| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/02067/И |
| Дугаар | 181/ШШ2020/00877 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/00877
| 2020 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2020/00877 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжл
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 24 дүгээр байрны 42 тоот хаягт оршин суух, мянган овогт Намсрайн Бат-Эрдэнэ /рд:ДВ74090611/ нарт холбогдох,
Гэм хор учруулсны хохиролд 2 088 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Д.Сандаг, иргэдийн төлөөлөгч Д.Адилбиш, нэхэмжлэгч Г.Ганболд, гэрч О.Цолмонбаатар нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Г.Ганболд миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 34 тоотод амьдардаг бөгөөд манай дээд айл 38 тоот Т.Харцагынх ус алдаж манай гэр бүлийг хохироосон. Манай гэрийн хана тааз, паркетан шал авах юмгүй болгосон ба хохирлыг бүрэн барагдуулна гэсэн тул бид өөрийн хөрөнгөөр бүрэн засвар хийж сольсон. Т.Харцага нь хохирлыг даатгалаас гаргуулж бүрэн төлнө гэдэг боловч одоо болтол төлөхгүй байгаа тул би хохирлоо нэхэмжилж байна. Нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, шалны материал худалдаж авсан зарлагын баримт, Барилгад засварын ажил хийх тухай гэрээ, барилгын засварын ажил гүйцэтгэсэн тухай акт, С.Соронзонболдын тодорхойлолт, С.Эрдэнэ-Оршихын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүгдийг хавсаргасан.
Иргэн Н.Бат-Эрдэнэ нь Орон сууц хөлслөх гэрээний дагуу Г.Ганболд миний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутаны гудамж 14/2и байр 34 тоотыг 2016 оны 07 сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 сарын 01-нийг хүртэл түрээслэсэн. Миний бие гэрээний 2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 2016 оны 07 сарын 18-ны өдөр биет байдлын болон эрхийн, сантехникийн ямар ч асуудалгүй бүрэн бүтэн, гэмтэл доголдолгүй байрыг Н.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Н.Бат-Эрдэнэ нь хөлслөн амьдрах хугацаандаа 2017 оны 07 сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд дээд давхарын айл буюу 38 тоот Т.Харцагынхаас алчуур хатаагч нь зад тавьж, цоорч их хэмжээний ус алдсан боловч түрээслэж буй Туркчууд нь хаалгаа тайлж өгөхгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй СӨХ-ны захирал, ОСНАА-н газар, тус байрны эзний холбоо барих утаснууд нь олдохгүй нилээд цаг хугацаа алдсан байсан. Арай гэж Тохь тух СӨХ-ны захирал Г.Загарсүрэнгийн улсыг олж ОСНААГ-ын харьяа ХҮТ-5-д иргэн Н.Бат-Эрдэнэ мэдэгдсэн байдаг. Мөн Н.Бат-Эрдэнэ дээд талын айлын байрыг түрээслэгч Туркчууд нь байсан боловч хаалгаа айж сандраад тайлж өгөөгүй, СӨХ-ны дарга Г.Загарсүрэн гуай байрны эзний утсыг олж яриад зуслан дээрээс нь дуудаж ирүүлж, гэрт нь хамт орж үзэхэд бүх өрөө нь усан далай, бөөг чийг үнэртэж байсан гэдэг. Гэтэл Т.Харцага нь ус шүүрсэн, ус алдсан зүйл байхгүй байсан гээд шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн байна лээ шүү гэхэд Н.Бат-Эрдэнэ нь ...тийм юм гэж байхгүй, даатгалын мөнгө аваад хохирлыг барагдуулна гэсэн. Мөн Туркчүүдээс хохирлын мөнгө авсан байж магадгүй, би орчуулагч Казак залуутай нь одоо ч гэсэн ажил төрлийн холбоотой байгаа. Утсаар яриад таныг уулзуулж болно гэж хэлж байсан. Мөн манай эхнэр бол кино шиг нүдэнд харагдахаар ярина даа гэж байсан.
Гэвч Н.Бат-Эрдэнэ нь Дарханд ажиллаж байна, удахгүй хот орно, хот ороод ирсэн, ажил төрлөө зохицуулчихаад үдээс хойш уулзая, мөн маргааш ажил тараад 21 цагт уулзаж ярилцая гэдэг боловч олон сар, өдөр худал хэлээд зугтаад байгаа тул түрээслэгч, хариуцагч, эзэмшиж байсан бүх зүйлийг сайн мэдэх нотлох гэрчлэх, түрээсийн дагуу бүрэн хариуцах, хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж үзэж Н.Бат-Эрдэнийг хамтран хариуцагчаар татаж байна.
Иймд бид паркетан шал болон бусад зардал 1 738 600 төгрөг, засварын ажлын хөлс 350 000 төгрөг, нийт 2 088 600 төгрөгийг Т.Харцага, Н.Бат-Эрдэнэ нараас гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлон шаардаж байна гэв.
Хариуцагч Х.Харцага шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн харьяат иргэн Г.Ганболдоос ирүүлсэн Т.Харцагынх ус алдаж манай гэрийн хана, тааз, паркетан шалыг амах юмгүй болгосон тул нийт 2088600 төгрөгийн хохиролыг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг 2019-08-01-ны өдөр хүлээн авч танилцлаа. Тухайн үед буюу 2017-07-09-ны өдөр улсын баяр наадмын амралтын өдрүүдийг тохиолдуулан манай гэр бүлийнхэн лагер гарч амарцгаасан юм. Гэтэл 2017-07-14-ны өдөр 16:00 цагийн орчим надруу утсаар ярж /тухайн үед хэн ярьсныг тодорхой санахгүй байна/ танай гэрээс ус алдаж доод айл руу чинь орсон байна гэсний дагуу миний бие лагераас нэн даруй гарч ирсэн ба шалгахад манай гэрийн ОО-ын өрөөнд хэсэг ус тогтсон байсан. Учрыг лавлахад ОО-ын өрөөний алчуур хатаагчид бага хэмжээний цооролт үүсч ус гоожсон байдалтай байсан. Тухайн үед Г.Ганболдын хувийн байр гэх тэр байрны эзэн гэх иргэн Бат-Эрдэнэ манай СӨХ-ны захирал Загарсүрэнд хэлсний дагуу ОСНАА-н газарт мэдэгдсэнээр тэр дор нь байраар нь усыг нь хааж зогсоосон байсан. Эндээс үзэхэд нэхэмжлэлд дурьдсан тийм их хэмжээний ус алдаж паркетан шалыг болон бусад өрөөний хана таазыг гэмтээх ямарч боломжгүй юм. Би ч өөрөө тэр айлд орж үзэхэд ОО-ын өрөөний таазнаас ус шүүрч гоожсон юм шиг хэсэгхэн газар шаралсан байсан ба бусад өрөөнд болон таазнаас ус алдсан ямар нэгэн шинж тэмдэг харагдаагүй болно. Манай гэрийн ОО-ын өрөөний шалан дээр бага зэргийн ус тогтсон байдалтай байсан бусад өрөөнд байтугай коридорд ч ус урсаж гараагүй хэвийн байсан. Манайх тэр Соёмбо даатгалын компанид даатгуулсан байсан учир өөрийн гэрийн болон 34 тоотын иргэн Бат-Эрдэнийд учирсан хохирлын фото зургийг дарж баримтжуулан авч даатгалын компанидаа өгсөн юм. Нэлээн хэд хоногийн дараа Бат-Эрдэнийд орж уулзаж ОО-ын өрөөний таазыг нь янзалж өгье гэхэд манайх удахгүй засвар хийж өгье зүгээр зүгээр гэсэн юм харин хэдүүлээ нийлж сангийн босоо шугамаа сольцгооё гэж ярилцаж тохиролцон салцгаасан юм. Тэр үед иргэн Ганболд гэж ерөөсөө байгаагүй надтайч уулзаж байгаагүй би ч таньдаггүй байсан. Харин сүүлд би Тохь Тухь СӨХ-ын гүйцэтгэх захирлын албан үүрэг гүйцэтгэх болсоноор 2018 оны 10 сараас хойш мэддэг таньдаг болсон. Иймд нэхэмжлэлд дурьдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул тайлбар бичив. Хүлээн авч үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь орон сууц хөлслөх гэрээний дагуу Г.Ганболдтой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 34 тоот байрыг 2016 оны 07 сарын 19-нөөс 2018 оны 05 сарын 20-ны хүртэл түрээслэж амьдарсан нь үнэн болно. 2017 оны 07 сард дээд давхарын айлаас ус алдаж миний хөлслөн амьдарч байсан байр нилдээ усаар бүрхэж үүний улмаас тааз болон паркетан шаланд эвдрэл үүссэн нь үнэн болно. Дээд давхарын айлын хүн өөрийн биеэр ирж тухайн үед зэргийг нь хүртэл авсан ба манай байр даатгалтай даатгалаас мөнгө орж ирэхээр хохирол барагдуулна гэж хэлж байсан. Энэ ус гоожсон байдлыг 2, 3 давхарын айлууд гэрчлэх ба тус айлуудад хүртэл ус гэрчсэн байсан. Энэ тухай болон паркетан шал солих, сантехникийн зүйлүүдээ сольж өг гэж Ганболд гуайд олон удаа хэлж байсан боловч тоохгүй байсан. Манайх цагаан сараар хүртэл паркетан шалан дээр нь хүртэл хулдаас дэвсэж байж цагаан сарыг өнгөрөөж байсан. Мөн амьдарч байсан байрныхаа бүх крант, хаалтнуудыг шинээр сольсон. Орон сууцны конторт захиалга өгч байж солиулж байсан. Тухайн үед бүх крант хаалтыг солихдоо 120 000 төгрөгөөр худалдан авч 70 000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хийлгэж байсан. Би Ганболдын нэхэмжилсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөх ёсгүй ба харин Ганболдоос байр хөлсөлж байсан түрээсийн сүүлийн 1 сарын төлбөрөө буцаан авах хүсэлтэй байна. Яагаад гэвэл 2018.07.19-ний өдөр хүртэл төлбөрө өтөлсөн байсан ба Ганболд байрандаа засвар хиймээр байна, ээжийгээ оруулах гэсэн юм гэж хугацаа дуусахаас 1 сар гарангийн өмнө гаргасан. Иймд шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гэрч О.Цолмонбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Миний бие Орон сууцны хэрэглэгчид үйлчлэх талбайд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хэсгийн инженерээр ажилд орсон. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 07 минутад дуудлага ирсэн байсан, 13 цагт засварчин н.Энхбат гэдэг хүн 34 тоотын айл руу очсон байна. Онош нь ус их хэмжээгээр алдсан, 38 тоот эзэнгүй учраас усыг хаасан гэсэн онош тавьсан байсан. Манайх 4 хэсэгтэй буюу 4 хэсгийн инженер байдаг. 176 байрыг 4 хувааж ашиглалтыг нь хариуцдаг. Тухайн үед би 14/2б байрыг хариуцдаг инженер байгаагүй, сүүлд нь хариуцдаг инженер болсон. Тухайн үед манай байгууллагын инженер н.Ууганцэцэгийн бичиж өгсөн дүгнэлтэд Т.Харцага гэдэг нь өөрийнхөө байранд дүгнэлт гаргуулж авсан байна. 121 дугаарын ус алдсан талаархи дүгнэлтэд болохоор ус алдсан өдөр цагаа бичээд Т.Харцага гэдэг хүн өөрийнхөө байрандаа коридорын паркет шал хууларч, нойлын өрөөний хаалга нурж гажсан гэсэн оноштойгоор дүгнэлт бичүүлж авсан байсан. Ганболд гэдэг хүн манай байгууллага дээр ирж манай дарга болон ахлах инженертэй уулзсан байгаа, 2017 оны ийм ус алдсан дүгнэлт архиваас шүүж өгнө үү гэсэн, би архиваас шүүж үзээд нэхэмжлэгч Г.Ганболдын байранд дүгнэлт бичих үү гэхэд, инженер ус алдсан юм чинь бичээд өгчих гэсэн. Архиваас дуудлагын дэвтрийг олсон. Тэгээд дуудлагын дэвтэр дээрхийг үндэслэж бичдэг. Мөн тухайн үед энэ хүн /Ганболд/ өөрөө орж ирээд надад утасныхаа зургийг үзүүлж дүгнэлт бичүүлж авсан. Манай 34 тоотод ингэж ус алдсан. Энэ өрөөний тааз ингэж нурсан гээд би зургийг нь хараад, дуудлагын утгыг хараад тухайн засварчин руу утасдаж асуугаад, 2-3 жилийн өмнөх учраас бүдэг бадаг санаж байсан. Гэхдээ ус маш их хэмжээгээр алдсан гэдгийг хэлсэн. Тэгээд дүгнэлтийг дахиж бичиж өгсөн. Ганцхан миний гаргасан алдаа бол дүгнэлт гэдэг дээр нөхөж бичив гэж бичээгүй юм байна лээ гэв.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганболд нь хариуцагч Х.Харцагат холбогдуулан гэм хор учруулсны хохирол 2 088 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Бат-Эрдэнийг татаж, түүнд уг гэм хорын хохирол 2 088 600 төгрөгийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ганболд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 764 051 төгрөгөөр ихэсгэхээр гаргасан боловч, уг ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд, хариуцагч Т.Харцагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галхүү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хариуцагч Т.Харцага нь шүүхэд ...миний биеийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галхүү нь ар гэрийн гачигдалын улмаас хөдөө орон нутагт яваа тул шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь миний биеийг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү, шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн хүсэлт /хх-ийн 105, 124 дэх талд/-ийг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Т.Харцага нь ...2017-07-14-ний өдөр 16:00 цагийн орчим надруу утсаар ярьж танай гэрээс ус алдаж доод айл руу чинь орсон байна гэсний дагуу миний бие лагераас нэн даруй ирээд шалгахад манай гэрийн ОО-ын өрөөнд хэсэг ус тогтсон байсан, ...алчуур хатаагчид бага хэмжээний цооролт үүсч ус гоожсон байсан. Г.Ганболдын хувийн байр гэх тэр байрны эзэн гэх н.Бат-Эрдэнэ манай СӨХ-ны захирал н.Загарсүрэнд хэлсний дагуу ОСНАА-н газарт мэдэгдсэнээр тэр дор нь байраар нь усыг хааж зогсоосон байсан...нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,
Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь ...Г.Ганболдтой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 34 тоот байрыг 2016 оны 07 сарын 19-нөөс 2018 оны 05 сарын 20-ны хүртэл түрээслэж амьдарсан нь үнэн. 2017 оны 07 сард дээд давхарын айлаас ус алдаж миний хөлслөн амьдарч байсан байр нилдээ усаар бүрхэж үүний улмаас тааз болон паркетан шаланд эвдрэл үүссэн нь үнэн... Би н.Ганболдын нэхэмжилсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөх ёсгүй, харин н.Ганболдоос байр хөлсөлж байсан түрээсийн сүүлийн 1 сарын төлбөрөө буцаан авах хүсэлтэй гэж тайлбарлан тус тус маргасан.
Шүүх бүрэлдэхүүн, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд хариуцагч Т.Харцага /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд Т.Харцага, Ж.Ууганцэцэг хоёр иргэний өмч/-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 38 тоотын орон сууцны ОО-ын өрөөний алчуур хатаагч цоорсны улмаас түүний коридорын паркет норж, хууларч хөвсийсөн, ОО-н өрөөний хаалга норж гажсан үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хэргийн материал /хх-ийн 29-50 дах талд/-д авагдсан Соёмбо даатгал ХХК-иас ирүүлсэн бичгийн баримтууд болон гэрч О.Цолмонбаатарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Т.Харцагын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 38 тоотын орон сууцны ОО-ын өрөөний алчуур хатаагч элдэгдэж цоорсноос ус алдсан ба улмаар тухайн орон сууцны доод давхарын нэхэмжлэгч Г.Ганболдын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 34 тоот орон сууцанд ус нэвчин орж, түүний орон сууцны бүх өрөөний хана таазны эмульс, замаск норж ховхорч хууларсан, зочны өрөө, жижиг өрөө, коридорын паркетан шал норж хэлбэр дүрсээ алдсан, гажсан, бүх өрөөний обой норж ховхорч хууларсан байдлыг ОСНААУГазрын харьяа ХҮТ-5-ийн дарга Ц.Амарсайханы баталсан Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт №121 тоот /хх-ийн 53 дах талд/ болон уг дүгнэлтийг үйлдсэн хэсгийн инженер О.Цолмонбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, түүнээс авсан мэдүүлэг, мөн хариуцагч Н.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан /хх-ийн 56 дах талд/ тайлбар, нэхэмжлэгч Г.Ганболдын орон сууцандаа засвар хийсэн талаархи зарлагын баримт /хх-ийн 6 дах талд/, Барилгад засвар хийх тухай гэрээ, Барилгын засварын ажил гүйцэтгэсэн тухай акт /хх-ийн 8-9 дэх талд/, шүүхээс шинжээч томилж гаргуулсан, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-96 дах талд/ зэрэг бичгийн баримтаар хариуцагч Т.Харцага нь нэхэмжлэгч Г.Ганболдод гэм хорын хохирол учруулсан үйл баримт нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан гэм хорын хохирол 2 088 600 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Т.Харцага хариуцан арилгах үүрэг бүхий этгээд байх бөгөөд хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч Г.Ганболдын орон сууцанд тухайн гэм хорын хохирлыг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагч Т.Харцага нь нэхэмжлэгчид гэм хорыг учруулаагүй гэж маргаагүй боловч нэхэмжлэлээр шаардсан ...үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Харцага түүний төлөөлөгч нар татгалзаж буй үндэслэлийн талаархи холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Иймээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорын арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилснаар хариуцагч Т.Харцагаас гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2 088 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод олгож, хариуцагч Н.Бат-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Харцага нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2 088 600 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасны улмаас нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн ажлын хөлс 230 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Ганболд төлсөн болох нь хэргийн 86-88 дэх талд баримт авагдсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын 2 088 600 төгрөгийг шинжээчийн дүгнэлтийг үнэлж хариуцагч Т.Харцагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлс 230 000 төгрөгийг хариуцагч хариуцан төлөхөөр хуульд заасан журмын дагуу шүүх нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Т.Харцагаас 2 088 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод олгож, хариуцагч Н.Бат-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 368 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Т.Харцагаас 48 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ганболд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 764 051 төгрөгөөр ихэсгэсэн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ганболдоос шинжээчид төлсөн зардал 230 000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хариуцагч Т.Харцагаас гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ИЧИНХОРЛОО