төгрөг  шилжүүлсэн \хх-3 дугаар тал\.

            Б.М- нь  мөнгө шилжүүлэх болсон  талаар  нэхэмжлэлийн үндэслэлдээ,  эхнэр бид хоёроос  маш чухал мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлүүлээч гэсэн гэж,

            Т.Ц- нь  Б.М-ыг танихгүй, мөнгөний туслалцаа гуйж байгаагүй, түүний эхнэр П.Алтанчимэг нь 2014 оны 5 сард  хоёр хүний зээл хаагаад өгөөч өдөртөө бэлэн мөнгийг нь өгье гээд П.Атархүү П.Алтанчимэг нарын төрийн банкны дансанд 3.327.000 төгрөг, 3,850.000 төгрөгийг хийлгэсэн, 2014 оны 06 дугаар сарын 05-ны  өдөр  миний данс руу  7.900.000 төгрөг хийчлээ гэсэн, бид нарын хооронд тооцоо байхгүй гэж  тус тус  тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан  гэрч П.Алтанчимэгийн  мэдүүлэгт  Т.Ц-ийг  Б.М-аас  мөнгө зээлсэн гэж байгаа  боловч энэ нь  Б.Ээсүрэнгийн  Цагдаагийн  газарт 2016 оны  03 дугаар сарын 14-нд өгсөн  “...2014 оны 05 дугаар сарын 13-нд  зээлээ төлөх хуваарьт өдөр нь байсан болохоор зээлийг нь тэр өдөр  Т.Ц- эгчээс авч байсан юм..., ...2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ах Б.М-тай яриад Т.Ц-ээс авсан мөнгөө төлөх шаардлагатай байна та малчны зээл аваад өгөөч гэсэн тэгтэл ах тэр өдөр малчны зээл авсан гэсэн тэгээд би өөрөө  Т.Ц- эгчийн ХААН банкны 5675353178 тоот дансыг ах Б.М-ад өгсөн ...”  гэсэн мэдүүлгээр  үгүйсгэгдэж байна.

            Зээлийн гэрээний харилцаа нь зээлдэгч зээлдүүлэгч хэмээх үндсэн субьектүүдийн хооронд үүсч, улмаар тэдгээр нь  зээлийн эрх зүйн харилцаанд  оролцож, харилцан эрх эдэлж, үүрэг хүлээдэг, зээлийн харилцаа үүсэх үндэслэл нь  зээлийн хэлцэл буюу  мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх,, зээлдэгч тохирсон хугацаанд үнийг төлөхөөр тохирч,  улмаар  үүнтэй холбоотойгоор  эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор  хүсэл зоригоо илэрхийлсэн  үйлдэл  байх юм.

            Гэтэл  нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээл авах талаар амаар болон бичгээр  тохирсон хүсэл зоригийн илэрхийлэл  хийгдээгүй  байна.

Харин  Б.М-аас Т.Ц-ийн данс руу  мөнгө шилжүүлсэн нь  баримтаар  нотлогдож байх тул Т.Ц-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж тухайн харилцааг зохицуулсан  хуулийг  хэрэглэн  шүүхийн шийдвэрт  өөрчлөлт  оруулах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн  давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр  хангахгүй  орхив.

Т.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзал   тайлбар нотлох баримт нь  П.Алтанчимэг, П.Атархүү  нарт мөнгө өгсөн, авсан үйл баримт  байна.  Нэхэмжлэгч Б.Ц-  тэдний өмнөөс төлбөр  төлөхийг зөвшөөрсөн  гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй  зэрэг нь  дээрх  шийдвэрийн үндэслэл  болсон болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Т.Ц-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад, 

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3“  гэснийг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар...” гэж өөрчлөлт  оруулж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ