Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/03230

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 18 өдөр          Дугаар 101/ШШ2018/03230          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж-2, Серж эксклюзив хаус хаягт байрлах “С И” ХХК /РД:2651629/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16,18 тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж-2, Серж эксклюзив хаус, 4 давхарт 403 тоот хаягт байрлах “Ц” ХХК /РД:5571871/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 33.730.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат /ШТ№ 0404/, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа /ШТ№2448/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Ц” ХХК нь манай байгууллагатай 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, энэхүү гэрээг сунгаж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 016 дугаартай “Түрээсийн гэрээ”-г тус тус байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж-2, Серж эксклюзив хаусын 4 давхарт 260 м.кв талбай бүхий оффисын өрөөг нэг сарын 5.000.000 төгрөгөөр “Ц” ХХК нь түрээслэн үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон.

Гэвч “Ц” ХХК нь 2016 онд түрээсийн төлбөрт 12 сарын төлбөр нийт 60.000.000 төгрөг төлөхөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 03 дугаар сарын 24-ний өдөр, 05 дугаар сарын 25-ны өдөр, 07 дугаар сарын 11-ний өдөр, 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус 5.000.000 төгрөг буюу нийт 30.000.000 төгрөгийг төлсөн, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус 5.000.000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 05 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг, 06 дугаар сарын 29-ний өдөр, 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус 5.000.000 төгрөг, 07 дугаар сарын 13-ны өдөр 12.000.000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг буюу 2017 ондоо 60.000.000 төгрөг төлөхөөс 47.000.000 төгрөгийг төлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18.000.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 7.800.000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөг буюу 2018 оны нийт 37.800.000 төгрөг төлсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30.200.000 төгрөг, түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0.3%-ийн алданги тооцохоор заасан тул алданги 15.100.000 төгрөг, нийт 45.300.000 төгрөг нэхэмжилсэн.

Дээрх шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын түрээс 5.000.000 төгрөг, 9 дүгээр сарын түрээс 5.000.000 төгрөг, эдгээр саруудын алданги 2.430.000  төгрөг, 12.430.000 төгрөгөөр нэмэгдүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40.200.000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 17.530.000 төгрөг, нийт 57.730.000 төгрөг болгосон.

Гэрээний хугацаанд хариуцагч “Ц” ХХК нь түрээсийн төлбөрийг байнга хугацаа хэтрүүлэн төлж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдлийг огноогоор нь гаргаж хэрэгт өгсөн. 

Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч “Ц” ХХК нь  түрээсийн төлбөрөөс 24.000.000 төгрөг төлсөн.

Иймд одоо түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16.200.000 төгрөг, алданги 17.530.000 төгрөг, нийт 33.730.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С И” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч “Ц” ХХК-ийн хувьд 16.200.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлнө.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөрийг төлсөөр ирсэн. “Ц” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаатай холбоотой асуудал үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод төлбөр төлөх үйл явц удааширсан. Үүнээс болоод өнөөдрийг хүртэл энэ хэмжээний түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Өмнө нь түрээсийн төлбөр нилээн хоцрогдолтой байсан гэж ярьж байна. Гэхдээ түрээсийн үүргээ биелүүлээд талууд өмнө нь 2015 онд гэрээ байгуулаад гэрээгээ 2018 он хүртэл сунгаад явсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг байрандаа үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас аль хоногт нь хэд хэдэн сарын хоногоор тооцож алданги нэхэмжилсэн нь тодорхойгүй, “Ц” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны алдагдал зэрэг шалтгааны улмаас алдангид нэхэмжилсэн 17.530.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16.200.000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “С И” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 30.200.000 төгрөг, алданги 15.100.000 төгрөг, нийт 45.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 08, 09 дүгээр сарын түрээсийн төлбөр 10.000.000 төгрөг, алданги 2.430.000 төгрөг, нийт 12.430.000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 40.200.000 төгрөг, алдангид 17.530.000 төгрөг, нийт 57.730.000 төгрөг нэхэмжилжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн төлбөрт хариуцагч “Ц” ХХК-ийн төлсөн 24.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40.200.000 төгрөгөөс хасч тооцон, нэхэмжлэлийн шаардлагаа үлдэгдэл төлбөр 16.200.000 төгрөг, алданги 17.530.000 төгрөг, нийт 33.730.000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.   

“С И” ХХК, “Ц” ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “С И” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, “Серж эксклюзив хаус”-д оффисын зориулалттай 260 м.кв талбайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч  “Ц” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 5.000.000 төгрөг, уг төлбөрийг улирлаар төлөх бөгөөд түрээсийн төлбөрийг тухайн сарын эхний 10 хоногт багтаан бэлнээр болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т :”Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч нь хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох, 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч тал өөрийн санаачилгаар гэрээг шууд цуцлах эрхтэй” гэж тусгасан байна.  

 /хх-ийн 6-10 дугаар тал/

 

Дээрх гэрээний хугацаа дууссанаар талууд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №016 тоот өмнөх түрээсийн гэрээгээр түрээсэлж байсан 260 м.кв талбайг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаатай буюу 2 жилийн хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх, түрээсийн төлбөрийг нэг сарын 5.000.000 төгрөг байх, түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох, 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч тал өөрийн санаачилгаар гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ.

/хх-ийн 11-13 дугаар тал/

 

Талууд түрээсийн гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний талаар маргаагүй тул тэдний  хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлагыг хангасан  түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.          

 

Нэхэмжлэгч “С И” ХХК нь түрээсийн үлдэгдэл төлбөр 16.200.000 төгрөг, алданги 17.730.000 төгрөг, нийт 33.730.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч “Ц” ХХК нь түрээсийн үлдэгдэл 16.200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй болно.

 

Харин алдангийг зөвшөөрөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг өөрийн бизнесийн үйл ажиллагааны доголдлын улмаас түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан, алданги хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж маргажээ.

 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д :” Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”,

Мөн хуулийн 232.6-д :” Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

Талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1-д :”Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох, ...” гэж заасны дагуу алданги төлөхөөр бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан шаардлага хангасан гэж үзнэ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Ц” ХХК нь гэрээний дагуу 2016.09.30-ны өдрөөс 2018.09 дүгээр сарыг дуусталх  хугацаанд түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “С И” ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “...түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Түрээсийн төлбөрийг улирлаар төлөх бөгөөд түрээсийн төлбөрийг тухайн сарын эхний 10 хоногт багтаан бэлнээр болон бэлэн бусаар төлнө”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох” гэж тус тус зааснаар түрээсийн үндсэн төлбөр, алдангийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Ц” ХХК нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг зөвшөөрөхгүй гэх татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хариуцагч биелүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.   

 

Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч “Ц” ХХК-иас нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар тооцож нэхэмжилсэн алдангид 15.100.000 төгрөг,

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 08 болон 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алдангид 2.430.000 төгрөг нэхэмжилснээс гэрээний 3.2, 7.1-т тус тус зааснаар тооцож 08 дугаар сарын алдангид 450.000 төгрөг, /5.000.000х0,3%=15.000х30хоног/, 09 дүгээр сард алдангид 60.000 төгрөг, нийт 510.000 төгрөг, алдангид нийт 15.610.000 төгрөг, түрээсийн үлдэгдэл төлбөр 16.200.000 төгрөгийн хамт нийт 31.810.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.920.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ц” ХХК нь түрээсийн төлбөрт 24.000.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс  31.810.000 төгрөг хангаж шийдвэрлэсэн зэргийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг 55.810.000 төгрөгөөс тооцож хуваарилсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 31.810.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.920.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 437.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С И” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598.280 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/16277 тоот захирамжийн 2 дахь заалтаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ