Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/00265

 

 

 

 

 

2021 01 29

181/ШШ2021/00265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ц-т холбогдох

30.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ж.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Т нь Ж.Ц тай харилцан тохиролцон өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан.

Уг хэлцэл, түүний хавсралтаар талууд зээлийн эцсийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар буюу нийт 10 сарын турш уг эцсийн үлдэгдлийг тэнцүү хэмжээгээр хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Учир нь миний бие, 2015 оноос хойш хэд хэдэн удаа Ж.Ц тай харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж байсан бөгөөд ийнхүү өмнө амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж дээрх хэлцлийг байгуулсан болно.

Гэтэл хариуцагч Ж.Ц нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үлдэгдзл 30,000,000 төгрөгийг нэг ч удаа төлөөгүй буюу бүрэн төлөөгүй намайг хохироосоор байна.

Нэхэмжилж буй 30.000.000 төгрөгийн зарим нь үндсэн мөнгө, зарим нь хүү гэж нэхэжилж байна.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу зээлж авсан мөнгө түүний хүүд 30,000,000 төгрөгийг Ж.Ц аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Т тай амаар харилцан тохиролцож 2015 оноос эхлэн ажиллах хугацаанд тодорхой хоног хугацаа заалгүйгээр Ц.Т нь урьдчилан мөнгөө байршуулж хэд хоногийн дараа буюу дуртай үедээ евро болгон гадаадад шилжүүлэг хийдэг байсан.

Би Арвин-Эрдэнэ ББСБ-ын захирал хийж байх үедээ Ц.Т аас мөнгө авч валют болгон буцааж өгдөг байсан. Би иргэдээс бага үнээр валют авч өндөр үнээр арилжин цалинждаг, Ц.Т надаас бага үнээр буюу хямд валют авч гадагш гаргадаг байсан.

Тухайн үед өгсөн еврог хонуулсан хоногоор нь сарын 2,5 хувийн хүүтэйгээр бодож өгөхөөр амаар тохиролцсон.

Би энэ хугацааны мөнгийг кассын дэвтэр хөтөлж тооцдог байсан. 2018 онд манай нөхрийн бие муудаж сахих, асрах шаардлагатай болж, ажилаа орхин мөнгөний үлэгдэл хүүг өгч чадахаа болсны дараа хүүг зогсоохоор болж 2018.02.14-нд цаасан дээр Төмөрбат өөрөө бичиж ирээд хүчээр гарын үсэг зуруулсан. Бид хоёр талаасаа данс тооцоо хийж тооцоо нийлээгүй. Би Ц.Т аас нийт 301.800.000 төгрөгийг авч буцаагаад 342.516.600 төгрөг болгож өгсөн бөгөөд хүүд нь 40.716.600 төгрөгийг өгсөн. 

Би энэ нэхэмжилж буй мөнгийг төлөхгүй. Бидний хооронд бичгээр хийсэн гэрээ нэг ч байхгүй, амаар л хоорондоо ярилцаад л мөнгө өгөөд валют болгуулж авдаг байсан.

Өмнөх шүүх хуралдаанаар Ц.Т бид хоёрыг хоорондоо тооцоо нийлж ир гэж шүүхээс захирамж гаргасан боловч Ц.Т өчигдөр над дээр ирэхээр нь би тооцоо нийлье гэхэд ямар ч баримт байхгүй гээд өмнөх баримт дээрээ дахин гарын үсэг зуруулсан. Би тухайн үед Арвин-Эрдэнэ билэг ББСБ-ын захирал байсан манай ББСБ нь 5 гишүүнтэй.

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцлээр болон өмнө нь ч гэсэн Ц.Т аас мөнгө зээлж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Ж.Ц аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэгч Ц.Т аас мөнгө зээлээгүй тул төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ж.Ц нь 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Арвин-Эрдэнэ билэг ББСБ ХХК-ийн захирал болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 44-50-р хуудас/

Нэхэмжлэгч нь Ц.Т , хариуцагч Ж.Ц нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 3-р хуудас/

Дээрх хэлцэлд төлбөр төлөгч Ж.Ц нь төлбөр авагч Ц.Т ад 30.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргүүлэн төлнө. Уг төлбөрийг төлөхдөө сар бүрийн 30-ны дотор 3.000.000 төгрөгөөр 10 сарын турш төлж дуусгах, уг төлбөрийг хугацаанаас нь өмнө буюу хэсэгчлэн төлж болно. Уг 30.000.000 төгрөг нь Ц.Т аас Ж.Ц ийн зээлж авсан мөнгө буюу түүний хүү болно гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 30.000.000 төгрөгийг хариуцагч Ж.Ц ийн зээлж авсан мөнгө буюу түүний хүү гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй

Гэтэл талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай хэлцэлээр зээлдүүлэгч Ц.Т нь зээлдэгч Ж.Ц ийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлээгүй байх тул Ж.Ц нь мөнгө буюу эд хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөх /төлөх/ үүрэггүй байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилж буй үндсэн мөнгө, хүү нийт 30.000.000 төгрөгийг Ж.Ц аас гаргуулан өгнө үү гэсэн Ц.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Ж.Ц ийг Арвин-Эрдэнэ билэг ББСБ ХХК-ийн захиралаар ажиллаж, валютын арилжаа хийж байх үед тодорхой хэмжээний мөнгө өгч, бага ханшаар валют авдаг байсан гэсэн тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлж байх бөгөөд зохигчдын хооронд тэр үеийн тооцоо байсан, байгаа эсэхийг тодруулахаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасны дагуу зохигчдыг хоорондоо тооцоо нийлж холбогдох баримтуудыг ирүүлэхийг даалгасан боловч, тэдний хооронд баримт байхгүй гээд тооцоо нийлэлгүйгээр хэрэг байгаа баримтыг дахин ирүүлсэн болно. /хх-ийн 7-11, 20-23, 44-51-р хуудас/

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Ж.Ц ид зээлдүүлсэн зээл, зээлийн хүүд 30.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасныг баримтлан Ж.Ц аас 30.000.000 төгрөг гаргуулах тухай Ц.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО