Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 3243

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Женералтаун хотхон, 201-3 тоотод оршин суух, Чонос овогт Володягийн Одхүү /РД: ЧГ81123061/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд гол үйлчилгээний төв, 4 дүгээр давхар 403 тоотод байрлах “Ласти-Интернэшнл” ХХК-д холбогдох, Дархан-Уул аймгийн Дархан сум дахь ласти таун хотхоны 10Б дугаар байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч В.Одхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ласти интернэшнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн нь “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 144 айлын орон сууц барьж байгаа, яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тул уг орон сууцнаас хямд худалдаж аваач” гэж санал тавьсны дагуу “Ласти интернэшнл” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14/31 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт байрлах “Ласти таун” хотхоны 144 айлын орон сууцны 10Б дугаар байрны 69 тоот хаягт байрлах 59.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/32 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 66 тоот хаягт байрлах 59.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14/33 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 58 тоот хаягт байрлах 59.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14/36 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 54 тоот хаягт байрлах 59.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 59 840 000 төгрөгөөр, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 /37 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 53 тоот хаягт байрлах 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 62 700 000 төгрөгөөр, нийт 5 орон сууцыг 302 060 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед барилгын ажил нь зогсох гээд байгаа гэх үндэслэлээр “Ласти интернэшнл” ХХК нь байрнуудаа м.кв-ыг нь 1 000 000 төгрөгөөр тооцож өгнө хэмээн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлөх ёстой нийт 302 060 000 төгрөгийг тус компанид тухай бүрт нь бэлнээр төлж барагдуулсан. “Ласти интернэшнл” ХХК нь гэрээний дагуу орон сууцнуудыг 2016 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч тус компани нь барилга угсралтын ажлаа удаасан, улсын комисс хүлээж аваагүй гэх зэргээр шалтаг тоочиж, өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөлгүй явсаар захирал, хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэн нь компаниа өөр этгээдэд шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн орон сууцны барилгыг бүхэлд нь өөр этгээдэд барьцаалсан болохыг хожим мэдлээ. Утсаар ярихаар А.Лхагвасүрэн нь эвлэрүүлэн зуучлагчид өгчих тэгээд асуудал чинь шийдэгдэнэ гэдэг, тэр дагууд нь 2017 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шүүх эвлэрлийг батлаагүй ба удалгүй эвлэрүүлэн зуучлагч нь нас барсан юм. Дараа нь Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн боловч “Ласти интернэшнл” ХХК нь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй байна гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч хаяг дээрээ байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Миний бие дахин Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандаж “Ласти интернэшнл” ХХК-ийн эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар тус компанийн эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах шийдвэр гарч, цагдаагийн байгууллагаас “Ласти интернэшнл” ХХК-ийн эрх бүхий этгээд нь Чимэддулам мөн болохыг тогтоож, тус компанийн хаяг нь Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Дунд гол үйлчилгээний төвийн 4-р давхар 403 тоотод байрлах хаягтай болохыг цагдаагийн байгууллага баталгаажуулсан ба шүүхийн эрэн сурвалжлах шийдвэр, цагдаагийн байгууллагын тодорхойлолтын дагуу Баянгол дүүргийн иргэний шүүхэд хандсан болно. Иймд “Ласти интернэшнл” ХХК-ийн барьсан, Дархан-Уул аймгийн Дархан сум, Ласти таун хотхоны 106 дугаар байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцны өмчлөгчөөр В.Одхүү намайг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ. Хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч Т.Чимэддулам шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Одхүү нь гэрээний дагуу нийт 302 060 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдэг боловч төлсөн гэх баримт манай компаний санхүүд байхгүй. Ийм их хэмжээний мөнгийг хэнд бэлнээр хүлээлгэн өгсөн нь тодорхой бус гарын үсэгтэй. Барилган ажил бүрэн зогссон өвлийн 12 сард мөнгийг бэлнээр өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Компаний хурлын шийдвэр гараагүй байхад баригдаагүй барилгын дээрх 5 байрны 1 м.кв талбайн үнийг хэнтэй тохиролцож дур мэдэн тогтоосон нь тодорхойгүй. 144 айлын барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016-2 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссийн акт”-аар хүлээн авсаны дараа 144 айлын барилгад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байрны дугаар олгосноор орон сууцны хаалгануудыг дугаарласан байхад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу 2 жилийн өмнө баригдаагүй барилгын дугаарыг хэн гэдэг этгээд дур мэдэн урьдчилан олгож, хууль бус үйлдлийг үйлдэж 302 060 000 төгрөгийг залилан авсан болох нь тодорхойгүй байна. Найз Лхагвасүрэндээ гуйгаад байхаар нь туслах зорилгоор ямар нэгэн мөнгө хүлээлцсэн баримтгүйгээр бэлнээр өгч тусалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар кассын бэлэн мөнгөний орлогын баримтууд нь нэг өдөр, нэг цагт, нэг өнгийн балаар нэг хүн бичсэнийг нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр тайлбарлахдаа “...баримтуудыг бид дараа нь нөхөж бүгдийг нь нэг дор бичсэн нь үнэн” гэдгээ анхны шүүх хурлын үед хүлээн зөвшөөрсөн. Найз Лхагвасүрэн гэгч дээ их хэмжээний мөнгийг бэлнээр баримт үйлдэлгүй өгсөн гэдэг боловч бүтэн 3 жил өнгөрсөн байхад шүүхэд маргаан үүсгээгүй, залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад одоо болтол хандахгүй байгаа нь “Ласти интернэйшнл” ХХК-д их хэмжээний мөнгө өгсөн гэдэг нь итгэл үнэмшилгүй, хуйвалдааны шинжтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархсан үйлдлүүд хийхийг завдаж байна гэж үзэж байна. Одоо 53, 54, 58, 66, 69 тоот байруудад иргэд гэрээ байгуулан мөнгөө төлөн оршин суун амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Дархан Уул аймгийн Дархан сум дахь Ласти таун хотхоны 10Б дугаар байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. О.Батпүрэв болон “Ласти интернейшнл” XXK нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10 тоот зээлийн, 2015/06/10А тоот барьцааны гэрээ байгуулагдаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. “Ласти интернейшнл” XXK-ний Дархан Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр байгийн 13 хорооллын нутаг дэвсгэрт барисан “Ласти таун” хотхоны 8 470 м.кв талбай бүхий 2 ширхэг орон сууцны барилга нь холбогдох эзэмших эрхтэй газрын хамт бүхэлдээ 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан юм. Барьцааны зүйлийн талаарх гуравдагч этгээдийн эрх байхгүй болохыг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10А тоот барьцааны гэрээний 3.1 дэх заалтад дурдсан байдаг. В.Одхүүгийн нэхэмжлэлд дурдсан орон сууцнууд дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, О.Батпүрэвийн зээлийн барыдаанд өнөөдрийг хүртэл байгаа. В.Одхүүгийн нэхэмжлэлтэй, “Ласти интернейшнл” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэнээр нь О.Батпүрэвийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй хэмээн үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хэн байхаас үл хамаарч барьцааны эрх хадгалагдана. Барьцаалуулагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлага гарсан тохиолдолд барьцаалагчаас заавал зөвшөөрөл авах ёстой бөгөөд барьцаалагч холбогдох хүсэлт, зөвшөөрөл, үүрэг дууссан тухай мэдэдглийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор өмчлөгчийн нэр даар гардаг байна. Иймд О.Батпүрэв нь уг иргэний хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсээд буй өмчлөлийн маргаанд оролцох боломжгүй, аль нэгийг нь дэмжихгүй гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Даваахүү шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Ласти интернэшнл” ХХК-тай 10Б дугаар байрны 53 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн. Байрны дотоод засварыг өөрийн зардлаар хийсэн гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Банзрагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Ласти интернэшнл” ХХК-тай 10Б дугаар байрны 54 тоот орон сууцыг 74 750 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг төлсөн. Байрны дотоод засварыг өөрийн зардлаар хийсэн гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Батдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Ласти интернэшнл” ХХК-тай 39 тоот гэрээ байгуулан 10Б дугаар байрны 66 тоот орон сууцны урьдчилгаанд 12 390 000 төгрөг төлж орсон ба сар тодорхой төлбөрийг төлж байгаа. Засварыг өөрийн зардлаар хийсэн. Миний бие хуулийн дагуу гэрээ байгуулсан гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Бахытбек шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Ласти интернэшнл” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 10Б дугаар байрны 58 тоот орон сууцыг худалдах авахаар гэрээ байгуулж урьдчилгаанд 1 250 000 төгрөг төлсөн. Байрны дотоод засварыг өөрийн зардлаар хийсэн гэжээ. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч В.Одхүү нь хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-д холбогуулан Дархан-Уул аймэг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн” гэж тодорхойлсон ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээ байгуулаагүй, төлбөрийг төлөөгүй” гэж үгүйсгэн маргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “2014 онд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд хариуцагчийн барьж буй барилгад орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрт 302 060 000 төгрөг төлсөн. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14/31 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/32 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14/33 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14/36 дугаар, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 /37 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хожим тус тус байгуулсан” гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд дээрх гэрээнээс өмнө 302 060 000 төгрөгөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх боловч энэ нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14/31 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14/32 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14/33 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/36 дугаар, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 /37 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхээр бүрдүүлэх боломжтой. Талуудын хэн аль нь энэ талаар хүсэлт гаргаагүй. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14/31 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулан 2016 оны 11 дүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тус байрны Б блокын 69 тоотыг захиалж үнэ 59 840 000 төгрөгийг төлөх, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14/32 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр дээрх нөхцөлөөр нэхэмжлэгч нь мөн байрны 66 тоотыг захиалж үнэ 59 840 000 төгрөгийг төлөх, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14/33 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр дээрх нөхцөлөөр нэхэмжлэгч нь мөн байрны 58 тоотыг захиалж үнэ 59 840 000 төгрөгийг төлөх, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/36 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр дээрх нөхцөлөөр нэхэмжлэгч нь мөн байрны 54 тоотыг захиалж үнэ 59 840 000 төгрөгийг төлөх, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14/37 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр дээрх нөхцөлөөр нэхэмжлэгч нь мөн байрны 53 тоотыг захиалж үнэ 62 700 000 төгрөгийг төлөхөөр гэрээнд заажээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Түүнчлэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэлийг хийсэн гэж үзнэ. Дээрх гэрээнүүдэд захилагч талыг төлөөлж нэхэмжлэгч, гүйцэтгэгч талыг төлөөлж хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-ийн менежер н.Сайнжаргал гарын үсэг зурсан байхаас гадна гэрээг “Ласти-Интернэшнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн баталсан, мөн гэрээний 1 дүгээр зүйлд гүйцэтгэгчийг А.Лхагвасүрэн төлөөлсөн байна. Иймд талуудыг дээрх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр А.Лхагвасүрэнг 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр захирлаар, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ц.Батааг захирлаар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Т.Чимэддуламыг захирлаар тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байна. Үүнээс үзвэл А.Лхагвасүрэн нь “Ласти-Интернэшнл” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байхдаа дээрх гэрээг байгуулсан байна. Түүнчлэн, хариуцагч нь 14/31 дугаар, 14/32 дугаар, 14/33 дугаар, 15/36 дугаар, 15/37 дугаар гэрээг байгуулаагүй гэх татгалзалаа баримтаар нотлоогүй байна. Гэрээний агуулга, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, талууд 14/31 дугаар гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 14/32 дугаар гэрээг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 14/33 дугаар гэрээг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 15/36 дугаар гэрээг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 15/37 дугаар гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус байгуулсан ба уг барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт” гарсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч нь дээрх 5 гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 59 840 000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 59 840 00 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 59 840 00 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 59 840 00 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 62 700 000 төгрөгийг, нийт 302 060 000 төгрөг төлсөн нь хариуцагчийн кассын бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гэрээний төлбөрийг хүлээн аваагүй гэх татгалзалаа баримтаар нотлоогүй байхаас гадна кассын бэлэн мөнгөний орлогын баримтад хариуцагч компанийн санхүү тэмдэгээ дарж баталгаажуулсан байна. Дээрх 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцнуудыг улсын комисс хүлээн авсан боловч улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй, бүхэлдээ хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 7/4348 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/2891 дугаар албан бичиг болон Үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000562761 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар тогтоол болон хавсралтаар дээрх орон сууцанд дугаар олгосон нь гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаан бүхийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан байх тул 53, 54, 58, 66, 69 орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгав. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хожим өөрчлөгдсөн нь урд хийсэн хүчин төгөлдөр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Батпүрэв нь дээрх орон сууцнууд барьцаанд улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг зөрчихгүй. Түүнчлэн, шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт мэдэгдсэн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Энхбаяр нь оршин суух хаягтаа байхгүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч В.Одхүүг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байрны 53, 54, 58, 66, 69 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, зохих бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Энхбаяртай байгуулсан “орон сууц захиалан бариулах гэрээ”-г нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан, шүүх уг хүсэлтийг хангасан боловч хариуцагчид уг гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байхгүй гэж хариуцагч тайлбарласан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч нь дээрх 5 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагдаа улсын тэмдэгтийн хураамжид 351 000 төгрөг /70200 х 5 ширхэг орон сууц/ төлөхөөс 70 200 төгрөг төлж, 280 800 төгрөг дутуу төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн төлүүлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Одхүүг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 53 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 54 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 58 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 66 тоот орон сууцны, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 69 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, зохих бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр, үлдээж нэхэмжлэгчээс 280 800 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 351 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН