Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00505

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00505

 

 

 

П.Д-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/00158 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Д-ийнийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.2.28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.5.1-ний өдрийн 779 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020.4.9-ний өдрийн 001/ХТ2020/00172 дугаар тогтоолоор П.Д-с БД ХХК-д төлбөр төлүүлэхээр гарсны дагуу Сонгинохайрхан дүүргийн 128 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.М шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Уг шүүхийн шийдвэртэй холбогдуулан хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ гаргасан ба үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2020.9.14-ний өдөр гардаж авсан. Иймээс тухайн үнэлгээний тайланд гомдол гаргах үндэслэл нь зах зээлийн үнэлгээнээс доогуур мөн метр квадратын зөрүүтэй байдал байгаа. Хөрөнгийн үнэлгээ гаргасан аргачлал зарим талаар учир дутагдалтай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Үнэлгээний тайлантай танилцахад ижил төсөөтэй объектуудтай харьцуулалт хийсэн байна. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг 40 мкв гэж үнэлсэн үүнтэй холбогдуулан БД ББСБ ХХК хэмжилт хийж нийт ашигтай талбай 67.64 мкв байр гэдгийг тогтоосон. Барилгын нэг метр квадратын үнэлгээ 1 800 000-2 000 000 төгрөг буюу нийт 121 752 000 төгрөгөөр үнэлэх ёстой байсан бөгөөд 88 765 600 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн 2020.9.11-ний өдрийн 88 765 600 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.2.28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаар захирамжаар П.Д-с 44 671 417 төгрөгийг гаргуулж БИД ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан төлбөр төлөгч П.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, 3 өрөө орон сууцыг 2020.8.12-ны өдрийн 20270607/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020.9.1-ний өдрийн 20270607/06 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2020.9.1-ний өдрийн 4-128/31378 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч П.Д-с 110 000 000 төгрөгөөр, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон. Шинжээч нь үнэлгээг гаргаж 2020.9.11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2020.9.14-ний өдөр танилцуулж, мэдэгдэх хуудас гардуулсан.

Баян модот ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах юм бол тухайн хөрөнгийг яагаад 88 765 600 төгрөгөөр үнэлсэн талаараа тайландаа дэлгэрэнгүй тусгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ талбайн зөрүүг тусгаж, шинжээчийн дүгнэлт хүчингүй болгох үндэслэл бол талбайн зөрүү гэж ярьдаг. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахаар аргачлал буруу гэж тайлбарласан байсан, одоо талбайн зөрүүний асуудал ярьж байна. Улсын бүртгэлийн газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг 40 м.кв гэж бичсэн гэрчилгээг үндэслээд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан гэж шинжээч дүгнэсэн. Зах зээлийн ханшийг яаж тогтоох вэ гэхээр зах зээлийн эрэлт хэрэгцээ байдаг. Орон сууцны ашиглалт, цаашид хэдэн жил ашиглагдах боломжтой гэх мэт сууцны үнийг тодорхойлдог зүйлүүдээс гадна ойролцоо зарагдаж байгаа болон зарахаар зар өгсөн үл хөдлөх хөрөнгийг харьцуулан үнийг тогтоосон.

П.Д-д 2013.8.19-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байдаг. Нэхэмжлэгч нь 40 мкв орон сууцаа 44 000 000 төгрөгөөр үнэлээд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байдаг. Төлбөр тооцоог хийх болохоор байрны мкв өөрчлөлт ордог байж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад хийж байна. 2020 оны 06 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байдаг. Өнөөдөр 2021.1.20-ны өдөр болж байна. 6 сарын хугацаанд төлөлт хийгээгүй. Үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.2.28-ны өдрийн №184/ШШ2019/00556 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.5.1-ний өдрийн 779 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020.4.9-ний өдрийн 001/ХТ2020/00172 тоот тогтоолоор хариуцагч П.Д-с нийт 44 391 417 төгрөгийг гаргуулж тус банк бус санхүүгийн олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус бид НШШГГ-т хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, талбайтай гурван өрөө орон сууцаар хангуулахаар 2020.6.25-ны өдөр 06/25/01 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс ирүүлэхгүй мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Төлбөр авагчийн зүгээс мөн дуудлага худалдаагаар худалдан доод үнийн саналаа албан бичгээр ирүүлээгүй учир хөрөнгийг зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг НШШГГ-т хүргүүлсэн. Тус хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч Шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан бөгөөд "Баянмодот ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилсон.

Тус тогтоолын дагуу Баянмодот ХХК нь барьцаа хөрөнгийн үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 88 765 500 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн. Дээрх үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн барьцаа хөрөнгө нь 1996 оноос эхэлж ашиглалтад орсон хуучны байр бөгөөд тухай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр 40 м.кв гэж тэмдэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар П.Д-ийннэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.9.23-ны өдрийн 184/ШЗ2020/12199 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: П.Д миний Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол 32 дугаар байрны 276 тоот гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар НШШГГ-с хөрөнгийн үнэлгээний шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон. Баян модот ХХК үнэлгээ хийхдээ 40 м.кв тохирсон зах зээлийн үнэлгээ хийсэн. Харин нэхэмжлэгч П.Д миний хувьд 40 м.кв гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй зөрүүтэй гэж үзэж байгаа учраас УА ХХК-аар хэмжилт хийлгэж нийт ашигтай талбай 67,64 мкв байр гэдгийг тогтоосон. Хэрэгт УА ХХК-ний тусгай зөвшөөрөл хэмжилт хийсэн тайланг гаргаж өгсөн байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн 2021.01.20-ны өдрнйн 00158 дугаартай шийдвэрийг өөрчилж үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хх1, 20/

 

Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 172 дугаар тогтоолоор П.Д-с 44 013 400 төгрөгийг гаргуулж БД ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 20270607 тоот хувийн хэрэг нээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 21-38/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч П.Д-ийнөмчлөлийн  улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, эд хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх 40-49/

 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 110 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх 54-55/

 

Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 9/416 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх 56/

 

Баян-Модот ХХК-ийн үнэлгээний тайлангаарулсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  байрлах, 40 мк.в талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 88 765 600 төгрөгөөр үнэлжээ. /хх 61-72/

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг зөвшөөрөхгүй, Уран- Асар ХХК-иар хэмжилт хийлгэхэд ашигтай талбайн хэмжээг 67,64 м.кв гэж тогтоосон, үнэлгээг буруу гаргасан гэж маргажээ.

Шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашигласан, орчны шинжилгээг хийсэн болох нь тогтоогдож байна.

Зах зээлийн харьцуулан /жиших/ зэрэгцүүлэх арга нь ижил төсөөтэй хөрөнгийн байршил, ашиглалтад орсон огноо, өрөөний тоо зэрэг хөрөнгийн үнэ цэнийг бүрдүүлдэг бүх л үзүүлэлтүүдийг харьцуулан үзэж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалтад нийцүүлэн хийсэн ажиллагаа юм. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дах хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэнтэй нийцсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг хэлэх юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд шинжээч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний суурийг буруу тодорхойлсон, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй. шинжээч хөрөнгийн байдалтай 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр танилцаж, хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр зах зээлийн үнэ цэнийг тодорхойлжээ./хх 61-78/ 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж.заапдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/00158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД