Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00143

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00143

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Т.Ш

            Хариуцагч: А.С

            Хариуцагч: Г.О

            Хариуцагч: Б.Б

            78 745 880  гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагч А.С , Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, гэрч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.С , Г.Б , Г.О нар нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө зээлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт зээл, хүүгийн үлдэгдэл 78 745 880 төгрөг байна. Анх Б.Б нь өөрийн охин болох А.С нэр дээр мөнгө орж ирнэ гэж зээл авсан. А.С , Б.Б , Г.О нар нь удаа дараа удахгүй мөнгө орж ирнэ гэж хэлээд мөнгө зээлсэн ба нийт 18 сарын хугацаа өнгөрсөн тул миний бие мөнгөө авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг маань хүлээн авч 78 745 880 төгрөгийг А.С , Б.Б , Г.О нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Ш нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2007 онд МУИС-д элсэн суралцаж, 2009 онд оюутан солилцоогоор Герман улсад суралцаж байх хугацаандаа НҮБ-аас зохион байгуулсан сайн үйлсийн аянд оролцож, орон гэргүй хүмүүст туслаж , цаашид ийм аянд сайн дураар оролцох хүсэлтээ бүртгүүлсэн байсан. Ингээд Монголд ирээд МУИС-ийн эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2014 оны 10 дугаар сард НҮБ-аас надад цахим шуудангаар захиа ирсэн. Уг захидалд НҮБ-ийн хандивийн сангаас 5 хүнд мэдлэг боловсрол, амьдрах орчин зэргээ дээшлүүлэхэд нь нэмэр болох зорилгоор олгодог хөтөлбөрт сонгогдон шагналын мөнгө авахаар болсон талаар бичсэн байсан. Энэ мөнгийг НҮБ-аас надад Английн LLOYDS /Ллойдс/ банкаар дамжуулан олгох болсон тул мөнгө угаалтын эсрэг, гаалийн хураамж, банкны эхлэлийн баланс нээх, орлогын 0.13 хувийн татвар, даатгал зэргийг урьдчилан төлөхийг шаардсан. Энэ бүх нөхцөлүүдийг миний бие хангаад дээрх мөнгийг Хаан банкны дансаараа авахаар болж шилжүүлэг хийгдтэл Хаан банкны теллер нь /Swift/ свифт кодоо өгөөгүйгээс уг мөнгө Англи руу буцан татагдсан. Ингээд Английн LLOYDS /Ллойдс/ банкнаас шуурхай арга хэмжээ авахын тулд банкаар биш бэлнээр хүргэлтийн компаниар /Үнэт эдлэл, мөнгө зөөдөг/ хүргүүлэх саналтай байгаа талаар мэйл ирүүлсэн дагуу НҮБ-аас томилогдсон хуульч Давид Уиллиамстай зөвлөлдөөд бэлнээр шагналаа авахаар болсон хариуг өгсөн. Тэгээд энэхүү компани нь надтай холбогдож, мөнгийг банкнаас бэлэн авч надад хүргэж өгөх болсоноо хэлж, монгол улсад бэлэн мөнгө хил гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний шимтгэл болон гаалийн татварыг төлөхийг шаардсаны дагуу мөнгийг шилжүүлсэн. Ингээд одоо мөнгийг авч гарлаа гэдгээ мэдэгдээд бид Улаанбаатарт Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр хүлээгээд ирээгүй , гэтэл маргааш нь мэйл ирсэнийг үзтэл Солонгос улс бас давхар татвар нэхсэн учраас гаалийн төлбөрийг хийхгүй бол 24 цагийн дотор буцаж нисэн мөнгийг Europеan Central Bank /Европын төв банк/-нд буцааж тушаахаар болсон тухай мэйл байсан. Миний зүгээс 24 цагийн дотор 5 сая орчим төгрөгийг төлж чадаагүй тул уг компани буцсан байсан. Ингээд энэ мөнгийг авах гээд 2 удаа ийм байдлаар буцсан.

Банк санхүүгийн байгууллагад ажилладаг  надад зөвлөгөө өгч туслах байх гэж итгээд өөрийн авга эгч М уулзаж, учир байдлаа ярьсан. Эгч эргэж уулзая тэгэхдээ бүх бичиг баримтаа аваад ирээрэй гэсэн. М эгч Ш гэгч ахыг надтай уулзуулж  хамтран ажилладаг манай захирал гэж танилцуулсан тул бүх холбогдох бичиг баримтуудаа үзүүлсэн. Тэр ах надад миний бүх зүйлийг сонсож үзэж, танилцаад ах нь мэднээ Солонгос улсад байхад гадны нэг оюутан ийм тусламжийн мөнгө авч байсныг би нүдээрээ харсан ийм юм байдаг юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд энэ ажлыг чинь би дэмжье, хамтарч ажиллая гэж хэлсэн. Тэгээд 5 дугаар микрт давхар зогсоолтой гараж барьж байгаа 2 дугаар микрт мөн орон сууцны барилга барих зориулалтаар газар авсан байгаа тусламжийн мөнгөө орж ирэхээр надад хөрөнгө оруулалт хийгээрэй гэж ярьсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 02 дугар сарын 01-нийг хүртэл хугацаанд нийт 10 удаа Англи улс руу Моnеу grаm /Мани грам/, western union /Вестерн Юнион/ үйлчилгээг ашиглан шилжүүлэг хийхэд бүх шилжүүлгийг Ш ах надтай хамт явж хийсэн. Шилжүүлгийг хийх мөнгийг М эгчид хэлээд, М эгч Ш дансаар чиний данс руу мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд, яг шилжүүлэх өдрөө Ш ах заавал миний данс руу эхэлж мөнгийг оруулчаад дараа нь надтай хамт явж миний данснаас мөнгийг хамт тоолж авахуулаад тэгээд харж байгаад мөнгөн гуйвуулгыг надаар хийлгүүлдэг байсан. Ингээд Ш ах мөнгөн гуйвуулгын нэг хувийг өөртөө авч үлдээд давхар гар утсан дээрээ зургийг дарж хадгалж авч үлддэг байсан. Энэ мөнгөнөөс нь нэг ч төгрөгийг би аваагүй бөгөөд Ш ахаас нэг ч төгрөг зээлж авсан асуудал надад байхгүй, тийм яриа ч болоогүй. Харин орж ирэх мөнгөөр хамтарч бизнес хийнэ гэж аман төлөвлөгөө Ш ах санал болгож байсан юм. Бид ч мөнгөний асуудал шийдэгдсэний дараа хамтарна гэж ярилцаж байсан. Гэтэл сүүлдээ Ш ах надаас дээрх шилжүүлсэн мөнгөө хүүтэй бодож авна гэх болж, энэ мөнгийг би зээлж авсан юм чинь чамаас хүүтэй нь л авна гэж ярих болж, улмаар 2016 оны 8 сард надтай уулзахаар машинтайгаа ирж зээлдэгчийн хаяг гэсэн хүснэгтэлсэн зүйл үзүүлээд, одоо шууд нотариат дээр очиж чамаас гарын үсэг авна гэж тулган шаардсан. Надаас мөнгө авсан юм чинь заавал гэрээ байх ёстой гэж хэлээд таньдаг нотариат болох хүн дээрээ очсон чинь миний дэргэд бэлэн мөнгө хүлээлцэж өгөлцөж авалцаж байгаа бол гэрээг батална тийм биш бол гэрээ батлахгүй гэсэнд хуучнаар Мобикомын 2 давхарт байдаг нотариат тэгэхэд нь Ш ах тэр хүнээс гэрээний бэлэн бланк шаардан авч хүүтэй мөнгө зээлсэн алданги тооцно гэж хэлээд гэрээг бич гэж үг зааж өөрийнхөө хэлснээр надаар бичүүлснийг нотариатч үзээд танилын нүүр халуун ингэж л туслая даа гээд гэрээг баталж өгсөн. Болсон явдал гэвэл үнэн бодит зүйл ийм л болсон. Гэтэл Ш өөрийн сайн дураар хамтран ажиллахаар тохирч хамт явж шилжүүлсэн мөнгөө надад зээлсэн гэж худал хэлж надаар тулган бичүүлсэн хуурамч зээлийн гэрээндээ, зээлдэгчийн хаяг гэсэн хуурамч хүснэгт хавсарган нотлох баримт болгож надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ш ахаас мөнгө зээлэх нь битгий хэл түүнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Ш ах өөрөө надтай хамтран ажиллахаар шийдэж өөрөө энэ мөнгө төгрөгийг хамт шилжүүлсэн. Ийм учраас би түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна. Мөн энэ мөнгө төгрөгний асуудалд Ш ахаас ээж, нөхөр 2 мөнгө аваагүй байхад энэ нэхэмжлэлд нэрийг нь оруулж бидэнд хүндрэл учруулж байна. Огт хамааралгүй хүмүүсийг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ш нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй, өөрөө оролцоогүй. Эхнээсээ Ш таньд хамаагүй, С тэй энэ зүйл дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ чинь С нэр дээр орж ирэх мөнгө. Энэ хүнтэй л харьцана гэж хэлээд цаашид хийх ажлын хамтарсан яриа бидэнд байна. Та бүү оролц гэж хэлээд надгүйгээр уулзацгаадаг болсон. Ш , М хоёр Англи руу мөнгө шилжүүлэх бүрт С тэй гурвуулаа хамт явдаг гэдгийг л би мэдэж байсан. Мэндбаярын нэр дээр ч мөнгө шилжиж байсан. Иймд нэхэмжлэлд миний нэр орсоныг гайхаж байна. Намайг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ш нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, өөрөө оролцоогүй. Нэхэмжлэгч гэх Ш нь миний эхнэр болох С д НҮБ-аас олгож байгаа буцалтгүй тусламжийг оруулж ирэхэд гарах зардал хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгааг мэдэж байна. Харин мөнгө төгрөг авсан өгсөн асуудалд би ямар ч оролцоо байхгүй. Миний эхнэрийг бие давхар үед Ш над руу 2-3 удаа утсаар ярьж, байдлыг асууж, ажил дээр ирдэг байсан. Сүүлд төрөөд 3 сар болж байхад С тэй уулзмаар байна гэж байгаад уулзсан. Уулзаад шууд нотаритаар орж гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна лээ. Иймд Ш намайг хэргийн хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг нотариат дээр дагуулан очиж, надад 75 507 529 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 206 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 2.5 хувийн хүүтэй, алдангитайгаар төлөхөөр зээлийн гэрээг миний гараар бөглүүлэн хэлж бичүүлж батлуулсан. Уг гэрээгээр би түүнээс 75 507 529 төгрөгийг авсан зүйл огт байхгүй бөгөөд хэрэв надад энэ мөнгийг зээлсэн бол мөнгө хүлээлцсэн баримт давхар нотариатаар батлагдах байтал ийм зүйл байхгүй тул энэ гэрээг үндэслэн надаас хүү алданги тооцон 78 745 880 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш нь надтай хамтран ажиллах аман гэрээ хийж мөнгийг хамтран холбогдох газар руу шилжүүлсэнийгээ нууж надад мөнгө зээлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулсаныг зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Ш итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа: Хариуцагч А.С н гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Ш 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд авсан нийт 69 035 232 төгрөгөө хариуцагч А.С аваагүй мэтээр тайлбарлаж мөн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчинд автаж хийсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан шаардлага нь үндэслэлгүй юм. Үүнд: 1.нэгэнд шилжүүлээд авчихсан мөнгөө нэхээд өгөхгүй байсан учир төлбөр төлөх хугацаагаа харилцан тогтоож хугацаандаа төлбөр тооцоогоо хийгээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр тохиролцон байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ хуулийн ямар нэгэн заалт зөрчөөгүй хуульд нийцсэн гэрээ болох нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлсэн мөн хуулийн 181-р зүйлийн 181.2-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалтаас харахад анх 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан 5 000 000 төгрөг өгөхөөс эхлээд л зээлийн гэрээ байгуулагдаж эхэлсэн байна. Тэгээд ч А.С 2015 оны 04 дүгээр сарын 06-нд анх 89023777 дугаарын утсаараа ХААН банкан дахь *** дугаартай дансаа өгсөнөөр эхлээд мөнгө шилжүүлсэн байдаг бөгеөд дараа нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой 17:34-д дахиад дээрх утсаараа дансны дугаараа явуулснаар 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ мэтээр авсан мөнгөө баталгаажуулж зээлийн гэрээ бичгээр байгуулсан явдал хуулийн ямар заалт зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч А.С , Б.Б , Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78 745 880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч А.С 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Т.Ш болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: Хариуцагч А.С би Т.Ш мөнгө зээллээгүй, бид хамтран ажиллаж байсан. Өгсөн мөнгийг би аваагүй, хамт явж шилжүүлдэг байсан гэж, хариуцагч Б.Б , Г.О нар уг мөнгөний асуудалд хамааралгүй гэж тайлбарлаж байна.

            2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 75 507 529 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сарын 2.5 хувийн хүүтэй, 0.1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь 43 дугаартай зээлийн гэрээний хуулбараар, Т.Ш нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл А.С д 50 767 000 төгрөгийг түүний Хаан банкны *** дугаартай дансаар, 7 400 ам долларыг бэлнээр тус тус өгсөн болох нь зохигчдын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх тул хариуцагч А.С 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Т.Ш 75 507 529 төгрөг аваагүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэж байна.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу хожим зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч А.С өөрийн хүсэл сонирхолоор байгуулаагүй, уг гэрээний агуулга шиг анхнаасаа зээлийн гэрээ байгаагүй, хамтран ажиллаж тодорхой хөрөнгө оруулж НҮБ-с ирэх мөнгөнөөс барилгын үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ гэж тохиролцож байсан гэж үгүйсгэдэг.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд талууд санал нэгдэн дэмжиж, хүчин төгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн тохиолдолд халхавч хэлцэл хүчин төгөлдөр байдаг. Гэвч хариуцагч А.С уг хэлцлийг зээлийн гэрээ байгаагүй, хамтран ажиллах гэрээ байсан гэж эс зөвшөөрч маргаж байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.  А.С нь Т.Ш авсан мөнгөө банкинд шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогддог.

 

Иймд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагч А.С эс 69 078 226 төгрөг /50 757 000+7 400*2 474.49 төгрөг, 1 ам долларыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хаалтын ханшаар тооцов. Шүүхийн шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон учраас энэ өдрөөр тооцож мөнгө гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно/ гаргуулан нэхэмжлэгч Т.Ш т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 667 654 төгрөг болон шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б , Г.О нарт холбогдох  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Г.О шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч өөрийг нь байлцуулахгүйгээр хурлыг хийх тухай хүсэлт ирүүлсэн, гэрч М.М Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ...гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байх тул хариуцагч Г.О байлцуулахгүйгээр, гэрч М.М гэрчийн мэдүүлэг авахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 551 679 төгрөг, 535 500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С эс 503 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ш олгож, Т.Ш 535 500 төгрөг гаргуулан А.С д олгох нь зүйтэй.

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т.Ш , А.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч А.С эс 69 078 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ш т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 667 654 төгрөг болон хариуцагч Б.Б , Г.О нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 551 679 төгрөг, 535 500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С эс 503 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ш т олгож, Т.Ш 535 500 төгрөг гаргуулан А.С д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ