Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/01952

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/01952

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Д овогт Д-ын Р/рд: ..../-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, ашиглалтын зардалд 713.295 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэм хорын хохиролд 724.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, иргэдийн төлөөлөгч П.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй байдаг. Гэтэл сууц өмчлөгч Д.Рнь нийт 26 м.кв талбай бүхий орон сууц өмчилдөг бөгөөд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифтний төлбөрт 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 713.295 төгрөг төлөх ёстойг төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл нь 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны зардлыг 12.240 төгрөгөөр, 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны зардлыг 15.500 төгрөгөөр, 2014 оны 3 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарыг хүртэлх зардлыг 15.700 төгрөгөөр, 2014 оны 6 дугаар сараас нэхэмжилсэн сүүлийн хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны зардлыг 16.200 төгрөгөөр тооцож тогтоосон, мөн зарим жилд ариутгал хийж байсан. Ийд 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны зардал болох 713.295 төгрөгийг хариуцагч Д.Р-аасгаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ршүүхэд болон болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай сууц өмчлөгдийн холбооны мөнгө хэт өндөр гарч байсан. Ямар учраас хэн тарифийг тогтоодог талаар дарга Я-аас асуухад хариулт өгдөггүй. Мөн хуульд заасан журмын дагуу бүх гишүүдийн хурал хуралдаж байгаагүй, тов мэдэгдэж байгаагүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр 2014 онд борооны улирал эхэлсэн үед дээврийн засварын ажил хийсний улмаас 9 давхарт амьдарч байгаа манай таазнаас их хэмжээний ус алдсан тул 2015 онд засвар хийсэн. Дээврийн дулаалга муу учраас 2016 оны өвөл бидний амьдарч байгаа орон сууцны таазанд цав гарсан. Холбооны нэхэмжилсэн 713.295 төгрөгийг өгөлгүйгээр би өөрөө гадна хананы дулаалгын мөнгөнд зарцуулахыг хүсэж байна. 713.295 төгрөг ямар үндэслэлээр болсоныг тодруулахыг хүсэж байна. Хуульд заасан журмын дагуу сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.Ршүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны дээврийн засвар хийх явцад 9 давхарт амьдардаг манай гэрийн дээврээс ус алдсан. Энэ үед би жижүүрт ус алдаж байгаагаа хэлтэл дээврийн засвар хийж байгааг тайлбарлаад дээвэр рүү гарч засварын ажил хийж байгаа хүмүүстэй уулзахыг зөвлөсөн. Улмаар дээврийн засвар хийж байгаа хүмүүст ус алдаж байгааг хэлж шаардлага тавьсан. Байрны гадна ханын засвар муугаас галын өрөөний цонхны доод талын ханын будаг ховхорсон, том өрөөний урд талын хананд цууралт өгсөн тул обой норж мөр тогтох зэрэг холбооны буруутай үйл ажиллагааны улмаас амьдрах орчинд хохирол учирч муудсан тул 2015 онд дээврээс ус алдсан усны мөр, хананаас норж мөр гарсан обой, будаг нь ховхорсон галын өрөө зэрэгт өөрийн зардлаар засвар хийлгэсэн. Байрны засварын хөлс 300.000 төгрөг, засварын материалын зардалд 424.500 төгрөг, нийт 725.500 төгрөг болсон тул уг зардлыг Өнөр-324 сууц өмчлөгдчийн холбооноос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Өнөр-324 сууц өмчлөгчдийн холбоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 1 дүгээр хорооллын ... дугаар байрны 1-4 дүгээр орцны дээврийн их засварыг 2013 оны 9 дүгээр сард С ХХК гэдэг газар улсын төсвийн хөрөнгөөр хийсэн. Энэ засварын асуудлыг С ХХК хариуцна. Манай сууц өмчлөгчдийн холбоо буруугүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд хандаж, 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд төлөх ёстой байсан гэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 713.295 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Рнь засвар үйлчилгээний зардлыг хуульд заасан журмын дагуу, эрх бүхий этгээд тогтоогоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар 2013 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэх явцад дээврээс ус алдаж, Д.Р-ийн өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учирсанд Ө сууц өмчлөгчдийн холбоо буруутай гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 724.500 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган шаардсан байна.

1.            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Д.Рнь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот .. өрөө орон сууцны өмчлөгч мөн байна. Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Гэрчилгээ баримтаас үзвэл, зөвхөн тус хорооллын ... дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн холбоог бүртгэсэн агуулгатай байхаас гадна уг гэрчилгээг олгосон эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Гэвч хариуцагч Д.Р нь нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээ авч байсан, мөн 2012 оны 6 дугаар сарыг хүртэл тус холбоонд төлбөр төлж байсан талаараа маргаагүй, төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул Ө сууц өмчлөгчдийн холбоог шаардах эрхгүй хэмээн дүгнэх боломжгүй юм. /хх 61-62, 63, 189-192, 193 дугаар тал/

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны зардлыг 12.240 төгрөгөөр, 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны зардлыг 15.500 төгрөгөөр, 2014 оны 3 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарыг хүртэлх зардлыг 15.700 төгрөгөөр, 2014 оны 6 дугаар сараас нэхэмжилсэн сүүлийн хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны зардлыг 16.200 төгрөгөөр тооцно, мөн зарим жилд ариутгал хийж байсан мөнгийг гаргуулна хэмээн шаардсан. / 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээсэн байх ба хуулийн энэ зохицуулалтаас үзвэл сууц өмчлөгчид, эсхүл түүнээс эрх олгосон эрх бүхий этгээд нь дээр дурдсан санхүүжилтийн төлбөрийн хэмжээг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3, 147.4-т заасан аргаар тооцож, урьдчилан тогтоосон байх ёстой байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар, хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэх тухай хуульчилжээ.

Зохигчид өөрт хадгалагдаж байгаа, нэхэмжлэлийн шаардлага, татгалзалд хамааралтай гэх бүхий л баримтыг шүүхэд гаргаж өгсөн талаараа мэдүүлсэн ба уг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар ашиглалтын зардлыг дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтоогоогүй байна. /хх 22, 69-72, 194-217 дугаар тал /

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар, сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбоо өөрийн дүрмэндээ заавал тусгахаар хуульчилсан байх боловч холбоо нь өөрийн дүрэмдээ энэ талаар тусгаагүй байна. /хх 194 дүгээр тал/

Хэдийгээр нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг хуульд нийцүүлэн тогтоогоогүй боловч хариуцагч тал сууц өмчлөгдийн холбооноос үйлчилгээ авч байснаа хүлээн зөвшөөрч 2012 оны 6 дугаар сар хүртэлх зардлыг төлж байсан байх тул хариуцагчийн зөвшөөрөн төлж байсан хэмжээгээр зардлыг тооцож, сууц өмчлөгчөөс гаргуулах нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэхийг үүрэг болгосон Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасантай нийцэх юм.

Хариуцагч Д.Р нь дээр дурдсанаар 2012 оны 6 дугаар сарыг хүртэл төлбөрөө төлсөн талаар тайлбарласан ба шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШТ2017/00... дугаартай захирамжийн дагуу, Т ХХК-иас гаргаж өгсөн лавлагаа болон хавсралт нотлох баримтаар, хариуцагч Д.Рнь 2012 оны 6 дугаар сарын төлбөрт 12.420 төгрөг нэхэмжилснийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлж байсан байх тул энэ хэмжээгээр сар бүрийн зардлыг тооцох нь зүйтэй байна. /хх 189-192 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг хүртэл нийт 46 сарын зардлыг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар, тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул нэхэмжлэгч анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сараас өмнөх 3 жилийн зардлыг 12.420 төгрөгөөр тооцож, нийт 434.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. /хх 2 дугаар тал/

2.   Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Д.Рнь: ...2013 оны дээврийн засварыг хийх явцад...ус алдсан... гэх үндэслэлээр, тухайн 1 удаагийн тохиолдлын улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал гэх 724.500 төгрөгийг нэхэмжилж, шаардлагаа нотлох зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан 5 ширхэг гэрэл зураг, зарлагын баримтыг нотлох баримтаар гарган өгч, гэрчээс мэдүүлэг авахуулсан ба энэ үндэслэлээр талууд мэтгэлцжээ. /хх 36 дугаар тал сөрөг нэхэмжлэл/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мөн боловч тэрээр Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй байдаг. Иймд, хэрэв сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсан болох нь нотлох баримтын хэмжээнд тогтоогдвол түүнийг хариуцан арилгах учиртай.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар, түүнчлэн холбооны дүрмийн Хоёр-ын а, б-д зааснаар холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэн хариуцах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй гэм бууртай байж болох боловч хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд, Ө сууц өмчлөгчдийн холбоог дээвэр засах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс, 2013 оны 9 дүгээр сард, барилгын дээврээс ус алдаж, Д.Р-ийн эд хөрөнгөд хохирол учирсан, улмаар уг хохирлыг 2015 оны 8 дугаар сард /гэрчийн мэдүүлснээр/ засаж зардал гаргасан гэж үзэхэд эргэлзээ төрж байна. /хх 24-30,38,40 дүгээр тал, гэрч Л.Ц, Ц.Д нарын мэдүүлэг/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх эргэлзээтэй баримтыг үнэлэж, шийдвэр гаргах боломжгүй байдаг.

Нөгөө талаас, хариуцагч Д.Рнь 2013 оны 9 дүгээр сард болсон үйл явдлын улмаас учирсан хохирлыг шаардсан. Гэтэл хариуцагч нь хохирол учирсан талаарх гэрэл зургуудыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авч бэхжүүлсэн, гэрчийн мэдүүлэг нь 2015 оны 8 дугаар сарын байдлаарх үйл баримтыг нотолж байгаа, мөн зарлагын баримт нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд 2013 оны 9 дүгээр сард хариуцагч Д.Р-ийн дээврээс ус алдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.Р-ийн нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар Д.Р-аас434.700 төгрөгийг гаргуулан Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 278.595 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Өнөр-324 сууц өмчлөгчдийн холбооноос 724.500 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Р-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 36.975 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 21.938 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Р-аас13.691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагч Д.Р-ийн хөрөнгийн лавлагааг аваагүй болохыг дурдаж, хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ

 

Ч.НЯМСҮРЭН