Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02446

 

Д.Т, Т.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02338 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Д.Т, Т.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.С, З.Г нарт холбогдох

 

Нэхэмжлэгч Д.Т, Т.Г нарт  2015 оны зээлийн гэрээгээр зээл  82 782 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг  хангуулах, Д.Тд 2016 оны зээлийн гэрээгээр зээл  27 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлтэй,  Д.Таас 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгч Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Б, хариуцагч З.Г, хариуцагч Л.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т, Т.Г нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгч Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Т,Т.Г нар нь Л.С, З.Г нарт байр худалдан авах болон хувийн бизнест нь зориулж 2015 онд 88 100 000 төгрөгийг цувуулан зээлдүүлсэн. Уг зээлсэн мөнгөний тооцоог 2016 оны 3 сарын 9-ний өдөр нийлж,зээлийг нэн даруй барагдуулахаа хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү тооцоо нийлснээс хойш 2 хоногийн дараа 2016 оны 3сарын 11-ний өдөр хариуцагч нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204048731 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байршилтай 54.9 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхөөр баталгаа гаргасан. Уг баталгааны агуулгаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон.  Хариуцагч нар нь нийт 88 100 000 төгрөгийг төлөх ёстойгоос 2016 онд энэ зээлээс 5 318 000 төгрөг төлж барагдуулсныг  хасч тооцон,  82 782 000 төгрөгийг Л.С, З.Г нараас шаардаж байна.

 

Мөн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн хариуцагч нарын бичгээр гаргаж өгсөн баталгааны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байршилтай 54.9 м.кв талбай бүхий орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдаж, үнийн дүнгээс 82 782 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Таас 2016 оны 12 сарын 8-ны өдөр зээлсэн 27 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулан Д.Тд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.С, З.Г нар шүүхэд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс  82 782 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг 88 100 000 төгрөгийг  2015 онд аваагүй, хэргийн 35-р талд авагдсан баримт нь 2011 онд үйлдсэн баримт. Энэ зээл нь 2009 оны зээлтэй холбоотой,бид төлөөд дууссан. Энэ зээл нь хүүтэй зээл байсан 88 100 000 төгрөг нь хүү тооцсон үнийн дүн юм. Д.Т нь мөнгө хүүлдэг бөгөөд зээл, хүүг нийлүүлээд 2011 онд бичүүлж авсан баримт болно. Түүнчлэн орон сууцыг өмчлөлд шилжүүлэн өгөх тухай баталгааны баримтыг Д.Т өөр зүйлд ашиглана гэж хэлээд бичүүлж авсан. Мөн Т.Г гэдэг хүнтэй огт холбоогүй зээл. Нэхэмжлэгч нь 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба хамгийн сүүлд хэрэгт авагдсан баримтад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2016 оны 27 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Уг зээлээс 2016 онд төлөгдсөн 5 318 000 төгрөгийг хасч тооцох ёстой. Иймд 21 682 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Орон сууц шилжүүлж өгөх баталгааг өөр зүйлд зориулна гэж хэлж бичүүлж авсан, түүнчлэн барьцааны гэрээ хийгдээгүй, мөн 88 100 000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дууссан тул орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Т нь 2009 оноос хойш мөнгө хүүлж байсан ба хариуцагч нартай бичгээр зээлийн хүүг тохироогүй атлаа өнгөрсөн хугацаанд 100 000 000 төгрөгийн зээлийн хүү авсан. Хэрэгт 36 000 000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба бусад төлбөрийн баримт нь байхгүй болно. Учир нь Д.Т нь нэхэмжлэгч нарын байранд ирсэн тул дансаар шилжүүлэх шаардлагагүй болж, бэлнээр өгч, баримт үйлдээгүй. Энэ үндэслэлээр Д.Тыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул100 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгч Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Л.С, З.Г нараас ямар нэг хүү алданги нэхээгүй бөгөөд зээлээгүй мөнгөө зээлсэн гэж гүтгээгүй. Тухайн үед нь мөнгө хэрэгтэй гээд сандарч явахад нь тусалж байсан.  Л.С, З.Г нараас 100 000 000 төгрөгийн зээлийн хүү аваагүй гэжээ.

 

      Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан Л.С, З.Г нараас 82 782 000 төгрөгийг гаргуулж Д.Т, Т.Г нарт, Л.С, З.Г нараас 27 000 000 төгрөгийг гаргуулж Д.Тд тус тус олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204048731 дугаарт бүртгэгдсэн, 54.9 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнээс 82 782 000 төгрөгийн шаардлагыг хангуулах тухай Д.Т, Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Д.Таас 100 000 000 төгрөг гаргуулах тухай Л.С, З.Г нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 083 607 төгрөгөөс 803 650 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 658 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 279 957 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас, мөн хариуцагч Л.С, З.Г нараас 571 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т, Т.Г нарт, хариуцагч нараас 292 950 төгрөгийг гаргуулан Д.Тд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нар хариуцагч нараас 88 100 000 төгрөгийг шаардахын тулд зээлийн гэрээний харилцаа үүссэн байхыг шаардана. 88 100 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдох ёстой юм. Хариуцагч нар 88 100 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн төлбөрийн баримтуудыг зээлийн гэрээний хамт гаргуулах хүсэлтийг шүүх дахин дахин хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Түүнчлэн хариуцагч өөрийн татгалзлаа нотолж чадаагүй гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй. Хэргийн 35-р талд авагдсан гар бичмэл нь 2015 онд зээлсэн зээлийн төлбөрийн баримт биш юм. Тодруулбал дээрх баримт нь тооцоо нийлсэн акт гэх боловч нэхэмжлэгч талаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

Иймд уг баримт нь талуудын хооронд үйлдэгдсэн зээлийн төлбөр тооцооны баримт гэж үзэхэд учир дутагдалтай. Мөн уг баримт нь хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хариуцагч нарыг их хэмжээний төлбөрт оруулсан. Баримтын агуулгаас үзэхэд хэзээ авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг жагсаан бичсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх 2015 онд зээлсэн зээлийн мөнгөн төлбөрийг жагсаан бичсэн байна гэж дүгнэсэн. Баримтад цувуулан бичсэн мөнгөн дүн нь зээлж авсан мөнгөн дүн байсан эсэх, хүүтэй мөнгө зээлдүүлэх нэрийдлээр хүү тооцож явсаар бичүүлж авсан баримт байсан эсэх гэх үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийгээгүй.Иймд 82 782 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлгээ хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Т, Т.Г нар нь хариуцагч Л.С, З.Г нарт холбогдуулан зээл 82 782 000 төгрөг гаргуулах,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч Д.Т нь зээл 27 000 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “..,82 782 000 төгрөгийг аваагүй, 2009 оны зээлтэй холбоотой мөнгийг төлж дууссан” гэж, 27 000 000 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг зээлээс 5 318 000 төгрөг хасагдах ёстой гэж тайлбарлан маргажээ. /1хх-51-52, 2хх-51-59 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч Д.Тын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр шаардсан 27 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэнд, мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нийцнэ. /2хх 62-66 хуудас/

 

Нэхэмжлэгч нар нь хэргийн 35 дугаар талд авагдсан баримтыг үндэслэж, З.Г, Л.С нараас 2015 онд зээлсэн гэх 82 782 000 төгрөгийг шаардсан. /1хх-35, 2хх-52, 58/ Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчдийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэгтэй болох нь дээрх баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. Хариуцагч тал уг баримтад зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй, уг баримтыг үйлдсэнээ үгүйсгээгүй. Уг баримтын агуулгыг шинжлэн судлахад хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжтой байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөнгөн хөрөнгийг цувуулан бичиж, нийт 88 100 000 төгрөгийг даруй төлнө гэжээ. /хх-35/

 

Нийт 88 100 000 төгрөг төлөх тухай энэхүү баримтыг хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар няцааж чадаагүй. “..Дээрх 88 100 000 төгрөг нь 2009 оны зээл бөгөөд бид төлөөд дуусчихсан” гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргасан боловч төлөөд дууссан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч нараас дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв. Гэвч уг баримтад зохигч талуудад хамааралгүй н.Сарнай, н.Ганболд гэх хүмүүст холбогдох 5 000 000 төгрөг, мөн 3 000 ам.долларыг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд 3 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2 446.79 төгрөгөөр бодон 7 340 370 төгрөг + 5 000 000 төгрөг = 12 340 370 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. / нийт нэхэмжилсэн 82 782 000 -12 340 370 төгрөг үлдэх 70 441 630 төгрөг /1хх 35/

 

Хэргийн 1-р хавтасны 6-р талд авагдсан “харилцан тохиролцож гаргасан баталгаа” гэх бичгийн үндэслэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. /1хх-6/ Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч тал 88 100 000 төгрөгийг өмчлөлд шилжүүлснээ нотлоогүй гэж хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргасан боловч хэргийн 1-р хавтасны 35-р талд авагдсан баримтыг хариуцагч үгүйсгээгүй нөхцөлд талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх боломжгүй байна. /2хх 70-71/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02338 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “82 782 000” гэснийг “70 441 630” гэж, 4 дэх заалтын “571 860” гэснийг “510 158”гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД