Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01168

 

Т.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00143 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Ш-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.С-, Г.О-, Б.Б-нарт холбогдох,

78 745 880 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Сувд-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.С- болон түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч М.ганзориг, хариуцагч А.С-, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.С-, Г.Батцэцэг, Г.О- нар нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө зээлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт зээл, хүүгийн үлдэгдэл 78 745 880 төгрөг байна. Анх Б.Б-нь өөрийн охин болох А.Сувд-Эрдэнийн нэр дээр мөнгө орж ирнэ гэж зээл авсан.

А.С-, Б.Батцэцэг, Г.О- нар нь удаа дараа удахгүй мөнгө орж ирнэ гэж хэлээд мөнгө зээлсэн ба нийт 18 сарын хугацаа өнгөрсөн тул миний бие мөнгөө авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг маань хүлээн авч 78 745 880 төгрөгийг А.С-, Б.Батцэцэг, Г.О- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2007 онд МУИС-д элсэн суралцаж, 2009 онд оюутан солилцоогоор Герман улсад суралцаж байх хугацаандаа НҮБ-аас зохион байгуулсан сайн үйлсийн аянд оролцож, НҮБ-аас надад Английн LLOYDS /Ллойдс/ банкаар дамжуулан буцалтгүй тэтгэлэг олгох болсон тул мөнгө угаалтын эсрэг, гаалийн хураамж, банкны эхлэлийн баланс нээх, орлогын 0.13 хувийн татвар, даатгал зэргийг урьдчилан төлөхийг шаардсан.

Энэ бүх нөхцлүүдийг миний бие хангаад дээрх мөнгийг Хаан банкны дансаараа авахаар болж шилжүүлэг хийгдтэл Хаан банкны теллер нь /Swift/ свифт кодоо өгөөгүйгээс уг мөнгө Англи руу буцан татагдсан. Ингээд Английн LLOYDS /Ллойдс/ банкнаас шуурхай арга хэмжээ авахын тулд банкаар биш бэлнээр хүргэлтийн компаниар хүргүүлэх саналтай байгаа талаар мэйл ирүүлсэн дагуу НҮБ-аас томилогдсон хуульч Давид Уиллиамстай зөвлөлдөөд бэлнээр шагналаа авахаар болсон хариуг өгсөн. Тэгээд энэхүү компани нь надтай холбогдож, мөнгийг банкнаас бэлэн авч надад хүргэж өгөх болсоноо хэлж, Монгол улсад бэлэн мөнгө хил гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний шимтгэл болон гаалийн татварыг төлөхийг шаардсаны дагуу мөнгийг шилжүүлсэн. Ингээд одоо мөнгийг авч гарлаа гэдгээ мэдэгдээд бид Улаанбаатарт Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр хүлээгээд ирээгүй, гэтэл маргааш нь мэйл ирснийг үзтэл Солонгос улс бас давхар татвар нэхсэн учраас гаалийн төлбөрийг хийхгүй бол 24 цагийн дотор буцаж нисэн мөнгийг Europеan Central Bank /Европын төв банк/-нд буцааж тушаахаар болсон тухай мэйл байсан. Миний зүгээс 24 цагийн дотор 5 сая орчим төгрөгийг төлж чадаагүй тул уг компани буцсан байсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд нийт 10 удаа Англи улс руу Моnеу grаm /Мани грам/, western union /Вестерн Юнион/ үйлчилгээг ашиглан шилжүүлэг хийхэд бүх шилжүүлгийг Шижирбаатар ах надтай хамт явж хийсэн. Шилжүүлгийг хийх мөнгийг Мэндбаяр эгчид хэлээд, Мэндбаяр эгч Шижирбаатарын дансаар чиний данс руу мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд, яг шилжүүлэх өдрөө Шижирбаатар ах заавал миний данс руу эхэлж мөнгийг оруулчихаад дараа нь надтай хамт явж миний данснаас мөнгийг хамт тоолж авахуулаад тэгээд харж байгаад мөнгөн гуйвуулгыг надаар хийлгүүлдэг байсан. Шижирбаатар ах мөнгөн гуйвуулгын нэг хувийг өөртөө авч үлдээд давхар гар утсан дээрээ зургийг дарж хадгалж авч үлддэг байсан. Энэ мөнгөнөөс нь нэг ч төгрөгийг би аваагүй бөгөөд Шижирбаатар ахаас нэг ч төгрөг зээлж авсан асуудал надад байхгүй, тийм яриа ч болоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Шижирбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй, өөрөө оролцоогүй. Эхнээсээ Шижирбаатар таньд хамаагүй, Сувд-Эрдэнэтэй энэ зүйл дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ чинь Сувд-Эрдэнийн нэр дээр орж ирэх мөнгө. Энэ хүнтэй л харьцана гэж хэлээд цаашид хийх ажлын хамтарсан яриа бидэнд байна. Та бүү оролц гэж хэлээд надгүйгээр уулзцгаадаг болсон. Шижирбаатар, Мэндбаяр хоёр Англи руу мөнгө шилжүүлэх бүрт Сувд-Эрдэнэтэй гурвуулаа хамт явдаг гэдгийг л би мэдэж байсан. Мэндбаярын нэр дээр ч мөнгө шилжиж байсан.

Иймд нэхэмжлэлд миний нэр орсныг гайхаж байна. Намайг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Шижирбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, өөрөө оролцоогүй. Нэхэмжлэгч гэх Шижирбаатар нь миний эхнэр болох Сувд-Эрдэнэд НҮБ-аас олгож байгаа буцалтгүй тусламжийг оруулж ирэхэд гарах зардал хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгааг мэдэж байна. Харин мөнгө төгрөг авсан өгсөн асуудалд би ямар ч оролцоо байхгүй. Миний эхнэрийг бие давхар үед Шижирбаатар над руу 2-3 удаа утсаар ярьж, байдлыг асууж, ажил дээр ирдэг байсан. Сүүлд төрөөд 3 сар болж байхад Сувд-Эрдэнэтэй уулзмаар байна гэж байгаад уулзсан. Уулзаад шууд нотаритаар орж гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна лээ.

Иймд Шижирбаатарын намайг хэргийн хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Шижирбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг нотариат дээр дагуулан очиж, надад 75 507 529 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 2.5 хувийн хүүтэй, алдангитайгаар төлөхөөр зээлийн гэрээг миний гараар бөглүүлэн хэлж бичүүлж батлуулсан. Уг гэрээгээр би түүнээс 75 507 529 төгрөгийг авсан зүйл огт байхгүй бөгөөд хэрэв надад энэ мөнгийг зээлсэн бол мөнгө хүлээлцсэн баримт давхар нотариатаар батлагдах байтал ийм зүйл байхгүй тул энэ гэрээг үндэслэн надаас хүү алданги тооцон 78 745 880 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шижирбаатар нь надтай хамтран ажиллах аман гэрээ хийж мөнгийг хамтран холбогдох газар руу шилжүүлсэнийгээ нууж надад мөнгө зээлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбараа:

Нэхэмжлэгч Т.Ш-аас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд авсан нийт 69 035 232 төгрөгөө хариуцагч А.С- аваагүй мэтээр тайлбарлаж мөн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчинд автаж хийсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан шаардлага нь үндэслэлгүй юм. Шилжүүлээд авчихсан мөнгөө нэхээд өгөхгүй байсан учир төлбөр төлөх хугацаагаа харилцан тогтоож хугацаандаа төлбөр тооцоогоо хийгээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр тохиролцон байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ хуулийн ямар нэгэн заалт зөрчөөгүй хуульд нийцсэн гэрээ болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 181.2-т заасан заалтаас харахад анх 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан 5 000 000 төгрөг өгөхөөс эхлээд л зээлийн гэрээ байгуулагдаж эхэлсэн байна. Тэгээд ч А.С- 2015 оны 04 дүгээр сарын 06-нд анх 89023777 дугаарын утсаараа ХААН банкан дахь 5064399037 дугаартай дансаа өгснөөр эхлээд мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд дараа нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой дахиад дээрх утсаараа дансны дугаараа явуулснаар 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ мэтээр авсан мөнгөө баталгаажуулж зээлийн гэрээ бичгээр байгуулсан явдал хуулийн ямар заалт зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00143 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Т.Ш-, А.С- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч А.С-эс 69 078 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 667 654 төгрөг болон хариуцагч Б.Батцэцэг, Г.О- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 551 679 төгрөг, 535 500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С-эс 503 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ш-т олгож, Т.Ш-аас 535 500 төгрөг гаргуулан А.С-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00143 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.С-эс зээл 69 035 232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ш-т олгож, зээлийн хүү, алданги бүгд 9 710 645 төгрөг, хариуцагч Б.Батцэцэг, Г.О- нар холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч А.Сувд-Эрдэнийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.С- давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурджээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс “хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч А.С- НҮБ-ын хандивын шагналын мөнгө авахад зарцуулагдах төлбөр тооцоог нэхэмжлэгч Т.Ш- өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, дээрх шагналын мөнгө ирсэн тохиолдолд нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг тухай бүр гадаад руу шилжүүлж байхаар харилцан тохиролцоон зохигчдын хэлцэл хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна” гэж дүгнэчихээд “хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор харилцан тохиролцсон нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар батлагдаж байх тул” хэмээн хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байна.

Учир нь хариуцагчийн зүгээс хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэмээн маргасаар байтал шүүхээс ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүйгээр маргааныг шийдвэрлэсэн, мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т “энэ хуулийн 236.1.6-д заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж хуулийн заалт үндэслэсэн боловч тус зохицуулалт бүхий заалт нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зохицуулагджээ. Өөрөөр хэлбэл, тус хуулинд 236.1.6-д гэсэн заалт байхгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгч Т.Ш- хандивын шагналын мөнгө авахад зарцуулагдах төлбөрийг санхүүжүүлэх, хариуцагч тал нэхэмжлэгчийн барьж буй барилгын ажилд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон өмнөх үүргийн харилцаа дээрх зохицуулалтаар дуусгавар болсон гэж үндэслэсэн байх боловч хэрэгт байгаа нотлох баримтуудаар тус хамтран ажиллах үүргийг дуусгавар болгосон нь нотлогддоггүй тул шүүх нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна. Нөгөө талаас хариуцагч А.Сувд-Эрдэнийн хувьд өмнөх үүргийг дуусгавар болгох, шинэ үүрэг бий хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлдээ дурдаж байсан атал давж заалдах шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бегөөд үндэслэл бүхий байх хуулийм шаардлагыг хангаагүйг харуулж байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр гаргасан хүсэлтдээ “Нотариатын танхимд нотариатчийн хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай гомдол гаргасан. Энэ талаар шалгаад албан ёсны хариу өгнө гэсэн. Тийм учраас нотариатын танхимаас хариу иртэл шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор нотариатчийн үйлдлийг шалгаж хариу ирүүлсний дараа гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шийдэж болно, ...сөрөг нэхэмжлэлд хамааралтай шаардлагатай нотлох баримт болно” гээд гомдол гаргасан гэж мэдүүлсээр байтал шүүгч хүсэлтийг хангахаас татгалзаж үндэслэлээ “нотариачийн хууль бус үйлдлийг шалгуулах нь хэрэгт ач холбогдолгүй” гээд гомдол гаргах эрхгүйгээр захирамж гарган шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа цуглуулах, үндсэн нэхэмжлэлийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа цуглуулах үүргээ тус тус хэрэгжүүлэх боломжийг эдлүүлэлгүй маргааныг шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоныг давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэжээ. Мөн уг шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “халхавчлагдсан буюу хамтран ажиллах гэрээгээр талууд тодорхой эрх, үүрэг хүлээж, хандивын мөнгө авах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бодитойгоор мөнгө шилжүүлснийг анхаарч үзээгүйгээс гадна хариуцагч А.С- хуурамч зээлийн гэрээ байгуулсан болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж анхан шатны шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийг зөвтгөснөөр зохигчид шүүхийн өмнө эрх тэгш байж, хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг мэтгэлцэх зарчмаар хариуцагчийг хангаагүй байхад нь зохигчдын нэхэмжлэлийн үндэслэл болоогүй харилцаагаар алдаа бүхий дүгнэлт хийж магадлал гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн учраас маргаан бүхий харилцааг тодорхойлж чадаагүй, маргаан бүхий харилцааг тодорхойлох ажиллагаа зөвхөн бүрэн дүүрэн хэрэгжиж чадсан талуудын мэтгэлцээнд тулгуурлах тул шүүхийн зүгээс талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Нотариатч Б.Алтансүхийн гэрчээр өгсөн мэдүүлэгт хэрэгт хамааралтай талаас нь дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Тус магадлалд “анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй” хэмээн хянахдаа давж заалдах шатны шүүхээс мөн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргаж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг илтгэх ба шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Т.Ш- хариуцагч А.С-, Б.Батцэцэг, Г.О- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алдангид 78 745 880 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч А.С- зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.

Хариуцагч А.С- нь НҮБ-аас хандивын шагналын мөнгө авах болсонтой холбогдуулан Т.Ш-аас уг мөнгийг шилжүүлэн авах шимтгэл, зардалд 50 767 000 төгрөгийг бэлэн бусаар 7 400 000 ам.долларыг бэлнээр авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Хэдий уг мөнгийг ирээдүйд хамтран ажиллах төлөвлөгөөтэйгээр талууд тохиролцсон ч зээлийн гэрээ байгуулсан байх ба үүнийг нь давж заалдах шатны шүүх үүрэг солих ажиллагаа гэж үзсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2.-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2.-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог байна.

Харин давж заалдах шатны шүүх талуудын анхнаасаа зээлийн гэрээ байгуулах талаар тохиролцоогүй байдлыг харгалзан хариуцагчийг хүү, алданги төлүүлэхээс чөлөөлжээ. Бодит эсэх нь эргэлзээтэй ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсний эрсдлийн тодорхой хэсгийг нэхэмжлэгч үүрэх үндэслэлтэй гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Зээлийн гэрээг зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч Т.Ш- нь хариуцагч А.Сувд-Эрдэнийн ашиг сонирхолын үүднээс, түүний хүсэлтээр өөрийн өмчлөлийн мөнгийг А.Сувд-Эрдэнийн заасан дансанд шилжүүлж байсан тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д заасан “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэх зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгчийг зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Улмаар хариуцагч А.С-д зээл төлөх үүрэг үүссэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН