Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00527

 

 

 

 

 

 

 

 

 

Цтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00265 дугаар шийдвэртэй, Цтын нэхэмжлэлтэй Жшд холбогдуулан гаргасан, гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагч Жш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Жштай харилцан тохиролцож өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн дагуу талууд зээлийн эцсийн үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар буюу нийт 10 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Учир нь миний бие, 2015 оноос хойш хэд хэдэн удаа Жштай харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж байсан бөгөөд ийнхүү өмнө амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж дээрх хэлцлийг байгуулсан болно.

Гэтэл хариуцагч Жш нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үлдэгдэл 30 000 000 төгрөгийг нэг ч удаа төлөөгүй буюу бүрэн төлөөгүй намайг хохироосоор байна. Нэхэмжилж буй 30 000 000 төгрөгийн зарим нь үндсэн мөнгө, зарим нь хүү юм.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу зээлж авсан мөнгө түүний хүү нийт 30 000 000 төгрөгийг Жшаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цттай амаар харилцан тохиролцож 2015 оноос эхлэн тодорхой хоног хугацаа заалгүйгээр түүний дансанд мөнгөө байршуулж хэд хоногийн дараа буюу дуртай үедээ евро болгон гадаадад шилжүүлэг хийдэг байсан. Би “Арвин-Эрдэнэ” ББСБ-ын захирлаар ажиллаж байх үедээ Цтаас мөнгө авч валют болгон буцааж өгдөг байсан. Би иргэдээс бага үнээр валют авч өндөр үнээр арилжин цалинждаг, Цт надаас бага үнээр буюу хямд валют авч гадагш гаргадаг байсан.

Тухайн үед өгсөн еврог хонуулсан хоногоор нь сарын 2,5 хувийн хүүтэйгээр бодож өгөхөөр амаар тохиролцсон. 2018 онд манай нөхрийн бие муудаж сахиж, асрах шаардлагатай болж, мөнгөний үлдэгдэл хүүг өгч чадахаа болсны дараа хүүг зогсоохоор болж 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Цт өөрөө бичиж ирээд хүчээр гарын үсэг зуруулсан. Цттай хоёр талаасаа тооцоо нийлээгүй. Би Цтаас нийт 301 800 000 төгрөг авч буцааж 342 516 600 төгрөг өгсөн бөгөөд хүүд 40 716 600 төгрөгийг өгсөн.

Би энэ нэхэмжилж буй мөнгийг төлөхгүй. Бидний хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй, амаар тохиролцоод мөнгө өгч валют болгуулж байсан.

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу Цтаас мөнгө зээлж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасныг баримтлан Жшаас 30 000 000 төгрөг гаргуулах тухай Цтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Цт, Жш нар нь талуудын өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож, үлдэгдэл төлбөрийг харилцан тооцоо нийлж, баталгаажуулсан “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг 2018 оны 02 дугаар сарын 14-нд байгуулсан.

Гэтэл шүүхээс Цтаас Жшд бодитоор шилжүүлсэн төлбөрийн баримтад хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 30 000 000 төгрөгийг хариуцагч Жшаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Цт нь хариуцагч Жшд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дараах баримтуудыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан “Жш, Цт нарын хоорондын тооцооны үлдэгдэл” гэх хүснэгт бүхий баримтад /цаашид “тооцооны үлдэгдэл” гэх/ талууд гарын үсэг зурсан байх бөгөөд баримтын агуулгаас дүгнэвэл Жш нь 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Цтаас авсан мөнгөн хөрөнгөөс 33 053 424 төгрөгийг төлөх талаар тооцоо нийлж, уг мөнгөн хөрөнгийг 30 000 000 төгрөгийн хэмжээгээр төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Энэ баримтыг үндэслэн талуудын хооронд төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн байна.

Хэргийн 3 дугаар талд авагдсан “тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай” хэлцэл /цаашид “төлбөр барагдуулах хэлцэл” гэнэ/ гэх баримтыг Цт, Жш нар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ баримтаар Жш нь Цтад 30 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч Жш нь “нэхэмжлэгч Цтад төлөх төлбөргүй” гэх тайлбараа нотлохоор 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 301 800 000 төгрөгийн орлого, 342 56 600 төгрөгийн зарлага гэсэн тэмдэглэл үйлдсэн 2 хуудас бичгийн баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтад хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдал тогтоогдохгүй, хариуцагчийн дангаар үйлдсэн баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэгдэх баримт гэж дүгнэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн, хэргийн баримтад 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд Цтаас Жшид 13 удаагийн банкны шилжүүлгээр мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан нь Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдсон боловч уг баримтуудыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгоогүйгээс гадна тооцооны үлдэгдэл баримтад тусгагдсан үлдэгдэлд хамаарна гэж дүгнэхээр байна.

 

Дээрх баримтуудыг хариуцагчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд 2015 оноос 2016 оны 02 дугаар сарын хооронд мөнгө арилжих, валют солих талаар амаар тохиролцсоны үндсэн дээр хэн алиндаа мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Жш, Цт нарын хоорондын тооцооны үлдэгдэл баталгаа гэх баримтад бичигдсэн тооцооллыг тэдгээрийн тайлбартай харьцуулан дүгнэвэл Жшаас Цтад шилжүүлж байсан мөнгөн хөрөнгөд хүү тооцож байсан байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн хөрөнгийн аль нь үндсэн үүрэг, аль нь хүүд хамаарч байгааг  тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд тооцооны үлдэгдэл баталгаа гэх баримтаар Жшийн төлөх төлбөр болох 33 053 424 төгрөгөөс төлсөн 12 593 00 төгрөгийг хасч тооцох 20 460 425 төгрөгийг үлдэгдэлтэй гэж дүгнэх нь зүйтэй байна. Учир нь  зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдах тул нэхэмжлэгчид 30 000 000 төгрөг төлнө гэх тооцоо нийлсэн баримтад үндэслэн хүү шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар зохигчид хариуцуулахаар зүйлчлэл болон тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Жшаас 20 460 425 төгрөгийг гаргуулж, Цтад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 539 575 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1-т” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт” гэж, “хэвээр үлдээсүгэй.” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Жшаас 260 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цтад олгосугай.” гэж өөрчлөн тус тус шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА