Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2017/00390

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2017/00390

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00177/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхон 6-4 тоотод байрлах Стандарт холдинг ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн гудамж 22 тоотод оршин суух Есөн өөлд овгийн Осорын Сайханбаяр /РД:ТД68102678, утас: 9999 2819/-т холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12.889.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд, хариуцагч О.Сайханбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14/09 тоот барилгын үндсэн материал нийлүүлэх гэрээ байгуулж 8.448.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сард төлөх ёстой байсан. Мөн гэрээний 5.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 4.224.000 төгрөгийн алданги, хууль зүйн үйлчилгээний хөлс 217.710 төгрөг, нийт 12.889.710 төгрөгийг О.Сайханбаяраас шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Сайханбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Сайханбаяр миний бие Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Стандарт холдинг ХХК-аас барилгын материал болох арматурын 8.448.000 төгрөгийн барилгын материал авсан нь үнэн болно. Уг барилгын материалаа өөрийн хуучин эхнэр Цэвэлмаагийн барилга болох Дархан-Уул аймаг 16 дугаар багт байрлах Найрамдал худалдааны төвийг барихаар хэрэглэсэн. Уг барилга одоо үйл ажиллагаа явуулж банкнаас их хэмжээний зээл авсан, зээлээ 2017 оны 07 дугаар сарын 08-нд төлж дуусах төлөвлөгөөтэй байгаа зээлээ төлж дуусаад уг барилгын материалын үнэ 8.448.000 төгрөгийг төлж барагдуулна. Дээрх санхүүгийн байдлын улмаас хүү, алдангийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Стандарт холдинг ХХК нь хариуцагч О.Сайханбаярт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний төлбөр 8.448.000 төгрөг, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 4.224.000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 217.710 төгрөг, нийт 12.889.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.Сайханбаяр нь худалдан авсан барилгын материалын үнэ 8.448.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин санхүүгийн байдлаас шалтгаалан алданги төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцсэн болно.

 

Шүүх хуралдаандаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Стандарт холдинг ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч О.Сайханбаяртай барилгын үндсэн материал нийлүүлэх гэрээ байгуулжээ. /хх 7-8/

 

Тус гэрээнд нэг талаас Үүр тээл ХХК /цаашид нийлүүлэгч/ түүнийг төлөөлж менежер Э.Мөнх-дэлгэрэх, нөгөө талаас Осорын Сайханбаяр /цаашид захиалагч/ ... харилцан тохиролцож гэрээ байгуулав гэсэн байх бөгөөд нийлүүлэгч талыг төлөөлж Стандарт холдинг ХХК-ийн ерөнхий захирал О.Мягмардорж, захиалагч талыг төлөөлж О.Сайханбаяр нар тус тус гарын үсэг зуржээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээнд нийлүүлэгч тал Үүр тээл ХХК, түүнийг төлөөлж менежер Э.Мөнхдэлгэрэх гэж бичсэн нь техникийн алдаа гарсан байна. Стандарт холдинг ХХК нь О.Сайханбаяртай харилцан тохиролцож гэрээ байгуулж, нийлүүлэгч талыг төлөөлж Стандарт холдинг ХХК-ийн ерөнхий захирал О.Мягмардорж, захиалагч талыг төлөөлж О.Сайханбаяр нар гарын үсэг зурсан гэж тайлбарласан бөгөөд үүнийг хариуцагч О.Сайханбаяр үгүйсгээгүй болно.

 

Гэрээний 5 дугаар зүйлд худалдагч Стандарт холдинг ХХК-аас худалдан авагч О.Сайханбаярт барилгын материал арматур нийлүүлэх, худалдан авагчаас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 8.448.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд ийнхүү худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулагдсан болон бараа өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч Стандарт холдинг ХХК нь арматурыг гэрээнд заасан хэмжээгээр нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байна. Харин худалдан авагч О.Сайханбаяр нь барааны үнэ 8.448.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Гэвч хариуцагч О.Сайханбаяр ийнхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.5-д Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

 

Талуудын байгуулсан гэрээний алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алданги нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагч О.Сайханбаярын гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг 8.448.000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 4.224.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгчээс хууль зүйн үйлчилгээний хөлс 217.710 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч О.Сайханбаяраас 12.672.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Стандарт холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 217.710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Сайханбаяраас 12.672.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Стандарт холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 217.710 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221.186 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сайханбаяраас 217.702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Стандарт холдинг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ