Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00572

 

Д.Т, Т.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02338 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2446 дугаар магадлалтай, 

Д.Т, Т.Г нарын нэхэмжлэлтэй

Л.С, З.Г нарт холбогдох, 

2015 оны зээлийн гэрээний үүрэгт 82.782.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2016 оны зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулж Д.Тд олгуулах үндсэн нэхэмжлэлтэй, Д.Таас 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч Л.С, З.Г нарт байр худалдан авах болон хувийн бизнест нь зориулж 2015 онд 88.100.000 төгрөгийг цувуулан зээлдүүлсэн. Уг зээлсэн мөнгөний тооцоог 2016 оны 3 сарын 09-ний өдөр нийлж, зээлийг нэн даруй барагдуулахаа хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү тооцоо нийлснээс хойш 2 хоногийн дараа 2016 оны 3 сарын 11-ний өдөр хариуцагч нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204048731 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байршилтай 54.9 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхөөр баталгаа гаргасан. Уг баталгааны агуулгаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Хариуцагч нар нь нийт 88.100.000 төгрөгийг төлөх ёстойгоос 2016 онд энэ зээлээс 5.318.000 төгрөг төлж барагдуулсныг хасч тооцон, 82.782.000 төгрөгийг Л.С, З.Г нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Таас 2016 оны 12 сарын 08-ны өдөр зээлсэн 27.000.000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг Д.Тд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлээс 82.782.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг 88.100.000 төгрөгийг 2015 онд аваагүй. Энэ зээл нь 2009 оны зээлтэй холбоотой, бид төлөөд дууссан. Д.Т нь мөнгө хүүлдэг бөгөөд зээл, хүүг нийлүүлээд 2011 онд бичүүлж авсан баримт болно. Түүнчлэн орон сууцыг өмчлөлд шилжүүлэн өгөх тухай баталгааны баримтыг Д.Т өөр зүйлд ашиглана гэж хэлээд бичүүлж авсан. Мөн Т.Г гэдэг хүнтэй огт холбоогүй зээл. 2016 оны 27.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Уг зээлээс 2016 онд төлөгдсөн 5.318.000 төгрөгийг хасч тооцох ёстой. Иймд 21.682.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Орон сууц шилжүүлж өгөх баталгааг өөр зүйлд зориулна гэж хэлж бичүүлж авсан, түүнчлэн барьцааны гэрээ хийгдээгүй, 88.100.000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дууссан тул орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч Д.Т нь 2009 оноос хойш мөнгө хүүлж байсан ба хариуцагч нартай бичгээр зээлийн хүүг тохироогүй атлаа өнгөрсөн хугацаанд 100.000.000 төгрөгийн зээлийн хүү авсан. Хэрэгт 36.000.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба бусад төлбөрийн баримт нь байхгүй болно. Учир нь Д.Т нь нэхэмжлэгч нарын байранд ирсэн тул дансаар шилжүүлэх шаардлагагүй болж, бэлнээр өгч, баримт үйлдээгүй. Энэ үндэслэлээр Д.Тыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгч Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Л.С, З.Г нараас ямар нэг хүү алданги нэхээгүй бөгөөд зээлээгүй мөнгөө зээлсэн гэж гүтгээгүй. Тухайн үед нь мөнгө хэрэгтэй гэхэд нь тусалж байсан. Л.С, З.Г нараас 100.000.000 төгрөгийн зээлийн хүү аваагүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02338 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан Л.С, З.Г нараас 82.782.000 төгрөгийг гаргуулж Д.Т, Т.Г нарт, Л.С, З.Г нараас 27.000.000 төгрөгийг гаргуулж Д.Тд тус тус олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204048731 дугаарт бүртгэгдсэн, 54.9 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнээс 82.782.000 төгрөгийн шаардлагыг хангуулах тухай Д.Т, Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Д.Таас 100.000.000 төгрөг гаргуулах тухай Л.С, З.Г нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.083.607 төгрөгөөс 803.650 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 658.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 279.957 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас, мөн хариуцагч Л.С, З.Г нараас 571.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т, Т.Г нарт, хариуцагч нараас 292.950 төгрөгийг гаргуулан Д.Тд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2446 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02338 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 82.782.000 гэснийг 70.441.630 гэж, 4 дэх заалтын 571.860 гэснийг 510.158 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, талуудад хамааралгүй н.Сарнай, н.Ганболд гэх хүмүүст холбогдох 3000 ам.доллар буюу 7.340.370 төгрөг 5.000.000 төгрөг, нийт 12.340.370 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэх нь үндэслэлгүй болжээ гэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Дээрх мөнгийг З.Г, Л.С нар нь н.Сарнай, н.Ганболд нарт өгнө гэж хэлээд авсан бөгөөд баримт үйлдэхдээ гүйлгээний утга дээр уг 2 хүний нэрийг бичсэнийг давж заалдах шатны шүүхээс н.Сарнай, н.Ганболд нарт өгөх ёстой мөнгө мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Магадлалд дурдсан үндэслэл нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэж чадаагүй нь улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж хариуцагч нарын эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Хэргийн 35 дахь талд авагдсан нотлох баримтыг шүүхийн шийдвэр магадлалын үндэслэл болгосон ба нэхэмжлэгч нар уг баримтыг тайлбарлахдаа 2015 онд өөрөөр хэлбэл энэ оны 10 сарын 01-ний өдөр 7.500.000 төгрөгийг зээлдүүлсэн ба 2 дахь зээлийг хоёр хоногийн дараа буюу 10 сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг, 3 дахь зээлийг хоёр хоногийн дараа 10 сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөг, 4 дахь зээлийг 7 хоногийн дараа 10 сарын 12-ны өдөр 3.000 доллар, 5 дахь зээлийг 2 хоногийн дараа буюу 10 сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг, 6 дахь зээлийг 10 сарын 24-ны өдөр 7.000.000 төгрөг гэх мэт явсаар хамгийн сүүлийн зээлийг 10 сарын 30-ны өдөр 7.000.000 зээлдүүлсэн хэмээн уг баримтыг тайлбарласан байхад уг баримтад дүгнэлт хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон явдалд гомдолтой байна. Учир нь дээрхээс үзэхэд нэг сарын дотор 1 хоногийн зайтай, 2 хоногийн зайтай, 3 хоногийн зайтай, 7 хоногийн зайтай гэх мэт давтамжтайгаар 88.100.000 төгрөг зээлсэн мэт баримтыг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж хариуцагч нараас их хэмжээний мөнгө шаардаж байгааг шүүх харгалзан үзэхгүй байна. Хариуцагч хамгийн анх 10 сарын 01-ны өдөр 7.500.000 зээлсэн байж болно. Гэвч яагаад хоёрхон хоногийн дараа 10 сарын 03-ны өдөр дахин 4.000.000 төгрөгийг зээл нь гэж. Хэрэв ингэж зээлэх байсан бол анхнаасаа л 11.500.000 төгрөгийг нэг дор зээлэх байсан. Гэвч яагаад дахин хоёрхон хоногийн дараа 10 сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөгийг зээлэх болов. Нэгхэн сарын дотор ойр ойрхон 12 удаагийн давтамжтайгаар 88.100.000 төгрөгийг зээлэх шаардлага байхгүй шүү дээ. Түүнчлэн зээлдүүлэгч гэх нөхдүүд эхний зээлээ төлөөгүй байхад 2 дахь зээлийг олгохгүй, эхний 2 зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй байхад 3 дахь зээлийг олгохгүй нь ойлгомжтой. Нэхэмжлэгч нар юу ч буцааж төлдөггүй хүнд 88.100.000 төгрөг болоод 27.000.000 төгрөгийг зээлдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд бодит амьдрал дээр байж боломгүй зүйл. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 27.000.000 зээлдүүлэхдээ тухай бүр мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдэж байжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар мөнгө зээлдүүлэх тоолондоо баримт үйлдэж баталгаажуулдаг байна. Гэвч 88.100.000 төгрөг гэх 12 удаагийн зээлийн нэгэн дээр нь ч мөнгө хүлээлцсэн хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр болох гол нөхцөл зээлийн гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд миний бие удаа дараа нэхэмжлэгч нараас 2015 онд мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээ болоод хариуцагч нарт мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудыг шүүхийн журмаар гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан боловч хуулиараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох түүнтэй холбоотой баримтыг цуглуулж өгөх үүргийг хүлээдэг уг үүрэг нь нэхэмжлэгч нарт хамааралтай гэх үндэслэлээр хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзсан атлаа хариуцагч өөрийн татгалзлаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж хариуцагч нараас их хэмжээний төлбөр гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэгч нараас 2015 онд 88.100.000 төгрөг зээлээгүй бөгөөд зөвхөн 27.000.000 зээлсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч нараас 88.100.000 төгрөгийг шаардахын тулд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байхыг шаардана. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй хэргийн 35 дахь талд авагдсан гар бичмэлээс үзэхэд 10 сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг, 10 сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөг гэх мэт байх боловч хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр уг зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тодорхойгүй, түүнчлэн шүүх гэрээний эрх зүйн харилцаа хэзээ хаана яаж үүссэн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт гэрээний дагуу хэзээ яаж хэдэн төгрөг өгсөн болох нотлогдохгүй, хэргийн 35 дахь талд авагдсан гар бичмэл нь хэний хооронд үйлдэгдсэн, хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр үйлдэгдсэн нь тодорхойгүй байхад уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь эргэлзээтэй, тодорхойгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн зарчмыг зөрчсөн байна. Түүнчлэн шүүх хэргийн талд авагдсан гар бичмэлд дурдагдаж буй 12 удаагийн зээл гэх үйл баримтад тус бүрд нь дүгнэлт хийх ёстой атал хийгээгүй байж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.100.000 төгрөгийг шаардахын тулд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэрээ хүчин төгөлдөр байхыг шаардана. Гэвч шүүх гэрээний эрх зүйн харилцаа хэзээ үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа хэзээнээс тоологдож эхэлсэн зэрэг хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тогтоогоогүй, дүгнэлт хийхгүй байна. Нэхэмжлэгч нар нь хөөн хэлэлцэх хугацаа болоод төлөгдөж дууссан зээлийг дахин нэхэмжлэхийн тулд хэргийн 35 дахь талд авагдсан уг баримтыг 2015 онд үйлдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг баримтад 2015 онд үйлдэгдсэн гэх он, сар, өдөр байхгүй. 2015 оны 10 сард багтаан зээлсэн гэх 88.100.000 төгрөгнөөс хариуцагч нарт нэг ч төгрөг хүлээлгэн өгсөн баримт болоод дансны хуулга хэрэгт авагдаагүй атал 2015 оны 10 сард 88.100.000 төгрөгийг зээлсэн гэсэн дүгнэлт хийж буй нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч талаас 2015 оны 10 сард зээлдүүлсэн гэх 88.100.000 төгрөгний гэрээ болоод мөнгө хүлээлгэн өгсөн талаарх нэг ч баримт гаргаж өгөхгүй байгаа нь 2015 оны 10 сард нэг ч төгрөг зээлээгүй, хэрэв баримт гаргаж өглөө гэхэд 2009, 2010 оны баримт гарах учир нэхэмжлэгч нар нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй 2015 зээлсэн зээл мэт уг баримтыг тайлбарлаж буй хэрэг юм.

 
   

Гэтэл хариуцагч нар нэхэмжлэгч Д.Тын Голомт банкны дансаар 36.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Хүүнд төлсөн гэж үзье гэхээр гүйлгээний утга дээр нь хүү гэж нэг ч үг үсэг байхгүй. Нэхэмжлэгч өөрөө хүүтэй мөнгө зээлдүүлж байгаагүй гэсэн тайлбараас үзэхэд энэ 36.000.000 хүү биш болох нь тогтоогдож байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч 88.100.000 төгрөг болон 27.000.000 төгрөгнөөсөө нэг ч төгрөгийг буцааж аваагүй, энэ бол өөр зээлийн төлбөр гэж тайлбарлаж байсан удаатай. Хэрэгт өөр зээл олгож байсан болоод түүний дагуу хариуцагч нарт мөнгө хүлээлгэн өгч байсан талаарх баримт байхгүй. Хэрэв нэхэмжлэгч уг 36.000.000 төгрөгийг 88.100.000 төгрөг болон 27.000.000 төгрөгнөөс өөр зээлийн төлбөр гэж байгаа бол энэ талаарх баримтаа шүүхэд гарган өгч үүнийгээ нотлох ёстой боловч тийм зүйл байхгүй. Шүүх хариуцагчийн зүгээс өөрийн татгалзалаа нотолж үндсэн зээлээсээ төлсөн 36.000.000 төгрөгийг зээлээс хасаагүй бөгөөд уг мөнгийг яагаад хасахгүй байгаа талаарх дүгнэлтийг хийхгүй байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Т, Т.Г нар Л.С, З.Г нарт холбогдуулан холбогдуулан 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 109.782.000 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэнийг хариуцагч зээлээс 21.682.000 төгрөг төлөхөө зөвшөөрч нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзжээ.

Хариуцагч нар  зээлийн хүү  илүү төлсөн гэх үндэслэлээр 100.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлоор хэргийг хянаж, үндсэн нэхэмжлэлийн хангасан хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах  шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа,  гэрээний дагуу мөнгө шилжүүлэн авсан үйл баримт, мөнгийг буцаан төлөх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй нөхцлийн талаар эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

2016 оны 01 дүгээр сараас цувуулж 27.000.000 төгрөгийг Д.Таас  зээлж, мөнгийг буцаан төлөөгүйг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.318.000 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй байна.

Харин 2015 онд хариуцагч нар нэхэмжлэгч нараас нийт 88.100.000 төгрөг зээлсэн эсэх, зээлийн үүргийг хангуулахаар 2 өрөө орон сууцаа барьцаалсан эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Хэрэгт Д.Т, Т.Г нараас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэсэгчлэн 88.100.000 төгрөг авсан баримт авагдсан байх бөгөөд тухайн мөнгийг  өмнө нь зээлж, мөнгийг буцаан төлсөн гэх тайлбараа хариуцагч  нар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх зээлийн 88.100.000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 5.318.000 төгрөгийг хасч 82.728.000 төгрөг гаргуулж  нэхэмжлэлийг хангахдаа уг баримтад өөр этгээд буюу н.Сарнай болон н.Ганболд нарын нэхэмжлэгчээс зээлсэн гэх 12.340.370 төгрөгийг хариуцагчийн төлөх төлбөрт оруулж тооцсон нь буруу болжээ. Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн хангасан хэмжээг багасгасныг үгүйсгэх боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 70.441.860 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгуулах” гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2446 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 212.500 төгрөг, хариуцагч 510.200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ