Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 78

 

“Стандарт холдинг” ХХК-ийн  

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00177/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 390 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Стандарт холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч О.С-т холбогдох 

           “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12.889.710 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболдоос:

2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14/09 тоот барилгын үндсэн материал нийлүүлэх гэрээ байгуулж 8.448.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сард төлөх ёстой байсан. Мөн гэрээний 5.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 4.224.000 төгрөгийн алданги, хууль зүйн үйлчилгээний хөлс 217.710 төгрөг, нийт 12.889.710 төгрөгийг О.С-аас  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.С-аас:

Миний бие Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Стандарт холдинг” ХХК-аас барилгын материал болох арматурын 8.448.000 төгрөгийн барилгын материал авсан нь үнэн болно. Уг барилгын материалаа өөрийн хуучин эхнэр Цэвэлмаагийн барилга болох Дархан-Уул аймаг 16 дугаар багт байрлах Найрамдал худалдааны төвийг барихаар хэрэглэсэн.

Уг барилга одоо үйл ажиллагаа явуулж банкнаас их хэмжээний зээл авсан, зээлээ 2017 оны 07 дугаар сарын 08-нд төлж дуусах төлөвлөгөөтэй байгаа зээлээ төлж дуусаад уг барилгын материалын үнэ 8.448.000 төгрөгийг төлж барагдуулна. Дээрх санхүүгийн байдлын улмаас хүү, алдангийг төлөх боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 390 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С-аас 12.672.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Стандарт холдинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 217.710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221.186 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 217.702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Стандарт холдинг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.С- давж заалдсан гомдолдоо:

“Стандарт холдинг” ХХК-аас 8.448.800  төгрөгийн бараа материал авсан.  Хүү, алданги бодно гэж  бодоогүй тухайн үедээ гэрээ хийгээд гарын үсэг зурсан. 4.224.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа учраас зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх бөгөөд шүүх  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг хуульд  заасан журмын дагуу явуулж, зохигчдын дунд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагч О.С-ын  давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч  “Стандарт холдинг”  ХХК  хариуцагч О.С-т холбогдуулан   худалдах худалдан авах гэрээний  үүрэг   арматурын үнэ   8.448.000  төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн  алданги  4.224.000 төгрөг,  хууль зүйн үйлчилгээний хөлс  217.710 төгрөг,  нийт  12.889.710  төгрөг  гаргуулахаар  шаарджээ.

            Хариуцагч О.С-  арматурын  үнэ  8.448.000  төгрөгийг   төлж барагдуулна, санхүүгийн байдлын улмаас  хүү, алдангийг төлөх боломжгүй  гэж  маргасан байна.

            Шүүх  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг  баримтлан  хариуцагчаас   12.672.000 төгрөг  гаргаж, нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэснийг  хариуцагч  О.С-  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Барилгын үндсэн материал нийлүүлэх  гэрээ“  байгуулсан  ба  гэрээнд зааснаар  нэг тал нь чанар стандартын шаардлага хангасан  арматур  нийлүүлэх, нөгөө тал нь  үнийг  зохих журмын дагуу төлөхөөр  харилцан  тохиролцсон  ба энэхүү  гэрээ нь  Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсэгт  нийцсэн хүчин төгөлдөр гэрээ  байна.

“Стандарт холдинг”  ХХК буюу  “Үүр тээл”  ХХК нь гэрээний  үүргээ   зохих журмын дагуу  биелүүлж  арматур  төмрийг   О.С-ын өмчлөлд  шилжүүлсэн, харин  О.С-  арматурыг  хүлээн авсан боловч  түүний үнийг  төлөөгүй,   гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар  тогтоогдсон, талууд  энэ талаар  маргаагүй  болно.

Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн  шаардлагын  зарим хэсэг буюу  арматурын үнэ  8.448.000  төгрөг  гаргуулах шаардлагыг   хариуцагч   хүлээн зөвшөөрсөн  гэж  үзэх юм.

Хариуцагч нь  нэхэмжлэлийн  шаардлагаас алдангийн 4.224.000 төгрөг төлөхийг  зөвшөөрөхгүй  үндэслэлдээ  “банкнаас их хэмжээний  зээл авсан  санхүүгийн  байдлын  улмаас  төлөх боломжгүй“  гэж  маргасан байна.

Нэхэмжлэгч алданги  гаргуулахаар   шаардахдаа “Барилгын үндсэн  материал нийлүүлэх  тухай” 14\09 тоот гэрээг  нотлох баримтаар  ирүүлсэн, тус гэрээнд  нийлүүлэгч нь “Үүр тээл” ХХК,   захиалагч нь Осор  овогтой С- гэж, гэрээг  баталгаажуулж, “Стандарт холдинг” ХХК-ийн  захирал А.Мягмардорж, иргэн  О.С- гэж, мөн нийлүүлэгчийг төлөөлж,  “Стандарт холдинг” ХХК-ийн  ерөнхий захирал  О.Мягмардорж,  захиалагчийг  төлөөлж О.С-  тус тус  гарын  үсэг зурсан  байх тул  Иргэний хуулийн  41 дүгээр зүйлийн 41.2-т   заасанчлан  “Стандарт холдинг” ХХК, иргэн  О.С-  хоёрыг   гэрээний  оролцогч талууд мөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон  гэрээнд  заасан хугацаа  хэтрүүлсэн тал нь  хоног тутамд гүйцэтгээгүй  үүргийн  үнийн дүнгийн  0,5 хувиас хэтрэхгүй  хэмжээгээр  төлөхөөр тогтоосон  анзыг алданги  гэнэ”  гэж  тодорхойлсон  ба  талуудын дунд байгуулсан гэрээний  5.5-д  “захиалагч  тохирсон хугацаанд  төлбөрөө  хийгээгүй  тохиолдолд  төлөгдөөгүй  төлбөрийн  хоног тутамд  0,3 хувийн  алданги  нэхэмжилнэ”   гэж  харилцан тохиролцсон  учир   гэрээний дагуу  нэхэмжлэгч нь   алданги  шаардах  эрхтэй, талуудын энэхүү  тохиролцоог шүүх  хөндлөнгөөс  оролцож   хариуцагчийг  алданги  төлөхөөс чөлөөлөх нь  гэрээний  оролцогчийн   тэгш эрхийн байдлыг  алдагдуулах,  алданги  тогтоосон  гол зорилгод нийцэхгүй,  зохигчдын  хооронд байгуулсан  гэрээ нь   хуульд  нийцсэн хүчин төгөлдөр  гэрээ  байх тул хариуцагчийг  дээрх  үндэслэлээр  алдангиас  чөлөөлөх  боломжгүй  байна.

Иргэний хуулийн 232  дугаар зүйлийн 232.8-д  анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан  шүүх түүнийг багасгаж болохоор  хуульчилжээ.

Энэ нь  анзын хэмжээ  илт их  гэж үзэж гэрээний тал шүүхэд хандаж болох боловч  шүүх энэхүү заалтыг хэрэглэхдээ  гэрээний үүргээ  зөрчсөн талын  гэм буруу,  тухайн зөрчлийн цар хүрээ,  ноцтой байдлыг,  үүрэг гүйцэтгэгчийн  эдийн засгийн чадавхийг тус тус  харгалзан үзэх учиртай, харин хариуцагч нь нэхэмжлэлийн энэ хэсгийг зөвшөөрөхгүй  талаарх  нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байхад шүүх аливаа нэгэн баримтгүйгээр гэрээний хариуцлагаас чөлөөлөх нь хуулийн  дээрх заалтын агуулгад нийцэхгүй юм.

Иймд  хариуцагчийн   шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах  хуулийн  үндэслэл  тогтоогдсонгүй   гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч  О.С-ын давж  заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  82.550 төгрөг төлснийг  уг  орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ            

                               ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ