Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2017/02261

 

 

 

 

 

  2017 оны 11 сарын 21 өдөр      Дугаар 182/ШШ2017/02261     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Д.Д  

 

Хариуцагч: “Р” ХХК

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Итали улсын иргэн Д.Д нь “Р” ХХК-ийн Р олон улсын коллежийн захирлаар ажиллахаар 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 08 сарын 05-ны өдөр дахин хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 24 сарын хугацаагаар байгуулан ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсээр ирсэн. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хариуцлага хүлээж байгаагүй. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ахлах дэд ерөнхийлөгч Кын гарын үсэг бүхий мэдэгдлийг өгсөн байна. Уг мэдэгдэлд “Компанид ажиллах сүүлийн ажлын өдөр нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байна. 1 сарын цалинтай тэнцэх ажлаас халагдсаны төлбөр өгөх, замын зардлыг төлөх....” гэсэн утга бүхий мэдэгдэл өгсөн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй болно.

Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байж хугацаанаас нь өмнө гэрээг дуусгавар болгох эрх ажил олгогчид байхгүй учир Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээ зөрчин үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2-т “Энэхүү гэрээ энэхүү гэрээний өөр нэг заалтад заасан шалтгааны улмаас цуцлагдахаас бусад тохиолдолд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 24 сарын хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байна” гэж хугацааг тодорхой заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Мөн гэрээний 15.4-т компани гэрээг 1-34 үндэслэлээр цуцалж болох зөрчлүүдийг зааж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 15.4-т заасан ямар ч зөрчил, дутагдал болон хууль бус үйлдэл гаргаж компанийг хохироосон зүйл огт байхгүй болно.

Хариуцагч хариу тайлбартаа Д.Дг байгууллагыг санхүүгийн алдагдалд оруулж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд гаргасан учир ажлаас чөлөөлсөн, компанийг сүүлийн 3 жил алдагдалтай ажилласан гэж санхүүгийн тайлан гаргаж өгсөн байдаг. Компанийн санхүүгийн алдагдалтай ажилласан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоогүй, алдагдал нь ганц Д.Дгийн үйл ажиллагаанаас болоогүй. 2015 оноос эхлэн Монгол улсад хямрал нүүрлэсэн, үүний улмаас коллежид элсэх элсэгчдийн тоо буурч байгууллага санхүүгийн алдагдалд орж байгааг коллежийн захиралтай холбож үзсэн нь үндэслэлгүй.

 

Хэдий гадаад улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ч гэсэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж л байгаа бол Монгол улсын хууль, дүрмийг мөрдөж ажиллах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д мэдэгдлийг орон тоо цөөрсөн, хасагдсан эсхүл тухайн хүн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа эсэх гээд 3 тохиолдлоор 30 хоногийн өмнө мэдэгдлийг өгдөг. Гэтэл мэдэгдэлд ажлаас халах өдрийг зааж, 03 сарын 15 буюу тус өдрөө мэдэгдэл өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө ажлаас халах эрхтэй боловч эрх зүйн акт бүхий тушаал, шийдвэр гарах ёстой атал гаргаагүй. Харин сүүлд нөхөж хийсэн тушаалыг хэрэгт баримтаар өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Д нь явахаасаа өмнө 03-р сарын 21-нийг хүртэл дээд байгууллагаас тушаал, шийдвэрийг нэхэж мэйлээр харьцсан боловч тушаал, шийдвэр өгөөгүй байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажлаас халж байгаа шийдвэр, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэж өгөх үүрэгтэй гэдгийг зөрчсөн. Иймд Итали улсын иргэн Д.Д нь “Р” ХХК-ийн Р олон улсын коллежийн захиралын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Р” ХХК-ийн Р олон улсын коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү. Харин гэрээний 5.1-д ХАОАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлнө гэж заасан тул эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Итали улсын иргэн Д.Д нь 2013 оны 08 дугаар сард “Р” ХХК-ийн захирлаар томилогдон, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.Дтай Коллежийн захирлын албан тушаалд өдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа нь тус гэрээнд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө цуцлаагүй бол 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар Хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан байна. Манай “Р” ХХК нь Сингапур улсад дэлхийн 13 улсад салбар сургуультай, дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бөгөөд Монгол улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм. Захирал болон Коллежийн захирал гэдэг нь нэг төрлийн албан тушаал бөгөөд компани буюу коллежийн бүхий л өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч Д.Дыг “Р” ХХК-ийн коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан ба ерөнхий захирлыг албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэл нь компаний үйл ажиллагааны доголдол, санхүүгийн алдагдал, компаний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд байсан юм.

Тухайлбал Д.Дыг компаний коллежийн захирлаар ажиллаж байх хугацаанд компанийн ажилтнууд, оюутнууд, тэдний эцэг эхээс удаа дараа гомдол шаардлага гаргаж байсан боловч эдгээр асуудлууд шийдвэрлэгдээгүй, компанийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн 3 жил санхүүгийн алдагдалд орсон. Мөн Д.Д нь ажилдаа хайнга хандах, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг алдагдалд оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнахгүй байх зэрэг дутагдлыг удаа дараа гаргаж байсан юм. Д.Д нь 2015 онд 4 удаа чөлөө авсан байдаг. Ингэхдээ “аав нас барсантай холбоотой түүний гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэнэ, 2015 оны 08 сарын 05-ны өдрөөс 2015 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл хагалгаа хийлгэнэ, мөн оны 11 сарын 18-ны өдрөөс 11 сарын 24-нийг хүртэл эмчилгээнд явж байгаа, 2016 оны 01 сарын 09-ний өдрөөс 2016 оны 02-р сарын 22-ны өдрийг хүртэл эмчилгээ хийгэж байгаа гээд ажил хийхгүй хоног олширч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 05 сарын 21-ний өдөр Итали улс руу аавтайгаа уулзаж, салах ёс гүйцэтгэнэ гэж явсан, аав нь нас барсан боловч түүний Тайланд эхнэртэй гэрлэсэн гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул дахин чөлөө олгож өгнө үү гэсэн байдаг. 2015, 2016 онуудад үүнээс болж компани санхүүгийн доголдолд орсон. 2013 онд Д.Дд уг албан тушаалыг хүлээлгэж өгөхөд элсэгчдийн тоо 150 байсан, 2014 онд 64, 2015 онд 27, 2016 онд 19, 2017 оны 1-р хагаст наймхан элсэгчтэй болсон. Энэ нь Д.Д нь ажлаа биечлэн удирдахгүй байгаагаас болсон бөгөөд тэрээр ажлаас халагдахаа хүлээн зөвшөөрч байсан нь түүний компанитай харилцаж байсан и-мэйл хаягаас харагддаг. Хэдийгээр эдгээр үйлдлүүдэд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс сахилгын арга хэмжээ бичгээр аваагүй боловч амаар болон цахим хэлбэрээр сануулж байсан байдаг.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлд “Хөдөлмөрийг гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба хугацаанаас нь өмнө гэрээг дуусгавар болгох эрх ажил олгогчид байхгүй...” гэж дурдсан байна. Д.Дтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь хэсэгт “энэ гэрээний бусад заалтын үндсэн дээр гэрээг цуцлаагүй бол гэрээ нь 24 сарын хугацаанд хүчинтэй байх ба 2017 оны 08 дугаар сарын 04-нд дуусгавар болно” гэж заасан байдаг. Мөн тус хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйл 15.1 дэх хэсэгт “туршилтын хугацаанд эсхүл туршилтын хугацаа дууссанаас хойш ажилтан эсхүл компани хамгийн багадаа 1 сарын мэдэгдэл өгөхийг шаардана. Туршилтын хугацаа дууссанаас хойш 1 сарын цалинтай мэдэгдлийг өгч болно.”, түүнчлэн 15.2 дахь хэсэгт “компани нь цалинтай мэдэгдэл өгөх эрхтэй...” гэж тус тус заасан ба өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтанд 1 сарын өмнө Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгөх буюу 1 сарын цалинтай тэнцэх олговор олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болохоор зохицуулсан.

Д.Дд ажил олгогчийн эрх олгогдсон этгээдээс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг олгосон бөгөөд тус мэдэгдэлд заахдаа: 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нөхцөл, болзлын дагуу дараах олговрыг олгоно.

-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нь биеэр ажиллах сүүлийн өдөр байна,

-2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  14-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин,

-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин,

-1 сарын цалинтай тэнцэх олговор,

-Улаанбаатараас Тайландын Банкок хот хүртэлх онгоцны билетийг олгохоор тусгасан.

Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн юм. Иймд нэхэмжлэгч Д.Ды гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй болно гэв.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бүсийн дэд ерөнхийлөгч К-ын мэдэгдэл, бүсийн дэд ерөнхийлөгчийн ажлаас халах тушаал, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, “Р” ХХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүд болон тайлан, оюутнууд, эцэг эхтэй хийсэн уулзалтын тэмдэглэл, “Р” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад             

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Д.Д нь “Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлнө гэж гэрээгээр тохирсон гэж энэ тухай шаардлагаасаа татгалзсан болно.

 

            “Р” ХХК нь Монгол  улын хуулийн этгээд болох Б ХХК, Сингапур улсын хуулийн этгээд болох Р компаниудын хамтран 2006 онд байгуулсан компани байх ба англи хэлний сургалт, гадаадад суралцахад зөвлөлгөө өгөх, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

           

Д.Д нь 2013 оны 8 дугаар сараас “Р” ХХК-ийн Р олон улсын коллежийн захирлаар ажиллаж байсан ба Д.Дыг “Р” ХХК-ийн коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарч, энэ тухай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ахлах дэд ерөнхийлөгч К мэдэгдлийг түүнд өгсөн байна. Тэрээр нэхэмжлэгчийг компанийн үйл ажиллагааны доголдол, санхүүгийн алдагдал гаргасан, захирлын үйл ажиллагаа, удирдлага, ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж үзсэн бай ба хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэн  Д.Дыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг компанийг төлөөлөн гаргаж, албажуулж дараахь нөхцөл бүхий мэдэгдлээр хүргүүлэхийг К.Д-д даалгасан байна. Үүнд:

 

-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нь биеэр ажиллах сүүлийн өдөр байна,

-2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  14-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин,

-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин,

-1 сарын цалинтай тэнцэх олговор,

-Улаанбаатараас Тайландын Бангкок хот хүртэлх онгоцны билетийг олгох гэжээ.

 

К.К нь компаний Индохятад болон Монгол хариуцсан бүсийн дэд ерөнхийлөгч ба дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Монгол улсад ирж ажилласан нь онгоцны болон зочид буудлын баримт, гаргасан шийдвэр зэргээр нотлогдож байна.

 

Тэрээр “Р” ХХК-ийн коллежийн захирал Д.Дг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажиллах хугацаандаа ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж /аливаа шалтгаанаар Монголд байгаагүй хоногууд орно/, хамт ажиллагсадтайгаа багаар ажиллах чадваргүй, үүрэгт ажилдаа хангалтгүй, хайхрамжгүй ханддаг, Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнадаггүй зэргээс компанийг санхүүгийн алдагдал, үйл ажиллагааны доголдолд оруулсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна. Мөн тушаалд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний зөрчлийн улмаас компани гэрээг цуцлах тохиолдлуудыг заажээ.

 

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24 сарын хугацаатай байгуулсан гэрээнээс хойш 5-26.5 хоногоор 4 удаа гадаадад хувийн шалтгаанаар явсан талаар болон үүний 3 удаагийн зардлыг компаниас төлсөн тухай баримтыг хариуцагч шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтонд бүсийн удирдлагаас өгсөн борлуулалтын зорилго, төлөвлөлтийн дагуу маркетинг, борлуулалтын хэсэг, менежрийн ажлыг удирдах, төлөвлөгөө, төсвийг хянах, энэ тал дээр бүсийн ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах, удирдлагын багийн ажлын зорилтыг жил бүр тодорхой, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж үнэлэх, борлуулалт, маркетингийн өдөр тутмын тайланг бүсийн дэд ерөнхийлөгч болон Группын ерөнхийлөгчид тайлагнах, сургуулийн ахиц дэвшлийн талаарх тайланг Группын удирдлагад улирлаар гаргаж өгөх, сургалт, оюутны үйлчилгээтэй холбоотой асуудлууд, санхүү, мэдээллийн системийн үйл ажиллагаа, хүний нөөц, хууль эрх зүйн асуудлын талаарх үлй ажиллагааг удирдан чиглүүлж, хянах тухай заагджээ.

 

Нэхэмжлэгчийн ажлын үнэлгээг хариуцагч ирүүлсэн ба 2015 оноос 2016 оны 7 сар хүртэл ажлын үнэлгээ “зарим хүлээлтэд хүрээгүй”, 2017 оны ажлын үнэлгээ “хүлээлтэд огт хүрээгүй” гэж үнэлэгдсэн байна.

 

Сургууль 2+1 хөтөлбөр хэрэгжүүлж, суралцагчийг 2 жил Монголд, 3 дахь жилд нь Австраль улсад сургадаг байсан боловч 3 дахь жилийн сургалт зогссоноос оюутан, эцэг эхчүүд байнгын бухимдалтай, шаардлага тавьж байсан нь уулзалтын тэмдэглэл, скайколын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ажил олгогчтой буюу Групп, бүсийн дэд ерөнхийлөгчтэй байнга имэйлээр харилцаж үйл ажиллагаагаа явуулж байсан байдаг. Шүүх имэйлүүдэд үзлэг хийсэн. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүсийн дэд ерөнхийлөгчөөс нэхэмжлэгчид явуулсан имэйлд “чи  өвчтэй чөлөө авч явснаа сунгуулсан. Би чамайг цаашид ч ажлаасаа энэ мэтчилэн хөндийрнө гэж таамаглаж байна. Хэдийгээр чи алсаас сургуулиа удирдаад явна гэж байгаа боловч миний зүгээс чамд үүнийг зөвшөөрөх нь зохистой зүйл гэж бодохгүй байна” /ХХ154/, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүсийн дэд ерөнхийлөгчөөс имэйлээр явуулсан “санал”-д “”коллеж удирдаж байгаа хүн, өөрийн явуулж буй үйл ажиллагаанаас гарах ашиг, орлого, зардлыг бүрэн хариуцаж байгаа. Ямар ч орлого олохгүй, сургууль бүхэлдээ алдагдалд орчоод байхад өгдөг цалин, түүнээс ч илүүг өгөөд, урамшуулал олгодгоороо олгоод явдаг ямар ч компани байхгүй, тиймд зардлаа багасгадаг, энэ нь ажиллаж буй хүмүүст асуудал байна гэсэн үг. Та маркетинг, борлуулалтаа хянаж “Б” төлөвлөгөө гаргаж хүндрэлээс гарч ажиллах ёстой. Таны боломжтой, урагшилна гэж үзсэн санаануудыг дэмжиж ажиллах бодолтой байна. Маркетинг дээрээ сайтар төвлөрч ажиллаж чадвал аврах гарцыг олох болно. Өчигдөр гэхэд та надад маркетингийн материалаа явулсан байх учиртай” /ХХ192/, 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн имэйлд “сургуулийн 2016 оны 10 сарын борлуулалтын мэдээг авсан. Хүлээгдэж буй элсэгчийн тоо-0, энэ 7 хоногт элсэгч оюутны тоо-0, элсэх боломжтой оюутны тоо-8 гэжээ. 3 жилийн хөтөлбөрт элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй, дээрх байдлаар явж болохгүй. 10 дугаар сарын элсэлт бусад сарыг бодвол хамгийн боломжтой элсэлтийн үе байдаг. Хүчин чармайлтаа гаргаж ажиллана уу” /ХХ176/, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн имэйлд “чиний ажлын үзүүлэлт, үр дүн хэтэрхий доогуур байна. Раффлесийн Монгол дахь нэр хүнд доогуур байгааг мэдэж байгаа. Компаний дотоод журмыг зөрчин байж олон удаа явах зөвшөөрлийг олгож байсан. Цаашид энэ албан тушаалдаа тохирох эсэхийг бодож, тооцоолох хэрэгтэй гэж үзэж байна” /ХХ158/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн имэйлд “орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг сайтар авна үү. Одоо танайх 2 элсэгчтэй байна, танай баг дор хаяж 10 шинэ элсэгч яаралтай элсүүлэх буюу адилтгах орлого хийх, эсхүл бид сургуулийн үйл ажиллагааг зогсоож, үлдсэн оюутнуудад цөөн багшаар заалгаад, ингэснээр зүгээр сууж, цалингаа хүлээх хүний тоо цөөрөх болно. Хамгийн сайн хичээгээд 2 хүн элсүүлж байгаа бол бидэнд хангалтгүй ба биднээс цалин авах эрхгүй. 1 дүгээр сарын хичээлийн хуваарь, хэдэн оюутан оногдож буй хуваарийг явуулна уу. Хүний нөөцийн бодлого үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг явуулна уу” /ХХ206/ гэж бичиж хариуцагч нэхэмжлэгчид явуулж байжээ.

 

Хариуцагч сургуулийн санхүүгийн зарим үзүүлэлтүүд, тайлангуудыг ирүүлсэн байна.

 

Үзүүлэлт/он  2013   2014   2015   2016   2017 / I хагас /

Үндсэн ангид элсэн орсон оюутны тоо 105     64        27        19        8

Нийт оюутны тоо    197     201     168     102     92

Орлого /мянган төгрөгөөр/           1.562.248,30 1.629.196,8   1.443.437,20 796.242,60            483.377,80

Тайлант үеийн ашиг/алдагдал (мянган төгрөгөөр)    117.355,67    65.804,04            (222.387,60)  (565.996,30)  (217.066,50)

Хуримтлагдсан ашиг/алдагдал (мянган төгрөгөөр)   493.097,30    345.451,01    123.063,30            (442.932,90)  (659.999,40)

 

 

Дээрх байдлуудаар нэхэмжлэгч коллежийн захирлаар ажиллахдаа хангалтгүй ажилласан нь харагдаж байна. Түүний зарим зөрчил үргэлжилсэн шинжтэй байх ба засах, арга хэмжээ авах талаар ажил олгогч, хариуцдаг албан тушаалтан сануулж, зөвлөж байсан боловч үр дүн гараагүй байна. Түүний гаргасан зөрчил ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 15.4 дүгээр зүйл /зөрчлийн улмаас компани гэрээг цуцлах/-ийн ii.компаний журмыг 2 удаа зөрчих, vii.компаний өгсөн зааварчилгаа /ажилтны дээд албан тушаалтан ажилтанд зааварчилгаа өгөх эрхтэй. Компаний төлөөлөгчийн зааварчилгаа орно/-г баримталж ажиллахаас татгалзах, баримталж ажиллахгүй байх, xiii.Компани, хамт ажиллагсад, бусад хүмүүсийн сайн сайхан байдал, өмч хөрөнгийг аюулд оруулах, баталгаагүй байдалд ажиллах, xvii.Ажил үүргийн гүйцэтгэлдээ хайхрамжгүй хандах, ажилтны ажлын ур чадвар шаардлагыг хангахгүй байх, xxvi.ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх гэсэн заалтуудад хамаарч байна.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг хариуцагч сүүлд ирүүлсэн гэх боловч хариуцагчийн шүүхэд ирүүлж байсан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тайлбарт Д.Дг компаний хувьцаа эзэмшигчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэсэн байна.

 

Ажилтныг гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхөд 1 сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй боловч ажил олгогч ажилтан ажлаас чөлөөлөгдөхөө 1 сарын өмнө мэдсэн байх ёстой гэсэн нэхэмжлэгчийн эрхийг хангаж, ажлаас чөлөөлөхийг мэдэгдэх ёстой 1 сарын хугацааны цалинг олгох, түүнээс гадна 1 сарын цалинтай тэнцэх олговор, Улаанбаатараас Тайландын Бангкок хот хүртэлх онгоцны билетын зардлыг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн “Р” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

1.         Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай “Р” ХХК-д холбогдуулж гаргасан Д.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Нэхэмжлэгч эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3.         Нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                        

                               ДАРГАЛАГЧ                                   С.БУД