Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00408

 

          Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Р” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итали улсын иргэн Д.Д “Р” ХХК-ийн Р олон улсын коллежийн захирлаар 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин хөдөлмөрийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 24 сарын хугацаатай байгуулан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ахлах дэд ерөнхийлөгч К-ын гарын үсэг бүхий мэдэгдэл өгсөн байна. Уг мэдэгдэл нь “Компанид ажиллах сүүлийн ажлын өдөр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байна. 1 сарын цалинтай тэнцэх ажлаас халагдсаны төлбөр өгөх, замын зардлыг төлөх” гэсэн утга бүхий мэдэгдэл бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хугацаанаас нь өмнө гэрээг дуусгавар болгох эрх ажил олгогчид байхгүй учир Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ зөрчин үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 15.4-т “компани гэрээг 1-34 үндэслэлээр цуцалж болох зөрчлүүдийг” зааж өгсөн бөгөөд зөрчил, дутагдал болон хууль бус үйлдэл гаргаж компанийг хохироосон зүйлгүй. Хариуцагчаас Д.Д-г байгууллагыг санхүүгийн алдагдалд оруулж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд гаргасан учир ажлаас чөлөөлсөн, компани сүүлийн 3 жил алдагдалтай ажилласан гэж санхүүгийн тайлан гаргаж өгсөн. Компани санхүүгийн алдагдалтай ажилласан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, алдагдал ганц Д.Д-ийн үйл ажиллагаанаас болоогүй. 2015 оноос эхлэн Монгол улсад нүүрэлсэн хямралын улмаас коллежид элсэх элсэгчдийн тоо буурч байгууллага алдагдалд орж байгааг коллежийн захиралтай холбож үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт 30 хоногийн өмнө мэдэгдэл өгдөг байхад ажлаас халах өдрийг зааж, 3 дугаар сарын 15 буюу тус өдрөө мэдэгдэл өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө ажлаас халах эрхтэй боловч эрх зүйн акт бүхий тушаал гарах ёстой атал гаргаагүй. Сүүлд нөхөж байгуулсан тушаалыг баримтаар өгснийг зөвшөөрөхгүй. Д.Д 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тушаал нэхэж и-мэйлээр харьцсан боловч тушаал, шийдвэр өгөөгүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн.

Иймд нэхэмжлэгч Д.Д-г Р олон улсын коллежийн захирлын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж өгнө үү. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сард “Р” ХХК-ийн захирлаар томилогдон, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Д.Д-той коллежийн захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацаан гэрээнд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар Хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан байна.

Нэхэмжлэгчийг коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан ба ерөнхий захирлыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл нь компаний үйл ажиллагааны доголдол, санхүүгийн алдагдал, компаний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд байсан. Д.Д-г коллежийн захирлаар ажиллаж байх хугацаанд компанийн ажилтнууд, оюутнууд, тэдний эцэг эхээс удаа дараа гомдол шаардлага гаргаж байсан боловч эдгээр асуудлууд шийдвэрлэгдээгүй, компанийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн 3 жил санхүүгийн алдагдалд орсон. Д.Д ажилдаа хайнга хандах, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг алдагдалд оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнахгүй зэрэг дутагдлыг удаа дараа гаргаж байсан. Д.Д 2015 онд 4 удаа чөлөө авсан. Ингэхдээ “аав нас барсантай холбоотой түүний гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэнэ, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хагалгаа хийлгэнэ, мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-нийг хүртэл эмчилгээнд явж байгаа, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл эмчилгээ хийгэж байгаа” гээд ажил хийгээгүй. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Итали улс руу аавтайгаа уулзаж, салах ёс гүйцэтгэнэ гэж явсан, аав нь нас барсан боловч түүний Тайланд эхнэртэй гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тул дахин чөлөө олгож өгнө үү гэсэн байдаг. 2015, 2016 онуудад үүнээс болж компани санхүүгийн доголдолд орсон. 2013 онд Д.Д-д уг албан тушаалыг хүлээлгэж өгөхөд элсэгчдийн тоо 150 байсан, 2014 онд 64, 2015 онд 27, 2016 онд 19, 2017 оны 01 дүгээр хагаст 8 элсэгчтэй болсон. Энэ нь ажлаа биечлэн удирдахгүй байгаагаас болсон бөгөөд тэрээр ажлаас халагдахаа хүлээн зөвшөөрч байсан нь түүний компанитай харилцаж байсан и-мэйлээс харагддаг. Хэдийгээр эдгээр үйлдлүүдэд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс сахилгын арга хэмжээ бичгээр аваагүй боловч амаар болон цахим хэлбэрээр сануулж байсан.

Д.Д-д ажил олгогчийн эрх олгогдсон этгээдээс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэлд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалин, 1 сарын цалинтай тэнцэх олговор, Улаанбаатараас Тайландын Банкок хот хүртэлх онгоцны билет олгохоор тусгасан. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай “Р” ХХК-д холбогдуулж гаргасан Д.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Нэхэмжлэгч эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан тушаалыг бичгээр гаргаж, ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Шүүх ажилтанд танилцуулаагүй, гардуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн бүрдүүлсэн шаардлага хангахгүй нотлох баримтыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон боловч шүүгч ээлжийн амралттай шалтгаанаар хуралдаагүй. Энэ хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага татгалзалтай холбогдох нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах хангалттай хугацаа байсан боловч баримт, хүсэлт гаргаагүй. Ингээд 8 дугаар сарын 29-ний өдрийн 13.30 цагт зарлагдсан шүүх хуралдаан нэхэмжлэгч өмгөөлөгч авах, хариуцагч өвчтэй шалтгаанаар хойшлогдсон, 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгч авах, 9 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч өвдсөн шалтгаан, 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаас и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан, 10 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийлгэсэнтэй холбоотой нотлох баримт орчуулах, нэмж нотлох баримт гаргах шаардлагатай гэх хариуцагчийн хүсэлтээр, 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас 3 оны санхүүгийн тайлан, үзүүлэлтүүдийг нотлох баримтаар гаргаж, шинээр өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчийг нотлох баримтуудтай танилцуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “нотлох баримтыг өмнө нь гаргаж өгөх бололцоотой байсан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй” гэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байхад нотлох баримтыг хүлээн авч шүүх хуралдаануудыг удаа дараа хойшлуулж байсан. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны өмнөх буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн материалтай танилцахад хариуцагч тал нэмэлт баримт өгөөгүй байсан бөгөөд 21-ний өдрийн шүүх хуралдаанд шинэ баримтууд ирсэн гэж танилцуулсан. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нотлох баримтуудтай танилцах, нэхэмжлэгчтэй холбогдож нэмэлт нотлор баримт гаргаж өгөх талаар ярилцах шаардлагатай гэж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад “одоо нэхэмжлэгчтэй утсаар ярь, нэмж гаргах нотлох баримтгүй бол хойшлуулах шаардлагагүй” гэхэд би сандарч хүсэлтээсээ аргагүйн эрхэнд татгалзсан. Шүүх нэг талд үйлчилж, нөгөө талын хүсэлтээр үндэслэлтэй, үндэслэлгүй хуралдааныг хойшлуулсан атлаа нэхэмжлэгчийг дарамталж, нотлох баримттай танилцах, нэхэмжлэгчтэй харилцах боломжоор хангаагүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг компанийн дотоод журам зөрчсөн учир Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч хөдөлмөрийн дотоод журмын ямар заалт зөрчсөн нь тодорхойгүй, ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл эсэх тодорхойгүй, хөдөлмөрийн дотоод журам, компанийн дүрэм хэрэгт авагдаагүй гэхэд хариуцагчаас дүрэм энд байна гэж шүүхэд гаргаж өгөн шүүх нотлох баримтаар авсан.

Шүүх ажлын байрны тодорхойлолт, бүсийн дэд ерөнхийлөгчийн ажлаас халах тушаал, дүрэм, оюутнууд эцэг эхтэй хийсэн уулзалтын тэмдэглэлд, хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг нотлох баримтууд нь хуурамчаар нөхөж бүрдүүлсэн баримтууд болно. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох баримтууд Сингапур улсаас ирнэ гэх мэтээр нотлох баримт гаргаж өгөлгүй шүүх хуралдааны өмнөх өдөр ажил дуусах үед гаргаж өгсөн нь тухайн цаг үед компанид хадгалагдаагүй дээрх баримтуудыг нөхөж бүрдүүлсэн хуурамч бичиг баримт гэж үзэх үндэслэл болно. Хариуцагч тайлбартаа “2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан гэж дурдсан, ажилтнууд, оюутнууд, тэдний эцэг, эхээс коллежийн захиралд гаргасан гомдлыг хавсаргав" гэх боловч баримтуудыг гаргаж өгөөгүй.

Шийдвэрийн үндэслэл болгосон ажлын байрны тодорхойлолт, бүсийн дэд ерөнхийлөгчийн ажлаас халах тушаал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр зэрэг баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гардуулаагүй. Хариуцагчаас уг баримтуудыг и-мэйлээр хүргүүлсэн гэж үзлэг хийлгэсэн боловч уг шийдвэрүүдийг хүргүүлсэн нь тогтоогдоогүй. Хариуцагч байгууллагын хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр хэрэгт авагдаагүй, харин Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг нөхөн бичиж ирүүлсэн. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл чөлөө хүсч, ажил олгогчийн төлөөлөгчөөс олгож байсан. Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасан хөнгөлөлт, хуульд заасан амралтыг эдэлж байгаагүй, зайлшгүй шаардлагын улмаас амралтын болон баяр ёслолын өдрүүдээр тааруулж чөлөө хүссэн талаар и-мэйлд тодорхой тусгасан. Үүнийг зөрчил гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн ажлын үнэлгээг хариуцагч ирүүлсэн ба 2015 оноос 2016 оны 7 дугаар cap хүртэл ажлын үнэлгээ зарим хүлээлтэд хүрээгүй, 2017 оны ажлын үнэлгээ хүлээлтэд огт хүрээгүй гэж үнэлсэн ба энэ үнэлгээг ямар журмаар, яаж үнэлсэн талаар тодорхойгүй, үнэлгээг нэхэмжлэгчид танилцуулсан баримтгүй болно. 2017 оны эхний улиралд ажлаас чөлөөлсөн мөртлөө 2017 онд ажлын үнэлгээ хүлээлтэд огт хүрээгүй гэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний ажиллах хугацаанд Монгол улсад нүүрэлсэн зах зээлийн хямралын улмаас тус байгууллагын санхүүгийн үзүүлэлт доогуур байгаа нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний заалтуудыг нэхэмжлэгч зөрчөөгүй энэ нь баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Д.Д хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч  Д.Д, хариуцагч  “Р” ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргах асуудлыг К-д даалгасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон. Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, харин ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

Хариуцагч байгууллага талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу гэрээнд заасан үндэслэлээр цуцалсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий тушаалын үндэслэлээ “ажиллаж байх хугацаандаа компанийг санхүүгийн алдагдал, үйл ажиллагааны доголдолд оруулсан зөрчил гаргасан” гэж тодорхойлжээ. Шүүх хэрэгт хариуцагчийн ирүүлсэн 2017 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ / 1 х.х-ийн 52-55/, ажил олгогч буюу бүсийн дэд ерөнхийлөгчтэй харилцаж байсан й-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 х.х-ийн 112-113/, эцэг, эх болон оюутнуудтай хийсэн уулзалтын тэмдэглэл, талуудын тайлбар, 2016, 2017 оны 1 дүгээр хагас жилийн тайланг өмнөх жилүүд болон талуудын тайлбартай  харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 15.4 дэх заалтын ii, vii, xiii, xviii, xxvi-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон ажлас халсан тушаалын үндэслэл, хөдөлмөрийн гэрээний заалтуудын талаархи тайлбараа баримтаар нотлоогүй. Ийм учраас анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  гэх үндэслэлүүд тогтоогдож байх тул  сахилгын зөрчил давтан гаргасан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэл гардуулах шаардлагагүй. Иймд хариуцагч хөдөлмөрийн гэрээг хугацаа дуусахаас өмнө дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Хэргийн 2 дугаар хавтасны 59 дэх талд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хэргийн материалтай танилцан гарын үсэг зурсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.БАЙГАЛМАА