Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/00158

 

2021 01 20 184/ШШ2021/00158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* хороолол, 15 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овгийн ******* ******* /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго, О.Итгэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор П.*******гээс Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д төлбөр төлүүлэхээр гарсны дагуу ******* дүүргийн 128 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т. шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Уг шүүхийн шийдвэртэй холбогдуулан хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ гаргасан ба үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авсан. Иймээс тухайн үнэлгээний тайланд гомдол гаргах үндэслэл нь зах зээлийн үнэлгээнээс доогуур мөн метр квадратын зөрүүтэй байдал байгаа болно. Хөрөнгийн үнэлгээ гаргасан аргачлал зарим талаар учир дутагдалтай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Үнэлгээний тайлантай танилцахад ижил төсөөтэй объектуудтай харьцуулалт хийсэн байна. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг 40 мкв гэж үнэлсэн үүнтэй холбогдуулан Уран-Асар ХХК хэмжилт хийж нийт ашигтай талбай 67.64 мкв байр гэдгийг тогтоосон. Барилгын нэг метр квадратын үнэлгээ 1 800 000- 2 000 000 төгрөг буюу нийт 121 752 000 төгрөгөөр үнэлэх ёстой байсан бөгөөд 88 765 600 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 88 765 600 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар П.*******гээс 44 671 417 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан төлбөр төлөгч П.*******гийн өмчлөлийн ******* дүүргийн 15 дугаар хороо, ******* хороолол, 23 дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 20270607/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20270607/06 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4-128/31378 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч П.*******гээс 110 000 000 төгрөгөөр, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон. Шинжээч нь үнэлгээг гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулж, мэдэгдэх хуудас гардуулсан.

Баян модот ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах юм бол тухайн хөрөнгийг яагаад 88 765 600 төгрөгөөр үнэлсэн талаараа тайландаа дэлгэрэнгүй тусгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ талбайн зөрүүг тусгаж, шинжээчийн дүгнэлт хүчингүй болгох үндэслэл бол талбайн зөрүү гэж ярьдаг. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахаар аргачлал буруу гэж тайлбарласан байсан, одоо талбайн зөрүүний асуудал ярьж байна. Улсын бүртгэлийн газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг 40 мкв гэж бичсэн гэрчилгээг үндэслээд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан гэж шинжээч дүгнэсэн. Зах зээлийн ханшийг яаж тогтоох вэ гэхээр зах зээлийн эрэлт хэрэгцээ байдаг. Орон сууцны ашиглалт, цаашид хэдэн жил ашиглагдах боломжтой гэх мэт сууцны үнийг тодорхойлдог зүйлүүдээс гадна ойролцоо зарагдаж байгаа болон зарахаар зар өгсөн үл хөдлөх хөрөнгийг харьцуулан үнийг тогтоосон.

П.*******д 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байдаг. Өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн мкв нь зөрүүтэй байсан юм бол тэр үедээ бүртгэлийн байгууллагад хандаад асуудлаа шийдвэрлүүлэхгүй яасан юм бэ, хэмжилтээ хийлгүүлээд гэрчилгээ дээр талбайгаа зөв бичүүлж болох байсан, дураараа мкв бичдэггүй, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг олгоход тавигдах шаардлага байдаг. Нэхэмжлэгч нь 40 мкв орон сууцаа 44 000 000 төгрөгөөр үнэлээд Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байдаг. Төлбөр тооцоог хийх болохоор байрны мкв өөрчлөлт ордог байж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад хийж байна. 2020 оны 06 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байдаг. Өнөөдөр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болж байна. Бүтэн 6 сар болж байхад төлөлт хийгээгүй. Яаж төлбөрөөс зайлсхийж хугацаа авах талаар бодож байна. Үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тоот тогтоолоор хариуцагч ******* ******* /РД:ХП8703271О/-ээс нийт 44 391 417 төгрөгийг гаргуулж тус ББСБ-д олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг ******* дүүрэг, 15-р хороо, ******* хороолол 23 байрны ******* тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцаар хангуулахаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 06/25/01 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс ирүүлэхгүй мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Төлбөр авагчийн зүгээс мөн дуудлага худалдаагаар худалдан доод үнийн саналаа албан бичгээр ирүүлээгүй учир хөрөнгийг зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Тус хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч Шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан бөгөөд "Баянмодот ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилсон.

Тус тогтоолын дагуу Баянмодот ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд хөрөнгийн дүгнэлтээр барьцаа болох ******* дүүрэг, 15-р хороо, ******* хороолол 23 байрны ******* тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 88 765 500 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч П.*******гээс ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж Баянмодот ХХК-ийн барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ын хийсэн дээрх үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн барьцаа хөрөнгө нь 1996 оноос эхэлж ашиглалтад орсон хуучны байр бөгөөд тухай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр 40 м.кв гэж тэмдэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор хариуцагч П.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 44 013 400 төгрөг, тэмдэгтийн хураамж 378 017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүрэг, 15 хороо, 23 байр, ******* тоот хаягт байрлах 40 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ. /хх-25-39/

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 06 сарын 22-ны өдөр 184/ШЗ2020/08393 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 184/ГХ2020/00823 дугаар гүйцэтгэх хуудас олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна. /хх-22-24/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар явуулсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч няцаагаагүй байна. Тухайлбал улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүрэг, 15 хороо, 23 байр, ******* тоот хаягт байрлах 40 м.кв, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж /хх-43, 47/, үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байгаа нь /хх-51-52/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул /хх-54-55/ мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 09 сарын 08-ны өдөр Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-56/

Баян Модот ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг шинжлэн судлахад тухайн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр зохицуулсан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлага, тусгах зүйлд нийцэж байна. Тухайлбал үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл; үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг тусгажээ. /хх-62-74/

Нэхэмжлэгч П.******* хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотолж Уран-Асар ХХК-ийн ******* дүүрэг, 15 хороо, 23 байр, ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны барилгын талбайн хэмжээний дүгнэлтийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-4-6/ Уран-Асар ХХК-ийн барилгын талбайн хэмжилт хийж, дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байх шаардлагыг хангахгүй байна. Мөн Засгийн газрын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам-ын 2.2-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана,     2.2.3-т эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээнд 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 40 м.кв гэж бичжээ. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг 40 мкв гэж заасаар атал барилгын талбайн хэмжилт хийх эрхтэй эсэх нь нотлогдохгүй байгаа компанийн орон сууцны талбайн хэмжилтийн дагуу үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, шинжээч Баян Модот ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгө үнэлэх ажиллагааг тус тус гүйцэтгэсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар П.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар П.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/12199 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР