Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02507

 

В.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Л” ХХК-д холбогдох,

Гуравдагч этгээд: О.Б, Ж.Д, Х.Б, Х.Б, А.Б, Э.Э

 

Дархан-Уул аймгийн Дархан сум дахь Л хотхоны 10Б дугаар байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л” ХХК-ийн захирал А.Л нь “144 айлын орон сууц барьж байгаа, яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тул хямд худалдаж аваач” гэж санал тавьсны дагуу “Л” ХХК-тай 2014 оны 12  сарын 05-ны өдөр 14/31 тоот гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт байрлах “Л” хотхоны 144 айлын орон сууцны 10Б дугаар байрны 69 тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож  нийт 59 840 000 төгрөгөөр, 2014 оны 12 сарын 10-ны өдөр 14/32 тоот гэрээгээр 66 тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр,  2014 оны 12 сарын 20-ны өдөр 14/33 тоот гэрээгээр  58 тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр, 2014 оны 12 сарын 25-ны өдөр 14/36 тоот гэрээгээр 54 тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр, 2015 оны 01 сарын 10-ны өдрийн гэрээгээр  53 тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 62 700 000 төгрөгөөр, 5 орон сууцыг 302 060 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед барилгын ажил нь зогсох гээд байгаа гэх үндэслэлээр “Л” ХХК нь байруудаа м.кв-ыг нь 1 000 000 төгрөгөөр тооцож өгнө хэмээн гэрээ байгуулсан бөгөөд төлбөрт төлөх ёстой нийт 302 060 000 төгрөгийг тус компанид тухай бүрт нь бэлэн төлсөн. “Л” ХХК нь гэрээний дагуу орон сууцуудыг 2016 оны 11 сард ашиглалтад оруулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч тус компани нь барилга угсралтын ажлаа удаасан, улсын комисс хүлээж аваагүй гэх зэргээр шалтаг тоочиж, өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөлгүй явсаар захирал, хувьцаа эзэмшигч А.Л нь компаниа өөр этгээдэд шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн орон сууцны барилгыг бүхэлд нь өөр этгээдэд барьцаалсан болохыг хожим мэдлээ. Утсаар ярихаар А.Л нь эвлэрүүлэн зуучлагчид өгчих тэгээд асуудал чинь шийдэгдэнэ гэдэг, тэр дагууд нь 2017 оны 9 сард Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шүүх эвлэрлийг батлаагүй ба удалгүй эвлэрүүлэн зуучлагч нь нас барсан юм. “Л” ХХК-ийн захирал Ч мөн болохыг тогтоож шүүхэд хандсан. Иймд “Л” ХХК-ийн барьсан, Дархан-Уул аймгийн Дархан сум, Л хотхоны 106 дугаар байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцны өмчлөгчөөр В.Ог  тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Л” ХХК-ийн төлөөлөгч Т.Ч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.О нь гэрээний дагуу нийт 302 060 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдэг боловч төлсөн гэх баримт манай компаний санхүүд байхгүй. Ийм их хэмжээний мөнгийг хэнд бэлнээр хүлээлгэн өгсөн нь тодорхой бус гарын үсэгтэй. Барилгын ажил бүрэн зогссон өвлийн 12 сард мөнгийг бэлнээр өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Компаний хурлын шийдвэр гараагүй байхад баригдаагүй барилгын дээрх 5 байрны 1 м.кв талбайн үнийг хэнтэй тохиролцож дур мэдэн тогтоосон нь тодорхойгүй. 144 айлын барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016-2 дугаар  ашиглалтад оруулах улсын комиссийн актаар хүлээн авсны дараа 144 айлын барилгад 2016 оны 12  сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байрны дугаар олгосноор орон сууцны хаалгануудыг дугаарласан байхад 2014 оны 12 сарын 05-ны өдөр буюу 2 жилийн өмнө баригдаагүй барилгын дугаарыг хэн гэдэг этгээд дур мэдэн урьдчилан олгож, хууль бус үйлдлийг үйлдэж 302 060 000 төгрөгийг залилан авсан болох нь тодорхойгүй байна. Ямар нэгэн мөнгө хүлээлцсэн баримтгүйгээр бэлнээр өгч тусалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар кассын бэлэн мөнгөний орлогын баримтууд нь нэг өдөр, нэг цагт, нэг өнгийн балаар нэг хүн бичсэнийг нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр тайлбарлахдаа “...баримтуудыг бид дараа нь нөхөж бүгдийг нь нэг дор бичсэн нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.Бүтэн 3 жил өнгөрсөн байхад шүүхэд маргаан үүсгээгүй, залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад одоо болтол хандаагүй. Одоо 53, 54, 58, 66, 69 тоот байруудад иргэд гэрээ байгуулан мөнгөө төлөн оршин суун амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: О.Б болон “Л” XXK нарын хооронд 2015 оны 6 сарын 10-ны өдөр 2015/06/10 тоот зээлийн, 2015/06/10А тоот барьцааны гэрээ байгуулагдаж,нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. “Л” хотхоны 8 470 м.кв талбай бүхий 2 ширхэг орон сууцны барилга нь холбогдох эзэмших эрхтэй газрын хамт бүхэлдээ 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан.  Барьцааны зүйлийн талаарх гуравдагч этгээдийн эрх байхгүй болохыг 2015 оны 6 сарын 10-ны өдрийн 2015/06/10А тоот барьцааны гэрээний 3.1 дэх заалтад дурдсан байдаг. В.Огийн нэхэмжлэлд дурдсан орон сууцнууд дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, О.Бийн зээлийн барьцаанд өнөөдрийг хүртэл байгаа. В.Огийн нэхэмжлэлтэй, “Л” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэнээр нь О.Бийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй хэмээн үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хэн байхаас үл хамаарч барьцааны эрх хадгалагдана. Иймд О.Б нь уг иргэний хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсээд буй өмчлөлийн маргаанд оролцох боломжгүй, аль нэгийг нь дэмжихгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01сарын 02-ны өдөр “Л” ХХК-тай 10Б дугаар байрны 53 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн. Байрны дотоод засварыг өөрийн зардлаар хийсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Л” ХХК-тай 10Б дугаар байрны 54 тоот орон сууцыг 74 750 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг төлсөн. Байрны дотоод засварыг өөрийн зардлаар хийсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Л” ХХК-тай 39 тоот гэрээ байгуулан 10Б дугаар байрны 66 тоот орон сууцны урьдчилгаанд 12 390 000 төгрөг төлж орсон ба сард тодорхой төлбөрийг төлж байгаа. Засварыг өөрийн зардлаар хийсэн. Хуулийн дагуу гэрээ байгуулсан гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Л” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 10Б тоот байрны 58 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж урьдчилгаанд 1 250 000 төгрөг төлсөн. Байрны дотоод засварыг өөрийн зардлаар хийсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ог Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 53 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 54 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 58 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 66 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 69 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, зохих бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр, үлдээж нэхэмжлэгчээс 280 800 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 351 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч 2014 онд мөнгө тушаасан  5 баримт болон 5 байрны гэрээг бүгдийг нь нэг өдөр цагт 2017.9 сард нөхөн бичсэн болохоо шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байхад шүүх дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасанд гомдолтой. 2014 онд Л гэгчид нийт 302 сая төгрөгийг бэлнээр өгсөн, ямар нэгэн баримт үйлдээгүй гэж илт үнэмшилгүй зүйл хэлж байснаа мөнгө хүлээлцсэн гэх баримтыг устгасан олохгүй байгаа гэх зэргээр олон янзын тайлбар хэлж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Мөнгө тушаасан гэх 5 ширхэг баримтад дарга гарын үсэг зураагүй, хэн гэдэг нягтлан бодогчийн гарын үсэг болох нь тодорхойгүй, мөнгө тушаагч хэн болох нь мөн тодорхойгүй, мөнгөний баримтуудыг нэг өдөр цаг минутад хуурамчаар нөхөн үйлдсэн байгааг шүүх үнэлээгүй орхисон. Нэхэмжлэгч анхнаасаа мөнгө өгөөгүй нь нотлогдож байгаа бөгөөд ажлаасаа халагдсан Лтэй хуйвалдаж хуурамч баримт бүрдүүлэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархаж байгаа далд байдлыг шүүх анзааралгүй орхисон. Нэхэмжлэгч 2017 оны 9 сард Лтэй уулзаж эвлэрүүлэн зуучлах албан дээр очсон боловч эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулаагүй. Учир нь нөхөн бичсэн мөнгөний баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй хуурамч, Л нь 2017 оны 8 сард компаний эрхийг бүрэн шилжүүлэн өгсөн байсан учир түүнд тамга байхгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болохыг шүүх олж тогтоон эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй байгаад шүүх дүгнэлт  хийгээгүй. 2017.09 сард Лгээр гарын үсэг зуруулах боломжтой байсан. Хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй нөхөн хийсэн гэрээгээр далимдуулж шударгаар худалдан авсан байрандаа амьдарч байгаа иргэдийн байрыг заавал авах гээд байгаагийн шалтгаан нөхцөлийг тодруулах зэрэг ноцтой асуудлуудад шүүх дүгнэлт хийсэнгүй. Үндэслэх хэсэгт: “хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд дээрх гэрээнээс өмнө 302 сая төгрөгөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж шүүх дүгнэсэн боловч нөхөн хийсэн гэрээ, мөнгөний баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч В.О нь хариуцагч Л ХХК-нд холбогдуулан хариуцагчтай байгуулсан 2014 оын 12 дугаар сарын 05-ний өдрийн 14/31 тоот, ийн 14/32 тоот, 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 14/33 тоот, 2014 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 14/36 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 14/37 тоот гэрээнүүдийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын, “Л” хотхоны 106 байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулахаар шаарджээ. Ийнхүү шаардах болсон үндэслэлээ нэхэмжлэгч дээрх орон сууцуудын үнэ 302 060 000 төгрөгийг бүрэн төлсөн, үүргээ биелүүлсэн гэж тайлбарлажээ. / хх31-32/

Хариуцагч Л ХХК нь өмнөх захиралтай гэрээг байгуулсан, уг гэрээнүүд болоод мөнгө төлсөн баримт хуурамч гэж маргажээ. / 1хх-76 /

 

Уг маргааны зүйл болох 5 орон сууц болон барилга гуравдагч этгээд  О.Бийн барьцаанд байгаа, 5 орон сууцанд иргэн А.Б Х.Б, Ж.Д, Х.Б, Э.Э нар эзэмшиж амьдарч байгаагаас гадна, эдгээр иргэд урьдчилгаа төлбөрийг төлж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар хариуцагч тайлбарлажээ. Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүгчийн захирамжид заагдсан Э.Эт нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй, шүүх хуралдааны тов хүргэгдээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Бусад гуравдагч этгээдүүдийн хувьд хэргийн материал танилцуулсан талаар шүүх баримт үйлдээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн оролцогчийн эрхийг хангагдаагүй, худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгө эзэмшилдээ авсан эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар талууд мэтгэлцээгүй байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар  үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулахаар шаардсан үндэслэл тодорхой бус, эсхүл улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах эсхүл бүртгэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулахын аль нь болохыг тодруулах нь зүйтэй юм.

 

Хэрэв дээрх оролцогч талуудын хэн аль нь тодорхой хөрөнгө авахаар тохиролцож байгаа бол худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх эсэх, худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан эсэх, хэн нь эхэлж эзэмшилдээ авсан зэрэг асуудлыг анхаарч тодруулаагүй байна. Гэрээ байгуулах үед гэрээний зүйл эрхийн доголдолгүй байсан гэх боловч сүүлд эрхийн доголдолтой болсон талаар талууд тайлбарласан боловч мэтгэлцээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт одоогийн эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн үр дагавар гуравдагч этгээдэд хамааралтай байж болохоор байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД