Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02506

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03230 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ц” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 33 730 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь манай компанитай 2015 оны 09 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээг сунгаж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 016 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж-2, Сын 4 давхарт 260 м.кв талбай бүхий оффисын өрөөг нэг сарын 5 000 000 төгрөгөөр  түрээслэсэн. Гэвч Ц ХХК нь 2016 оны 12 сарын төлбөр нийт 60 000 000 төгрөг төлөхөөс 2016 оны 01 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 03 сарын 24-ний өдөр, 05 сарын 25-ны өдөр, 07 сарын 11-ний өдөр, 10 сарын 13-ны өдөр тус тус 5 000 000 төгрөг буюу нийт 30 000 000 төгрөг төлсөн, 2017 оны 01 сарын 09-ний өдөр, мөн оны 02 сарын 23-ны өдөр тус тус 5 000 000 төгрөг, 03 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 04 сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг, 05 сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, 06 сарын 29-ний өдөр, 08 сарын 23-ны өдөр тус тус 5 000 000 төгрөг, 07 сарын 13-ны өдөр 12 000 000 төгрөг, 12сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг буюу 2017 ондоо 60 000 000 төгрөг төлөхөөс 47 000 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 04  сарын 05-ны өдөр 18 000 000 төгрөг, мөн оны 06  сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 06 сарын 27-ны өдөр 7 800 000 төгрөг, 07 сарын 09-ний өдөр 7 000 000 төгрөг буюу 2018 оны нийт 37 800 000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30 200 000 төгрөг, түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,3%-ийн алданги тооцохоор заасан тул алданги 15 100 000 төгрөг, нийт 45 300 000 төгрөг нэхэмжилсэн. Дээрх шаардлагаа 2018 оны 08  сарын түрээс 5 000 000 төгрөг, 9 сарын түрээс 5 000 000 төгрөг, эдгээр саруудын алданги 2 430 000 төгрөг, 12 430 000 төгрөгөөр нэмэгдүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40 200 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 17 530 000 төгрөг, нийт 57 730 000 төгрөг болгосон.  Ц ХХК нь түрээсийн төлбөрийг байнга хугацаа хэтрүүлэн төлж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдлийг огноогоор нь гаргаж хэрэгт өгсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч  түрээсийн төлбөрөөс 24 000 000 төгрөг төлсөн. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16 200 000 төгрөг, алданги 17 530 000 төгрөг, нийт 33 730 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК16 200 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлнө. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөрийг төлсөөр ирсэн. Барилгын үйл ажиллагаатай холбоотой асуудал үүсээд  төлбөр төлөх үйл явц удааширсан. Үүнээс болоод түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэхдээ түрээсийн үүргээ биелүүлээд талууд өмнө нь 2015 онд байгуулсан гэрээгээ 2018 он хүртэл сунгаад явсан  өнөөдрийг хүртэл уг байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Алдангийг ямар хугацаагаар хэрхэн тооцсон нь  тодорхойгүй, бизнесийн үйл ажиллагааны алдагдал зэрэг шалтгааны улмаас алдангид нэхэмжилсэн 17 530 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 31 810 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 920 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 437 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал алданги шаардахдаа ямар үндэслэлээр, хэд хоногийн алданги нэхэмжилж байгаагаа тодорхойлж өгөөгүй бөгөөд үндэслэлээ хариуцагч компани түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлсөн гэж тайлбарладаг боловч нотлох баримт байдаггүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.2 дахь хэсэгт “Түрээсийн төлбөрийг улирлаар төлөх бөгөөд түрээсийн төлбөрийг тухайн сарын эхний 10 хоногт багтаан бэлнээр болон бэлэн бусаар төлнө” гэж заасан байхад нэхэмжлэгч тал нь сар сард нь түрээсийн төлбөр төлөх мэтээр үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлж дууссан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 15 610 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид нийт 57 730 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 24 000 000 төгрөгийг төлж, 33 730 000 төгрөг үлдсэн бөгөөд уг 33 730 000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16 200 000, 17 530 000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ./ хх-ийн 1-2, 37, 75/

 

Зохигч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамжны, Сд оффисын зориулалттай 260 м.кв талбайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч “Ц” ХХК нь түрээст  нэг сарын 5 000 000 төгрөгөөр,  төлбөрийг улирлаар, гэхдээ тухайн сарын эхний 10 хоногт багтаан бэлнээр болон бэлэн бусаар төлнө гэсэн тохиролцоотой гэрээг бичгээр байгуулжээ. /хх-6-10/

 

Дээрх гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс дахин 2 жилээр буюу сунгасан гэрээг бичгээр байгуулсан баримт хэрэгт авагджээ./хх-11-13/ Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь хариуцагч нь оффисын зориулалттай, 260.м.кв талбайд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, уг оффис “С”-ын барилгын талбайн нэг хэсэг бөгөөд тусдаа үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхгүй тул гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй харин алдангийг ямар хугацаанд хэрхэн тооцсон, алдангийг төлөх эсэхэд маргаж байна.

 

Талуудын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч нь хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох, 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч тал өөрийн санаачлгаар гэрээг шууд цуцлах эрхтэй” гэж тусгажээ. /хх-6-13/

 

Хариуцагчийн хугацаа хэтрүүлэн төлсөн төлбөрийн талаарх тооцоо, мэдээллийг нэхэмжлэгч хэрэгт гаргасан бөгөөд уг баримтыг хариуцагч тайлбар, баримтаар няцаагаагүй. /хх-74-79/

 

Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз шаардсаныг буруутгах боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч нь төлбөрийг улирлын эцэст төлөх ёстой байсан, төлбөрийг хэдий хугацаа хэтрүүлсэн ч гэсэн тогтмол төлж байсан, талуудын харилцан итгэлцэлд үндэслэн гэрээний харилцаа  үргэлжилж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан, тооцогдож байгаа 15 610 000 төгрөгийг 25 хувиар багасгаж 11 707 500, /16 200 000 + 11 707 500/ нийт 27 905 500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/003230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “31 810 000” гэснийг “27 905 500” гэж, “1 920 000” гэснийг “5 824 500” гэж, 2 дах заалтын “437 000” гэснийг “417 477” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД