Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маах овогт Ганбатын Өлзийжаргалд холбогдох эрүүгийн 201701000044 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  

улсын яллагч Ш.Баярбилэг,  

шүүгдэгч Г.Өлзийжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуульд программ хангамжийн чиглэлээр 3 дугаар дамжаанд суралцаж байгаад чөлөө авсан гэх, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэх, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2-13 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Маах овогт Ганбатын Өлзийжаргал /РД:УИ94011938/,   

            

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны гадна ногоон байгууламжийн орчимоос 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий 3,4 грамм /уутны хамт/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч,  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртлэх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар байрны 13 тоот орон сууцанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараахи нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Өлзийжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. 2016 оны 08 дугаар сард байрны гадаа ногоон байгууламжинд ганцхан ширхэг сондгой Каннабис гэх өвстэй ижилхэн өвс ургасан байсан. Би тэр өвсийг сонирхоод түүж аваад,  хатаачихаад хувцсандаа хийгээд мартчихсан байсан. Би өмнө нь мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаагүй. П.Ариунбуян намайг мансууруулах бодис олж авах үйлдэлд хамтарч оролцсон асуудал байхгүй. Байрны орцонд тэр өвсийг нэг сороод, тэгээд цагдаад баригдсан. Би дахиж ургамал болон мансууруулах төрлийн бодис түүхгүй байж чадна. Манай аав хэвтэрт байдаг, би аавыгаа асрахын тулд сургуулиасаа жилийн чөлөө авсан байгаа. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.”  гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201701000044 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-11х/,

2. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-24х/,

 

3. Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 29-32х/,

 

4. Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  бичлэгийн CD-1 ширхэг /хэргийн 33-38х, 39-41х/,

 

5. Эд мөрийн баримт хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 42-47х/,

6. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 48х/, Үүнд:  

6.1. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол /ТНС/”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 3.2 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/,

6.2. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг Бонго гэх зүйл /Bon Aqua гэсэн бичиглэлтэй таггүй, хуванцар сав/,

6.3. AJ510906 сери дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг зэргийг тус тус хэрэгт хавсаргахаар тогтсон байна. /хэргийн 48х/,

 

7. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2039 тоот дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж №01 0,6 гр” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Bon Aqua” гэсэн цэнхэр шошготой цагаан цэнхэр өнгөтэй хуванцар сав, AJ0510906 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “Ариунбуян” гэж хаягласан шээс, “Өлзийжаргал” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. “Дээж №01 0,6 гр” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Bon Aqua” гэсэн цэнхэр шошготой цагаан цэнхэр өнгөтэй хуванцар сав тус бүрт дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна,

AJ0510906 серийн дугаартай 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна,

“Ариунбуян” гэж хаягласан шээс, “Өлзийжаргал” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 53-54х/,

 

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 292 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Өлзийжаргал нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.

2. Одоо Г.Өлзийжаргал нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Г.Өлзийжаргал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Өлзийжаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Г.Өлзийжаргалд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна.

6. Мансуурах донтой, мансуурах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Г.Өлзийжаргалд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх оношлогдвол Монгол улсад С.Э.М.Ү.Т энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Г.Өлзийжаргалд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 62-64х/,

 

9. Мөрдөн байцаалтын шатанд П.Ариунбуянгийн сэжигтнээр өгсөн:

“...2017 оны 02 сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай найз Г.Өлзийжаргал над руу залгаад юу хийж байна, завтай байна уу, найз нь чамаас зээлсэн 40.000 төгрөгөө өгье гэсэн. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудал дээр 20 цагийн үед уулзаж хоорондоо ярилцаж байгаад кино үзэхээр болж Өргөө 2 кино театрт очоод кинонуудын цагийн хуваарийг харахад их орой байсан болохоор кино үзэхээ болиод, пиво ууя гэж ярьсан.

Ингээд багшийн дээдийн Макс супер маркетаас 4 ширхэг Рэд Касс нэртэй пиво аваад хойд талд нь байх орон сууцны байр луу ороод 5 давхарт нь гараад авсан пивоо уусан. Тэнд пиво уугаад сууж байхад Г.Өлзийжаргал халааснаасаа гялгар ууттай өвс гаргаж ирээд “надад ийм зүйл байна, хоёулаа хэрэглэж үзэх үү” гэхэд нь “тэгье” гэж хэлээд бид хоёр уг орцноос гараад, багшийн дээдийн автобусны буудлаас 25 дугаар эмийн сангийн автобусны буудал хүртэл такси барьж яваад, буудлын эсрэг талын хүнсний дэлгүүрээс 2 ширхэг улаан Касс, 1 ширхэг 0.5 граммын цэвэр ус аваад, ТҮЦ-нээс шоколад аваад К-107 гэсэн дугаартай байрны булангийн орц руу орж 8 давхарт гарч пивоо ууж сууж байхад Г.Өлзийжаргал гэнэт мөнгөн дэвсгэрт хуйлж соруул мэт болгоод, цэвэр усны саваа тамхины цогоор түлж цоолон нүхлээд, тэр нүхэндээ хуйлж соруул мэт болгосон мөнгөө хийгээд, мөнгөнхийхөө урд талд шоколадны тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулан, мөнгөлөг цаасан дээрээ өвсөө хийгээд доороос нь шатаагаад, гарсан утааг нь цэвэр усныхаа амсраар нь сорж хэрэглэсэн.

Тэгэж байтал цагдаа нар ирээд Г.Өлзийжаргал бид хоёрыг баривчилсан. Тэр шөнөдөө согтуу байсан болохоор мэдүүлэг өгч чадаагүй, маргааш өглөө нь өгсөн. Би тухайн үедээ цагдаа нараас айгаад “тэр өвсийг надад байсан” гээд хэлчихсэн. Түүнээс биш би тэр өвсийг гаргаж ирээгүй. Г.Өлзийжаргал хаанаас олж авсан юм бүү мэд, халааснаасаа гаргаж ирсэн.

Тухайн үед Өлзийжаргал өвс хаанаас олж авсан талаараа хэлээгүй, би ч түүнээс өвс хаанаас олж авсныг асуугаагүй. Цагдаад баригдсаныхаа дараа байрныхаа гаднаас тэр өвсийг түүсэн гэх шиг болсон. Миний хувьд өвсийг хууль бусаар түүж бэлтгэн олж авч, хадгалсан асуудал байхгүй, харин 2017 оны 02 сарын 02-03-нд шилжих шөнө Г.Өлзийжаргал найзтайгаа нийлж, хөөрч, архидан согтуурсны улмаас өвс хэрэглэсэн байна лээ. Тэрнээс биш эрүүл байсан бол тэр өвсийг хэзээ ч хэрэглэхгүй байсан.

Г.Өлзийжаргал намайг айлган сүрдүүлж хүчээр тэр өвсийг хэрэглүүлсэн зүйл байхгүй. Би бусдад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис буюу өвсийг зарж борлуулж байсан удаа байхгүй. Өлзийжаргалыг урьд өмнө өвс хэрэглэж байхыг хараагүй, хэрэглэдэг ч гэж огт бодохгүй байна. Сониуч зангаасаа л болсон байх. ..” гэсэн мэдүүлэг /хэргийн 73-75х/,

 

10. Д.Ариунбуянд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хэргийн 153-154х/,  

 

11. Шүүгдэгч Г.Өлзийжаргалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би өвсний талаар хүмүүсийн дам ярианаас зөндөө сонсож байсан. Мөн цахим сайтуудаас өвсний талаарх мэдээллүүдийг уншиж байсан. Би хип хоп урсгалын хамтлаг дуучдын дууг их сонсож сонирхдог, барууны орнуудын хип хоп дуучдын дуу клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс болон өвсний зурагтай хувцас өмссөн байх нь элбэг харагддаг. Жишээлбэл Snoop dogg, Wiz khalifa нарын хамтран дуулсан young wuld and free буюу Монголоор залуу зэрлэг бас эрх чөлөөтэй дууны клип, Snoop dogg дуучны smoke weed everyday буюу Монголоор өдөр бүрт өвс татна, Curtis Williams дуучны Saturday night буюу Монголоор хагас сайны орой зэрэг дууны клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс зөндөө гарч байдаг. Мөн www.google.mn сайтаас weed /Монголоор өвс/ гэж бичиж хайлт хийхэд өвсний талаарх мэдээллүүд гарч ирсэн. Тэдгээр мэдээллүүдийг уншиж байхад өвс нь манай оронд ургадаг болохыг мэдсэн, гэхдээ өвс хэрэглэх гэж хайж байгаагүй.

2016 оны 08 сарын 20-ны өдөр байх, би өдрийг андуурсан байж магадгүй, ямар ч байсан хагас сайн өдөр байсан. Гэрээсээ гараад байрныхаа ойролцоо байх ТҮЦ орж тамхи авчихаад 1-р байрны гадаа тамхи татаад зогсож байхад уг байрны ногоон байгууламжийн хамгаалалтын төмөр хашааны ёроолоор ургасан ургамлын дунд 1 ширхэг каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь түүнийг тасдаж аваад, халаасандаа хийчихсэн юм.

Тухайн үед мөн эсэхийг мэдээгүй, тэгээд тэндээсээ шууд гэртээ ороод интернетээс өвсний зургийг татаж аваад, нөгөө түүсэн ургамлаа харьцуулж үзэхэд мөн байсан. Тэгээд тэр өвсийг цонхны тавцан дээр хатааж, нунтаглаад гялгар уутанд хийгээд цамцны халаасанд хийгээд мартчихсан байсан.

2017 оны 02 сарын 02-ны өдөр хувцсаа угааж байгаад дээрх халаасандаа хийсэн ургамлаа олсон. Маргааш нь нөгөө ургамлаа авч гараад найз П.Ариунбуянтай уулзсан. Бид хоёр уг нь Өргөө кино театрт кино үзэх гэж байгаад кино үзэхээ болиод пиво уусан юм. Бид хоёр тухайн үед бага мөнгөтэй байсан болохоор хоёр ширхэг улаан Касс аваад 25 дугаар эмийн сангийн эсрэг талын К-107 дугаартай байрны орцоор орж, 8 давхарт пиво уусан. Би пиво уугаад сууж байхдаа П.Ариунбуянд 2016 оны 8 сард түүсэн өвсөө үзүүлээд, “хоёулаа хэрэглэж үзэх үү” гэж асуухад “тэгье” гэж хэлсэн. Бид хоёр тухайн үед өвсөө хэрхэн хэрэглэх аргаа мэдэхгүй байсан болохоор гар утаснаасаа www.youtube.com сайт руу орж, өвсийг хэрхэн хэрэглэж байгаа бичлэгүүдийг үзэж байгаад ундааны сав ашиглан бонго гэх зүйлийг нь хийж нөгөө өвсөө татаж байгаад цагдаа нарт баригдсан.

2017 оны 02 сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад тайлбар өгөх үед  “...П.Ариунбуян би түүсэн гээд хэлчихье, намайг Дарханаас түүсэн гээд хэлчихээрэй” гэхээр нь би “...Ариунбуян зун Дархан явахдаа өвс авчирсан гэж надад хэлсэн” гэж мэдүүлсэн юм.

Би Каннабис /зэрлэг олсны ургамал/ буюу өвсийг түүж бэлтгэх, хууль бусаар олж авах, хадгалах, хэрэглэх зэргийг манай оронд хуулиар хорьсон байдгийг нь мэднэ. Харин өвсийг хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд багтдаг гэдгийг мэдээгүй. Би их хэмжээгээр түүж бэлтгээгүй болохоор гайгүй байх гэж бодсон юм. Ер нь бол сониуч зангаасаа болоод ийм хэрэгт орчихлоо, үнэхээр хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд багтдаг гэдгийг нь мэдсэн бол түүж бэлтгэн, хадгалж, хэрэглэхгүй байсан юм. Өвс хэрэглэсэн үед инээд хүрээд, өөрийн эрхгүй инээдэг, нэг л өөр баясгалантай болчихдог гэж сонсож байсан. Тэгээд үнэхээр тэгдэг эсэхийг нь үзье гэж бодоод хэрэглэж үзэхэд миний биед ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй. Би бусдад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис буюу өвсийг зарж борлуулж байсан удаа байхгүй, миний найз нөхөд, танилууд дотроос хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хүн байхгүй.

Би 1994 оны 01 сарын 19-нд Улаанбаатар хотод айлын бага буюу хоёр дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ нэг эгчтэй. 2012 онд Хан-Уул дүүргийн 7-р сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар их сургуулийн программ хангамжийн ангид элсэн орж суралцаж байгаа. Аавын хамт амьдардаг. Сургуулийнхаа хажуугаар ажил хийж өөрт хэрэгцээтэй мөнгөө олдог Энэ жил ажил хийх гээд сургуулиасаа түр чөлөө авчихсан байгаа. МИАТ-н Чингис хаан ОУ-ын нисэх буудалд ачигчаар ажиллаж байгаа. Би сардаа 400.000 төгрөг авдаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-86х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Энхжаргал, С.Санчир, Б.Өлзийхишиг нарын мэдүүлэг /хэргийн 49-51х/, Хан-Уул дүүргийн 16-р хороооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 137х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 138х/, гэрлэлт бүртгэлтэй эсэх тухай лавлагаа /хэргийн 139х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 140х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 141х/ баримт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд зохих журмын дагуу хийгдсэн, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.      

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд дельта-9 тетрогидроканнабинолын /хогийн олсны ургамал /каннабис// төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, абстракт сэтгэхүй буурах, тэнэгрэл, дэмийрэл бий болгох, айдас түгшүүр, орон зайн баримжаа алдагдуулж, гажуу тусгал, бие хүн өөрчлөгдөх зэргээр хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж,  олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.   

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан”, улмаар уг мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг өөрийн биедээ болон орон байр, агуулах сав зэрэгт агуулж байхыг “хадгалсан” гэж үзэх юм.

 

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой.

 

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна ногоон байгууламжийн орчимоос 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий 3,4 грамм /уутны хамт/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртлэх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар байрны 13 тоот орон сууцанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос Г.Өлзийжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий 3,4 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 141х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн  “хүндэвтэр” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг  шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол /ТНС/”-ын агууламж бүхий 3.2 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг Бонго гэх зүйл /Bon Aqua гэсэн бичиглэлтэй таггүй, хуванцар сав/ зэргийг зохих журмын дагуу устгахыг  “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалган,  AJ510906 сери дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөгийн дэвсгэртийг Монгол Банк-д шилжүүлж, бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр тус тус шийдвэрлэв.    

 

Шүүх, шүүгдэгч Г.Өлзийжаргал нь хорих ял шийтгүүлэх “хүндэвтэр” гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй байдал, өндөр настай өвчтэй эцгийгээ асарч амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

           

                                                       ТОГТООХ нь:

 

1. Маах овогт Ганбатын Өлзийжаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Г.Өлзийжаргалыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Өлзийжаргалд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Г.Өлзийжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,  AJ510906 сери дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөгийн дэвсгэртийг Монгол Банк-д шилжүүлэн, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт агууламж бүхий 3.2 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг Бонго гэх зүйл /Bon Aqua гэсэн бичиглэлтэй таггүй, хуванцар сав/ зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.      

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Өлзийжаргалд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Ялтан, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Өлзийжаргалд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД